| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/00092/И |
| Дугаар | 314/ШШ2026/00176 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 314/ШШ2026/00176
2026 02 05 314/ШШ2026/00176
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******5-6 тоотод оршин суух, *******гийн *******,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******5-6 тоотод оршин суух, *******ын ******* нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 6,979,086 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Юмсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.*******, хамтран зээлдэгч П.******* нарын гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 сарын 3,2%-ийн хүүтэй, 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатайгаар №210*******30*******0007201 тоот Автомашин худалдан авалтын зээлийн гэрээ байгуулан Хаан банк дахь Л.*******ын ******* тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж, зээлсэн. Уг зээлийн барьцаанд зээлдэгчийн худалдан авсан автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх (фидуци) гэрээгээр барьцаалсан.
Зээлдэгч Л.*******, хамтран зээлдэгч П.******* нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийлгүй 162 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд энэ хугацаанд зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид зээлээ төлөхийг удаа дараалан сануулан, утсаар ярих, очиж мэдэгдэх хуудас өгч уулзахад: “Би машиныг ашиглахгүй байгаа. Мөнх-Эрдэнэ гэх Архангай аймгийн хүнд 13 сая төгрөгөөр зарахаар тохиролцон өгч явуулсан. Ямар ч мөнгө аваагүй тул зээлийг Мөнх-Эрдэнэ төлнө” гэх тайлбар хэлдэг ба машин эзэмшиж буй Мөнх-Эрдэнийн утасны дугаар, гэрийн хаяг зэрэг мэдээллийг тодруулахад хэлэхгүй байх, буруу утасны дугаар өгөх зэргээр нуун дарагдуулж, автомашиныг хураан авах, эрж хайж олох арга хэмжээ авахад саад учруулсан зэргээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Зээлдэгч Л.*******, хамтран зээлдэгч П.******* нар нь биелүүлээгүй.
Зээлдэгч Л.*******, хамтран зээлдэгч П.******* нар руу зээлээ төлөх талаар удаа дараа сануулан залгаж 2025 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр амьдарч байгаа хаяг дээр нь очиж уулзан зээлийн гэрээ зөрчигдөж буй талаар тайлбарлахад зээлдэгч Л.*******, хамтран зээлдэгч П.******* нар нь зээлийн төлөх хугацааг сунгах талаар гараар бичиж өгсөн хүсэлтийн дагуу 2025 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зээл төлөх хугацаа өгөхөд харилцагч нар нь төлөлтийг бүрэн гүйцэт төлөөгүй бөгөөд 2025 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдэх хуудсаар 2025 оны ******* дүгээр сарын 17-ны өдөр хүртэл дахин хугацаа өгч төлбөр төлөхийг сануулж цаашид үүсэж болох нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тайлбарлаж анхааруулсан зэрэг үйлдлүүдийг зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа хийсэн боловч тэрээр өнөөдрийг хүртэл зээл төлөх оролдлого хийлгүй байсаар байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгээгүй үнийн нийт дүн 6,979,086 төгрөгийг зээлдэгч Л.*******, хамтран зээлдэгч П.******* нараас гаргуулж, “******* ББСБ” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.*******, П.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Л.*******, П.******* миний бие “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус 6,979,086 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 2,326,362 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,326,362 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 2,326,362 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнхбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Л.*******, П.******* нарын хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Л.*******, П.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,979,086 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-06 тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.*******, П.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 2,326,362 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,326,362 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 2,326,362 төгрөгийг тус тус төлөхөө илэрхийлсэн. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнхбат нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,615 төгрөгийн тавин хувь болох 63,307.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 63,307.5 төгрөг, хариуцагч Л.*******, П.******* нараас 63,307.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.*******, П.******* нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 6,979,086 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,615 төгрөгийн тавин хувь болох 63,307.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 63,307.5 төгрөг, хариуцагч Л.*******, П.******* нараас 63,307.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА