| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0608/Э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,
улсын яллагч Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,
шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Орхоны О, Алдарзайсан овогт Сангицэрэнгийн Б нарт холбогдох эрүүгийн 1802002040156 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.О нь С.Бтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч С.Б нь О.Отай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 7-12 дугаар хуудсанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 18-22 дугаар хуудсанд О.Огын биед үзлэг хийсэн тэмдэглэл, 16-17 дугаар хуудсанд С.Бэхтулгын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 23-26 дугаар хуудсанд С.Бэхтулгын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 27-29 дүгээр хуудсанд О.Огийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 55-59 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлтүүд, 63-64 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлтүүд, 75-78 дугаар хуудсанд сэжигтэн А.Бэхтулгын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч С.Бэхтулгын өмгөөлөгч Н.Жамъяндорж: “Шүүгдэгч С.Бд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудсанд гэрч Г.Солонгийн мэдүүлэг, 68-69 дүгээр хуудсанд сэтгэцийн эмчийн дүгнэлт, 99-140 дүгээр хуудсанд шүүгдэгч С.Бэхтулгын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч О.Огийн өмгөөлөгч Н.Намжилцогт: “Шүүгдэгч О.Од оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд 73 дугаар хуудсанд, 126 дугаар хуудас, 159 дүгээр хуудсанд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч С.Б, О.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О нь С.Бтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8
дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч С.Б нь О.Отай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай 0865 УНК улсын дугаартай Touareg маркийн машин байх ба уг машины урд талын хамар дээр гялгар ууттай 2 салангад дотор талдаа мөс мэт зүйлтэй эд зүйл байсныг шинжээч гялгар уутан дээрээс гарын мөр илрүүлэхээр хар өнгийн нунтаг ашигласан ба 1 ширхэг гарын мөр бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...үзлэг эхлэхийн өмнө тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Бас таны унаж явсан 6998 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа бол сайн дураар гаргаж өгнө үү гэхэд С.Б миний жолоодож явсан машин дотор мансууруулах бодис хэрэглэхдээ ашигладаг хэрэглүүрүүд байгаа гээд өөрөө сайн дураар гаргаж өгөхөөр тогтож жолооч талын хажуу талын суудлын шалавчин дээр дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэг нь хагарсан шил мэт зүйл, хуйлсан байдалтай серийн дугаарыг нь харах боломжгүй мөнгөн дэвсгэрт, цэнхэр өнгийн тамхины асаагуур, мөн жолооч талын эсрэг талын суудал дээр ирмэгийг нь хайлуулж наасан байдалтай гялгар уутны тасархай гаргаж өгөв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-12/,
О.Огийн биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-22/,
С.Бэхтулгын биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөө бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17/,
С.Бэхтулгын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-26/,
О.Огийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27-29/,
2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6526 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, №2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, №3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хагархай тарианы шил, №4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хоосон гялгар уут, №5 гэсэн хаягтай хуйлсан AQ702649 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт зэргээс метамфетамин
илэрч байна. Илэрсэн метамфетамин нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно. №1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 1,1350г, №2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,4745г, цэвэр жин 0,2303г тус тус гарч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-55-59/,
2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6527 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “О.О /УУ95100908/ 2018.06.14 1600 гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. “Б” гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн метамфетамин нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх Бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-63-64/,
Сэжигтэн С.Бэхтулгын “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн орчим найз болох О.О өөрийн утаснаасаа залгаад мөс гэх мансууруулах бодис олдох талаар асуухад О.О хүнээс тодруулаад хэлье гэсэн. ...би түүнд 800.000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр миний унаж явсан 6998 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр Чингис зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах 1 дүгээр байрны гадаа ирээд зогстол гаднаас зүс таних нэрийг нь мэдэхгүй залуу миний машины арын суудал дээр суугаад О.Од 2 хэсэг ууттай мөс гэх мансууруулах бодис өгсөн ба О.О нь миний өгсөн 800.000 төгрөгийг нөгөө зүс таних залууд өгөхөд нөгөө залуу буугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-77-78/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөн дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч С.Б, О.О нарын мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар шүүгдэгч О.О түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нараас маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч С.Б, О.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм,
сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч С.Бд анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг нь харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
шүүгдэгч О.Од мөн анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч О.О нь 3 хүртэл насны хүүхэдтэй болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах үндэслэлтэй байна...” гэсэн санал,
Шүүгдэгч С.Бэхтулгын өмгөөлөгч Н.Жамъяндоржоос: “…Миний үйлчлүүлэгч шүүгдэгч С.Б нь эхнэрийн хамт хувиараа бизнес эрхэлж амьдралаа залгуулдаг. Тухайн бизнесийг хийхийн тулд банкнаас зээл авсан. 245.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хэрвээ шүүгдэгч С.Бд хорих ял оногдуулах юм бол амьдралд нь эрсдэлтэй байдал бий болох магадлалтай. С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа учир хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч С.Бэхтулгын хувийн байдал болон бусдад төлөх төлбөргүйг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг,
Шүүгдэгч О.Огийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос: “…Миний үйлчлүүлэгч О.О үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээ гэмшиж дахин ийм байдал гаргахгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байдаг. О.О нь өмнө ял шийтгүүлж байгаагүй анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. 2018 оны 8 дугаар сард төрсөн. Нялх хүүхэдтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэл насны хүүхэдтэй эхэд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж болно гэж заасан байдаг. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч С.Б, О.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б, О.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч О.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Од 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж түүнд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгаж,
С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
3. Бусад асуудлаар
Эрүүгийн 1802002040156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 гэж хаягласан гялгар уутны хамт 1,1350 грамм, №2 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,4745 грамм метамфетамины агууламж бүхий бодис, 69-98 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан №3 гэж дугаарласан дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэг нь хагархай тарианы усны шил, №4 гэж дугаарласан ирмэг хэсгийг нь хайлуулж наасан гялгар уутны тасархайг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгалын комисст даалгаж,
№5 гэж дугаарласан AQ1702649 серийн дугаар бүхий 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, С.Бэхтулгын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харчин овогт Орхоны О, Алдарзайсан овогт Сангицэрэнгийн Б нарыг мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О, С.Б нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, С.Б нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Од 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж түүнд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 гэж хаягласан гялгар уутны хамт 1,1350 грамм, №2 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,4745 грамм метамфетамины агууламж бүхий бодис, 69-98 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан №3 гэж дугаарласан дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэг нь хагархай тарианы усны шил, №4 гэж дугаарласан ирмэг хэсгийг нь хайлуулж наасан гялгар уутны тасархайг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгалын комисст даалгаж,
№5 гэж дугаарласан AQ1702649 серийн дугаар бүхий 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Бэхтулгын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, О.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч С.Бэхтулгыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР