Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 620

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Г.Цогтгэрэл

            Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигон овогт Буянхишигийн Гт холбогдох эрүүгийн 1809021680656 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хангайн 21 дүгээр гудамжинд иргэн Б.Ичинхорлоогийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн хоолойг боон нүүрэн тус газар нь цохиж, Самсунг эс-5 загварын гар утсыг авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож,

хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 19 дүгээр хуудсанд гэрч Гансэлэмийн мэдүүлэг, 13-14 дугаар хуудсанд хохирогчоос гаргаж өгсөн фото зураг, 9-12 дугаар хуудсанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 20-22 дугаар хуудсанд Б.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд хэргийн гэрч Гансэлэмийн мэдүүлэг, 20-22 дугаар хуудсанд Б.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 23 дугаар хуудсанд гэрч Цолмонгийн мэдүүлэг, 30 дугаар хуудсанд эд зүйлийн үнэлгээ, 38 дугаар хуудсанд ял шалгах хуудас, 39 дүгээр хуудсанд суурь боловсролын гэрчилгээ, 42 дугаар хуудсанд мэргэжлийн боловсролын үнэмлэх, 42-56 дугаар хуудсанд яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримт, 60-64 нас тоолсон баримт, 67 дугаар хуудсанд оршин суугаа хаягын тодорхойлолт, 66 дугаар хуудсанд хохирол төлсөн тухай, 68-69 дүгээр хуудсанд ажлын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 18 насанд хүрээгүй байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хангайн 21 дүгээр гудамжинд иргэн Б.Ичинхорлоогийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн хоолойг боон нүүрэн тус газар нь цохиж, Самсунг эс-5 загварын гар утсыг авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

хохирогч Б.Ичинхорлоогийн “...нарийн гудамжинд гар утсаа дээрэмдүүлсэн, ...араас боосон, хойш татаж унагаагаад гарнаас гар утас авсан, уруул цохьсон, тэр хүн юу ч дуугараагүй зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-15-17/, гэрч Н.Гансэлэмийн “Г гар утсаа ломбарданд тавихаас гэсэн, Самсунг эс-5 загварын гар утсыг миний бичиг баримтаар тавьсан, хэдэн төгрөгөөр тавьсаныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-19/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-13/, эд зүйлийн үнэлгээ “150.000 төгрөг” /хх-30/, хохирол төлсөн баримт “150.000 төгрөг” /хх-66/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Б.Гын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нараас улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирлын талаарх 150.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г нь төлж барагдуулсан байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нь “...Ухаарч гэмшсэн. Тухайн үед насанд хүрээгүй буюу 17 нас 7 сартай байсан. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил түүнээс доош хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан. Тиймээс хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч Б.Гд ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны /гэмт хэрэг үйлдэх үедээ/ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

шүүгдэгч Б.Г нь анх удаа Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог зэргийг харгалзан нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэв.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1079021680656 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Буянхишигийн Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Гт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР