| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0603/Э |
| Дугаар | 628 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Эрдэнэтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Урианхан овогт Баасангийн Гт холбогдох эрүүгийн 1709022730279 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Түшиг төвийн 3003 тоот хаягтай “Соломон Инвестмент” ББСБ ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг хуурамчаар үйлдэн ашиглаж зээлийн гэрээ, ипотекийн гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “…Мөрдөн
байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ: “Зээлдэгч Б.Г нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны үеэр охин нь АНУ-д төрийн сангийн тэтгэлгээр сурдаг. Төрийн сангаас төлбөр нь ороогүй болохоор сургуулиас нь хөөх гээд байна. Яаралтай 30.000.000 төгрөг хэрэгтэй гэж ирсэн. Өөрийн амьдарч байгаа 3 өрөө байрыг барьцаалж зээл авья гэсэн. Төрийн сангаас мөнгө шилжээд ороод ирэхээр эргэн төлөлтөө хийнэ гэж хэлсэн. Тэгээд зээл авчихаад Урагшаа явсан байсан. Надтай чатаар холбогддог байсан. Тэгээд алга болсон. Тэгээд гэрээр нь очиход өөр хүмүүс байсан. Г гэж хүн байдаггүй талаар хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Нийт 12.610.000 төгрөг төлсөн байдаг. Одоо хүү алдангитайгаа нийлээд 28 037.000 төгрөг өгөхөөр тооцоотой байгаа …” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 20 дугаар хуудсанд гэрч Билгүүний мэдүүлэг, 31 дүгээр хуудсанд гэрч Энхцэцэгийн мэдүүлэг, 80 дугаар хуудсанд гэрч Батхуягийн мэдүүлэг, 23-24 дүгээр хуудсанд шинжээчийн дүгнэлт, 85 дугаар хуудсанд Б.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 39 дүгээр хуудсанд оршин суугаа хаягийн тодорхойлолт, 42 дугаар хуудсанд ял шалгах хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судалж, шинээр хувийн байдалтай холбоотой 4 хуудас баримтыг гаргаж өгөв.
Шүүгдэгч Б.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбилэг нар нь тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Түшиг төвийн 3003 тоот хаягтай “Соломон Инвестмент” ББСБ ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг хуурамчаар үйлдэн ашиглаж зээлийн гэрээ, ипотекийн гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь,
Хохирогч Б.Эрдэнэбилэгийн: “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Г гэх эмэгтэй манай байгууллагаас зээл авах хүсэлтэй орж ирсэн. Тухайн үед миний охин АНУ-д төрийн сангийн тэтгэлэгээр суралцаж байгаа юм. Тэгээд улсаас санхүүжилт ороогүй байна гээд сургуулиас нь хасах гээд байна тэгээд танайхаас зээл авмаар байна гэсэн. Улсаас мөнгө оронгуут манай хүүхэд над руу
шилжүүлчихнэ тэгээд би зээлээ буцаад хаачихна гэж хэлсэн юм. Би өөрөө цэцэрлэгийн багш нар бэлддэг сургалтын төв ажиллуулдаг гэсэн. Тэгээд би 13–р хороололд очиж сургалтын төвийг нь үзсэн. Бас өөрсдийнх нь амьдардаг гэх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимпик виллаж хотхоны 201-195 тоот байранд очиж үзээд зураг хөрөг дараад зээлийн материал бүрдүүлэлтээ хийж эхэлсэн. Тэгээд зээлийн материал бүрдээд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад 24-ний өдөр Гийн нэр дээрх Голомт банкны 2205031656 дугаарын дансанд манайхаас 30 сая төгрөг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-15/,
Гэрч Д.Билгүүний: “......манайд санхүүгийн албаны захирал гэж байхгүй, манайх бүтцийн хувьд гүйцэтгэх захирал, эдийн засагч, нягтлан гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Би Ганаа гэх эмэгтэйн талаар мэдэхгүй, би Ганаа гэх хүнтэй огт уулзаж байгаагүй, би Ганаа гэх хүнийг мэдэхгүй учир Г гэх хүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөх шаардлагатай гэж дамжуулж хэлж байгаагүй. Г нь барьцаанд тависан бичиг баримт нь хуурамч гэдэг нь мэдэгдсэн учир өөрийгөө хамгаалахаар Ганаа гэх зохиомол хүн зохиосон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, /хх-20/,
Гэрч Ш.Энхцэцэгийн “....Энэ гэрчилгээ нь миний бүртгэсэн гэрчилгээ биш байна. Нэгдүгээрт: Манай гэрчилгээний дугаар нь 10 оронтой байдаг бөгөөд энэ гэрчилгээ нь 9 оронтой байна. Хоёрдугаарт: Гэрчилгээний дугаар нь арын бар кодтойгоо зөрж байна. Хаяг нь мэдээллийн санд байдаггүй хаяг байна. Гуравдугаарт: Улсын бүртгэлийн дугаар нь буруу, тамга гарын үсэг нь миний гарын үсэг биш байна” гэх мэдүүлэг, /хх-21/,
Гэрч Батхуягийн “....Энэ бол манай төрсөн дүү Батмөнхийн Урангоогийн өмчлөлийн орон сууц байгаа юм. Манай дүү 1 жилийн өмнө гадаад улс руу явчихсан одоогоор Монгол улсад байхгүй. Энэ орон сууцыг эхнэр нөхөр хоёрт түрээслүүлж байгаад одоо бол хоёр солонгос улсын иргэнд түрээслүүлчихсэн байгаа. Б.Г гэдэг эмэгтэй ээжтэйгээ хамтдаа түрээслэн амьдардаг байсан. Яг хэзээнээс түрээслэсэн гэдгийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-80/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1175 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022863 гэсэн дугаартай “ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний цаас жинхэнэ гэрчилгээний цаас боловч “00000343403” гэсэн гэрчилгээний дугаарыг ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэж хуурамчаар үйлдсэн гэрчилгээ байна. Дээрх гэрчилгээний доод хэсэгт “Улсын бүртгэгч” гэсэн ард байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсгийн туршилтын загвартай тохирохгүй байна. Уг гарын үсгийг дуурайлган зурсан байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн “3274324” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”-ны зүүн доод хэсэгт байх “3274324” гэсэн дугаарыг ердийн хэрэглээний лазер хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байх тул жинхэнэ лавлагааны цаас ашиглан хуурамч лавлагаа байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Г.Сүхээ нараас улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч “Соломон инвестмент ББСБ” ХХК-д 30.000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд үүнээс 12.610.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байх ба төлөгдсөн хохирлын талаар шүүгдэгч, хохирогч хэн аль нь маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нийт 17.390.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “12.610.000 төгрөг төлсөн байдаг. Одоо хүү алдангитайгаа нийлээд 28.037.000 төгрөг өгөхөөр тооцоотой...” гэсэн хүсэлтийг гаргасан ба шүүгдэгчийн “Соломон Инвестмент ББСБ” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг хууамчаар үйлдэн ашиглаж зээлийн гэрээ, ипотекийн гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан үйлдэл тул дээрх хүү, алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэх саналтай байна”, гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Г.Сүхээгээс: “…Миний үйлчлүүлэгч өрх толгойлсон эмэгтэй. Хөгшин ээжийгээ асардаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү …” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн тоо, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр тогтоов.
3. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1709022730279 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Урианхан овогт Баасангийн Гийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар БГээс 17.390.000 /арван долоон сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Сөүлийн гудамж, Түшиг төвийн 303 тоот хаягтай 5963834 регистрийн дугаартай “Соломон инвестментс ББСБ” ХХК-д олгосугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбилэгээс нэхэмжилсэн 15.427.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэг битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ИДЭР