Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар  2025/ДШМ/1056

 

2025          09            04                                                                                  2025/ДШМ/1056

 

           

Ж.Э-, Н.М-, Ч.Э-, А.Б-,

М.Б-, Х.О-, А.З-, З.Г- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй ийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

хохирогч Ж.Г-ийн өмгөөлөгч С.Чинзориг,

иргэний нэхэмжлэгч Ц.Г-,

яллагдагч Х.О-ын өмгөөлөгч А.Кадирбек,

яллагдагч Ч.Э-ын өмгөөлөгч Ю.Тогмид,

яллагдагч А.Б-ын өмгөөлөгч Б.Баттулга /цахимаар/, хурлын явцад гарсан

яллагдагч З.Г-ы өмгөөлөгч А.Ариунаа,

яллагдагч М.Б-,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/4350 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нямдоржийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар эсэргүүцэлд үндэслэн Ж.Э-, Н.М-, Ч.Э-, А.Б-, М.Б-, Х.О-, А.З-, З.Г- нарт холбогдох 2310010600415 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.    

1. Б- овгийн Н-ын М- ..........., урьд 5 удаа ял шийтгүүлсэн, /РД:...../,

2. Б- овгийн Х-ны О- .............., урьд 1 удаагийн ял шийтгүүлсэн, /РД: ........./,

3. Х- овгийн А-гийн З-, .........., /РД:............/,

4. Б- овгийн З-ын Г-, ........, урьд 2 удаа ял шийтгүүлсэн, /РД: ......../

5. Х- овгийн Ж-ы Э-, ........., урьд 5 удаа ял шийтгүүлсэн, /РД:........./,

6. Б- овгийн Ч-рын Э-, ........., урьд 8 удаа ял шийтгүүлсэн, /РД:......../,

7. Б- овгийн А-гийн Б-, ........, урьд 8 удаа ял шийтгүүлсэн, /РД:......../,

8. Т- овгийн М-ын Б-, ........, урьд ял шийтгэлгүй, /РД:......./,

 

Яллагдагч Н.М-, Ж.Э-, М.Б- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүнийг хүчээр алга болгосон;

яллагдагч Х.О-, А.З-, З.Г-, Ч.Э-, А.Б- нар нь бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас:

1. Н.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан;

2. Х.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан;

3. А.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан;

4. З.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан;

5. Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан;

6. Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан;

7. А.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан;

8. М.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ гэж хуульчилсан ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1460 дугаар захирамжийн зарим хэсэг биелэгдээгүй байна гэж үзлээ.

Прокуророос яллагдагч Н.М-, Х.О-, А.З-, З.Г- нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “З-” зочид буудлын авто зогсоол болон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн орчимд иргэн Ц.Г-ын эзэмших эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан түүний унаж явсан иргэн Ц.Г-ын өмчлөлийн Лексус 570 маркийн **** УЕВ улсын дугаартай 275,000,000 төгрөгийн үнийн дүнтэй тээврийн хэрэгсэл болох эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж, чи хэн юм, та нар ч бас мөнгөө алдсан бол ингэнэ биз дээ, наад машиныг чинь бид нар авч явж зарчхаад ахын чинь өрнөөс суутгана, чи тийм том юм уу, Монголд хэн нь том байгаагаа үзэх үү гэх үг хэллэг хэлж хүч хэрэглэхээр заналхийлж улмаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн орчмоос Ц.Г-аас Лексус 570 маркийн **** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яван, уг эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлэх ба зүйлчлэлийг зөвтгүүлэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан 2023 оны 1460 дугаар шийдвэрийг биелүүлээгүй байна гэж дүгнэв. Тодруулбал: хэргийн үйл баримтаар дээрх тээврийн хэрэгслийг биет байдлаар нь авч явсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллагдагч А.З-аас тээврийн хэрэгслийг хураан авч Ц.Г-д хүлээлгэсэн өгсөн байхад мөрдөгч, прокуророос хэргийн байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, эд хөрөнгө өгөхийг шаардаж байснаас өөр байдалд шилжиж Ц.Г-ыг машинаасаа буухыг шаардаж, хүчээр буулгаж жолоодон явсан тээврийн хэрэгслийг нь авч явсан байхад бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх зүйл хэсгээр хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, энэ талаар шүүхийн урьд дүгнэсэн нөхцөл байдал хэрэгт өөрчлөгдөөгүй байхад зүйлчлэлд дүгнэлт өгөөгүй, зөвтгөөгүй байна.

Хууль зүйн хувьд эд хөрөнгө, түүний эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хохирогчоос шаардаж түүгээр зөвшөөрүүлж чадаагүй боловч эд хөрөнгийг нь хууль бусаар шилжүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлж авах, хүч хэрэглэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль тохирох зүйл заалттай давхар зүйлчилж хуулийг хэрэглэх зохицуулалттай. Иймд нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъект мөрдөгч, прокурор нь гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоож, тодорхойлсны эцэст нэг гэмт хэргээс өөр гэмт хэрэгт шилжсэн эсэхэд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг эсхүл хэд хэдэн гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр хангасан эсэхэд, үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, зүйлчлэлийг зөвтгөх, давхар зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай ба энэ нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчил юм. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар Ц.Г-ын нэр дээр бүртгэлтэй, гэмт хэрэг гарсан өдөр Ц.Г-ын эзэмшилд байсан тээврийн хэрэгслийг авч явсан байхад прокурор Ц.Г-аас өөрөөс нь шууд эд хөрөнгийг нь авч явсан мэтээр хэргийн байдлаас зөрүүтэй яллах дүгнэлт үйлдсэн зөрчилтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэргийн хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан ба хамтран оролцоо нь хоорондоо үүргээ хуваарилах, эсхүл үйлдэл санаа бодол үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн субъектүүдийн нэгдэл бөгөөд тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай, энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой юм. Прокуророос яллагдагч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж ирүүлэх ба яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэрэгт яллагдагч Н.М-, Х.О-, А.З-, З.Г- нар нь, мөн яллагдагч Н.М-, Ж.Э-, М.Б-, Ч.Э-, А.Б- нар нь хэрхэн яаж, ямар үйлдлээр нэгдэж оролцсон талаарх үйлдэл оролцоог тус бүрд нь ялгамжтай тогтоох шаардлагатай. Энэ талаар өмгөөлөгч А.Кадирбекийн гаргасан хүсэлт үндэслэлтэй гэж үзэв.

3. Яллах дүгнэлтэд яллагдагч Ж.Э- нь ганцаараа үйлдлээр 2023 оны 2-р сард ...хохирогч Н.Б-ыг ...миний чамд өгсөн машиныг яг одоо буцааж өг, нэрийг нь шилжүүлж өг гэж хүч хэрэглэхээр заналхийлж цаасны хутга хэрэглэж, түүний эзэмшлийн Nissan Xtrall маркийн **** УАО улсын дугаартай 23.275.000 төгрөгийн үнийн дүнтэй тээврийн хэрэгсэл болох эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж тээврийн хэрэгслийг авч яван бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэж ирүүлсэн нь хэргийн байдлаас зөрүүтэй гэж үзэхээр байна.

Хэрэгт хохирогч Н.Б-ын өгсөн “...Э- надад ахын дүү чи машинаа томруулаач, ах нь чиний энэ унаж байгаа приус 20 машиныг аваад оронд нь өөр машин өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрч өөрийн нэр дээрх **** дугаарын приус 20 машиныг Э-од өгсөн. Э- миний машиныг С- гэх хүний нэр дээр шилжүүлж, оронд нь ****УАО улсын дугаартай Nissan Xtrall машин өгсөн, түүний өгсөн машиныг 2 сар гаруй хугацаанд хэрэглэсэн. Миний нэр дээр шилжээгүй удаж байгаад сүүлд нь Э- миний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгсэн 2023 оны 2 сард Э- ...чамд өгсөн машиныг одоо буцааж өг, нэрийг нь шилжүүлж өг гэсэн. ...гар утсан дээрээ бичлэг хийж цаасан дээр машин шилжүүлж өгнө гэсэн утгатай зүйл бичүүлж авсан. Үүний дараа Xtrail машиныг авч үлдсэн. ... Приус машинаа авъя гэхэд өгөхгүй, чи юу ч олж долоохгүй, Nissan Xtrall өгөөдөх гээд байсан. Би машинаа Э-од булаалгаснаас хойш хараагүй. Э- Nissan Xtrall машинаа намайг зодож байгаад зүгээр л дээрэмдээд авчихсан...” гэх мэдүүлэг /8 хх 92/,

- хохирогч Ц.С-ы өгсөн: “...2023 оны 2 сарын эхээр ****УАО улсын дугаартай Nissan Xtrall автомашиныг би Ж.Э-ыг өрөө өг гээд дарамтлаад байхаар нь өрөндөө өгөх зорилгоор түүнд 28,0 сая төгрөгөөр бодож аваад миний өрнөөс хасчих гэж хэлсэн. Тэгсэн жолооч Б-ад аваачаад өгье, Б-а нь 11,0 сая төгрөгийн үнэ бүхий машинаа чамд шилжүүлж өгнө, үлдэгдэлд 17,0 сая төгрөгийг би өрнөөс чинь хасъя гэж хэлсэн. Б-а бид хоёр бие биедээ уг машинуудаа шилжүүлж өгсөн, тэрнээс хойш 3-4 хоногийн дараа Б-а нь над дээр ирээд ****УАО улсын дугаартай Nissan Xtrall автомашиныг хүлээлгэж өгөөд, машиныг ББСБ дээр тавьчихсан байгаа, би маргааш машины мөнгийг чинь өгөөд ББСБ-аас гаргаад өгчихнө гэж хэлсэн. ...Удалгүй би ****УАО улсын дугаартай Nissan Xtrall автомашиныг өөрийн найз Ө- гэгчид 15,0 сая төгрөгөөр худалдсан. Гэтэл уг машин ББСБ нэр дээр байсан. Би ББСБ дээр очиж уулзахад Б-а барьцаанд тавьсан байсан. ...Э- болон Б-а нар намайг залилж байгаа үйлдэл юм.гэх, түүний дахин өгсөн ...2022.2 сард ...Э- надад Б-а приус унаад яваад байгаа юм, энэ машиныг нь шинэчлээд өгөх гэж байгаа, чи тэр приус 20-ыг аваад өөрийнхөө Nissan Xtrall машиныг манай жолоочид өгчих, би зөрүү мөнгийг гаргуулаад өгнө гэхээр нь зөвшөөрөөд машинаа Б-ад өгч байсан. Б-а надад чи Э-од өгсөн Nissan Xtrall машинаа аваа, цаадах чинь зөрүүг нь өгч чадахгүй юм байна гэж хэлдэг байсан. Б-аар Nissan Xtrall машиныг Ц.С-д шилжүүлж өгнө гэж бичлэг хийж гараар амлалт бичүүлж аваад түүнийг явуулсан...” гэх /8 хх 2-3/, мөн дахин өгсөн “...Э- би Б-ад энэ машиныг өгөхөө болилоо, чи машинаа буцааж ав гэхээр нь би түүнд за за тэгж байгаа бол би машинаа буцааж авъя гэж хэлсэн. ...Б-ад чи машинаа С-д буцааж өг гэж хэлсэн. Б-а түүнд зодуулж хүчээр Nissan Xtrall-ийг өгөхөөр болсон. Э-од хүчээр машиныхаа нэрийг шилжүүлж өгнө гэсэн амлалт бичиж өгөөд машинаа үлдээгээд явсан. Нэрийг нь шилжүүлж өгөөгүй. Би 2023 оны 3 дугаар сард Өндгөө гэх залууд удахгүй нэрийг нь шилжүүлж өгнө гээд зарсан...” гэх тус тус мэдүүлэг /8 хх 107/,

Ж.Э-ын яллагдагчаар өгсөн “...Б-ын машиныг сайжруулаад дунд оврын жийп болгоод өгөх санаатай 2022 оны намар 10, 11 сард түүний Тоёота приус-20 машиныг аваад С-д 7-8 сая төгрөгөөр бодож өгөөд, С-аас Nissan Xtrall машиныг 25,0 сая төгрөгөөр бодож аваад уг машинаа Б-ад өгсөн. Зөрүү мөнгийг С-аас суутгаж авсан...” гэх /9 хх 96-97/, дахин өгсөн “...Б-ын машин одоо хаана хэнд байдгийг мэдэхгүй, миний хувьд Б-аас аваад С-д тэр машиныг өгсөн. С- л хаана байгааг мэдэх байх...” гэх мэдүүлэг /9 хх 80/ тус тус авагджээ.

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд Ж.Э- нь Н.Б-ад автомашиныг нь сайжруулж томруулж өгнө гэж хэлж түүний нэр дээр бүртгэлтэй приус 20 загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.С-д шилжүүлж, улмаар Ц.С-аас ББСБ-д барьцаанд байсан **** УАО улсын дугаартай Nissan Xtrall машиныг Н.Б-ад шилжүүлж өгсөн мэт нөхцөл байдал байх боловч Н.Б-ын Тоёота приус-20 загварын автомашиныг Ц.С-д шилжүүлсэн нь хууль ёсны дагуу хийгдсэн үйлдэл эсэх, мөн Ц.С- нь Н.Б-ын приус 20 загварын автомашиныг бусдад худалдсан үйл баримт байх ба эдгээрээс харахад Ж.Э- нь Н.Б-ын **** улсын дугаартай приус 20 загварын автомашиныг сайжруулж өгнө гэж эд хөрөнгийг нь бусдад шилжүүлж буй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг залилах, дээрэмдэх бусад гэмт хэргийн шинж буй эсэхийг шалгах шаардлагатай.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтээр яллаж буй Nissan Xtrall маркийн **** УАО улсын дугаартай 23.275.000 төгрөгийн үнийн дүнтэй тээврийн хэрэгсэл хууль ёсны дагуу Н.Б-ад шилжсэн эсэх, Н.Б-а, Ц.С- нар хоорондоо автомашинаа солилцсон агуулгатай байх боловч зөрүү төлбөрийг Ж.Э- руу шилжүүлж буй үйлдлээс харахад Nissan Xtrall маркийн **** УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл хууль ёсоор Н.Б-ын хөрөнгө мөн эсэхэд дүгнэлт өгч, Н.Б-а нь өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай Тоёота приус 20 загварын автомашинаар, эсхүл Nissan Xtrall загварын автомашинаар хохирсон эсэхийг тогтоох буюу бодитоор хохирогч Н.Б-а аль хөрөнгөөрөө хохирсон болон хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоож, үүнтэй холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг тодорхойлох нь зүйтэй. Түүнчлэн яллах дүгнэлтээр Ж.Э- нь Н.Б-ын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх боловч хэргийн үйл баримтаар Ж.Э- нь дээрх хоёр тээврийн хэрэгслийг солилцоход оролцсон, Nissan Xtrall маркийн **** УАО дугаартай, **** улсын дугаартай приус автомашиныг Н.Б-аас Ц.С- авч, бусдад худалдан борлуулсан байх бөгөөд Н.Б-ын хохирлыг Ц.С- хамтран хариуцах эсэхийг нэг мөр шалгаж, төлбөрийг хэн хариуцахыг тодорхой болгох шаардлагатай.

4. Яллах дүгнэлтэд яллагдагч Ж.Э-, Н.М-, М.Б- нарыг үйлдлээрээ бүлэглэж Ж.Г-ээс эд хөрөнгө шилжүүлж өгөхийг шаардаж Ж.Г-ээс түүний танил дүү болох Ч- гэгчээр 15.000.000 төгрөгийг дамжуулан авч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн байна.

Хэрэгт хохирогч Ж.Г-ээс “...Тэр өдөр хуурай дүү Ч-аас 15,0 сая төгрөг авч энэ мөнгийг авсныхаа хариуд намайг суллаж явуулсан...” гэх мэдүүлэг /8 хх 47-49/, мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн: О-ын Ч-аас “...Австрали улсад байгаа, 2023 оны 3 дугаар сарын 10-2-нд шилжих шөнө Г-э над руу залгаад 15 сая төгрөг байвал өгчхөөч гээд онцын шалтгаан хэлээгүй. Тэгсэн тэр хүмүүс нь хажууд нь байсан юм шиг байна лээ. Удалгүй нэг хүн 15,0 сая төгрөг авчраад ахыгаа авбал ав гэж хэлсэн, мөнгөө өгөхгүй бол ахын чинь амьтай ярина гэх зүйл яриад байсан. Би ...та нарыг шүүх цагдаад өгнө, та нар яахаараа хүн барьцаалдаг юм гэсэн. ...Г-э ах өөрөө залгаад яаралтай гялс мөнгө аваад ир, тэгэхгүй бол эд нар яаж ч мэдэх хүмүүс байна гэж хэлсэн. Би 19-ийн Ази фармтай АТМ-с очиж 15 сая төгрөг бэлнээр аваад Мишээл экспо дээр аваачиж өгсөн. Тэгээд ахыгаа хаанаас авах бэ гэхэд чам руу өөрөө залгана гэсэн. Нэг цонхны завсраар харсан чинь манай ахыг нүцгэн шалдан зогсоосон, нэг хүн нь хутга барьчихсан, 3-4 залуучууд байсан, эхнэр рүү нь залгаж дуудсан. Эгч бид 2 цагдаа дуудсан. Би тэр хүнд Хаан банкны ******* дугаарын өөрийн эзэмшдэг данснаас 15,0 сая төгрөг бэлнээр авч өгсөн. ...Жолоо барьж байсан залуу надаас мөнгийг авсан...гэж фейсбүүк мессенжерээр дүрстэй яриа хийснийг бичлэг хийж авав...” гэх тэмдэглэл /8 хх 61-62/ тус тус авагдсан. Эдгээрээс үзэхэд 15.000.000 төгрөгийн асуудалд хөрөнгийн эзнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, 15.000.000 төгрөгийг хэнээс хэнд төлөх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, яллах дүгнэлтийн хавсралтад Ж.Г-эд 15.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч 15.000.000 төгрөг нь О.Ч-ын мөнгө байх тул уг хөрөнгийг шаардах эрх бүхий этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулбал зохино.

5. Яллах дүгнэлтэд Ч.Э-, Ж.Э-, А.Б- нар үйлдлээрээ бүлэглэж Э.М-ыг удаа дараа дуудан ирүүлж урьд зээлүүлсэн өрийг өгөхгүй бол ална хэмээн айлган сүрдүүлж бие рүү нь цохих өшиглөх зэргээр хүч хэрэглэн заналхийлж эзэмших эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан түүний унаж явсан лехсус 570 маркийн **** УНС улсын дугаартай 92.487.500 төгрөгийн тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж тээврийн хэрэгслийг авч яван бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Э.М- өгсөн мэдүүлэгтээ: ...П- гэгч нь над руу залгаад Э-ын гэрийн ойролцоох гражид чиний машин байна, Э- нь бид хоёрт ажлын хөлс өгөхгүй, наад М-ын Тоёота лехсус 570 машиныг задалж зараад та хоёр ажлын хөлсөө ав гэж хэлж байна, чи өнөөдөр маргаашийн дотор мөнгөө өгөхгүй бол бид хоёр задалж зарлаа гэсэн. Би сандраад бусдаас мөнгө зээлж Э-, П- /А.Б-/ нартай холбогдож Энхтайваны гүүр доор байх Петровис шатахуун түгээх газрын урд талд байдаг хотхон дээр очиж тэр хоёртой хамт байсан үл таних эрэгтэй хүний данс руу төрсөн дүү Б-ын данснаас 31,5 сая төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг,

-яллагдагч А.Б-оос... М- гэх залуугаас би мөнгө авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /10 хх 201-203/, яллагдагч Ч.Э-оос “...М-д Э- чамаас машины чинь аваад явчих гэж байна гэж худлаа яриад түүний 570 машиныг нь аваад П-тай хамт Багахангай явсан. Үнэндээ бол Э- М-аас аваадах гэж хэлээгүй. ...Э-од өртэй гэдгээр нь Э-ын нэрийг бариад худлаа яриад л түүний машиныг авчихсан юм...” гэх мэдүүлэг /10 хх 104-105/, яллагдагч Ж.Э-оос... “...М- өөрөө Э- Б- хоёрт 30,0 сая төгрөг өгөөд, өөрийнхөө 570 машиныг барьцаанд тавиулсан асуудал болсон юм. Үүнийгээ 100,0 сая төгрөгөөсөө хасчхаач гэхээр нь би гайхаад би чамаас 30 сая төгрөг ав гэж наад 2 хүнд чинь хэлээгүй, чи өөрөө сайн дураараа өгсөн юм биш үү гэхэд чи өрнөөсөө хасчхаач гэхээр нь арга буюу хасаж 70,0 сая төгрөгийн өртэй болгосон...” гэх мэдүүлэг /9 хх 73-80/ тус тус өгсөн байх ба яллагдагч нарын хохирогч Э.М-аас 31.500.000 төгрөг шилжүүлж авсан үйлдлийн талаар тодорхойгүй орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл хохирогч Э.М-аас тээврийн хэрэгслээс гадна 31.500.000 төгрөгийг нь авсан асуудал байх тул тус үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр шалган шийдвэрлэвэл зохино. Мөн яллах дүгнэлтийн хавсралтад Ч.Э-, А.Б- нарт өгсөн 31.500.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэсэн, хэн хариуцах талаар тусгаагүй.

6. Хохирогч Э.М-ын “...Э- ******** фейсбүүк хаяг дээрээ миний болон аав ээж, эхнэр, найзуудын зургийг байршуулаад залилагч М-аас болгоомжил яасан андуурчихсан аалз бэ гэх зэргээр цахим орчинд байршуулсан. Над руу болон хамаатан садан руу явуулаад миний нэр төр алдар хүнийг гутаан доромжилж сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулсан. Э- ******** гэх хаягаас өөрийнхөө дансыг над руу явуулж удаа дараа чат бичиж байсан...” гэх мэдүүлэг /8 хх 69/, яллагдагч Ж.Э-ын “...Би ....******** фейсбүүк хаягаас түүний зургийг нийтэлж тавьсан чинь М- өөрөө холбогдож маргааш уулзана гэж хэлээд гуйж фейсбүүкт тавиулсан зураг нийтлэлээ устгуулж байсан. ...ирэхгүй болохоор нь дахиад фейсбүүкт түүний зургийг нийтэлж тавьсан. Энэ байдал нийт 3 удаа үргэлжилсэн...” гэх мэдүүлэг /9 хх 73-80/ авагдсан, Ж.Э-ын дээрх үйлдэлд хохирогч Э.М-, түүний гэр бүлийн гишүүн, бусад хүмүүсийн нэр төр, алдар хүнд, ...ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн шинж буй эсэхийг шалгах нь зүйтэй.

7. Хохирогч Э.М-аас: “...Э- өөрийн танил ченж гэх хүнийг дуудаж авч ирээд **** УАА Mersedens benz-g 500 автомашиныг 250,0 сая төгрөгийн wrangler машин оролцуулаад дээр нь 150,0 сая төгрөгийг надад өгнө нийт 400,0 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би 500,0 сая төгрөгийн үнэ бүхий машиныг маргааш хүн худалдаж авна гэсэн гэх зэргээр Э-од тайлбарлаж хэлэхэд тэрээр миний үгийг сонсохгүй, намайг дарамталж байгаад заавал энэ ченжид одоо машинаа зараад мөнгийг нь надад өг гэж хэлсэн. Гэвч Э- wrangler машиныг тухайн өдөр надаас шууд 150,0 сая төгрөгөөр бодож өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Ингэснээр би тэр ченжид 400,0 сая төгрөгөөр худалдсан. Mersedes benz gle 63s маркийн машиныг Э- нь тухайн үед намайг дарамтлан 250 сая төгрөгөөр ченжид бодож өгсөн гэх мэдүүлэг /8 хх 65-69/ гэрч Т.С-н өгсөн: “...М- над руу залгаад би танай найз Э-од өртэй юм, түүнд өрөө өгөх гээд мөнгө хэрэг болоод чи энэ машиныг авчхаач гээд ятгаад байсан, би зөвшөөрөөд түүнээс Benz маркийн машиныг 400 сая төгрөгт бодож авахаар болоод 250 сая төгрөгт өөрийнхөө Rubicon тээврийн хэрэгслийг үлдсэн 150 сая төгрөгийг нь дансаар шилжүүлж өгөхөөр болж нотариат орж гэрээгээ байгуулсан...” гэх мэдүүлэг /8 хх 204-205/ тус тус авагдсан ба эдгээр мэдүүлгийн зөрүүг арилгах.

8. Хохирогч Ц.Г-аас “...М- нь манай найз Э-т албаар халаасандаа байгаа хутгыг харуулж айлгасан гэсэн...” гэх мэдүүлэг /хх 76/, гэрч И.Э-аас “...Савхитай залуу чи надтай муудах гээд байгаа юм уу, чи намайг таних уу гэж хэлсэн. Муудвал муудсан шиг муудаарай чамайг янзална шүү гэж тэр залуу хэлээд савхин куртикээ 2 гараараа дэлгээд сэгсрэхэд зүүн талын дотор халаасанд нь 5-10 см хутганы бариул цухуйж харагдсан...” гэх мэдүүлэг /хх 107-109/ тус тус өгсөн байсан ба хэргийг прокурорт буцаасны дараа дахин гэрчээр И.Э-аас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед М- гэх залуу муудвал муудсан шиг муудаарай банди минь, чамайг янзална шүү гэж хэлээд өмсөж байсан куртикнийхээ дотор талыг дэлгэхэд нь надад тухайн үед хутганы бариул шиг зүйл халтихан харагдсан, тэр үед би айж сандраад тэр зүйлийг нь хутга байна гэж бодсон, гэхдээ үнэхээр хутга байсан ч юм уу, үгүй ч юм уу би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /12 хх 35/ хохирогч Ц.Г-аас 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “...Би хутгыг хараагүй, Э- хутгатай юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд тус тус өгч, хохирогч, гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авах ажиллагаа явагдсан байхад тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо ноцтой зөрүүтэй байх тул тухайн хэрэг үйл явдал болсон өдөр Н.М- хутгаар айлгасан, хутгатай байсан эсэх, эсхүл хутга гэж ойлгогдохоор зүйл харуулж айлгасан эсэхийг бодит нөхцөл байдлыг тогтоох нь ач холбогдолтой, хэргийн зүйлчлэлд хамааралтай. Энэ талаар өмгөөлөгч Э.Энххэрлэний гаргасан хутгатай байсан эсэхийг зайлшгүй шалгуулах хүсэлт үндэслэл бүхий гэж үзэв.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ гэжээ. Мөрдөгч ****УНС улсын дугаартай Lexus 570 загварын автомашины зах зээлийн ханшийг тогтоож хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийлгэхийг даалгасан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой тогтоол гаргасан боловч /12 хх 22/ ямар байгууллагыг шинжээчээр оролцуулахаар томилсон тухай тогтоолдоо тусгаагүй, шинжээчээр томилогдсон шийдвэргүй Дамно ХХК ****УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг тогтоосон тайлан /12 хх 25-29/ гаргасан зөрчилтэй.

10. Яллагдагч Х.О-ын хохирогч О.З-гийн эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэргийг прокурор 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн тогтоол /13 хx 80-82/ гаргасан байхад яллах дүгнэлтийн 30 дугаар хуудасны 3.41 дэх хэсэгт хохирогч О.З-гийн мэдүүлгийг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад тусгасан алдаатай.

11. Яллагдагч Н.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрчилсөн №888 дугаартай шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй зөрчил байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийн хүрээнд, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг хуульд заасны дагуу хангалттай, эргэлзээгүйгээр нотлон тогтоож, зөрчлүүдийг арилгаж, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг бүрэн зөв тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд шууд нөлөөлөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим шаардлагад хамааралтай юм. Харин өмгөөлөгч А.А-, Э.Энххэрлэн нарын хүсэлтэд дурдсан зарим асуудлыг шалгах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзээгүй тул хүсэлтийг хүлээн аваагүй болно. Өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Я.Баярсайхан нарт урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэхэд оролцохгүй талаар мэдэгдсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй. Хэргийг прокурорт очтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, тодорхой хүнтэй уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн хийн гар буу 1 ширхэг, хуйтай хутга 1 ширхэг, газ 1 ширхэг, үрлэн сум 1 ширхэг, Рига 70 маркийн гар утас 1 ширхэг, арилжааны банкнуудаас ирүүлсэн 7 ширхэг сидиг прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Шүүгчийн захирамжийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 -д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээнийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон.

Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын үйлдэл нь залилах, дээрэмдэх, худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж яллагдагч нарын гэм буруугийн талаарх урьдчилсан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор байна.

Хоёр. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокуророос яллаж буй баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй атал хэргийн үйл баримтаас хальж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх зүйл хэсгээр хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, зүйлчлэлийг зөвтгөх, давхар зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх, залилах, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай гэж дүгнэн хэрэгт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно..." гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, сэдэлт зорилго, гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой тусгаагүй, ойлгомжгүй, хэт ерөнхийлөн залилах, дээрэмдэх, худал мэдээлэл тараах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, хохирлыг хэн хариуцахыг тодорхой болгох, хохирогч З-гийн мэдүүлгийг яллах дүгнэлтэд тусгасан гэх байдлаар хэт ерөнхийлөн дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож ..." гэж тус тус заасан байна.

Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ бөгөөд анхан шатны шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна гэж үзнэ.

Зургаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй" гэж тодорхой заасан ба хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болгохоор хуульчилжээ.

Долоо. Хэрэгт хохирогчоор Ж.Г-э тогтоогдсон бөгөөд хохирогч Ж.Г-ийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгт: “... Тэгээд би өөрийн танил дүү Ч- руу залгаад "ахдаа бэлнээр 15 сая төгрөг аваад Зайсанд хүрээд ир” гэж хэлсэн. Ч- зөвшөөрөөд надад 15 сая төгрөг зээлэхээр болсон...” гэж тодорхой эх сурвалжтайгаар О.Ч-аас 15 сая төгрөгийг зээлсэн гэж дурдсан байхад О.Ч-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэсэн нэмэлт  ажиллагааг хийх нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэхээргүй байна. Тодруулбал О.Ч-, Ж.Г-э нарын зээлийн харилцаа нь тусдаа иргэний журмаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар зохицуулагдах асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх шаардлагагүй юм.

Найм. Ч.Э-, А.Б- нарт өгсөн 31.500.000 төгрөгийг шүүхээс яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэсний дараа хэн хэнээс хэдэн төгрөг гаргуулах, хувь тэнцүүлэн гаргуулах эсэх асуудал дээр прокурор саналаа гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэн хэнээс хэдэн төгрөг гаргуулах талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Ес. “...Хохирогч Э.М-, гэрч Т.С- нарын мэдүүлгийн зөрүүг арилгах...” гэсэн байх ба уг ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш юм. Өөрөөр хэлбэл шүүхээс мэдүүлэг зөрүүтэй гэж үзэж байгаа бол тодруулах зүйлээ нотлох баримт шинжлэн судлах, асуулт асуух хэлбэрээр хохирогч Э.М-, гэрч Т.С- нарыг шүүх хуралдаанд оролцуулаад тодруулах боломжтой ажиллагаа юм.

Арав. Хохирогч О.З-гийн эд хөрөнгийг авахаар заналхийлсэн Х.О-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр О.З-гийн мэдүүлгийг яллах дүгнэлтэд тусгаж болохгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хориглож хуульчлаагүй байна. Өөрөөр хэлбэл прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ О.З-гийн мэдүүлгийг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн болохыг шүүх захирамждаа тусгаагүй атлаа, О.З-гийн мэдүүлгийг яллах дүгнэлтэд тусгасан нь алдаатай гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Арван нэг. Яллах дүгнэлтийн хавсралтыг прокуророос бичихдээ хавтаст хэргээс нүд үзэн түүвэрлэж: “...Яллагдагч Н.М- нь 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 20 хоног, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 30 хоног, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 12 хоног буюу нийт 62 хоног яллагдагчаар цагдан хоригдсон. Сэжигтнээр баривчилсан 2 хоногийг цагдан хорих үндсэн хугацаанд оруулж шийдвэрлэсэн. Яллагдагч Н.М-д 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно...” гэж тус тус тусгаж бичсэн байх ба 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийг хэрэгт огт тусгаагүй мэтээр захирамждаа тусгасан нь үндэслэлгүй, тус шүүгчийн захирамж нь хавтаст хэрэгт авагдсан болно.

Арван хоёр. Яллагдагч Н.М- нь хохирогч Ц.Г-ын эзэмших эрхэд халдаж заналхийлэх гэмт хэрэг үйлдэхдээ түүнд хутга харуулсан, хутгаар айлгасан, сүрдүүлсэн, заналхийлсэн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Харин хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн И.Э-ын мэдүүлэгт Н.М-ын энгэрт хутга цухуйсан гэж мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг ба энэ хэргийн гэрч хутга харсан гэж мэдүүлсэн байхад хохирогч хутга харсан, түүнээс айсан, эмээсэн мэтээр дүгнэж, хутганы талаар яллах дүгнэлтэд тусгаж хэн нэгнийг буруутгаагүй байхад энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй байна.

Арван гурав. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, дүгнэлт хийж, шүүхээс өөрийн дүгнэлтдээ нийцсэн зүйл, заалтаар яллагдагч нарт сонсгосон ялыг өөрчилж сонсгон, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-дэх заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор байна. Шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээнийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байтал уг хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ аваагүй.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг яллагдагч З.Г-ы өмгөөлөгч А.А-, яллагдагч А.З-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн нараас гаргасан байх ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч А.А- шүүх хурал давхацсан, өмгөөлөгч Э.Энххэрлэн өвчний акт тус тус хүргүүлж, шүүх хуралдааныг хойшлуулж, биечлэн оролцох талаараа хүсэлтүүдээ илэрхийлсээр байхад хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/4350 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогчийн Ж.Г-ийн өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ж.Г-э шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатад өөрийн хуурай дүү болох Ч-аас 15.000.000 төгрөгийг авч гэмт этгээдүүдийн шаардсанаар гэмт этгээдүүдэд өгсөн. Дараа нь Ч-т энэ мөнгөө өгсөн, энэ талаар Ч- мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс энэ нөхцөл байсаар байхад Ч-аас энэ нөхцөл байдлыг тодруулна гэж байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан захирамжид энэ асуудлын талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Харин шүүгчийн захирамжийн бусад хэсгийн хувьд урьдчилсан хэлэлцүүлгийн шатаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Ж.Г-эд холбогдох хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадсангүй бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодруулаагүй. н.С- гэдэг хүн энэ гэмт хэрэгтэй ямар холбоотой байсан бэ, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хатгасан үйлдэл байгаа эсэх гэсэн асуудлууд яригдана. Хохирогч Ж.Г-ийг гэмт этгээдүүд гудамжинд явж байхад нь шууд барьж аваад шахалт дарамт үзүүлсэн, мөнгө нэхсэн, машиныг нь авч явсан гэсэн үйлдэл огт байхгүй бөгөөд үүнийг н.С- хийсэн. Тиймээс тухайн н.С- гэдэг хүний үйлдлийг нэг мөр шалгаж тогтоох, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байгаа эсэх, санаа сэдэл байсан эсэх талаар бүрэн шалгаж тогтоох нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан.” гэв.

Яллагдагч Х.О-ын өмгөөлөгч А.Кадирбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд яллагдагч Х.О-ын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт би өөрөө хүсэлтээ гаргасан. Улмаар миний хүсэлтийг хангаж, тодорхой хууль зүйн дүгнэлтийг хийсэн бөгөөд миний хүсэлтийн талаар прокуророос ямар нэгэн эсэргүүцэл бичээгүй. Энэ нь яллагдагч Х.О-ыг ямар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн бэ гэвэл яллагдагч Н.М-, А.З-, З.Г- нартай бүлэглэж Ц.Г-ын эзэмших эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний унаж явсан Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхийг шаардаж, бусдад хүч хэрэглэхээр заналхийлсэн гэсэн. Хүч хэрэглээгүй бөгөөд хүч хэрэглэхээр заналхийлсэн хэлбэр нь заналхийлсэн шинжтэй үг хэллэгээр илэрч байгаа гэсэн. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр энэ талаар яллах дүгнэлтийг чинь Х.О-, Н.М-, З.Г- нарын үйлдэл нь заналхийлсэн шинжтэй үг хэллэг байна. Өөрөөр хэлбэл, чи хэн юм, та нар бас мөнгө алдсан бол ингэнэ биз дээ, наад машиныг чинь бид нар авч зараад ахыг чинь өрнөөс суутгана, чи тийм том юм уу, Монголд хэн том байгааг үзэх үү гэсэн үг хэллэг хэрэглэсэн гэх энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэдэг байдлаар Х.О-ыг дүгнэж, харин нөгөө 2 яллагдагч буюу З.Г-, Н.М- нарыг яг энэ үг хэллэгийг хэлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байна гэдэг байдлаар прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт бүлэглэн оролцсон үйлдэлд оролцоог нь ялгамжтай байдлаар тогтоож чадаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтэд тавигдах хуулийн шаардлага хангахгүй байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан яллагдагчаар татах тогтоол ойлгомжгүй нөхцөл байгаа учраас прокурор хууль зүйн дүгнэлт хийх ёстой гэдэг агуулгаар хэргийг прокурорт  буцаасан бөгөөд энэ хэсэгт прокуророос эсэргүүцэл бичээгүй. Иймд яллагдагч Х.О-од холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн прокуророос 4 яллагдагчтай холбоотой хэсгийг шүүхээс хүндрүүлэн зүйлчилж гэж прокурорт буцаасан гэсэн. Гэтэл энэ нь агуулгын хувьд тийм биш. Өөрөөр хэлбэл, тэр машиныг авч явсан байна. Тиймээс авч явсан үйлдлээрээ дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй юм биш гэж үү. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэдэг авч явах, авч авахаас өмнөх нөхцөл байдлын хооронд хууль зүйн хувьд ялгаатай, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх ёстой гэсэн бөгөөд заавал хүндрүүлж зүйлчил гэсэн захирамж гараагүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх анхаарч өгөхийг хүсэж байна.” гэв.

Яллагдагч Ч.Э-ын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй байхгүй бөгөөд бусад өмгөөлөгч нартай санал нэг байгаа.” гэв.

Яллагдагч З.Г-ы өмгөөлөгч А.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч З.Г-ы өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас оролцож ирсэн. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Учир нь, энэ хэрэг 3 удаа урьдчилсан хэлэлцүүлгээс буцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл нь ямар тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлгээс буцах талаар заасан бөгөөд процессын зөрчлүүдийг арилгах талаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт гэм буруугийн талаар дүгнэхийг хориглосон заалттай. Гэтэл Т.Алтантуяа шүүгч 2 дахь удаагаа яг гэм буруугийн асуудлыг захирамждаа тусгаж өгсөн байдаг. Ингэхдээ дээрмийн хэрэг юм биш үү гэж 2 буцаасан. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатад буцаасан захирамжийн дагуу ажиллагаа хийгдээд дээрдэх гэмт хэрэг биш байна гэж прокурор дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс яллагдагч З.Г-, Н.М-, А.З- нарын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Учир нь, бид заналхийлэх, дээрэмдэх гэмт хэргийнхээ бүрэлдэхүүнийг шалгах ёстой бөгөөд бусдын өмчлөл эзэмшилд байгаа эд зүйлийг өөрийн өмчлөл эзэмшилд авахыг заналхийлэх дээрэмдэх гэж үздэг. Гэтэл бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг өөрийн өмчид авах үйлдлийг хийгээгүй. Мөн тухайн эд зүйл нь Г-ын өмчлөлийн эд зүйл биш байсан бөгөөд н.Б- гэдэг хүний өмчлөл эзэмшлийн эд зүйл байсан. Мөн анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг огт тодруулаагүй бөгөөд н.Г- нь А.З-т маш их хэмжээний өртэй, харин А.З- нь З.Г-д их хэмжээний өртэй бөгөөд энэ өрөө төлөхийн тулд эдгээр асуудал болсон. Тухайн тээврийн хэрэгслийг Г-ын хамаатан болон А.З- түр хугацаагаар авч яваад буцаагаад өгсөн. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа шалтгаан нь шүүхийн шийдвэр ойлгомжтой биелүүлэх боломжтой байх ёстой. Гэтэл тухайн захирамж нь юу гэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Мөн шүүгчийн захирамжид гэм буруугийн асуудал байх ёсгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан боловч энэ заалт хангагдаагүй. Мөн би тухайн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон өдөр өөр газрын шүүхэд шүүх хуралдаантай байсан бөгөөд тус урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд хүлээж аваагүйд гомдолтой байна. Би анхан шатны шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцох байсан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх ёстой гэж үзэж байгаа боловч хэргийг прокурорт буцаах шаардлага. Прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Яллагдагч М.Б- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ж.Э-, Н.М-, Ч.Э-, А.Б-, М.Б-, Х.О-, А.З-, З.Г- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс Ж.Э-, Н.М-, Ч.Э-, А.Б-, М.Б-, Х.О-, А.З-, З.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн2025/ШЗ/450 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 11 үндэслэлээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжаас доор дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгчийн захирамжийн:

1. “...Ц.Г-ыг машинаас буухыг шаардаж машиныг авч явсан байхад бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх зүйл хэсгээр хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, зүйлчлэлийг зөвтгөх, давхар зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчил...”,

2. “...прокуророос яллагдагч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж ирүүлэх ба яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэрэгт яллагдагч Н.М-, Х.О-, А.З-, З.Г- нар нь, мөн яллагдагч Н.М-, Ж.Э-, М.Б-, Ч.Э-, А.Б- нар нь хэрхэн яаж, ямар үйлдлээр нэгдэж оролцсон талаарх үйлдэл оролцоог тус бүрд нь ялгамжтай тогтоох шаардлагатай...”,

3. “...яллах дүгнэлтэд яллагдагч Ж.Э- нь ганцаараа үйлдлээр 2023 оны 2-р сард ...хохирогч Н.Б-ыг ...миний чамд өгсөн машиныг яг одоо буцааж өг, нэрийг нь шилжүүлж өг гэж хүч хэрэглэхээр заналхийлж цаасны хутга хэрэглэж, түүний эзэмшлийн Nissan Xtrall маркийн **** УАО улсын дугаартай 23.275.000 төгрөгийн үнийн дүнтэй тээврийн хэрэгсэл болох эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж тээврийн хэрэгслийг авч яван бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэж ирүүлсэн нь хэргийн байдлаас зөрүүтэй...”,

6. хохирогч Э.М-ын “...Э- ******** фейсбүүк хаяг дээрээ миний болон аав ээж, эхнэр, найзуудын зургийг байршуулаад залилагч М-аас болгоомжил яасан андуурчихсан аалз бэ гэх зэргээр цахим орчинд байршуулсан. Над руу болон хамаатан садан руу явуулаад миний нэр төр алдар хүнийг гутаан доромжилж сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулсан. Э- ******** гэх хаягаас өөрийнхөө дансыг над руу явуулж удаа дараа чат бичиж байсан гэх мэдүүлэг /8 хх 69/, яллагдагч Ж.Э-ын “...Би ...******** фейсбүүк хаягаас түүний зургийг нийтэлж тавьсан чинь М- өөрөө холбогдож маргааш уулзана гэж хэлээд гуйж фейсбүүкт тавиулсан зураг нийтлэлээ устгуулж байсан. ...ирэхгүй болохоор нь дахиад фейсбүүкт түүний зургийг нийтэлж тавьсан. Энэ байдал нийт 3 удаа үргэлжилсэн...” гэх мэдүүлэг /9 хх 73-80/ авагдсан, Ж.Э-ын дээрх үйлдэлд хохирогч Э.М-, түүний гэр бүлийн гишүүн, бусад хүмүүсийн нэр төр, алдар хүнд, ...ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн шинж буй эсэхийг шалгах...”

10. “...яллагдагч Х.О-ын хохирогч О.З-гийн эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэргийг прокурор 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн тогтоол /13 хx 80-82/ гаргасан байхад яллах дүгнэлтийн 30 дугаар хуудасны 3.41 дэх хэсэгт хохирогч О.З-гийн мэдүүлгийг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад тусгасан алдаатай...”

11. “...яллагдагч Н.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрчилсөн №888 дугаартай шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй зөрчил. ...” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийн хүрээнд, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг хуульд заасны дагуу хангалттай, эргэлзээгүйгээр нотлон тогтоож, зөрчлүүдийг арилгаж, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг бүрэн зөв тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд шууд нөлөөлөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим шаардлагад хамааралтай байх тул дээрх үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин тус шүүгчийн захирамжийн 4, 5, 7, 8 9 заасан үндэслэлүүд нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/4350 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 1, 2, 3, 6, 10, 11-т заасан үндэслэлүүдийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/4350 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн:

“4, 5, 7, 8, 9-т заасан үндэслэлүүдийг хэрэгсэхгүй болгон прокурорын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж”,  

1, 2, 3, 6, 10, 11-т заасан үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Ж.Э-, Н.М-, Ч.Э-, А.Б-, М.Б-, Х.О-, А.З-, З.Г- нарт урьд авсан таслан сэргийлэх хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

 

                      ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА

 

                     ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ