| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2426000000313 |
| Дугаар | 2025/ДШМ/58 |
| Огноо | 2025-10-23 |
| Зүйл хэсэг | 22.4.2., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/58
2025 он 10 сарын 23 2025/ДШМ/58
Г.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав,
Шүүгдэгч Г.А,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/203 дугаар цагаатгах тогтоолтой Г.А-т холбогдох эрүүгийн 2426000000313 дугаартай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлээр 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягтай, *** овгийн Г.А /РД: ***/.
Г.А нь нийтийн албан тушаалтан буюу зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдөр хяналт шалгалт хийх үедээ Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, *** айлын ***-р байрны *** тоотод оршин суух иргэн Т.Ш-ыг “зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй” зөрчлийг илрүүлсний дараа Т.Ш руу утсаар холбогдож “...та надад 1,000,000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно...”, “...би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1,000,000 төгрөгийн яаралтай хэрэг байна...” гэх зэргээр түүнээс ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгөхийг хясан боогдуулах аргаар шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокуророос Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овгийн Г.А-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ц.Дэнсмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/203 дугаар цагаатгах тогтоолоор ...гэрч Т.Ш-ын мэдүүлэг зөрүүтэй, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт хэрэгт хангалттай хүрэлцэхүйц авагдаагүй, хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Т.Ш, Т.И, Н.Ү, З.Н, Т.Б, Б.М, О.С, Ч.Б, Д.Б, Б.О нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.С-ийн 202 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан Хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу ломбардуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай болон бусад дээрх дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А хясан боогдуулсан гэдгийг хангалттай хүрэлцэхүйц нотлоогүй байна. Иймд шүүгдэгч Г.А-т холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт Г.А-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэн үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг ... хахууль өгөх гэмт хэргийн нэг шинж нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрөөр хэлбэл хахууль өгч байгаа этгээдийн тавьж байгаа хүсэл, шаардлага бөгөөд хахууль авагч хахууль өгөгчийн хүсэлт болгосон санал шаардлагыг хүлээн авч гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх, өөрт олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй байх гэх зэрэг түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ нийгэмд аюултай үйлдэл бий болдог ... хэмээн тайлбарласан нь эрүүгийн хуулийн зүйл, заалт, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Гэтэл прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Г.А-ийг гэм буруутайд тооцуулахдаа шүүгдэгчийг гэрч Т.Ш-оос 1,000,000 төгрөг буюу хахууль өгөхийг шаардсан, энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид гэмт этгээдийн хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан гэх хоёр өөр үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсны шаардсан гэх үйлдэл нь үг зүйн болон үйлдлийн илэрхийллээрээ зөвхөн гэмт этгээдэд төрсөн санаа, зорилгын дагуу хахууль өгөгч рүү чиглэсэн үйлдэл юм. Энэ тохиолдолд хахууль өгөгч өөрийн ашиг сонирхлоо илэрхийлээгүй байдаг нь хахууль авсан үйлдлээс ялгаатай. Ашиг сонирхол гэдэг нь аливаа харилцаанд заавал байх, илэрхийлсэн эсэхээс үл хамаарч тухайн харилцааны явцад бий болдог өөрт нь ашигтай санаа, зорилго юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас гэрч Т.Ш-ын өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан үйлдэлдээ зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдахгүй байх, улмаар шийтгүүлэхгүй байх нь түүний ашиг сонирхол гэж шууд дүгнэх боломжтой байхад шүүх бүрэлдэхүүн гэрч Т.Ш-ыг зөвхөн ... хүсэлт, шаардлага тавиагүй ... байгааг нь ямар ашиг сонирхолтой байсан нь тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
... гэрч Т.Ш-ын мэдүүлэг зөрүүтэй, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. ...шүүгдэгч Г.А нь тус эрүүгийн хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүйн улмаас гэм буруутайд тооцоход эргэлзээтэй байна ... гэж дүгнэжээ. Гэтэл хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан гэрч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 3 удаагийн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 1 удаагийн мэдүүлгүүдэд ... шүүгдэгч Г.А нь хяналт, шалгалт хийж гэрт нь ирээд явсныхаа дараа түүнээс 1,000,000 төгрөг өгөөч, би таны ар тал болно, хамгаална гэж хэлсэн ... гэх мэдээлэл буюу тодруулбал шүүгдэгч Г.А нь гэрч Т.Ш-оос 1,000,000 төгрөг өгөхийг шаардсан гэх гэмт хэргийн үйл баримтын талаарх мэдээлэл агуулж буй хэсэг нь өөр хоорондоо зөрүүгүй, ямар нэгэн эргэлзээгүй ойлгогдохоор байхад тухайн мэдүүлгийн нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэсгийг анхаарч үзэлгүй, зөвхөн гэрч Т.Ш-ын үйл явдал болж өнгөрснөөс хойш 7 сарын хугацаа өнгөрсний дараа хэргийн талаар удаа, дараа мэдүүлж ярихдаа агуулга нь адил боловч үгийн сонголтын хувьд өмнөх мэдүүлгээс өөрөөр ярьсан байдлыг зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж дүгнэсэн нь хэт явцуу бөгөөд үндэслэлгүй дүгнэлт болсон.
Учир нь мэдүүлгийн эх сурвалж гэж мэдүүлэг өгөгч хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг ойлгох бөгөөд үүнийг хэргийн үйл баримттай холбон үзвэл хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон шалгалтын удирдамж, зөрчлийн 2426000278 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд шүүгдэгч Г.А нь гэрч Т.Ш-ын гэрт шалгалт хийж, улмаар илэрсэн зөрчлийг гомдол, мэдээллийн бүртгэлд оруулан шалгах харилцааны явцад болсон үйл явдлыг гэрч Т.Ш мэдүүлж байгаа нь мэдүүлгийн эх сурвалж тодорхой, эргэлзээгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Мөн гэрч Т.Ш-ын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш өгсөн мэдүүлгүүдийг давхар нотолсон түүний зөрчлийн 2426000278 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа Өвөрхангай аймгийн Прокурорын газарт хандаж 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж байсан гомдлын хуулбар болон гэрч Т.И-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байхад давхар нотолсон нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоохоос бусад нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг шалгах, үнэлэхэд үүссэн эргэлзээ нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үүссэн эргэлзээ гэсэн ойлголтод хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүхийн гэрч Т.Ш-ын мэдүүлгийг өөр хоорондоо зөрүүтэй гэж үзсэн нь шүүгдэгчийн гэм буруутайг тогтоохоос бусад нөхцөл байдлыг тодруулахад үүссэн эргэлзээ, харин тухайн мэдүүлгийн эх сурвалжийг хүлээн зөвшөөрөхүйц эсэх нь эргэлзээтэй, давхар нотолсон баримт хангалтгүй гэж үзсэн зэрэг нь нотлох баримтыг шалгах, үнэлэхэд үүссэн эргэлзээ гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс хэргийн онцлог байдлаас хамааран мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох хэмжээ, хязгаарын дотор цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгах, үнэлэхдээ үүссэн эргэлзээг шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үүссэн эргэлзээ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгаж, хянах болон талуудын мэтгэлцээний явцаас хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, тухайн үйл баримт нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч Г.А нь гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байтал ямар ч бодит үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн илт үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/203 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор тодорхой тайлбарласан. Уг тайлбараас өөрөөр тайлбарласан нь буруу байна.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл нь ойлгомжгүй буюу гэрч Т.Ш-ын мэдүүлэг зөрүүтэй, түүний мэдүүлгийг давхар нотолсон баримт хэрэгт хангалттай хүрэлцэхүйц авагдаагүй гэдэг боловч үндэслэл бүхий тайлбар байхгүй. Мөн шүүхийн шийдвэр эргэлзээтэй буюу дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй.
Гэрч T.Ш-ын мэдүүлгийг давхар нотолсон баримтууд болох зөрчлийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл буюу Т.Ш-ын 2024 оны 4 дүгээр сард гаргаж байсан гомдол, прокурорын тогтоол зэрэг байгаа. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т.Ш-ын Г.А надаас 1,000,000 төгрөг нэхсэн гэдэг мэдүүлгийг гүтгэж үү, үгүй юу гэдгийг нь дүгнээд үзэхээр 4 дүгээр сард зөрчлийн хэрэгт шалгагдаж байхдаа 1,000,000 төгрөг өгөөч гэж эрх бүхий албан тушаалтан нь нэхсэн гэдэг зүйлийг бичсэн байдаг. Тэгэхээр Т.Ш-ын мэдүүлэгт эргэлзээ байхгүй байна гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээсэн, шалгасан, торгосон гэдэг бүх үйл баримтууд тодорхой учир нотлох баримтуудыг үнэлэх, эргэлзээг арилгах талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд гэрч Т.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн 3 мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн 3 мэдүүлгийг бүгдийг нь бичсэн. Т.Ш гэдэг хүн мэдүүлэгдээ Г.А шалгалт хийж манайд ирсэн, надаас 1,000,000 төгрөг зээлээч, надад мөнгө хэрэгтэй байна, би таны ар тал болъё гэдэг зүйлийг хэлсэн гэдэг нь 4 мэдүүлэгт бүгдэд нь байгаа.
Мөн цагаатгах тогтоолд 2 дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулгаагүй буюу гэмт хэргийн шинжгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй байна. Тийм учраас уг цагаатгах тогтоол нь тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/203 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн 203 дугаар цагаатгах тогтоол үндэслэл бүхий гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад эргэлзээ бүхий нөхцөл байдал зөндөө байдаг. 4 дүгээр сар болон 2 дугаар сарын 27, 28-ны өдөр надаас 1,000,000 төгрөг нэхсэн гэсэн утга бүхий мэдүүлгийг Т.Ш болон түүний хүү, охин н.И нарын зүгээс өгсөн байдаг. Гэвч 3 дугаар сарын 11-ний хавьцаа хяналт шалгалтын комиссынхон буюу цагдаа болон бусад комиссын бүрэлдэхүүнд орсон алба хаагч нар хяналт шалгалтаа хийгээд зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулах үндэслэлтэй байна гэсэн үүднээс арга хэмжээ авсан. Гэрч Т.Ш Г.А надаас 1,000,000 төгрөг байнга нэхсэн гэж мэдүүлгүүддээ тогтвортой мэдүүлсэн гэх боловч орон зай, цаг хугацааны хувьд зөрүүтэйгээс гадна шалгагч, шалгуулагч бүхий ашиг сонирхлын зөрчил бүхий 2 этгээдүүд. Гэвч Т.Ш-ын мэдүүлгийг гэрч И-ийн мэдүүлгээр болон бусад байдлаар нотолсон зүйл байхгүй. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эргэлзээ бүхий нөхцөл байдал байна гэж анхан шатын шүүхээс дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. Хясан боогдуулах замаар хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэх прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирохгүй байгаа талаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 28 дугаар хуудаст авагдсан. Хахууль авах гэмт хэрэгт Т.Ш-ын мэдүүлгийг үндэслэн Г.А-ийг ял оногдуулахад эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байгаа. Өөрөөр хэлбэл Т.Ш болон И нарын мэдүүлгүүд болон бусад Б, Ү гэх гэрч нарын мэдүүлгүүд нь хоорондоо харилцан зөрүүтэй.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж, үнэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Гэтэл энэ хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал байгаа.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/203 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос сая Т.Ш-ын 5 удаагийн мэдүүлэгт бүгд дурдагдсан гэж байна. Т.Ш мэдүүлэг өгөх бүрдээ өөр өөрөөр ярьдаг. Эхлээд би хүүхэдтэйгээ яриагүй гэж мэдүүлсэн. Дараа нь ярьсан гэж мэдүүлсэн. Түүнээс гадна яллах дүгнэлтэд дурдагдсан шиг 2024 оны 02 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд ямар ч процесс ажиллагаа явагдаагүй. Т.Ш над руу найзын хүсэлт явуулаад 6 ширхэг зураг явуулсан. Надтай холбоотой цагаатгах талын баримтыг прокурор нэгийг ч хүлээж аваагүй. Одоогоороо тэр хүн хүү, анз, алданги тооцоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүүхдийн мөнгийг идэж уугаад явж байгаа. Тэгээд ядарсан хүмүүсээс жилийн 200-300% хүү тооцдог. Гэтэл яагаад намайг сая төгрөг авсан гэж байгаа юм бэ. Авсан бол авсан нь нотлогдоод гарч ирнэ шүү дээ. Миний бүх юмыг шалгасан. Тэгээд гарч ирсэн юм байхгүй болохоор ганц Т.Ш-ын мэдүүлгээр яллах гээд байж болохгүй. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурор Ц.Дэнсмаагийн бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзнэ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Г.А нь нийтийн албан тушаалтан буюу зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 2 дугаар сарын 27, 28-ны өдөр хяналт шалгалт хийх үед Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, *** айлын *** дугаар байрны *** тоотод оршин суух иргэн Т.Ш-ыг “зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй” зөрчлийг илрүүлсний дараа Т.Ш руу утсаар холбогдож “та надад 1,000,000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно”, “би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1,000,000 төгрөгийн яаралтай хэрэг байна” гэх зэргээр түүнээс ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хясан боогдуулах аргаар 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан” гэх үйл баримтыг талаар тусгагджээ.
2.1.Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.А-ийн дээрх үйлдэлд Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ “...Т.Ш-ын мэдүүлгүүд зөрүүтэй, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт хэрэгт хэрэгт хангалттай хүрэлцэхүйц авагдаагүй, Т.И-ийн мэдүүлэг нь дамжмал бөгөөд мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Т.Ш-ын мэдүүлэг байна, хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Т.Ш, Т.И, Н.Ү, З.Н, Т.Б, Б.М, О.С Ч.Б, Д.Б, Б.О нарын мэдүүлэг, 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр баталсан “хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу ломбардуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А хянан боогдуулсан гэдгийг хангалттай хүрэлцэхүйц ч нотлоогүй...” гэх агуулга бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
3.1.Тодруулбал, шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхдээ нотолгооны хувьд аль баримт нь нөгөө баримтаа үгүйсгэж, илүү итгэл үнэмшил төрүүлж байгаа талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй буюу “гэрч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүтэй эсэх, эсхүл тухайн гэмт хэргийн буюу үйл баримтын талаар гэрчлэн мэдүүлэхдээ зөрүүтэй мэдүүлсэн эсэх, яагаад хүрэлцэхгүй гэж үзсэн, түүнчлэн гэрч Т.И-ийн мэдүүлгийн эх сурвалж нь Т.Ш-ын мэдүүлэг учраас үнэлэхгүй боломжгүй гэж үзсэн эсэх нь ойлгомжгүй байхаас гадна, шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогчоос шинжлэн судалсан “...бусад...” гэж тодорхойлсон нотлох баримт, гэрч нарын хэрхэн үнэлсэн, няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1-т “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”, 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” тусгана гэж зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүй байна.
3.2.Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн нь хэрэгт бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтыг үнэлэх зарчимд тулгуурлан хэргийг шийдвэрлэх,
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх ойлголтод Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй нөхцөлүүд хамаарах хуулийн өөр, өөр зохицуулалт юм.
Гэтэл анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх шинжийг, мөн “хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тодорхойлон бичиж, шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,
мөн “шүүгдэгч Г.А-т холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж зөрүүтэй дүгнэлт хийж, дээр хуулийн зохицуулалтыг “удирдлага” болгосон болон “тогтоох нь” хэсэгт зөрүүтэй байдлаар хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц болжээ.
4. Дээд шатны прокурор “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас гэрч Т.Ш-ын гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан үйлдэлдээ зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдахгүй байх, шийтгүүлэхгүй байх нь түүний ашиг сонирхол гэж шууд дүгнэх боломжтой байхад гэрч Т.Ш-ыг зөвхөн ...Хүсэлт, шаардлага тавиагүй ... байгааг нь ямар ашиг сонирхолтой байсан нь тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн гэрч Т.Ш-ын мэдүүлгийн “1,000,000 төгрөг өгөхийг шаардсан” гэх гэмт хэргийн үйл баримтын талаарх мэдээлэл агуулж буй хэсэг нь өөр хоорондоо зөрүүгүй, ямар нэгэн эргэлзээгүй ойлгогдохоор байхад тухайн мэдүүлгийн нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэсгийг анхаарч үзээгүй,...шүүхээс хэргийн онцлог байдлаас хамааран мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох хэмжээ, хязгаарын дотор цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгах, үнэлэхдээ үүссэн эргэлзээг шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үүссэн эргэлзээ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна,...иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
5. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3-т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" гэж тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/203 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Ц.Дэнсмаагийн бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна.
6. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: