Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/122

 

2025          10            21                                                                                 2025/ДШМ/1221

                                                                 

Г.А-ад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

шүүгдэгч Г.А-а, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2001 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Бичинхүүгийн бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч Г.А-а, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад тус тус үндэслэн Г.А-ад холбогдох 2505 02100 1463 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овгийн Г-ын А-а, ........., ял шийтгэлгүй, /РД:................./.

Шүүгдэгч Г.А-а нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 19:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 93 дугаар сургуулийн үүдэнд хохирогч Б.Т-г шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны урд хананд цөмөрсөн далд хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, бүсэлхийд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.А-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар биелүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-а нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.А-аас 6.636.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор С.Бичинхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтыг дурдахдаа “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан ЕГ0725/5454 дугаартай “1.2. Б.Г-гийн биед зүүн богтос ясны зөрүүгүй хугарал, зүүн бугалга, баруун гарын сарвуу, хэвлий, зүүн өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.7. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.8.9. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих, цохигдох үйлдлээр үүсэх боломжтой 5.10. Зүүн богтос ясны зөрүүгүй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 38-40/, ...10. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо *** тоотод Б.Г- нь бусдад зодуулсан...” гэх тэмдэглэл /хх 03/” гэж хэрэгт огт хамааралгүй нотлох баримтыг дурдсан. Прокуророос яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Б.Т- нь эрүүл мэндийн даатгалын сангаас 184.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан талаар тусгаж, шүүгдэгч Г.А-а нь шүүхийн шатанд уг үйлчилгээний хөлсийг төлсөн баримтыг гаргаж өгсөн байхад шүүхийн шийтгэх тогтоолд огт дурдаагүй орхигдуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”, 2.3-д заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхээр шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах талаар хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн бол Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болох талаар тус тус хуульчилсан. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2001 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

Шүүгдэгч Г.А-а гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсонд маргах зүйл байхгүй болно. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа болно. Би дүүгээ өмөөрч бусдыг зодох биш харин тэдэнд ойлгуулж хэлж өгөх ёстой байтал ийм болчимгүй үйлдэл гаргаж, ямар ч гэм зэмгүй өөрийн дүү шиг хүүхдийг зодож гэмтэл учруулсандаа туйлын их гэмшиж бас ичиж байна. Миний бие эхнэр, хүүхэд, хадам аав, ээж, дүүгийн хамт амьдардаг ба би өөрийн тээврийн хэрэгслээр хүргэлтийн ажил хийх, мөн аав Ч.Г-ын Австрали улсаас тээвэрлэн явуулдаг автомашиныг өөртөө ашиг гарган зарж борлуулах ажил хийдэг болно. Анхан шатны шүүхээс хохирогч Б.Т-д гэмт хэргийн улмаас учруулсан 300.000 төгрөг, сэтгэцэд учруулсан хор уршгийн нөхөн төлбөрт 6.336.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн ба миний бие үүнийг хүлээн зөвшөөрч байгаа тул хохирогч Б.Т-д өнөөдрийн байдлаар хохирлын төлбөрт 300.000 төгрөг, сэтгэцийн хор уршгийн төлбөрт 700.000 төгрөг төлж барагдуулсан байгаа болно. Би цаашид ажлаа хийж хохирогчид төлөх сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг төлж барагдуулах болно. Иймд анхан шатны шийтгэх тогтоолоор надад оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэх буюу торгох ял оногдуулж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.А-ын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д “...учруулсан хохирлыг төлсөн” бөгөөд гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу Г.А-а нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Г.А-ын хувьд гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарлаж байгаа, хувийн байдал зэргээс хамаарч шүүхээс хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх боломжтой юм. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус түүнийг хөнгөрүүлэх, хуульд заасан хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлага буюу торгох ял оногдуулах боломжийг анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсч байгаа болно. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 2025/ШЦТ/2001 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Г.А-ад оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор С.Бичинхүүгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.А-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд ямар тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0725/5454 дугаар “...1.2. Б.Г-гийн биед зүүн богтос ясны зөрүүгүй хугарал, зүүн бугалга, баруун гарын сарвуу, хэвлий, зүүн өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.7. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.8.9. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих, цохигдох үйлдлээр үүсэх боломжтой. 5.10. Зүүн богтос ясны зөрүүгүй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” шинжээчийн дүгнэлт /хх 38-40/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, *** тоотод Б.Г- нь бусдад зодуулсан...” гэх тэмдэглэл /хх 3/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.” гэж дүгнэсэн байх ба хэрэгт авагдаагүй, уг хэрэгт хамааралгүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл”-ийг тусгана гэж заасан ба хохирогч Б.Т- нь эрүүл мэндийн даатгалын сангаас 184.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, шүүгдэгч Г.А-а нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 180.000 төгрөгийг төрийн санд төлсөн /хх 107/, мөн хохирогч Б.Т- 150.000 төгрөг нэхэмжилсэн боловч төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.  

Иймд дээрх алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор С.Бичинхүүгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.А-а, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2001 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.АЛТАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                       Л.ОДОНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ