Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00568

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00568

 

 

 

 

 

И.Амарсанаа, Б.Долгуржав, С.Ишбалжир,

И.Сарантуяа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20ы өдрийн 181/ШШ2017/03258 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Амарсанаа, Б.Долгуржав, С.Ишбалжир, И.Сарантуяа нарын нэхэмжлэлтэй, хариуцагч И.Хандмаад холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 18 нэр төрлийн эд хөрөнгө, бичиг баримтуудыг гаргуулах нэхэмжлэлтэй,

улсын бүртгэлээс Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/8 И.Сарантуяа, И.Амарсанаа нарын дундын өмчийн эрхийг хасуулах, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 5 дугаар гудамжны 1223 тоот гэр бүлийн дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох өөрт ногдох хэсгээс гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Сүхбаатар дүүрэг 8 хороо, бага тойруу гудамж, 45 дугаар байр 56 тоот 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 5 дугаар гудамжны 1223 тоот үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч И.Амарсанаа, өмгөөлөгч Б.Зулбаяр нарын гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, Д.Алтантуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Долгуржав /Bazarova Dolgurzhab/ миний бие С.Ишбалжиртай ханилан суугаад 50 орчим жил болсон. Бидний дундаас охин И.Хандмаа, И.Сарантуяа, хүү И.Амарсанаа нар төрсөн. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Бага тойруу гудамжны 45 дугаар байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Долгуржав /Bazarova Dolgurzhab/, С.Ишбалжир, И.Хандмаа, И.Сарантуяа, И.Амарсанаа, И.Удвал нарын 6 хүн бүртгэлтэй байдаг. Том охин И.Хандмаа хүнтэй сууж, тусдаа гараад 5 жил орчмын дараа нөхрөөсөө салаад охинтойгоо манайд буцаад ирсэн. Ингээд бид зургуулаа хамт амьдардаг байсан. И.Хандмаа гэртээ ирээд удалгүй ходоодны хорт хавдар тусч бид орон байрнаасаа бусад бүхий л хөрөнгө, мөнгөө эмчилгээ, хагалгаанд нь зориулж хөл дээр нь босгосон. И.Хандмаа энэ хүнд өвчний дараагаас группэд орж, 2 дүүгийнх нь цалин, хөгшин бид хоёрын тэтгэврээр манай гэр бүл амьжиргаагаа залгуулж ирсэн. Гэтэл том охин И.Хандмаа ааш зан байдал илтэд хувирч 2010 оны үеэс дүү нараа гэрээс нь хөөж туух болсон. Хүү И.Амарсанаа Улиастайд газар авч байшин барих үед миний зүгээс эх хүний хувьд хүүгийнхээ ажилд нь тусалж, хоол цайг нь хийж өгөхөөр Улиастай руу явсан хойгуур И.Хандмаа дүү И.Сарантуяаг гэрээсээ зодож хөөсөн байсан. Өнгөрсөн 4, 5 жилийн хугацаанд гэртээ орох гэж өвгөнтэйгөө уулзах гэж олон удаа ирж байсан ч чадалгүй буцдаг байсан. Төрсөн охин маань ийм зан байдал гаргаж гэртээ ч орох эрхгүй, өвгөнтэйгөө аяга цайгаа хувааж уух эрхгүй болсондоо nтгэхгүй их уйлдаг байсан. Хамгийн сүүлд 2015 оны 08 дугаар сард ногоо дарах сав суулга авах гэж гэртээ ороход И.Хандмаа өгөхгүй гэж булаацалдаж намайг хана мөргүүлж өшиглөж зодсон. Би ч бас өөрийгөө хамгаалж харилцан цохьсон. Гэтэл И.Хандмаа намайг болон 2 дүүгээ цагдаад өгч, бүлэглэн зодсон гэж худал мэдүүлсэн. Тэгээд Прокурорын шатанд гэр бүлийнхээ нэр хүндийг бодож эвлэрч зохицох санал тавихад И.Хандмаа өөдөөс тэгвэл орон сууцны ногдох хэсгээсээ татгалзаж надад шилжүүлж өг, дахиж манай гэрт аавтай уулзана гэж ирэхгүй гэж бичиж өг гэх мэт эд хөрөнгийн сонирхолоор асуудалд хандсан учир зохицож чадахгүй шүүх хуралдаанд орсон. Эрүүгийн хэргийн шүүх энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөн.

С.Ишбалжир, Б.Долгуржав, И.Сарантуяа, И.Амарсанаа бид улсын бүртгэлийн Ү-2203004621 дугаартай, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу гудамжны 45 дугаар байр, 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг И.Хандмаагийн хууль бус өмчлөлөөс гаргуулах, И.Хандмаа болон зээ охин И.Удвалд ногдох хувийг өгөх, 18 нэр төрлийн дундын эд хөрөнгийг И.Хандмаагаас гаргуулах, С.Ишбалжирийн иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр болон халамжийн дэвтэр, гэрлэлтийн баталгаа, дээд боловсролын диплом, эрүүл мэндийн карт, өвчтөний түүх, Б.Долгуржав миний болон С.Ишбалжирын гавьяаны тэмдэг, одон медалиуд, өргөмжлөл зэргийг И.Хандмаагийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч И.Хандмаа шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аавд 1982 онд ШУТИС-аас маргаж байгаа орон сууцыг өмч хувьчлалаар өгсөн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд С.Ишбалжир, Б.Долгуржав, И.Хандмаа, И.Сарантуяа, И.Амарсанаа, И.Удвал нарын өмч гэж бүртгэгдсэн байдаг. 1996 онд бид дахин нэг амьдрах байр, орон сууцтай болох хэрэгтэй гэж бүгд ойлголцоод хамтын хөдөлмөрийн үр дүнд Улиастайн газрыг худалдаж авч, дүү И.Амарсанаа байшин барьж эхэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дүү И.Амарсанаагийн нэр дээр гарсан байдаг. Аав, ээж хоёрын таарамжгүй харьцаанаас болж ээж 2003 оноос гэрээс яваад Амарсанаатай хамт Улиастайд амьдардаг болсон. Би дүү охин И.Сарантуяатай муудалдсанаас болж бидний муудалцах шалтгаан болсон. Ээж хоёр дүүгийн хамт 2015 онд намайг зодсон. Үүнийг Цагдаагийн байгууллагаар шалгуулж, эрүүгийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Аав маань миний асрамжид байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдан таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үед ээж аавыг ирээд аваад явсан байсан. Өнөөдрийг хүртэл аавтай уулзуулдаггүйд гомдолтой байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад охин И.Удвалд 16 746 667 төгрөг, И.Хандмаад 16 746 667 төгрөг, нийт 33 493 334 төгрөг өгнө гэдгийг ойлгож байна. Сүхбаатар дүүрэг, Бага тойруу гудамжны 45 дугаар байрны 56 тоот орон сууц нь бидний гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Хандмаа шүүхэд, төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: И.Хандмаа миний бие Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/, С.Ишбалжир нарын том охин бөгөөд И.Сарантуяа, И.Амарсанаа нар нь миний төрсөн дүү нар билээ. Бид Сүхбаатар дүүргийн 8 хороо, бага тойруу гудамж, 45 дугаар байр 56 тоот 3 өрөө байранд амьдардаг байсан. Уг 3 өрөө байрыг миний аав С.Ишбалжирт өмчлүүлэхээр Их сургуулиас өгсөн. Байрны гэрчилгээ бид тавын нэр болон миний охин И.Удвал гэх 6 хүний нэр байдаг. 1996 онд миний охин И.Удвалыг миний ээж Б.Долгуржав, аав С.Ишбалжир нар нь үрчлэн авсан болно. 2003 оноос хойш ээж Б.Долгуржав нь аав С.Ишбалжиртай таарамж муутай болсноос хойш Баянзүрх дүүрэг 23 хороо 5 дугаар хэсэг гудамж, 1223 тоотод дүү И.Амарсанаатай хамт амьдрах болсон. Үүнээс хойш аав С.Ишбалжир дүү И.Сарантуяа би болон охин И.Удвал нар Сүхбаатар дүүрэг 8 хороо, бага тойруу гудамж, 45 байр 56 тоот 3 өрөө байранд амьдарсан. Бид 1996 онд Баянзүрх дүүрэг, 23 хороо, 5 дугаар хэсэг гудамж, 1223 тоот газар болон дээр нь байсан үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Уг хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд И.Амарсанаагийн нэр байдаг. Энэ эд хөрөнгөнд И.Хандмаа миний зүгээс өөрийн хөдөлмөрөөр орчуулагч хийж тухайн үед газрын төлбөр болох 200 000 төгрөгийг төлж байсан ба дээр нь баригдсан үл хөдлөх хөрөнгөд өөрийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан болно.

Иймд Иргэний хуулийн 489, 125, 126, 130 дугаар зүйл болон холбогдох хуульд зааснаар Сүхбаатар дүүрэг 8 хороо, Бага тойруу гудамж, 45 дугаар байр, 56 тоот, 3 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.Долгуржав, И.Сарантуяа, И.Амарсанаа нарын дундын өмчийн эрхийг хүчингүй болгуулж, И.Хандмаа намайг Баянзүрх дүүрэг 23 хороо 5 дугаар хэсэг гудамж, 1223 тоот үл хөдлөх хөрөнгөнөөс дундын өмчлөгчөөр тогтоож, уг эд хөрөнгөнөөс И.Хандмаад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: И.Хандмаа нь бусдын өмч болох дүү И.Амарсанаагийн хувийн өмч хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Хариуцагч И.Хандмаа төрсөн эцэг, эх дүү нарыг дундын өмчөө захиран зарцуулах, эзэмших, ашиглах хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж, өнөөдрийг хүрсэн. Дундын өмчлөлийн орон сууцыг дундаа хэсгээр өмчлөгчид тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй энэхүү хууль ёсны эрх нь зөрчигдсөн учир шүүхэд хандсан. Нэхэмжлэгч нар өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардсанаас биш уг хөрөнгийг хамтран өмчлөгч И.Хандмаа болон түүний охин И.Удвалд ногдох хэсэгт маргаан гаргаагүй.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг гудамжны 1223 тоот үл хөдлөх эд хөрөнгийг И.Амарсанаа өөрийн зардлаар бий болгосон бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр И.Амарсанаа дангаар өмчилдөг хөрөнгө юм. Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн шаардлага хангасан байхаар заасан ба И.Хандмаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй зэрэг нь хууль зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И.Удвал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхэд Б.Долгуржав, И.Сарантуяа, И.Амарсанаа нарын 2016 оны 3 дугаар сард гаргасан нэхэмжлэлийн дагуу И.Хандмаад холбогдох иргэний хэрэгт И.Удвал нь гуравдагч этгээдээр оролцож байна. Сүхбаатар дүүрэг 8 хороо, бага тойруу гудамж, 45 дугаар байр 56 тоот 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 5 дугаар гудамжны 1223 тоот үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Долгуржав бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И.Удвалын шаардлагад гаргасан тайлбартаа: И.Увдвал миний зээ охин бөгөөд өвгөн бид хоёр өргөж авсан. Сүхбаатар дүүрэг 8 хороо, бага тойруу гудамж, 45 дугаар байр 56 тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр байдаг. И.Удвалд орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч И.Хандмаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И.Удвалын шаардлагад гаргасан тайлбартаа: И.Удвалын шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1., 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх тус тус заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 8 хороо, Бага тойруу гудамж, 45 дугаар байр 56 тоот хаягт байрлалтай 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203004621 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг С.Ишбалжир, Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/, И.Амарсанаа, И.Хандмаа, И.Сарантуяа, И.Удвал нарын гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоож, дундын хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс И.Хандмаад 16 746 666 төгрөг, И.Удвалд 16 746 666 төгрөгийг, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006534 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо, Баатархайрхан 5 дугаар хэсэг гудамжны 1223 тоот хаягт байршилтай 18652310138924 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 699 м2 газрын хууль ёсны өмчлөгч И.Амарсанаагийн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгөнд тооцож, уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс И.Хандмаад 6 105 000 төгрөг, И.Удвалд 6 105 000 төгрөгийг тус тус С.Ишбалжир, Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/, И.Сарантуяа, И.Амарсанаа нараас гаргуулж олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд 18 нэр төрлийн хөрөнгийг нэг талаас И.Амарсанаа, И.Сарантуяа, Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/, С.Ишбалжир болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, И.Хандмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд нар харилцан тохиролцон дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Нэмэгдүүлсэн шаардлагын 18 нэр төрлийн 3 480 000 төгрөгийн үнэ бүхий зүйлээс:

1. 11 ширхэг мөнгөн аяга /1990 оны үед авч байсан дунд гарын/-аас 2 ширхгийг И.Хандмаад, 1 ширхэгийг И.Удвалд, үлдэх 8 ширхэгийг нэхэмжлэгч нарт

2. Аяга тавгийн 6 хүний набор /300 000 төгрөг/-ыг нэхэмжлэгч нарт

3. Цайны набор /6 хүний, 1 ком, 14 ширхэгтэй, 300 000 төгрөг/-ыг И.Хандмаад

4. Цайны набор /6 хүний ,12 ширхэгтэй, 1 комыг/-ыг нэхэмжлэгч нарт

5. Болор хундага /том 12 ширхэг, жижиг 12 ширхэг/-аас 6 том ширхгийг, 6 жижиг ширхгийг нэхэмжлэгч нарт үлдэх хэсгийг И.Хандмаад

6. Графин нэг ширхгийг И.Хандмаад, 7 хундагыг нэхэмжлэгч нарт

7. Будаатай 30 ширхэг аяга /120 000 төгрөгийн үнэтэй/-аас 20 ширхэгийг нэхэмжлэгч нарт, 10 ширхэгийг И.Хандмаад

8. 300 000 төгрөгийн дурдан ногоон өнгийн бүстэй хөх үйтэн хуар дээлийг нэхэмжлэгч Базаровагийн Долгуржавт /Bazarova Dolgurzhab/

9. Стенк /150 000 төгрөгийн үнэлгээтэй/-ийг нэхэмжлэгч нарт

10. Зөөлөвчтэй сандал /6 ширхэг/ нэхэмжлэгч нарт

11. Мебель ор /50 000 төгрөгийн үнэтэй/ И.Хандмаа болон И.Удвал нарт

12. Тумбучка /10 000 төгрөгийн үнэтэй/ И.Хандмаад

13. Хөлдөөгч /200 000 төгрөгийн үнэтэй/ нэхэмжлэгч нарт

14. Том ширээ /100 000 төгрөгийн үнэтэй/ И.Хандмаад

15. Мөнгөн бугуйвч бөгжний хослол /барын нүдэн шигтгээтэй/-ыг И.Сарантуяад

16. Костюм юбконы хослол /хөх өнгөтэй/ Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/

17. Паалантай кострюль /1 ширхэг, 20 000 төгрөгийн үнэтэй/ И.Хандмаад

18. Жижиг кострюль /3 ширхэг/ И.Хандмаад тус тус хувааж авахаар тохиролцов. Түүнчлэн эдгээр эд зүйлсийг нэхэмжлэгч өгөхөөр тохиролцон эд зүйлсийг хариуцагч И.Хандмаагаас гаргуулахаар тохиролцов. Нэмэлт нөхцөл: нэхэмжлэлд дурдаагүй хөргөгчийг И.Хандмаад үлдэхээр тохиролцов. гэж харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн байх тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан И.Хандмаагийн хууль бус эзэмшлээс С.Ишбалжирын иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр болон халамжийн дэвтэр, гэрлэлтийн баталгаа, дээд боловсролын диплом, эрүүл мэндийн карт, өвчтөний түүх, Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/ болон С.Ишбалжирын гавьяаны тэмдэг, одон медалиуд, өргөмжлөл гаргуулах шаардлагыг хариуцагч И.Хандмаа хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, И.Удвалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Хандмаа, И.Удвал нараас 281 292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70 200 төгрөгийг гаргуулж И.Хандмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар И.Удвалаас 22 851 666 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 272 208 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч И.Амарсанаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд нотлох баримтгүй байхад аман тайлбарыг үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, иргэн миний хуваарьт хөрөнгийг 6 хүнд хувааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Иргэн миний хориод жил өөрийн хүч хөдөлмөрөөр, шударгаар олж авч барьж байгуулж, арчилж тордон, /үнэндээ би ганц амьдардаг, бүгдийг нэг дор бүтээгээд бий болчоогүй, газар худалдан авах үед ажилтай, орлоготой байсан тэр үедээ хүн амьдрах дайны болгоод дотор нь орж амьдарсан, түүнээс хойш гадна дотнохоо бага багаар засч, сайжруулсаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийг хүртэл бүрэн бүтэн байшин барилга болгож чадаагүй, 2 давхраа барьж эхэлж байгаа болно/ өөрийнхөө олж хуримтлуулсан бүхий л орлогоо энэ үл хөдлөх хөрөнгийг барьж, дуусгахад зарцуулсаар ирсэн хуваарьт хөрөнгийг анхан шатны шүүх ээжийн маань /Долгоржавын/ хэлсэн үгийг мушгин гуйвуулах замаар хариуцагчид, гуравдагч этгээдэд ашигтайгаар шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбаруудад Б.Долгоржав, Ишбалжир, И.Сарантуяа нар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг гудамж, 1223 тоот үл хөдлөх эд хөрөнгийг И.Амарсанаа миний хуваарьт хөрөнгө болохыг тодорхой бичиж тайлбарласан байдаг ба намайг /газар өмчлөх эрхийн гэрчилгээг ч шүүхэд гарган өгсөн/ газар дээрээ байшин барьж байхад ээж болон И.Сарантуяа эгч маань өдрийн цагаар ирж, надад хоол цай хийж өгч тус болж байсан ба энэ үед И.Хандмаа эгч ээжийг болон дүүг гэрээсээ хөөсөн байсан. Харин би энэ үед очих газаргүй болсон ээжийгээ дэргэдээ авч байсан ба өнөөдрийг болтол И.Хандмаа ээжийг болон дүүг гэрт нь оруулахгүй хэвээр л байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий хашаа байшинг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 -т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо. 5 дугаар хэсэг гудамж, 1223 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаар И.Амарсанаа миний хуваарьт хөрөнгө гэдэг нь хэрэгт өгсөн нэхэмжлэгч нарын тайлбар, гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудаар тодорхой байхад үндэслэл баримтгүйгээр сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан хүний амаар хэлсэн үгээр хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүх ээжийн маань /Долгоржав/ хэлсэн үгийг илтэд өөрчлөн хариуцагчид, гуравдагч этгээдэд ашигтайгаар бичиж, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт оруулсан байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ээж болон эгч маань өөрөө асуудлын талаар үнэн зөвөөр л тайлбарлаж нотлох баримтуудаа гаргаж өгсөн. И.Хандмаа эгч миний хуваарьт хөрөнгөөс авна гэж сөрөг нэхэмжлэл гаргаж үнэхээр бодит байдалд нийцэхгүй, баримтгүй тайлбар хийсэн ба миний хашаа байшинг барихад цалин хөлсөө өгдөг байсан гэж худал зүйлийг их бичсэн. Гэхдээ шүүхийг асуудалд хандахдаа хуульд үндэслэж, нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргана гэж итгэснээс хэн сайн худал хэлсэнд нь шийдвэрлэдэг гэж бодоогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг /Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг гудамж, 1223 тоотод байрлалтай газар, үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоож, ногдох хэсэг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгуулж/ хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Б.Долгуржав, С.Ишбалжир, И.Сарантуяа, И.Амарсанаа нар хариуцагч И.Хандмаад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 18 нэр төрлийн эд хөрөнгө, бичиг баримтуудыг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч улсын бүртгэлээс Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/, И.Сарантуяа, И.Амарсанаа нарын дундын өмчийн эрхийг хасуулах, Баянзүрх 23 дугаар хороо, 5 дугаар гудамжны 1223 тоот гэр бүлийн дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өөрт ногдох хэсгээс гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл С.Ишбалжир, Оросын Холбооны Улсын иргэн Б.Долгуржав нар гэр бүл болж, И.Хандмаа, И.Сарантуяа, И.Амарсанаа нарыг төрүүлсэн, мөн зээ охин И.Удвалыг 1996 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үрчлэн авсан, Улаанбаатар хотын Ардын Депатутын Хурлын гүйцэтгэх захиргаанаас нэхэмжлэгч С.Ишбалжирт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 45 дугаар байрны 56 тоот 3 өрөө орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр С.Ишбалжир, Б. Долгуржав, И.Хандмаа, И.Сарантуяа, И.Амарсанаа, И.Удвал нар бүртгэгдсэн байх тул уг орон сууцыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 45 дугаар байрны 56 тоот 3 өрөө орон сууцны үнэ, цэнийг 100 480 000 төгрөгөөр үнэлснээр шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцыг нэхэмжлэгч С.Ишбалжир, Б.Долгуржав, И.Сарантуяа, И.Амарсанаа нарын өмчлөлд үлдээж, хариуцагч И.Хандмаад, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И.Удвал тус бүр 16 746 666 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, зохигчид энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч И.Амарсанаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрхан 5 дугаар хэсэг гудамжны 1223 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 699 м.кв талбай бүхий газар, амины орон сууцны барилгыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, хариуцагч И.Хандмаа болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И.Удвал нарт ногдох хэсгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу.

 

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжаар нэхэмжлэгч И.Амарсанаад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 699 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлснийг 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тухайн газар дээр баригдсан амины орон сууц улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

 

Хариуцагч И.Хандмаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...газрыг худалдан авахад 200 000 төгрөг, амны орон сууцанд тодорхой мөнгөн хөрөнгө оруулсан гэж, нэхэмжлэгч нар эс зөвшөөрсөн татгалзлаа ... амины орон сууцыг С.Ишбалжир, Б.Долгуржавын тэтгэвэр болон бусад орлогоор барьсан, тухайн үед И.Хандмаа өвчтэй группд байсан гэж тус тус тайлбарладаг боловч хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон буюу Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д заасны дагуу маргаан бүхий хөрөнгийг бий болоход нь зориулж мөнгөн хуримтлал болон хөрөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6-д зааснаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрхан 5 дугаар хэсэг гудамжны 1223 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 699 м.кв талбай бүхий газар, амины орон сууц нь нэхэмжлэгч И.Амарсанаагийн хуваарьт хөрөнгө болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал С.Ишбалжириын иргэний үнэмлэх, тэтгэврийн болон халамжийн дэвтэр, гэрлэлтийн баталгаа, дээд боловсролын диплом, эрүүл мэндийн карт, өвчтөний түүх, Б.Долгуржав болон С.Ишбалжир нарын гавъяаны тэмдэг, одон медалиуд, өргөмжлөл гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Зохигчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 18 нэр төрлийн 3 480 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хуваан авахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

Шүүх зохигчдын хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг ойлгомжгүй тогтоосон байхын зэрэгцээ ба шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсонтой холбогдуулан талуудаас төлөгдөх хураамжид өөрчлөлт оруулав.

 

Зохигчдын төлөх тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасан хувь хэмжээгээр тооцон үзэхэд нэхэмжлэгч нарын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 3 480 000 төгрөгийн үнэ бүхий 18 нэр төрлийн эд хөрөнгө болон бичиг баримтыг гаргуулах шаардлага гаргаснаар эд хөрөнгийн бус шаардлагын хувьд 70 200 төгрөг, эд хөрөнгийн чанартай нэхэмжлэл буюу 3 480 000 төгрөгийн шаардлагад 70 360 төгрөг төлөх ёстой. Гэтэл тэрээр улсын тэмдэгтийн хураамжид 492 884 төгрөг төлсөн байх тул илүү төлөгдсөн 352 324 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч И.Хандмаагийн хувьд улсын бүртгэлээс Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/, И.Сарантуяа, И.Амарсанаа нарын дундын өмчийн эрхийг хасуулах, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо, 5 дугаар гудамжны 1223 тоот гэр бүлийн дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгээс гаргуулах шаардлага гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид эд хөрөнгийн бус шаардлагын хувьд 70 200 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагад тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэ болох 36 603 000 төгрөгийн хариуцагчид ногдох хэсэг 6 100 500 төгрөгт 112 558 төгрөг, нийт 182 758 төгрөг төлөхөөс 70 200 төгрөг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И.Удвалын хувьд Сүхбаатар дүүрэг 8 хороо, бага тойруу гудамж, 45 дугаар байр 56 тоот 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагын хувьд тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ 100 480 000 төгрөгийн өөрт ногдох хэсэг 16 746 666 төгрөгөөс, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 5 дугаар гудамжны 1223 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагад тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэ болох 36 603 000 төгрөгийн өөрт ногдох хэсэг 6 100 500 төгрөгөөс тус тус улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тооцоход /112 558+241 683/ 354 241 төгрөг төлөхөөс 70 600 төгрөг төлсөн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 112 558 төгрөгийг хариуцагч И.Хандмаагаас, 283 641 төгрөгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И.Удвалаас тус тус нөхөн гаргуулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20ы өдрийн 181/ШШ2017/03258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх тус тус заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 8 хороо, Бага тойруу гудамж, 45 дугаар байр 56 тоот хаягт байрлалтай 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203004621 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг С.Ишбалжир, Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/, И.Амарсанаа, И.Хандмаа, И.Сарантуяа, И.Удвал нарын гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоож, нэхэмжлэгч нараас И.Хандмаад 16 746 666 төгрөг, И.Удвалд 16 746 666 төгрөгийг гаргуулан олгож, хариуцагч И.Хандмаагийн улсын бүртгэлээс Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/, И.Сарантуяа, И.Амарсанаа нарын дундын өмчийн эрхийг хасуулах, Баянзүрх 23 дугаар хороо, 5 дугаар гудамжны 1223 тоот гэр бүлийн дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох өөрт ногдох хэсгээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И.Удвалын Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо, 5 дугаар гудамжны 1223 тоот гэр бүлийн дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох өөрт ногдох хэсгээс гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 18 нэр төрлийн 3 480 000 төгрөгийн үнэ бүхий зүйлээс:

1. 11 ширхэг мөнгөн аяга /1990 оны үед авч байсан дунд гарын/-аас 2 ширхэгийг И.Хандмаад, 1 ширхэгийг И.Удвалд, үлдэх 8 ширхэгийг нэхэмжлэгч нарт

2. Аяга тавгийн 6 хүний набор /300 000 төгрөг/-ыг нэхэмжлэгч нарт

3. Цайны набор /6 хүний, 1 ком, 14 ширхэгтэй, 300 000 төгрөг/-ыг И.Хандмаад

4. Цайны набор /6 хүний ,12 ширхэгтэй, 1 комыг/-ыг нэхэмжлэгч нарт

5. Болор хундага /том 12 ширхэг, жижиг 12 ширхэг/-аас 6 том ширхгийг, 6 жижиг ширхгийг нэхэмжлэгч нарт үлдэх хэсгийг И.Хандмаад

6. Графин нэг ширхгийг И.Хандмаад, 7 хундагыг нэхэмжлэгч нарт

7. Будаатай 30 ширхэг аяга /120 000 төгрөгийн үнэтэй/-аас 20 ширхэгийг нэхэмжлэгч нарт, 10 ширхэгийг И.Хандмаад

8. 300 000 төгрөгийн дурдан ногоон өнгийн бүстэй хөх үйтэн хуар дээлийг нэхэмжлэгч Базаровагийн Долгуржавт /Bazarova Dolgurzhab/

9. Стенк /150 000 төгрөгийн үнэлгээтэй/-ийг нэхэмжлэгч нарт

10. Зөөлөвчтэй сандал /6 ширхэг/ нэхэмжлэгч нарт

11. Мебель ор /50 000 төгрөгийн үнэтэй/ И.Хандмаа болон И.Удвал нарт

12. Тумбучка /10 000 төгрөгийн үнэтэй/ И.Хандмаад

13. Хөлдөөгч /200 000 төгрөгийн үнэтэй/ нэхэмжлэгч нарт

14. Том ширээ /100 000 төгрөгийн үнэтэй/ И.Хандмаад

15. Мөнгөн бугуйвч, бөгжний хослол /барын нүдэн шигтгээтэй/-ыг И.Сарантуяад

16. Костюм, юбканы хослол /хөх өнгөтэй/ Базаровагийн Долгуржав /Bazarova Dolgurzhab/

17. Паалантай кострюль /1 ширхэг, 20 000 төгрөгийн үнэтэй/ И.Хандмаад

18. Жижиг кострюль /3 ширхэг/ И.Хандмаад тус тус хувааж авахаар, нэхэмжлэлд дурдаагүй хөргөгчийг И.Хандмаад үлдэхээр тохиролцож, эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 492 884 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И.Удвалын төлсөн 70 600 төгрөгийг, хариуцагч И.Хандмаагийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч И.Хандмаагаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 352 324 төгрөгийг буцаан олгож, хариуцагч И.Хандмаагаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 112 558 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И.Удвалаас 283 641 төгрөгийг тус тус нөхөн гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Амарсанаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ