Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0422

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0422

       Улаанбаатар хот

 

 

С.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч С.Н, түүний өмгөөлөгч Д.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.Н-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Т-ийн нэр дээр бүртгэсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 1/б байрны 47 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны Ү-2003015439 дүгээр өмчлөх эрхийн улсын бүртгэл болон ус бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000339171 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Нармандахад олгосон орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э давж заалдах гомдолдоо: “нэхэмжлэгч С.Н-д Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 7/5854 албан тоотыг ирүүлсэн байгаагаас үзвэл тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор буюу 2018 оны 08 дугаар сарын 24-ний дотор нэхэмжлэл гаргах байсан боловч шүүхэд хандаагүй.Мөн түүний өвчтөн асарсан гэх баримтаар өвчтөн асарсан гэх /С.Н нь А.П-эй гэр бүл гэдгийг нь нотлох баримт байдаггүй/ хугацаа нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон нь хэрэгт авагдсан “0031467 дугаартай асаргааны тэтгэмжийн дэвтэр”, “А.П-ийн нас барсны гэрчилгээ”-ний хуулбар зэрэг баримтаар тогтоогддог. Дээр дурдсан хоёр хугацааны дууссан аль ч хугацаанаас нь тоолоход С.Н нь хүндэтгэн үзэх ямар ч шалтгаангүйгээр шүүхэд хандах хугацаагаа 80 шахам хоногоор хэтрүүлсэн болох нь тогтоогдог. Гэтэл шүүх С.Н-ын хугацаа сэргээлгэх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаж, нэхэмжлэлийг хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бэртэж баруун гарын шууны ясаа хугалан гарын сарвуунаас тохой хүртэл битүү гипсдүүлж хөдөлмөрийн чадвараа түр алдан /баруун гараар бичдэг/ 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл эмнэлгийн магадалгаагаар өвчтэй байгаа болон энэхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Гэтэл өвчний учир эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн байгаа шалтгааныг шүүхээс “хүндэтгэн үзэх шалтгаан биш” гэж үзэн хүсэлтийг маань хангалгүйгээр шүүх хуралдааныг хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн төлөөлөгчид мэтгэлцэх боломж олголгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэгч С.Н нь шүүхэд “иргэн Г.Т-д олгосон орон сууц өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, С.Н-ын өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг Дархан Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Гуравдагч этгээд Г.Т нь нэхэмжлэлд гаргасан тайлбартаа “Иргэн С.Н нь түүнээс 2010 онд зээлсэн 5.200.000 төгрөгийг, мөн Д гэгчээс залилан авсан 7.500.000 төгрөгийг, өмгөөлөгч Д.П өгөх 1000000 төгрөгийг тус тус төлж чадахгүй, бусдыг залилсан хэргээр Цагдаад шалгагдаж байсны улмаас өөрийн өмчлөлийн 0114804 дугаар гэрчилгээтэй Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 16 байрны 47 тоот 1 өрөө орон сууцыг 20.000.000 /тухайн үеийн ханшаар/ төгрөгөөр Г.Т-д худалдах саналыг тавьж, Г.Т нь уг байрыг нь 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч улмаар С.Н-тай 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Орон сууц худалдах худалдан авах” /нэг сая нэг зуун мянган төгрөгийн үнийн дүнтэй/ гэрээг, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Орон сууцыг худалдах, худалдан авах” гэрээг тус тус байгуулсан. Ингээд Г.Т нь С.Н-тай байгуулсан 2012 оны 06 сарын 11-ний өдрийн 20.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Орон сууцыг худалдах, худалдан авах” гэрээг Эрхийн Улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч С.Н нь 20.000.000 төгрөгт ногдох ХХОАТ-аа төлж чадахгүй гэсний дагуу бага үнийн дүнтэй буюу 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийн үнийн дүнтэй “Орон сууц худалдах худалдан авах” гэрээг 2014 оны 11 сарын 04-ний өдөр Эд хөрөнгийн Эрхийн Улсын бүртгэлд бүртгүүлэн Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 16 байрны 47 тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгч нь болсон” гэдгээ дурдаж, бодит үнэнд нийцсэн энэ тайлбараа “С.Н-ын өөрийнх нь гарааг бичигдсэн байрыг худалдсан, мөнгийг хүлээн авсан тухай” 2012 оны 07 сарын 05-ны өдрийн баримт, мөн өмгөөлөгч Д.П-ийн “С.Н-ын өрөнд 1000000 төгрөгийг Г.Т-аас хүлээн авсан” гэсэн баримт, “С.Н-ын Д-аас зээлж авсан 7500.000 төгрөгийг Г.Т төлсөн баримтын хуулбар /өмгөөлөгч Д.П-ийн гарын үсэг, өмгөөлөгчийн тэмдэг дарсан/ болон “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү- 2203015439 дугаарт Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 16 байрны 47 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Н-ыг 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн 0114804 дугаар гэрчилгээний хуулбар”, 2012 оны 06 сарын 11-ний өдрийн 20.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Орон сууцыг худалдах, худалдан авах” гэрээ, ҮХЭХӨЭУБ-ын 000339171 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотолдог.

Харин хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст 2016 оны 12 дугаар сард С.Н-ын “...Би Г.Т-д Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 16 байрны 47 тоот 1 өрөө орон сууцыг 20.000.000 төгрөгөөр зарсан нь үнэн, одоо ямар нэгэн маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1337 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар, хариуцагчийн иргэн С.Н нь 2012 оны 02 сарын 06-ны өдөр манай байгууллагад мэдүүлэг гарган өмчлөх эрхээ баталгаажуулахаар хүсэлт гарган эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015439 дугаарт бүртгэгдсэн... 52 дугаартай тойргийн нотариатч Ш.А-гийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Г.Т-д ышилжүүлэн бүртгүүлснээр иргэн С.Н-ын өмчлөх эрх дуусгавар болсон. Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.9.1-д заасны дагуу иргэн С.Н-ын өмчлөх эрхийг дахин улсын бүртгэлд бүртгэх боломжгүй” гэсэн тайлбар, мөн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-2203015439 дугаартай хувийн хэргийн баримт бичигт үзлэг хийсэн шүүхийн тэмдэглэл, нотариатч Ш.А, Ц.Э нарын нотариатын үйлдлийн дэвтэрт үзлэг хийсэн шүүхийн тэмдэглэл, нотариатч Ц.Э-ийн тайлбар зэргээр өмч хувьчлалын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаартай тогтоолоор С.Н-д дахин олгогдсон 0117455 дугаартай гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй бөгөөд үүнийг улсын бүртгэлд бүртгээгүйгээс С.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй болох нь тогтоогддог.

С.Н нь ҮХЭХӨЭУБ-ийн 0114804 дугаар гэрчилгээтэй Ү- 2203015439 дугаарт бүртгэгдсэн өмчөө 2012 онд худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээгээр Г.Т-д худалдаж, мөнгөө бүрэн авснаар С.Н-ын өмчлөх эрх нь дуусгавар болсон нь нотлох баримтаар тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийн заалтыг зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.Нармандахын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.Н “иргэн Г.Т-д орон сууц өмчлөх улсын бүртгэл, орон сууц өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2003015489 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, С.Н миний орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 540 дүгээр тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1/б байрны 47 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Н-д хувьчлан орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээ олгосон байна.

Дээрх тогтоолоос өмнө Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолоор С.Н-д маргааны объект болох 1 өрөө орон сууцыг хувьчилж орон сууц өмчлөх эрхийн 114804 тоот гэрчилгээг олгосон боловч иргэн Д.Д, Р.Э нар нь маргаан үүсгэн аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолын С.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан 3 шатны шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоо орон сууцны эзэмшилтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлсний дараа уг асуудлыг шийдвэрлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосноор Орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 60 дугаар тогтоолын С.Н-д холбогдох хэсгийг үр дагавар дуусгавар болж, уг орон сууцны эзэмшил төрийн мэдэлд шилжсэн байна.

Иргэн Р.Э, Д.Д нар нь Дархан сумын 10 дугаар баг, 1/б байрны 47 тоот 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд гаргасныг 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр Р.Э, Д.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 509 дүгээр тогтоолоор хэвээр баталсан талаарх баримт болон Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын товчооны 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “С.Н-д Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол 1б байр, 47 тоот, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгох тухай” 80 дугаар тогтоол хэрэгт авагджээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь орон сууцны маргаан дуусаагүй, хувьчлагдаагүй байх үед С.Н, Г.Т нарын хооронд байгуулсан 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Дархан сумын 10 дугаар баг, 1/б байрны 47 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Г.Т-д шилжүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” зарчим, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” гэж заасныг зөрчсөн талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ