Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1005

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ө.Ш*******,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын ******* дугаар сургууль,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар ******* дугаар сургуульд газар ашиглуулах эрх олгосны дагуу тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар гэрчилгээний  Ө.Ш*******гийн газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ш*******, түүний өмгөөлөгч Г.Ц*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэвсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ө.Ш******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ”... Ө.Ш******* 1997 онд ******* дугаар сургуульд үйлчлэгчээр ажилд орохдоо ******* дугаар сургуулийн захирал Н.Э*******н зөвшөөрснөөр тухайн үед ******* дугаар сургуулийн аж ахуйн газрын хажууд эзэнгүй хоосон газар бууж, өнөөдрийг хүртэл үр хүүхэд, ач зээ нарын хамт амьдарч байна. Ө.Ш******* нь одоогийн хаягтаа олон жил амьдарсан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн мөн төдийгүй, Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Иргэний үнэмлэхэн дээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Соёмботын 1 дүгээр гудамжны 16 тоот гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн. 

Иргэн Ө.Ш*******гийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богд-Хан уулын дархан

цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан болно.

Гэтэл ******* дугаар сургууль Ө.Ш*******гийн амьдарч байгаа газрыг өөрийн эзэмшлийн газар хэмээн маргаж, Ө.Ш*******г албадан нүүлгэх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан байдаг.

2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын А/235 тоот захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан. Үүний дагуу Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг хийж өгсөн. Улмаар зарим иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг нь олгосон боловч иргэн Ө.Ш*******д газар ашиглах эрхийн гэрчилгээг нь олгоогүй. Уул нь тухайн газар дээр он удаан жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад газар ашиглах гэрчилгээг олгоогүй нь иргэн Ө.Ш*******гийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. 

Иргэн Ө.Ш******* нь Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны болон Богд-Хан уулийн дархан цаазат газрын захиргаанд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар 11 дүгээр хорооны иргэдтэй нэгдсэн байдлаар хандсан боловч хариу өгөхгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б*******ын 10/6222 тоот албан тоотоор “******* дугаар сургууль”-тай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн мэдэгдэл өгсөн юм. Уул нь газар ашиглах эрхийг Ө.Ш******* нь ******* дугаар сургуулиас түрүүлж авах эрхтэй бөгөөд ******* дугаар сургуульд олгосон Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 116 тоот тушаалаар 0.69 га газар ашиглах зөвшөөрөл олгосон байх боловч 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 тоот гэрчилгээгээр гэнэт 0.79 га болж 0.1 га газар сайдын тушаалгүйгээр нэмэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл уг 0.1 га газарт иргэн Ө.Ш******* амьдарч байгаа юм. Газар ашиглах гэрчилгээг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгын удирдлагын газрын дарга олгодог ба ингэхдээ сайдын гаргасан тушаалын хэмжээнд газрын гэрчилгээг олгох ёстой. Гэтэл тухайн үеийн дарга А.Н******* өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн, хууль зөрчиж 0.69 га газрын 0.79 га болгон өөрчилсөн байгаа юм.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар ******* дугаар сургуульд газар ашиглуулах эрх олгосны дагуу тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар гэрчилгээний  Ө.Ш*******гийн газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “...Нэхэмжлэгч Ө.Ш******* нь 1997 оноос хойш тус газар амьдарч ирсэн. Дээрх газраа баталгаажуулах хүсэл сонирхолтой байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. 2015 онд он удаан жил амьдарсан иргэдийг гэрчилгээжүүлэх ажил эхэлсэн. Үүнийг үндэслээд Ө.Ш******* нь он удаан жил амьдарсан учраас тухайн газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэж байна. Гэрч нарын мэдүүлгүүдийг уншиж үзэхэд тухайн газрын догол хэсэг аж ахуйн хашаанд хамаарахгүй үнэн гэж мэдүүлэг өгсөн. Догол хэсэг нь аж ахуйн хашааны газарт хамаарна гэсэн гэрчийн мэдүүлэг өгөөгүй. Сүүлд кадастрын зураг байхгүй гэж үзсэн. 2002 онд ******* дугаар сургууль кадастрын зураглалд орсон нь үнэн. Үүнийг 2 захирлын гэрчийн мэдүүлэг, сүүлд ажилласан байсан 2 иргэний гэрчийн мэдүүлэг, мөн иргэний хэргийн газар баталгаажилтын хувийн хэргээс харагдаж байна. Газар баталгаажилтын үеийн 5685 м.кв газар нь 2002 оны байдлаар ******* дугаар сургуулийн газар байсан. Одоогийн байдлаар ******* дугаар сургуулийн газрын А талбай нь  7061 м.кв, Б талбай нь 899 м.кв байна.

Гэтэл 2002 онд 0.56 м.кв байсан байна. Одоо 0.79 м.кв болж өөрчлөгдсөн. Энэ нөхцөл байдлаас үзэхэд Ө.Ш******* гуай 1997 онд тус газар буухад аж ахуйн хашаа нь ******* дугаар сургуулийн албан ёсны газар болоогүй байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2006 онд анх тэр газар кадастрын зураг хийгээд 2007 онд бүртгүүлэхээр хүсэлт өгсөн нь тогтоогддог. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг барьж үзэхээр аж ахуйн ангийн хашааг ашиглах зөвшөөрөл өгсөн сайдын тушаал одоогоор байхгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35.1-д заасны дагуу газар ашиглах тухай шийдвэр гаргаагүй, мөн хуулийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан байдаг. Байгаль орчны сайдын тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1-ийг барихдаа 0.69 га газрын хэмжээтэй зөвшөөрөл олгосон болохоос биш 0,79 га газраар олгоогүй байна. Нэгэнт 0.79 га газраар олгогдоогүй байхад Б талбайд Н******* дарга тэгж олгох өөрийнх нь эрх хэмжээний асуудал байхгүй. Сайдын тушаалаас өөр эрх хэмжээгээ хэтрүүлсэн асуудал байхгүй. 

Тусгай хамгаалалттай газрын дарга нь сайдын тушаал дээр үндэслэж гэрчилгээ олгохоос биш сайдын тушаалаас өөрөөр хууль зөрчсөн үйлдэл байж болохгүй. Эрх зүйт төр, хуульд захирагдах ёсыг бид нар хүндэтгэх ёстой учраас энэ зарчмаараа явах ёстой. Ө.Ш******* гуайн хувьд тухайн газраа баталгаажуулаагүй, бичиг баримт бүрдүүлээгүй зүйл байгаа. Гэхдээ Ө.Ш******* гуайн тэр газар дээр 2 үл хөдлөх эд хөрөнгө барьсан. Тэрийгээ бүртгүүлж чадахгүй, кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байсан. Тухайн аж ахуйн хашаа нь ******* дугаар сургуулийн албан ёсны газар байсан эсэх, анхдагч хэн байсан гэдгийг нотлох гэж тал талаас нь үзсэн байх гэж бодож байна. ******* дугаар сургуулийн газрын гэрчилгээнээс Ө.Ш******* гуайтай давхацсан жижиг хэсгийг хүчингүй болгох гээд байна. Аж ахуйн хашааг бүхэлд нь авъя гэж маргаагүй. Тэр нөхцөл байдлыг үнэлэх нь ач холбогдолгүй зүйл байна. Яагаад гэвэл ******* дугаар сургуульд ажиллаж байсан хүмүүс нь ******* дугаар сургуультай нэг ашиг сонирхолтой байна. 2003 онд шатсан склад байсан болохоор тэгж ярьсан байх. Ямар эргэлтийн цэгтэй, ямар хэмжээтэй газар гэдгийг ямар ч гэрч тогтоогоогүй. 

Үүнийг тогтоож байгаа нотлох баримт нь 2006 оны гуравдагч этгээдийн гаргасан кадастрын зураг байна. Бид нарын тогтоох гээд байгаа зүйл нь 1998 онд Ө.Ш******* гуай нь аль газар дээр буусан эсэх, 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гарсан бол 2002 онд албан ёсоор кадастрын зураг баталгаажаад гарах ёстой байсан. 2006 онд дахин хүсэлт тавих ёсгүй” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....Нэхэмжпэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Иргэн Ө.Ш*******гийн амьдарч байгаа гэх газар нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Зайсангийн аманд байрладаг байна. Уг газар нь ******* дугаар сургуулийн ашиглалтын газарт хамаарч байгаа ба Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар Газар ашиглах гэрчилгээг *******-р сургуульд олгосон байна. ******* дугаар сургууль нь Тусгай Хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2/27 дугаар гурвалсан гэрээ, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын газар ашиглах 558 дугаартай гэрчилгээний дагуу 0.69 га газрыг дунд сургуулийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.

Энэхүү газар ашиглах тухай гурвалсан гэрээг Тусгай Хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 2013 оны 6 дугаар сарын02-ны өдөр шинэчлэн, 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байна.

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж байгаа иргэдийн газрыгбүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хэс ийг байгуулсан. Уг ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэдэд газар ашиглах эрхийг нь олгож, харин хууль ёсны дагуу газар ашиглах эрхтэй аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн байгаа. Энэ шийдвэрийн дагуу иргэн Ө.Ш*******гийн амьдарч байгаа газар нь ******* дугаар сургуулийн ашиглалтын газартай давхцаж байгаа, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж байгаа тул уг газрыг ашиглах зөвшөөрлийг олгох боломжгүй, мөн хууль ёсоор газар ашиглах зөвшөөрөл бүхий гэрээтэй ******* дугаар сургуулийн хууль ёсны эрх ашгийг зөрчихөөр байна.

3. Нэхэмжлэлийн агуулгатай танилцахад иргэн Ө.Ш******* нь *******-р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан учраас *******-р сургуулийн захирал сургуулийн эзэмшлийн аж ахуйн хашаанд буух зөвшөөрлийг өгсөн гэж харагдаж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1. “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно" гэж заасныг тус тус зөрчин зөвшөөрөлгүй амьдарсан байна.

4. Тиймээс хууль ёсны газар ашиглагчийн эрхийг зөрчиж иргэн Ө.Ш*******д газар ашиглах эрх олгох боломжгүй тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирал Г.М******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “....Иргэн Ө.Ш*******гийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн ******* дугаар сургууль нь 1965 онд байгуулагдаж 51 дахь жилдээ сургалтын зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургууль нь Байгаль орчны яам, Богдхан уулын дархан цаазат газарт сургалт эрхлэх зорилгоор газар ашиглах тухай хүсэлтээ 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгч улмаар Байгаль орчны сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн газар ашиглуулах тухай 116 дугаар тушаал гарсан билээ. Тухайн тушаалыг гаргахад шаардагдах бичиг баримт болох газар хүссэн өргөдөл, тухайн газрыг ямар нэгэн байгууллага, иргэний газартай давхцалгүй болохыг тодорхойлсон 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээний “Г” ХХК-ийн гаргасан ******* дугаар сургуулийн аж ахуйн хашааны нэгж талбарын байрлалын кадастрын зурагт 985.43 м.кв “Б” талбайг ямар нэгэн давхцалгүй болохыг тодорхойлсон кадастрын зургийг тус тус хавсаргаж өгсөн байдаг.

Ингээд 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар газар ашиглах тухай гэрчилгээ олгогдож “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2/27 дугаар гэрээгээр Газрын тухай хуулийн ******* дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг баримтлан Хан-Уул дүүргийн засаг дарга Д.З, Богдхан Уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Т, ******* дугаар сургуулийн захирал Б.Б нар тус газарт сургалт эрхлэх зорилгоор 0.79 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах тухай гурван талт гэрээ байгуулснаар газар ашиглах эрхийг баталгаажуулж, 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дахин сунгаж 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 5-н жилээр сунгасан.

******* дугаар сургууль Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү хэргийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаж үзээд 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 389 дүгээр шүүхийн шийдвэрээр газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1 дэх зүйлийг тус тус баримтлан Хан- Уул дүүргийн засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дугаартай захирамжийн иргэн Ц.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Улмаар Ц.Г нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь илт үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ө.Ш*******гийн буусан газар нь тус сургуулийн аж ахуйн хашаанд хамаарах учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ тус сургуулийн 2 захирлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр буусан гэдэг. Захирлаас нь шүүх гэрчийн мэдүүлгээр асуусан байгаа. Үүний дагуу тодорхой болсон. Яагаад гэвэл өмнө нь тухайн аж ахуйн хашааны зураг байхгүй байсан. Тэр ******* дугаар сургуулийн аж ахуйн хашаанд нь буу гэсэн зөвшөөрлийг өгсөн. Хамгийн сүүлийн гэрчийн мэдүүлгээр Ө.Ш******* гуайг аж ахуйн хашаанд буусан гэдгийг тухайн сургуулийн багш ажилчид бүгд мэдэж байгаа. Мөн тус аж ахуйн хашааны газар нь манай сургуулийн багш ажилчид буудаг. Дараа нь нүү гэсэн шаардлагын дагуу бүгд нүүсэн. Нэхэмжлэгч Ө.Ш*******н хувьд сургуулиас тавьсан шаардлагын дагуу хэзээ л бол хэзээ нүүхэд бэлэн гэж тайлбар өгдөг байсан гэсэн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлага бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Ө.Ш******* гуай тухайн газар дээр Эрдэнэ гэдэг захирлаас зөвшөөрөл авч буусан. Энэ хүн маш холоос ирдэг байсан учраас хүндэтгэн үзэх шалтгааныг нь авч үзэн тухай газар буулгасан. ******* дугаар сургууль 2006 онд албан ёсоор аж ахуйг өмчилж авсан. 1998 онд Ө.Ш******* гуай буусан учраас он удаан жил амьдарсан гэдэг асуудал яриад байна. Он удаан жил амьдарсан гэдэг дээр огт маргаан байхгүй. Өмнө нь тус газар аж ахуйн хашаа байгаагүй байсан бол иргэд нь өмчлөх эрхээ авсан бол газрын асуудал яригдахгүй. Гэтэл тухайн сургуульд өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрх нь хадгалагдсан байж маргаан гарсан гол үндэслэл нь энэ юм. Хэн нь он удаан жил ашигласан гэвэл ******* дугаар сургууль ашигласан байна. Ө.Ш******* 1998 онд амьдарч байсан гэдэгтэй хэн ч маргаагүй. Ө.Ш******* гуайгаас өмнө нь ашиглаж байгаагүй гэдгийг яаж нотлоод байгааг ойлгохгүй байна. Үүнээс өмнө аж ахуйн хашааны зориулалтаар ашиглагдаж байсан. 

Гэрчилгээний зөрүүтэй холбоотой асуудал байсан. Үүнийг бид нар үгүйсгээгүй. Сайдын тушаал 0.69 га-аар гарсан. Тухайн үед ******* дугаар сургуулийн захирал Б гэдэг хүн энэ 0,69 га-аар гарсан байна. Манай Б талбай 0,79 га газраар баталгаажих ёстой байтал 0,69 баталгаажсан байна. Үүнийг 0.79 га газраар баталгаажуулж өгнө үү гээд албан ёсны өргөдлийг холбогдох материалуудын хамт кадастрын зурагтай нь өгсөн. Ганцхан шууд яам руу явдаг асуудал биш юм. Газар ашиглалттай холбоотой асуудал нь Богд хаант дархан цаазат уулын захиргаагаар дамжиж явдаг. Дараа нь гэрчилгээ гарахдаа 0,79 га газраар гарсан. 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсан. 1994 онд батлагдсан хууль байхад яагаад 1998 онд буучхаад яагаад тухайлсан байгууллагуудад нь яагаад хүсэлтээ өгөөгүй юм. 1998 оноос 2006 он хүртэл 8 жил амьдарсан байна. 2006 оноос 2015 он хүртэл яагаад дуугараагүй юм гэдэг асуудал яригдана. Үнэхээр энэ хүн аж ахуйн хашаанд буугаагүй байсан бол тухайн газрыг өөрийн болгоод авъя гэсэн хүсэл хүн болгонд тийм хүсэл байна. Төрийн байгууллагуудад албан ёсоор өргөдөл өгч байсан зүйл байхгүй. Эсвэл та хэдийн хэлдгээр 1994 онд батлагдсан тухайн хууль байхад 1998 онд газар өмчлөх хүсэлтээ өгсөн бол шийдэгдээд одоо маргаан гараад байх асуудал байхгүй. Аж ахуйн хашааны дотор гадна буусан эсэхийг ялгахад маш амархан болсон байх ёстой. Тэр боломж нь байсан. Одоо болохоор 20 жилийн дараа яригдаж байгаа учраас тогтоох боломжгүй байна. 2002 онд ******* дугаар сургуулийн 5685 м.кв-аар баталгаажсан хэлбэрийг ойлгож байна. Түүнээс биш албан ёсны гэрчилгээ өгч байгаа асуудал байхгүй. Гэрчилгээ өгч байгаа асуудал нь 2006 оноос эхэлж яригдсан учраас 2006 ондоо албан ёсоор ******* дугаар сургуульд хандсан гэж ойлгож байна. Зайсангийн аманд 2006 оноос өмнө гэрчилгээтэй нэг ч тийм асуудал байхгүй. Баталгаажуулах гэдэг нь 2006 оноос өмнө байсан асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ө.Ш******* тус шүүхэд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар ******* дугаар сургуульд газар ашиглуулах эрх олгосны дагуу Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар гэрчилгээний  Ө.Ш*******гийн газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах“ шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ө.Ш******* Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Соёмботын 1 дүгээр гудамжны 16 тоот хаягт орших 359,4 м.кв газарт 1997 оноос хойш амьдарсан гэх үндэслэлээр уг газрыг ашиглах эрхийг авахаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд хандсан боловч тус яамнаас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/6222 тоот албан бичгээр ”....Танай ашиглаж буй газар нь төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан ******* дугаар сургуулийн газартай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар олгох эрх зүйн үндэслэлгүй байна” гэсэн хариуг өгчээ.  

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургууль 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 47 тоот албан бичгээр  Байгаль орчны яаманд “Сургуулийн газрын гэрчилгээ гаргуулах тухай” хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар Хан-Уул дүүргийн ******* дугаар сургууль нь Байгаль орчны сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн газар ашиглуулах тухай 116 дугаар  тушаалыг үндэслэн 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар  гэрчилгээг олгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богд-Хан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын хооронд Хан-Уул дүүргийн нутагт орших Богд-Хан уулын дархан цаазат газарт сургалт эрхлэх зорилгоор 0.79 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглахаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 3 талт гэрээ  байгуулж, дээрх гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 5 жилээр сунгажээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “2002 онд ******* дугаар сургуулийн газар 5685 м.кв байсан. Одоогийн байдлаар ******* дугаар сургуулийн газрын А талбай нь  7061 м.кв, Б талбай нь 899 м.кв байна. Ө.Ш******* гуай 1997 онд тус газар буухад аж ахуйн хашаа нь ******* дугаар сургуулийн албан ёсны газар болоогүй байсан. 2006 онд анх тэр газар кадастрын зураг хийгээд 2007 онд бүртгүүлэхээр хүсэлт өгсөн нь тогтоогддог. Аж ахуйн хашааг ашиглах зөвшөөрөл өгсөн сайдын тушаал байхгүй.” гэж тайлбарладаг.

Гэтэл ******* дугаар сургуульд нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар  захирамжаар 5685 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч тус сургуулийн 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн газар баталгаажуулах хүсэлтэд  тус сургуулийн эзэмшиж байгаа талбай 7651 м.кв бөгөөд сургуулийн болон аж ахуйн газар гэсэн 2 хэсэгтэй болохыг харуулсан тойм зургийг Хот байгуулалт газрын харилцааны газарт хүргүүлсэн нь Газар баталгаажилтийн 146 8017/0022 дугаар  хувийн хэрэгт авагджээ.

Түүнчлэн тус сургуулиас 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Байгаль орчны яаманд өөрийн эзэмшил болох сургуулийн 6839 м.кв, аж ахуйн 985,4 м.кв газрыг тус тус кадастрын зургийн дагуу гэрчилгээ авах хүсэлт, мөн тус яаманд 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “... Аж ахуйн склад байрладаг 985,4 м.кв газрын кадастрын зураг 2006 онд хийгдэж гэрчилгээ гаргуулах хүсэлтээ танай яаманд гаргасан боловч сургуулийн өргөтгөлийн газрын тушаал нь гарч аж ахуйн газрыг орхигдуулсан байгаа тул дээрх газрыг нэмж нийт талбайг 0,79-өөр баталгаажуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гэрчилгээ олгогджээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж заасны дагуу ******* дугаар сургуульд 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн газар ашиглуулах тухай Байгаль орчны сайдын 116 дугаар тушаалыг үндэслэн 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн байна.

******* дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Ган-Уяа, Н.Эрдэнэ нар “....******* дугаар сургуулийн аж ахуйн хашааны хажуу талын догол газарт Ө.Ш******* гуайнх амьдарч байсан. Энэ газар сургуулийн газарт хамаарахгүй” гэсэн тодорхойлолтыг 2012 онд өгч байсан боловч тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрчийн мэдүүлэгт гэрч Н.Эрдэнэ “... тухайн үед Ө.Ш*******г аж ахуйн хашаан дотор буухыг зөвшөөрсөн, аж ахуйн хашаан доторх газар нь бүхэлдээ ******* дугаар сургуулийн өмч, ...Ө.Ш******* гуай холоос явдаг байсан тул аж ахуйн хашаанд буухыг зөвшөөрсөн” гэж, гэрч Д.Ган-Уяа “...******* дугаар сургуулийн аж ахуйн газрын кадастрын зураг хийгдээгүй тодорхой бус байсан учраас сургуулийн газарт хамаарахгүй  гэсэн тодорхойлолт хийж өгч байсан. Намайг 2001 онд сургуулийн захирлаар ирэхэд Ө.Ш******* амьдарч байсан би сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд гэрч В.Сарангэрэл, Б.Батаа нараас авсан гэрчийн мэдүүлгээр  Ө.Ш*******гийн амьдарч байгаа газар нь ******* дугаар сургуулийн аж ахуйн газарт хамаарч байгааг  нотолсон байдаг. 

Дээр дурдсан байдлуудаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар ******* дугаар сургуульд газар ашиглуулах эрх олгосны дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахаар 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч Ө.Ш*******гийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн  “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар ******* дугаар сургуульд газар ашиглуулах эрх олгосны дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар гэрчилгээний  Ө.Ш*******гийн газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Ш*******гийн гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар ******* дугаар сургуульд газар ашиглуулах эрх олгосны дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар гэрчилгээний Ө.Ш*******гийн газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны  хэрэг    шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  51  дүгээр    зүйлийн  51.1,  мөн  хуулийн  47  дугаар  зүйлийн  47.1-т  заасны  дагуу  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид  урьдчилан  төлсөн  70200  төгрөгийг  төрийн  сангийн  дансанд  хэвээр  үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН