2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2026/00836

 

 

 

 

 

 

 

 

 

    2026         01          14                                            191/ШШ2026/00836 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух,  дугаар регистртэй, Х овогт Бын Угийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: эмнэлгийн хажууд байрлах,  дугаар регистртэй, “Г” ХХК-д холбогдох,

                                                               

Нэхэмжлэлийн шаардлага: 43.038.306.85 гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э,

Нарийн бичгийн дарга А.Анужин нар оролцов.                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 43.038.306.85 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.У “Г” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү ажиллах хугацаандаа байгууллагын байр, саатуулах байрыг барих ажлыг гардан зохион байгуулж, саатуулах байрыг барьж дуусгасан. Дээрх барилгын ажлыг сонгон шалгаруулалтын журмын дагуу явуулж байсан учраас тухайн барилгын санхүүжилт хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг үндэслэн хийгддэг байсантай холбоотойгоор ажлын гүйцэтгэлд зориулан 80.000.000 төгрөгийн зээл авахыг зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгон, уг зээлийг батлан даана гэж албан бичгийг хувьцаа эзэмшигчид Х банканд гаргасан байдаг. Дээрх зөвшөөрөл, батлан даалтыг үндэслэн иргэн Б.У өөрийн өмчлөлийн үл өдлөх эд хөрөнгөө барьцаалж, Х банктай хялбар зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай 74.000.000 төгрөгийн зээл авч, уг зээлээс 43.038.306.85 төгрөгийг “Г” ХХК-ийн барилгын ажлын гүйцэтгэсэн ажилчдын цалин хөлс болон бусад урсгал зардалд зарцуулсан болох иргэн Б.Угийн Х банкны дансны хуулгаар нотлогдож байгаа болно. Б.У дээрх хялбар зээлийн төлбөрийг бүрэн төлж зээл хаасан бөгөөд компанийн барилгын үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг “Г” батлан даана гэж үүрэг хүлээсэн боловч уг мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй болно. “Г” ХХК-ийн барилгын ажилчдын цалин болон урсгал зардалд төлөх ёстой байсан төлбөр болох 43.038.306.85 төгрөгийг иргэн Б.У банкнаас зээлсэн зээлээр мөнгөөр төлж, банкны зээлийг батлан даагчийн өмнөөс бүрэн төлж барагдуулсан тул “Г” ХХК-иас 43.038.306.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.У нь 2022-2024 онуудад “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүнтэй хамтарч ажиллаж байх хугацаандаа компани нэг ч удаа Б.Угаар хувийн зээл авхуулж, түүгээрээ компанийнхаа үйл ажиллагааг санхүүжүүлж захиран зарцуулсан удаа үгүй. Үнэхээр зээл авах шаардлагатай бол компани өөрөө л зээлээ хөөцөлдөн авах, өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг эсвэл хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг барьцаалах журамтай тул хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажилладаг гүйцэтгэх захирлаараа зээл авхуулж, түүний хөрөнгийг барьцаалах ямар ч шаардлага байхгүй болно. Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Б.У компанийг төлөөлөн батлан даалтын гэрээ байгуулж, зарим нэг баримтыг үйлдэн зээл авсан гэдгийг нь анх удаа мэдлээ. Харамсалтай нь тэрээр ажиллаж байсан компанидаа зориулан авсан гэх зээлийн талаарх нотлох баримтаас нь харахад тухайн авсан зээлийн зээлдэгч нь Б.У өөрөө, үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулагч нь мөн өөрөө, батлан даалтын гэрээнд ч “Г” ХХК-ийг төлөөлөн Б.У өөрөө зурсан харагдаж байх бөгөөд авсан гэх зээлээ Х банкнаас авсан мөртөө Х банкны хуулбарыг хавсаргаж, тухайн мөнгийг компанийн үйл ажиллагаанд ашигласан гэж тайлбарласан нь логикийн хувьд зөрчилтэй. Үүнээс гадна, гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа Б.У өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансанд компанийн данснаас нийт 1 тэрбум гаруй төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл уг хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнаагүй, тухайн мөнгөний захиран зарцуулалт ч энэ байх боломжтой юм. /Компанийн данснаас хувийн дансандаа шилжүүлсэн 1 тэрбум гаран төгрөгийн хуулгыг хавсаргав./ Мөн өөрийн нэхэмжлэлийн үндэслэл шаарддагаа нотолсон нотлох баримт буюу Баталгааны гэрээний зөвшөөрөл олгосон гэх баримтуудаар ямар ч огноо, дугаар байхгүй “Г” ХХК-ийн албан бланк дээр Х банканд зориулан Баталгааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг Б.Уд зориулан олгосон тухай албан бичгийг өгсөн байх бөгөөд харин тухайн албан бичгийг Б.У нь компанийн албан бланкийг ашиглан өөрөө хуурамчаар үйлдсэн эсвэл гарын үсэг зурсан байж магадлал өндөр байна. Учир нь хувьцаа эзэмшигчдийн зүгээс ийм төрлийн Баталгааны гэрээнд гарын үсэг зурсан тохиолдол ерөөс байхгүй, зөвшөөрөл ч өгч байгаагүй, ийм зээл авагдаад байгаа талаар ч мэдээгүй. Түүнчлэн үнэхээр зээл авсан бөгөөд түүний төлбөрийг төлсөн бол нэхэмжлэл гаргахаасаа өмнө компанид шаардлага тавьсан байх ёстой. Гэтэл тийм тохиолдол огт байгаагүй. Мөн Б.У нь өмнө нь санхүүгийн баримт өөрчилж байсан туршлагатай тул хавсаргасан дансны хуулгануудыг фото шоп зэрэг аргаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байх тул тухайн нотлох баримтуудыг харьяа банкнаас нь гаргуулах хүсэлтийг шүүхэд хандан гаргах болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.У хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Баталгааны гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Хялбар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, “Г” ХХК 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн  дугаартай албан бичиг, “Г” ХХК Худалдаа хөгжлийн банканд албан бичиг, Б.Угийн Х банкны дансны хуулга, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, Худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,Б.Угийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга      

хариуцагчаас 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2 хуудас хариу тайлбар, “Г” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, “Г” ХХК-ийн К банкны харилцах дансны хуулга, 5 ширхэг төлбөрийн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн фэйсбүүк мессенжерт үзлэг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 43.038.306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараа байдлаар тодруулав. Үүнд Б.У нь Х банкнаас 74.000.000 төгрөгийг зээл авч үүнээсээ 43.038.306 төгрөгийг “Г” ХХК-д зээлж, “Г” ХХК-ийн барилгын ажилчдын цалин болон урсгал зардалд төлөх ёстой байсан төлбөрийг төлсөн тул 43.038.306 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.Хариуцагч “Г” ХХК нь Б.Угаас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй, Б.Угаар банкнаас зээл авхуулж байгаагүй, хэрэв зээл авахаар байсан бол “Г” ХХК өөрөө банкнаас зээл авч болох тул 43.038.306 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Б.У нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж, “Г” ХХК батлан даана гэж үүрэг хүлээж Х банкнаас зээл авхуулсан гэж тайлбарлан нотлох баримтаар тоот хаягт байршилтай 17.81 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай баталгааны гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Хялбар зээлийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, “Г” ХХК 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, “Г” ХХК Х банканд гэх албан бичиг зэргийг ирүүлжээ. 

 

7.Нэхэмжлэгч нь “Г” ХХК-иас зээлийн батлан даалт гаргах, зээл авахыг зөвшөөрсөн гэж тайлбарлан “Г” ХХК 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, “Г” ХХК Х банканд гэх албан бичгийг нотлох баримтаар гарган өгчээ. Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Мөн он, сар, өдөр нь тодорхойгүй болно.

 

8.Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш “Г” ХХК-ийн ажилчдын цалин болон урсгал зардалд төлөх ёстой байсан төлбөр төлсөн болох Б.Угийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдон хэмээн тайлбарлан дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

Уг дансны хуулганы агуулга хэсгээс үзэхэд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5.000.000 төгрөгийг Заслын бригад ажлын хөлс н.Н, 5.000.000 төгрөгийг заслын бригад ажлын хөлс н.Б, 3.000.000 төгрөгийг бетоны бригад н.Ж ажлын хөлс, 9.000.000 төгрөгийг гадна цахилгаан ажлын хөлс, 3.100.000 төгрөгийг “Г” буудлын түрээс, 2.600.000 төгрөгийг “Г” буудлын түрээс, 494.000 төгрөгийг туслахын ажлын хөлс н.П, 554.400 төгрөгийг туслахын ажлын хөлс н.Л, 237.600 төгрөгийг туслахын хөлс н.Э, 30.000 төгрөгийг хог ачсан хөлс, 480.000 төгрөгийг цахилгаан шон утас суулгахад унагалдай,187.490 төгрөгийг “Г” ХХК цэвэр, бохир ус, 200.000 төгрөгийг хоол, түлш, 1.000.000 төгрөгийг урьдчилгаа цалинд н.М 7-р сар, 540.000 төгрөгийг хайрга 18м.2, 80.000 төгрөгийг хайрга тээвэр, 2.000.000 төгрөгийг шаврын бригад н.Т ажлын хөлс, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 500.000 төгрөгийг чулууны бригад ажлын хөлс, 70.000 төгрөгийг ажлын гутал, 1.000.000 төгрөгийг цалинд 7 сар, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 818.950 төгрөгийг “Г” ХХК материал, 175.110 төгрөгийг, , 127.100 төгрөгийг QPAY  худалдан авалт, 55.500 төгрөгийг хоол, 23.810 төгрөгийг бараа, 5500 төгрөгийг кимчи, 37.300 төгрөгийг “z” 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 805.000 төгрөгийг цалин, хоол, 7 хоног, 1.500.000 төгрөгийг цалингийн урьдчилгаа н.А, 250.000 төгрөгийг хонь, 136.400 төгрөгийг цахилгааны муфьт, 3.500.000 төгрөгийг чулуу, плита бригад урьдчилгаа, 104.025 төгрөгийг худалдан авалт гэсэн агуулгаар шилжүүлсэн байх тул нийт 42.612.185 төгрөгийг “Г” ХХК-д зээлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь дээрх 42.612.185 төгрөгийг Б.Угийн данснаас гарсан, тиймээс “Г” ХХК-ийн зөвшөөрснөөр түүний төлөлтийг хийсэн байна гэж үзэж боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд тохиролцсон зээлийн гэрээ хэлцэлгүй, тохиролцсон зүйлгүй, зөвшөөрсөн баримтгүй байна.

 

9.Хариуцагч нь “Г” ХХК-ийн Х банкны дансанд мөнгө байсан, мөн Б.У нь удаа дараагийн шилжүүлгээр их хэмжээний мөнгө авч байсан болох дансны хуулгаар тогтоогдож байгаа хэмээн тайлбарлан Х банкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн. Уг дансны хуулганы агуулга хэсгээс үзэхэд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК-иас, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9.280.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК зуурмаг, 15.000.000 төгрөгийг “Г” ХХК материал, 5.000.000 төгрөгийг “Г” ХХК материал, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4.500.000 төгрөгийг “Г” ХХК материал, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК, 2024 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 5.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК-иас, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК-иас, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК-иас, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК-иас, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК-иас, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 75.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу түр зээл “Г” ХХК-иас, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 50.000.000 төгрөгийг Б.Угийн данс руу “Г” ХХК-иас, нийт 208.780.000 төгрөгийг “Г” ХХК-ийн данснаас Б.Угийн данс руу шилжүүлсэн байна. Иймд “Г” ХХК-ийг Б.Угаас 43.038.306 төгрөгийг зээлж, 43.038.306 төгрөгийг төлсөн байна гэж үзэх боломжгүй юм.

  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 43.038.306 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ДАВААСҮРЭН