Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/1224

 

2025           10             28                                                                             2025/ДШМ/1224

 

   Л.Ц-д холбогдох эрүүгийн

                                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Л.Ц- /цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Жамъян

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2025/ШЦТ/2100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ц-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн Л.Ц-д холбогдох 2505 01982 0626 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А- овогт Д-ын Ц-, ..........., ял шийтгэлгүй, /РД:.........../,

 

Шүүгдэгч Л.Ц- 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо, Г- 7 дугаар байрны 33 тоот гэртээ хамт ажилладаг хохирогч Б.Т-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ оруулж, Б.Т-ийг эсэргүүцэл үзүүлэхэд "ажил дээр очоод чамайг дарамтална шүү, чи чимээгүй байгаарай" гэж айлган сүрдүүлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

мөн тус цаг хугацаанд Б.Т-тэй хүчээр бэлгийн харьцаанд орох явцдаа хохирогчийн хошногоны амсарт шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газар: Л.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…шүүгдэгч Алдар овогт Д-ын Ц-ыг "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-д оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаap хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлхээр, шүүгдэгч Л.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг, шүүгдэгч Л.Ц-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус хангаагүй байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгыг хангаагүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Л.Ц- эхнэр, хүүхэдтэйгээ болон эхнэрийн хорт хавдартай дүү тэдний хүүхдүүдтэй амьдардаг, тэднийгээ тэжээн тэтгэдэг, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Л.Ц- нь хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье...” гэв.

 

Шүүгдэгч Л.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирогчид сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна...” гэв.

 

 Прокурор Г.Намжил шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Ц-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж давхар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс түүнийг тус, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн хувьд шинжээчийн дүгнэлтээр хошногоны амсарт шарх гэмтэл үүссэн байдаг. Энэ нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарсан. Хошногоны нүх буюу амсар бэлгийн харьцаанд орох зориулалттай биеийн хэсэг биш юм. Шүүгдэгч Л.Ц- хохирогчийн биеийн хэсэг рүү бэлэг эрхтнээ хүчээр оруулснаар гэмтэл учирна гэдгийг мэдэж байгаа. Гэтэл хохирогчийн бэлгийн эрх чөлөө буюу хүсээгүй байхад нь бэлгийн шинжтэй үйлдэл хийж бөгс рүү нь бэлэг эрхтнээ хийсэн. Энэ үйлдлийн улмаас хохирогчийн хошногоны амсарт шарх үүсэж хүчиндэх гэмт хэргийн шинж төгссөн. Мөн хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 1 удаагийн үйлдлээр хэд, хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан нийлмэл гэмт хэрэг гэж прокуророос үзсэн. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх албадлагын арга хэмжээ авах хориглосон заалтад нийцсэн гэж үзэж байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн зохицуулалтыг хэрэглэж, анхан шатны шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогчдоос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Ц-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч Л.Ц- 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо, Г- 7 дугаар байрны 33 тоот гэртээ хамт ажилладаг хохирогч Б.Т-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ оруулж, Б.Т-ийг эсэргүүцэл үзүүлэхэд "ажил дээр очоод чамайг дарамтална шүү, чи чимээгүй байгаарай" гэж айлган сүрдүүлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

мөн тус цаг хугацаанд Б.Т-тэй хүчээр бэлгийн харьцаанд орох явцдаа хохирогчийн хошногоны амсарт шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх 3/,

- хохирогч Б.Т-ийн: “...2025 оны 3 дугаар сарын 12-нд Ц- хүрээд ир,  ажилчдын вайбер групп дээр "Төрөө 30 минутын чөлөө авна гэсэн шүү." утга агуулагатай чат үлдээхээр нь тэдний гэрт нь очсон. Ц- ах гэртээ ганцаараа байсан улаан өнгийн дүрсийк өмссөн байдалтай өөр хувцасгүй хаалга тайлсан. Би 00-н өрөө орж гараа угаагаад гарч ирэхэд нөгөө эрэгтэй унтлагын өрөөн хэвтэж байсан. Би та 3 дугаар сарын 11-ний өдөр хөзөр тоглох талаар хэлээд байсан та хөзөр тоглох гэж дуудсан юм уу гэж хэлсэн. За тэгвэл хөзөр тоглъё гээд хамт унтлагийн өрөө рүү орсон. Энэ үед гэнэт намайг дараад авсан та яаж байна аа гэхэд миний хувцасийг тайлах гэж оролдоод өмднөөс зууралдаад би болиоч гээд тэр дундаа ажил дээр очоод чамайг дарамтлана шүү чи чимээгүй байгаарай гэж хэлээд шууд намайг орлуу дарж доош нь харуулж дээр хэвтээд миний анус хийхэд маш их өвдсөн болиочээ гээл нилээд эсэргүүцсэн боловч дийлээгүй энэ үйлдэл нь 5 орчим минут үргэлжилээд дууссан үүний дараа нөгөө эрэгтэй 00-н өрөө орсон. Би дараагаар нь угаалтуурын өрөө ороход миний өгзөгний нүхнээс цус гарсан өвдөөд байсан би угаагаад буцаад гарч ирсэн. Харин нөгөө эрэгтэй нь том өрөөний буйдан дээр суугаад чиний чөлөө авсан ажлын цаг чинь болж, ажил руугаа гүйгээд орчих чи одоо надтай нэг газарт ажилладаг учир хүссэн үедээ чамтай бэлгийн харьцаанд ороод байж болох уу? гэсэн хариу өгөхөөр нь  чимээгүй шууд гараад ажил дээрээ очсон. Ажлын байран дээр касс Ч--******* гэх эгчид тухайн болсон порцессийг хэлсэн бөгөөд намайг цагдаад эсвэл чи эрхлэгчид хэл гэж хэлсэн. Үүний дараа эрхлэгч О--***** гэгчид болсон асуудлын талаар мөн адил хэлсэн. Харин эрхлэгч цагдаагийн байгууллагад хандах талаар зөвлөсөн ба 16 цагийн үед надад чөлөө өгсөн. Би чөлөөгөө аваад гэртээ харьсан. Урьд өмнө ямар нэгэн байдлаар эсрэг болон ижил хүйсийн хүнтэй огт бэлгийн харьцаанд орж байгаагүй орж үзээгүй. Намайг зодоогүй. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны 22 цаг 58 минутад над руу hi  гэсэн утга стикер явуулснаар чатаар харилцаж эхэлсэн. Миний хувьд тухайн байгууллагад ажилаад нэг сар орчимийн хугацаа өнгөрч байсан. Ц- ах нь 2 давхар хариуцсан менежер. Бид хоёрын хувьд хоорондоо ямар нэгэн харилцаа байхгүй ажлын байранд дээр хоорондоо юм ярилцаад байдаггүй. Анх 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр 22 цаг 58 минутад надруу һі гэсэн утга стикер явуулсанаар чатаар харилцаж эхэлсэн. Миний хувьд эмэгтэй хүнтэй харилцаж байгаа юм хөөрхөнөө, чамайг эдэлмээр байна гэх зэргээр чат бичихээр нь 2 давхарын бүх хүмүүстэй тэгж харилцдаг байх гэж ойлгосон. Миний хувьд нүүрэндээ нарны тос байнга түрхдэг бөгөөд харин ажил төрөлдөө явахдаа нүдээ бор тенээр буддаг нь одоо үед залуучуудын нийтлэг төрх гэж бодож байна. Цагаан сарын шинийн 8-ны өглөө 2 давхарийн ажлын хамт олноороо сар шинийн баяр гэдэг утгаар анх очиж байсан. Миний хувьд гадуураа куртиктэй байсан учир тэрийгээ өлгөөд унтлагын өрөө рүү орсон. Өрөөнд орохдоо товчтой срочкон цамцтай мөн брюкен товчтой, цахилгаантай өмдтэй байсан. Намайг араас түлхээд доош нь харуулаад дарсан энэ үед би эргэж хараад гараараа түлхээд ноцолдсон тэгээд тэнхээ минь барагдаад болиоч гээд орилсон миний өмдийг шууд тайлсан зарим зүйлсийг нь сандраад санахгүй байна гэвч энэ үйл явдал нь 5 орчим минут үргэлжилсэн сүүлдээ ядраад би больсон үүний дараа намайг орлуу дарж унагаад эргүүлж харуулаад орон дээр гаргаад миний араас анус руу эрхтэнээ хийгээд байж бай би гялс тавиадхъя гэж хэлээд наашаа цаашаа хөдлөж байгаад дур тависнаар тэр үйл явдал дууссан. Энэ үйл явдал үүссэний дараа миний гар бусад харагдах биетэд учирсан гэмтэл байхгүй байсан. Тухайн үйл явдлаас хойшоо ажлаасаа гарсан бөгөөд дахиж тэр талаар бодохгүй байгаа. Миний сэтгэл санаа хэвийн байгаа тул цаашид Шүүх шинжилгээний байгууллагад сэтгэл санааны хохирол тогтоолгох гэж үзүүлэхгүй гэж бодож байна. Миний хувьд сэтгэл санааний хохирлийг тогтоолгохгүйгээр гомдлыг минь шуурхай шийдвэрлэж өгнө үү. Ар гэртэйгээ ярилцсаний үндсэн дээрээс энэ шийдвэрийг гаргаж байна...” /хх 8-10, 13-15/,

- шүүгдэгч Л.Ц-ын: “...2025 оны 3 дугаар сарын 12-нд өдөр Т- чөлөө авна шүү гэх утгатай вайбер групп дээр оруулсан үүний дараа Төрөө гэрт ирсэн. Баянгол дүүргийн 27 дугаар хороо 7 байрны Т- тоотод орж ирэхэд нь би унтлагын хувцастай байсан ба Төрөө ганцаараа орж ирсэн бөгөөд гэрт өөр ямар нэгэн хүмүүс байгаагүй. Харин Төрөө гадуур хувцсаа, гутлаа тайлаад том өрөөнд ороод хамтдаа ажлын талаараа ярилцсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар Төрөө 2-уулаа хөзөр тоглоё гээд унтлагын өрөө рүү орсон. Жижиг өрөөнд ороод удалгүй Төрөөг би хацар дээр үнсэхэд Төрөө намайг буцаагаад уруул дээр үнссэн. Төд удалгүй Төрөө өөрөө цамцаа тайлах үед нь би өмдийг нь тайлаад орон дээр доош нь харуулаад хамгаалалт хэрэглэхгүй анус руу эрхтнээ хийхэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд ахаа хурдан тавиараа гэж хэлсэн энэ байдал нь 5 орчим минут үргэлжилсэн байх би дур тавьснаар дууссан. Үүний дараа Төрөө би ажил руу явлаа гээд угаалгын өрөө орчихоод ажил руу явсан. Миний хувьд ямар нэгэн хүчээр бэлгийн харьцаад орсон зүйл болоогүй бөгөөд Төрөө нь эсэргүүцээгүй. Миний хувьд хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ямар нэгэн байдлаар Төрөөг хохиролгүй болгоно...” /хх 17, 111-112/... ...Төрөөг орж ирсэний дараа хөзөр тоглохоор унтлагын өрөө орсон. Унтлагын өрөөнд Төрөө миний бэлэг эрхтэнг хөхсөн бөгөөд 5 минут болоод өөрөө хувцсаа тайлаад арагшаа харсан...” /хх 115-116/, 

- гэрч М.Ч-ын: “...тухайн өдөр Т- нь нам дуутай орж 10 цагийн орчимд орж ирсэн. Уг нь энгийн үедээ аягүү цоглог нийтэч сайн уу эгчээ гээд мэнд устай орж ирдэг. Гэвч гаднаас харахад л биеийн байдал тааруу өвдөж байгаа байдалтай харагдаж байсан. Миний хувьд Т-тэй юу болсон яагаад дуу чимээ багатай байгаа талаараа ярилцахад хөзөр тоглох гэж Ц-ын гэрт очсон боловч намайг Ц- хүчээр хүчирхийлсэн миний хувьд эсэргүүцэл үзүүлж чадаагүй мөн миний бие өвдөөд байна гэж хэлсэн. Сэтгэл санааны байдал нь тааруу юу хийхээ мэдэхгүй айж сандарсан байдалтай байсан. Энэ үед би Т-өд хандаад санаа зовох зүйл байхгүй болсон асуудлаа шууд удирдах албан тушаалтанд хэлээрэй мөн цагдаад хэлээрэй гэж зөвлөсөн. Үүний дараа О- гэсэн эрхлэгчтэй уулзуулсан. Эрхлэгч тэр өдөртөө уулзаад чөлөө өгөөд явуулж байгаа харагдсан өөр ямар асуудал болсонийг тодорхой хэлж мэдэхгүй байна...” /хх 20-21/,

- гэрч Ц.О-ын: “...Т- гэх шинээр ороод удаагүй байгаа ажилтантай уулзахад Ц- ах намайг гэртээ хүчирхийлсэн гэж хэлсэн тэр үед миний хувьд шоконд ороод дотор сонин эвгүй зүйл бодогдсон. Ц- урьд нь ийм асуудал гаргаж байгаагүй талаар бодсон тэгээд уг хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэхэд нь итгээгүй үүний дараа эрүүл мэндийн байдлаа үзүүлэх цагдаагийн байгууллагад хандах мөн чөлөө авч гэртээ харьж амрах талаар зөвлөсөн. Т- шинээр орсон хүүхдийн хувьд бол эрэгтэй хүүхэд боловч нүд хөмсөгөө будчихсан харагдаад байдаг миний хувьд ойроос харилцаж үзээгүй...” /хх 24-25/,

- Э.Т-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон фэйсбүүк чатууд Tseba Tseba...чамайг эдмээр байна...чи харахаар охин шиг байдаг юм...би чамайг эдэлмээр байна...чи намайг битгий дарамтлаарай, чи хөөрхөн харагдаад байх юм...өргөдлөө буцаагаад авчих, хоёулаа тохиролцъё, Төрөө... цус алдаад, халуураад ер нь сэтгэл санаа авах юм алга, ахиж тийм юм давтагдвал би үнэхээр хэлдэг газарт нь хэлнэ шүү...намайг та буруу нүдээр харж, буруу бодсон байна... /хх 26-55, 70-87/,

- ажлын viber чатууд /хх 69, 88/

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ЕГ0725/4916 дугаар шинжээчийн... Б.Т-ийн хошногоны амсараас авсан арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй. Б.Т-ийн биед хошногоны амсарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...дүгнэлт /хх 58-59/,

- шинжээч эмч Б.Долгормаагийн: “...гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн давтамжтай зүйлээр үүснэ. Бэлгийн харьцаанд орсон үед үүсэх боломжтой бөгөөд наашаа цаашаа хөдөлж байгаа давтамжаар үүсэх боломжтой...” /хх 65-66/,

- Б.Т-ийн өвчний түүх /хх 89-91/,

- хохирлын баримт 5Т-.700 /хх 93/,

- шүүгдэгчийн хувийн мэдээллүүд /хх 95-101/

- хохирогч Б.Т- ...сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, гомдлыг минь шийдвэрлэж өгнө үү ...гэсэн хүсэлт /хх 119/,

- хохирогч Б.Т-өөс...нэхэмжлэх зүйл байхгүй. 20.000.000 төгрөг авсан.../хх 167/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу 7 тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.Ц-ыг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүчиндэх гэмт хэргийг үйлдэгч нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд нь халдаж, хурьцал үйлдэх зорилгоор хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтэн, бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулж эхэлснээр хүчиндэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь гэмт этгээд хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүчээр бэлгийн харьцаанд орох, эсхүл ийм шинжтэй үйлдэл хийх нь дээрх гэмт хэргийн үндсэн шинж юм.

Хэргээс үзвэл шүүгдэгч Л.Ц- хохирогч Б.Т-ийг гэртээ хөзөр тоглъё хэмээн дуудан ирүүлж, улмаар түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хүчиндэх явцдаа хохирогчийн биед хошногоны амсарт шарх буюу хөнгөн гэмтэл учруулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Шүүгдэгч Л.Ц- болон түүний өмгөөлөгч Н.Жамъян нараас “...шүүхээс оноосон 01 жил 01 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн үндэслэлтэй буюу эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн байна.

Учир нь, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог ба, тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Мөн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм бурууд нь хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.

Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус хуульчилсан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

Шүүгдэгч Л.Ц- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдээгүй зэргээс дүгнэвэл шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн ба энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно”гэж тус тус хуульчилжээ.

Хэргээс үзвэл шүүгдэгч Л.Ц- нь хохирогч Б.Т-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, улмаар түүний шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ оруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүчиндэх”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн хоёр гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангажээ.

Гэтэл прокуророос шүүгдэгчийн үйлдлийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн байна.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг зөвтгөж, зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Л.Ц-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Ц-ын 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 53 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2025/ШЦТ/2100 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.Ц-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-ын 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ГАНДОЛГОР

 

ШҮҮГЧ                                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                       Н.БАЯРМАА