Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/1225

 

2025           10             28                                                                             2025/ДШМ/1225

 

   Н.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа /цахимаар/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-, түүний өмгөөлөгч Ж.Батзориг,

шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо,   

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2190 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн Н.Д-д холбогдох 2503 00042 0212 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С- овогт Н-ын Д-, ........., ял шийтгэлгүй, /РД: ............./,

 

Шүүгдэгч Н.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 50 минут орчимд Тоёота приус-30 загварын **** УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй Т.Э-, Л.Э- нарыг мөргөж улмаар насанд хүрээгүй Т.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газар: Н.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…шүүгдэгч С- овогт Н-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. 2.3 дахь заалтад зааснаар Н.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-г Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацааraap хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг, ялтан Н.Д-д хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаад, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 228.380 төгрөг,  Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 1.836.000 төгрөг, шүүгдэгчээс нийт 2,064,380 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-т олгож, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар 1.153.461 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд тус тус олгохоор, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие өрх толгойлсон эх бөгөөд хүүхдүүдээ асардаг тул зорчих эрх хязгаарлах ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоогоос давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Д- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр бага насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эх тул зорчих эрх хязгаарлах ялыг тэнсэж өгнө үү ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Н.Д-г гэм буруутай гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн зүгээс миний үйлчлүүлэгчид 2.064.380 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгч болон шүүгдэгч Н.Д- нар нь ар гэр, ахуйн амьдралын хувьд адилхан нөхцөл байдалтай байгаа. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна...” гэв.

 

Прокурор Б.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Д-д холбогдох хэргийг хянаж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо нарын гаргасан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч Н.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 50 минут орчимд Тоёота приус-30 загварын **** УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй Т.Э-, Л.Э- нарыг мөргөж улмаар насанд хүрээгүй Т.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /02-3/,

- зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-10/,

-  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-ийн: “...тухайн өдөр эгч Э- би Э-г баруун талдаа хөтөлөөд зам гарч байгаад машинд мөргүүлчихлээ гээд бид гэмтлийн эмнэлэгт уулзахад охины дух нь хавдсан, баруун гар нь хөдөлгөж болохгүй байсан. Эмчилгээний бүх зардлаа нэхэмжилнэ...” /хх 16/

- иргэний нэхэмжлэгч Л.Э-ийн: “... тухайн өдөр машин замын 2 дугаар эгнээг туулаад 1-р эгнээнд яг зам гарах гэж байхад араас машин ирж мөргөсөн. Жолооч намайг эхэлж мөргөөд дараа нь Э-г мөргөсөн. Би 150.000 төгрөгөөр эм, тос авсан...” /хх 21-22/,

- иргэний хариуцагч М.Б-ын: “...миний машинд эвдрэл гэмтэл учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Тоёота приус-30 загварын **** УЕО автомашин Нэткапитал Инвест ХХК-ийн нэр дээр байгаа. Миний зүгээс бусдад учирсан хохирлыг төлөх үүрэгтэй...” /хх 26-27, 30-31/,

- Т.Э-гийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 34-35/,

- иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн: “...Т.Э-д эрүүл мэндийн даатгалаас 1.153.461 төгрөгийг зарцуулсан тул буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” /хх 38-39/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 820 дугаар шинжээчийн дүгнэлт... Т.Э-гийн биед дух ясны баруун урд хэсгээс доош духны хөндийн дотор ялтас, баруун нүдний ухархайн дээд ханаруу үргэлжилсэн шугаман хугарал, баруун аттаал ясны дээд 1/3-ийн хөндлөн сэлтэрсэн зөрүү багатай далд хугарал, духанд зулгаралт, хуйханд цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.../хх 43-44/,

- сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх 45/,

- Л.Э-ээс шүүх эмнэлэгт үзүүлэхгүй /хх 49-50/,

- Авто тээврийн үндэсний төв, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 539 дугаар шинжээчийн дүгнэлт “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзалтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос, дуут дохио, эргэх дохионы гэрэл, гэрэлтүүлэг, шил арчигч, шил угаагч, хаалга, цонх, цоож, дугуйн хээний гүний хэмжээ нь стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд хоёр оврын гэрэл стандартын бус ногоон, цэнхэр өнгөтэй, улсын дугаарын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй, хойд буфер баруун, зүүн талдаа скочоор нааж тогтоосон зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Жолооны хүрдны механизм хэвийн ажиллагаатай эвдрэл гэмтэлгүй стандартын шаардлагыг бүрэн хангаж байна. Эвдэрч гэмтсэн зүйл илрээгүй. Урд хоёр оврын гэрэл стандартын бус ногоон, цэнхэр өнгөтэй, улсын дугаарын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй, хойд буфер баруун, зүүн талдаа скочоор нааж тогтоосон зэрэг эвдрэл гэмтэл нь уг тээврийн хэрэгслийн ашиглалтын үед үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2023 оны 08 сарын 16-нд "Замт моторс" техник хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн мэдээллийн санд бүртгэлтэй байна 2024 оны техникийн үзлэгийн хугацаа нь 08 сарын 16-нд дууссан байна...” /хх 55-60/,

-мөрдөгчийн магадлагаа ..."Toyota Prius"-30 маркийн **** УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. 3. Явган зорчигч Т.Э-, Л.Э- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Тав. Явган зорчигчийн үүрэг 5.6. Явган зорчигч нь явган хүний буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна... /хх 66/,

- Т.Э-гийн төрсний гэрчилгээ болон нас тоолсон магадлагаа /хх 75-76/,

- шүүгдэгч Н.Д-гийн: “...би зам хөндлөн гарч байсан 2 хүн мөргөсөн. Машинаас буугаад харахад жоохон охин замын брожурны наана унасан, нөгөө эмэгтэй хажууд нь зогсож байсан. Би машиндаа суулгаад гэмтэл авч явсан. Би жолооч биш ангиллал байхгүй...” /хх 84-85/,

- Н.Д-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн мэдээлэл /хх 88-95, 133/,

- эмчилгээний зардалд 179.500 /хх 101/ + 206.800 /хх 102/ нийт 386.380 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан.  

- *****-н албан бичиг ...Л.О- нь бууз чимхэгчээр ажилладаг бөгөөд сарын цалин нь 1.560.000 төгрөг болно. 2024 оны 12 дугаар сарын 13-наас 20-ны хооронд 7 хоног цалингүй чөлөө олгосон болно... /хх 148/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 4-ний ЕГ 0825/2316 дугаар шинжээчийн дүгнэлт ... 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зам тээврийн ослын улмаас Т-ын Э- /РД: ****/-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна... /хх 157-159/,

- М.Б-ын Хаан банкны дансны хуулга ...2025 оны 4 дүгээр сарын 25-нд Д- эмчилгээний төлбөр 206.880 төгрөг шилжүүлсэн., 4.500.000 төгрөг шилжүүлсэн... /хх 172, 184/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Н.Д-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч  Н.Ичинхорлоо нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Н.Д- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр бага насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эх тул зорчих эрх хязгаарлах ялыг тэнсэж өгнө үү...гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм. 

Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.

Шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох”, “тодорхой газар очихыг хориглох”, “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих” зэрэг хязгаарлалтын аль нэгийг, эсхүл хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг зэрэгцүүлэн хэрэглэх боломжтой.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, хувийн болон эрүүл мэндийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний суурь эрх, иргэний журамт үүрэг, гэр бүлийн амин чухал хэрэгцээ шаардлагыг тус тус харгалзан хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалт тогтоох хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг хамааруулан тогтоож болно.

Ялтан шүүхээс оногдуулсан зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчиж хяналтын бүсээс гарах, хориглосон газарт очих, техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгах, гэмтээх, эсхүл тэдгээрийн хэвийн ажиллагааг сарниулах, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх, техникийн болон биечилсэн хяналтаас санаатайгаар зайлсхийх, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзах, хүч хэрэглэн эсэргүүцэх, заналхийлэх зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солих зохицуулалт нь уг ялын хэрэгжилтийг хангах үндсэн нөхцөл болдог.

Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, эсхүл хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш 30 хүртэл хоногийн хугацаагаар түр зорчих зайлшгүй шаардлага үүссэн, эсхүл байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон, эсхүл жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсвэл энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Д-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзээд шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо нарын гаргасан тэнсэж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2190 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ГАНДОЛГОР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Н.БАЯРМАА