Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 626

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Н.Баасанбат,                Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

            улсын яллагч Г.Цогтгэрэл,

            иргэдийн төлөөлөгч С.Мөнхзаяа,

            шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнгөнтуул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Мөнхгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Муумайхан овогт Ганхуягийн Пид холбогдох эрүүгийн 1809023130450 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:    

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.П нь 2018 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Паб Лоунжийн гадна хамт архи уусан О.Оджаргалыг хүзүүн тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.       

Шүүгдэгч Г.П шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохиролд нийт 19.000.000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн ар

гэрийнхнээс уучлалт гуйж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнгөнтуул шүүхийн хэлэлцүүлэгт: “Би талийгаачийг эхний хагалгаанд ороход нь мэдэж эмнэлэг дээр ирсэн. Хадам эгч надад манай нөхрийг эмнэлэгт байгаа тухай хэлсэн. Гомдолтой гэж хэлээд үхсэн манай нөхөр босоод ирэхгүй учраас надад гомдол санал байхгүй. Учир нь би шүүгдэгчийн ар гэрийн байдлыг бодож байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 5-18 дугаар хуудсанд хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 26-34 дүгээр хуудсанд эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,  28-29 дугаар хуудсанд камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 39-41 дүгээр хуудсанд Ө.Мөнхзулын мэдүүлэг , 44-46 дугаар хуудсанд гэрч Х.Мөнх-Эрдэний мэдүүлэг, 66-68 дугаар хуудсанд гэрч Дашдуламын мэдүүлэг, 69-71 дүгээр хуудсанд гэрч Батболдын мэдүүлэг, 81-83 дугаар хуудсанд гэрч Батцэцэгийн мэдүүлэг, 90-94 дүгээр хуудсанд шинжээчийн дүгнэлт, 104 дүгээр хуудсанд шинжээчийн дүгнэлт, 107 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт,  233-234 дүгээр хуудсанд шинжээчийн дүгнэлт, 155-157 дугаар хуудсанд яллагдагч Г.Пүрэвдоржийн мэдүүлэг, 101 дүгээр хуудсанд шүүхийн эмнэлгийн дүгнэлт, 126 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт, 198-199 дугаар хуудсанд түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан тэмлэглэл, 202 дугаар хуудсанд хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 63-65 дугаар хуудсанд гэрч Алтангэрэлийн мэдүүлэг, 66-69 дүгээр хуудсанд  гэрч Дашдуламын мэдүүлэг, 72-74 дугаар хуудсанд Ганхуягийн мэдүүлэг, 76 дугаар хуудсанд гэрч Оюунгэрэлийн мэдүүлэг, 155-156 дугаар хуудсанд яллагдагчийн мэдүүлэг, 163-178 дугаар хуудсанд шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, 240-242  дугаар хуудсанд хохирогч Г.Мөнгөнтуулийн мэдүүлэг, 243-246 дугаар хуудсанд хохирол төлбөр барагдуулсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав гэв.

Шүүгдэгч: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Пид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.П нь 2018 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Паб Лоунжийн

 

гадна хамт архи уусан О.Оджаргалыг хүзүүн тус газарт хутгалж алсан болох нь,

Хэргийн газарт болон цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-18/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-26, 31, 34/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28-29/,

Хохирогч Ө.Мөнхзулын: “…манай дүүгийн эмчилгээний зардал, оршуулгын зардалд нь нийтдээ 8.967.450 төгрөгийн зардал гарснаас холбогдогч талын ар гэр нь 3.988.500 төгрөгийн хохирлын мөнгө төгрөг гэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-39-41, 42-43/,

Хохирогч Г.Мөнгөнтуулын “…би 1000 удаа гомдолтой байна гэсэн ч миний нөхөр надтай цуг амьдрах боломжгүй. Харин холбогдогч талын ар гэрийн хүмүүс манай нөхрийг нас барах үед хажууд нь байж ажил явдлын үед тусалж байсан. Би ч бас 2 нялх хүүхэдтэй, тэр хүн алсан гэх Пийн цаана нь надтай адилхан 2 хүүхэдтэй эхнэр нь үлдэж байгаа. Тэр хүн намайг гомдолтой, гомдолгүй гэсэн ч шүүхээр орж ял шийтгэл авах нь тодорхой...” гэсэн мэдүүлэг /хх-241-242/,

Гэрч Х.Мөнх-Эрдэнийн: “...нөгөө залуу 1 юм гялс гээд л хутга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би нөгөө залууг “юун хутга шөвөг вэ? цаашаа яв” гэтэл Оджаргалын зогсож байгаа газрын доор нэлээд их цус асгарчихсан байсан энэ асуудал тун хурдан болж өнгөрсөн би нөгөө залууг “чи хүн хутгалчихлаа ш дээ” гэхэд "Би яагаачгүй хутгалаагүй гээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-44-46/,

Гэрч У.Дашдуламын: “...тухайн үед өмсөж гарсан пүүз, саарал өмд, хар ногоон өнгийн куртик зэрэг нь цус болчихсон орж ирээд би хүн алчихлаа гээд байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-66-68/,

Гэрч Г.Батболдын: “...Пүрэвдорж гэх эрэгтэйг аваад цагдаагийн хэлтэс дээр хүргэж ирээд бэлх 10-т хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-69-71/,

Гэрч Ц.Батцэцэгийн: “...дараа нь камерийн бичлэгийг үзэхэд саравчтай малгайтай эрэгтэй хутгалж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-81-83/,

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1134 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

1. Талийгаач Ө.Оджаргалын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний зүүн дунд хэсгийн зүүн талын бамбай булчирхай, баруун талын гүрээний ерөнхий артерийн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугагцаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаач Ө.Оджаргал нь хүзүүний зүүн дунд хэсгийн зүүн талын бамбай булчирхай, баруун талын шүрээний ерөнхий артерийн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдалтын шокод орж нас баржээ.

 

4. АВО системийн О 1-р бүлгийн цустай байна.

5. Цус, ходоодын шингэнд спиртийн агууламжинд илрээгүй байна.

6. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна гэх /хх-90-94/,

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3701 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “...бор шаргал ноосон цамцанд гарсан 2.2см, хар футболканд гарсан 27см, 57см, 34см, 2см, 1.2см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна...” гэх /хх-104-107/,

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5904 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “...цагаан өнгийн хос пүүзэн дээрх цус нь АВО системээр 071/ бүлгийн харьяалалтай байна...” гэх /хх-127/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 593 дугаартай дүгнэлт:

1. Г.Пүрэвдорж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Г.Пүрэвдорж нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Г.Пүрэвдорж нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Г.Пүрэвдорж нь хэрэг хариуцах чадвартай байна./хх-233-234/,

Яллагдагч Г.Пүрэвдоржийн: “...би согтууруулах ундаа хэтрүүлэн
хэрэглэсэн үедээ хүн алах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би
өөрийнхөө үйлдсэн хэрэгт үнэхээр их харамсаж байна...” гэж үйлдсэн хэргийн
талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-155-157/,

Шинжээчийн 5642 тоот дүгнэлт /хх-101/, шинжээчийн 5914 тоот дүгнэлт /хх-126/, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүхийн хуулбар /хх-198-230/, ял шалгах хуудас /хх-22/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөн дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Г.Пийн хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Пүрэвдорж болон түүний өмгөөлөгч Д.Гомбо нараас маргаагүй болохыг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнгөнтуулаас “нэхэмжилсэн зүйлгүй” болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  10 жил 5 сарын хугацаагаар ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Хохирогчийн ар гэрт учирсан хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлын хувьд хэвийн. Мөн Г.Пүрэвдоржийн аав нь хүнд өвчтэй Монгол Улсад эмчлэх боломжгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Г.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэг “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Г.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1809023130450 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутга, 1 ширхэг куртик, 1 ширхэг өмд, 1 ширхэг футболк, 1 ширхэг цамц, 1 хос гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнгөнтуулд буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,

Шүүгдэгч Г.П нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн зөвшөөлгүй сэжигтнээр баривчлагдаж, тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 142/я дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Пийн цагдан хоригдсон 94 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Муумайхан овогт Ганхуягийн Пийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пийг 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пид оногдуулсан 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Пийн цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутга, 1 ширхэг куртик, 1 ширхэг өмд, 1 ширхэг футболк, 1 ширхэг цамц, 1 хос гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнгөнтуулд буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.П нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Г.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ИДЭР

                                           ШҮҮГЧИД                                        Н.БААСАНБАТ

     Б.МӨНХ-ЭРДЭНЭ