Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 381

 

У.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Мянган, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 468 дугаар магадлалтай, У.Б-д холбогдох 1903011610529 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сангийн инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ё овогт У-ийн Б нь

2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Баянцээл” худалдааны төвийн замд Д.Б-ийн эзэмшлийн “Nissan Tida” загварын 51-17 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай эрэгтэй А.А, 16 настай эмэгтэй Б.Б, 16 настай эрэгтэй Б.Б нарыг мөргөж, Б.Б, А.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Б-н биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч У.Б-ийг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар У.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг үндсэн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч У.Б нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-д 6.500.000 төгрөг, Т.Б-д 500.000 төгрөг, Г.Г-д 4.390.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, Т.Б, Г.Г нар нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нарт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Уртнасангийн Баянмөнхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.Б гаргасан гомдолдоо  “... У.Б би эхнэр Д.Ү болон бага насны 2 хүүхэдтэйгээ ам бүл 4-лээ амьдардаг бөгөөд эхнэр маань хөдөлмөр эрхлэх боломжгүй бага насны хүүхдүүдээ харж гэртээ байдаг. Миний хувьд барилга угсралтын Ж" ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж, гэр бүлээ тэжээхийн тулд ажлын бус цагаар бага зэрэг хувиараа хөдөлмөр эрхэлж амь зуулгаа залгуулдаг билээ.

Миний бие 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг 50  минутын орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баянцээл” худалдааны төвийн урд замд 51-17 *** улсын дугаартай, “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчиж насанд хүрээгүй иргэн Б.Б, А.А нарын эрүүл мэндэд хүнд, Б.Б-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээгээд байгаа.

У.Б би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээр өсөж, дэвжиж яваа насанд хүрээгүй хүүхдүүдийн бие махбодид гэмтэл учруулсан үйлдэлдээ туйлын ихээр харамсаж байгаа ба осол гармагц эмнэлгийн байгууллага дуудаж яаралтай тусламж үзүүлснээс эхлээд эдгээр хүүхдүүдийн эмчилгээ, нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг өөрийн боломжоор төлж барагдуулж ирсэн бөгөөд цаашид ч хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байдалд хүрч, эрүүл саруул болох хүртэл гарах зардлыг хариуцан төлнө гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлж байсан. Энэ байдлыг миний хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид болох Н.Б, Т.Б, Г.Г нар ойлгож гомдолгүй, хорих ялыг нь тэнсэж өгөхийг хүссэн өргөдөл, хүсэлтээ давж заалдах шатны шүүх хуралдааны үед гаргаж өгч байсанд миний бие хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт маш их баярлаж, та бүхний итгэлийг алдахгүй, байнга тусалж дэмжиж байх болно гэдгээ илэрхийлж байна.

Миний бие анх удаагаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн амьдралын байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн сайн санааны сэтгэлийн илэрхийлэл болох гомдолгүй гэсэн хүсэлт, одоогоор учраад буй эд материалын хохирлоо бүрэн төлсөн, хойшид гарах зардлыг хариуцан төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлуудыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 468 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... У.Б нь осол гаргасан үеэс эхэлж өөрийн гар утсаар эмнэлэг, цагдаагийн байгууллагад шууд мэдэгдэж, ослоос учруулсан хохирлыг төлсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд төлөх төлбөргүй гэж дурдсан байдаг. Мөн хохирол, хор уршиг иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.

У.Б нь барилгын сангийн инженер мэргэжилтэй бөгөөд тогтмол орлоготой байсан. Хувийн амьдралын хувьд бага насны хоёр хүүхэдтэй /8 сартай,  5 настай/ залуу сэхээтэн билээ. У.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй, хөнгөн ангиллын гэмт хэргийг болгоомжгүй байдлаар үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд дээрх байдлууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, нийгэмшүүлэхээр заасан байдаг. Тэгвэл У.Б гэм буруугаа хүлээх зөвшөөрсөн, анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх хуралдааны хооронд бий болсон хохирогч нарын эмчилгээний зардалд 2.900.000 /хоёр сая есөн зуун мянган төгрөг/ нэмж нөхөн төлсөн байдаг. Залуу насандаа алдсан хүнийг хорих ялаар шийтгэснээр хүн нийгэмшихгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхэд хохирогч нараас У.Б-д оноосон хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн санал хүсэлтийг бичгээр илэрхийлж гаргаж өгсөн байдаг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон У.Б-д оноосон 2 жилийн хорих ялыг тэнсэх ялаар сольж өгнө үү” гэв

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган хэлсэн саналдаа “...У.Б болон өмгөөлөгч Х.Даваахүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлуудыг дэмжиж байна. У.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлсөн, цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлыг бүрэн хариуцахаа илэрхийлсэн байдаг. Шүүгдэгч нь бага насны хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь хүүхдээ хардаг учир хөдөлмөр эрхлэх боломжгүй. Харин У.Б нь хөдөлмөр эрхэлж орлого олсноор гэр бүлээ тэжээх, хохирогч нар хэвийн байдалд ороход нь дэмжлэг үзүүлэх, эмчилгээний зардлыг хариуцах боломж нээгдэх юм. Харин түүнийг нийгмээс тусгаарласнаар дээрх боломжууд хаагдах нөхцөл байдал үүснэ. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах боломж бий” гэв.

Мөн хохирогч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Б хэлсэн саналдаа “...Миний хүүхэд хоёр өвдөгний төлөвлөгөөт хагалгаанд орохоор хүлээж байгаа. Давж заалдах шатны шүүх хурал болох үед хагалгааны төлбөрийг өгнө гэж гарын үсэг зуруулсан. Гэтэл хэлсэн амлалтандаа хүрсэнгүй. Эмчийн зүгээс нэг өвдөгний хагалгааны төлбөр 10,000,000 төгрөгт багтана гэж хэлсэн. 2020 оны 05 эсвэл 06 дугаар сард хагалгааны төлбөрийг өгнө гэж хуурч гарын үсэг зуруулсан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...У.Б Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна. Шүүгдэгч нь явган хүний давуу эрхтэй гарцан дээр зорчигч нарыг мөргөснөөс гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж ял оногдуулахдааа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

У.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Баянцээл” худалдааны төвийн замд Д.Б-ийн эзэмшлийн “Nissan Tida” загварын 51-17 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай эрэгтэй А.А, 16 настай эмэгтэй Б.Б, 16 настай эрэгтэй Б.Бнарыг мөргөж, Б.Б, А.А нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Б-ийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний эрүүл мэндэд хүнд” хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч У.Б болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар нь “... шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илэрнэ.

Шүүгдэгч У.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн, байхаас гадна цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шинжээчийн 12121 дугаартай “... А.А-гийн биед “суурь ясны их далавчны хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, бүсэлхий, баруун шилбэ, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо”, 12122 дугаартай “Б.Б-ийн биед “дух ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, нэг шүдний хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт...гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлтүүд, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... дахин эмчилгээ хийлгэх, хагалгаанд орох шаардлагатай байгаа учир цаашид гарах зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд насанд хүрээгүй хохирогч нарт учирсан гэм хорын хохирол бүрэн арилаагүй байх тул шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар /гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 468 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч У.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч У.Б-ийг нэн даруй сулласугай.

3. Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН