Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/01748

 

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/01748

 

 

 

 

 

                                  “Э К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/01731 дугаар шийдвэртэй, “Э К” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч “ М Ц К” ХХК, Б.Бнарт холбогдох, гэрээ цуцалж, 68 834 650 төгрөг гаргуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, маршал таун хотхоны таун хауст хийсэн өргөтгөлийг буулгахыг даалгах үндсэн, хохиролд 252 803 144 төгрөг гаргуулах хариуцагч “ М Ц К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “ М Ц К” ХХК-ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсад, хариуцагч “ М Ц К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, өмгөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “Э К” ХХК нь “ М Ц К” ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 000294 дугаартай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 012011 дугаартай  ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Гэрээ байгуулсан талаар хариуцагч маргадаггүй, ажил гүйцэтгэх гэрээний хугацааны хувьд маргадаг. Талуудын байгуулсан 000294 тоот гэрээний 2.1, 01/2011 тоот гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар Маршал хотхоны 5 дугаар таун хаусын 3 давхарын 209 м.кв талбай бүхий сууцыг 1 м.кв-ийг 2 300 000 төгрөгөөр тооцож 480 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. “ М Ц К” ХХК нь гэрээний 3.1, 2.1 дэх хэсэгт заасны дагуу 1 м.кв цонхыг 69 900 төгрөгөөр буюу 100 хувь цонхны бартераар төлж дуусгахаар талууд тохиролцсон тул “Э К” ХХК таун хаусыг засалгүй хүлээлгэж өгсөн. Гэрээний 2.1, 5.5 дахь хэсэгт зааснаар дотор заслыг өөрсдөө хийнэ, харин маргаан гарсан тохиолдолд худалдан авагч талаас өөрийн хөрөнгөөр авсан барилгын материалын үнийг худалдагч талын материалын үнээр тооцож, төлбөрөөс хасаж тооцно гэсэн. Энэ заалтын агуулга нь цонх, хаалга, обой, тааз, шалыг ямар ч үнэтэй материалаар хийж болно. Гэхдээ худалдагч талын материалын үнээр хасаж тооцно гэсэн тохиролцоо юм. Талуудын маргааны үндсэн шалтгаан нь М Ц Кчанарын шаардлага хангахгүй цонхыг нийлүүлчихээд гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах шаардлага гаргасан. Хариуцагч нийт 59 000 000 төгрөгийн цонх нийлүүлсэн бөгөөд таун хаус нь дотоод засалгүйгээр 480 000 000 төгрөгийн үнэтэй. Гэрээ болон хоорондын албан тоотуудаар “ М Ц К” ХХК нь Германы түгжээ, резинтэй, 2 давхар жийргэвчтэй цонх нийлүүлэх тохиролцоо хийсэн. Энэ талаар 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11/47 дугаартай албан бичигт нь бичсэн байдаг. Гэтэл 2 давхар жийргэвч хийх байтал 1 давхар жийргэвч хийсэн, графикаар 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж дуусгахаар тохирсон боловч хугацаандаа нийлүүлж дуусгаагүй үүргээ зөрчсөн. Харин 012011 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 60 хоногт багтаан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргээ зөрчсөн. Барилгын компанид цонхыг нийлүүлснээр дулаанаа авах, дотор заслын ажлаа хийдэг. Манай барьж байсан Голден парк хотхоны 110 дугаар байр, одоогийн 301 дүгээр байранд маш олон иргэдээс захиалга авсан, 16 давхар барилга, цонх, хаалгыг хугацаандаа нийлүүлээгүйгээс захиалагч нарт хугацаа зааж өгсөн. Бид хариуцагчид гомдол гаргаж, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор нийлүүлэх тухай график байгаа. Гэтэл бас л хугацаандаа нийлүүлээгүй. Дараа нь 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 022012078 дугаартай албан мэдэгдлээр ... суурилуулсан цонх нь чанарын шаардлага хангахгүй байгааг сануулахад хариуцагч 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12/11 тоотоор үйлдвэрийн дамжлагын ажилчдын хариуцлагагүй ажиллагаанаас болж чанаргүй хаалга, цонх хийснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчид биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдлыг арилгуулахад гарсан зардлаа төлүүлэх, эсвэл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Талууд гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байдаг. Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн буруутай. Хариуцагч нь 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12/01, 12/02 дугаартай гэрээт ажил хүлээлцсэн актаар орон сууцны цонх, хаалгыг давхар нэг бүрээр нь шалгаж чанарын шаардлага хангасан байдлаар хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч гарын үсэг зурж авсан гэж маргадаг. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрч н.Сүхбаатар, н.Дашцэвэг, н.Нямдулам нар “ирсэн цонх, хаалгыг буулгахдаа тоо ширхэгийг нь тулгаж, хүлээн авч гарын үсэг зурсан болохоос угсарч суурилуулсны дараа чанарын шаардлага хангасан эсэхийг шалгаж хүлээж аваагүй” гэж мэдүүлсэн. Гэрээт ажил хүлээлцсэн актын хүлээн авсан тал гэх хэсэг бөглөгдөөгүй байсан, үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан 2 өөр бичгийн хэв байгааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр энэ бол акт биш, харин хэдэн ширхэг цонх буулгасан талаар байгаа. Энэ бүх маргаан хариуцагч компанийн буруутай үйлдлээс болсон, чанар стандартын шаардлага хангаагүй цонх нийлүүлсэн тул цонхыг буулгаж, дахин стандартын шаардлага хангасан цонх суурилуулах зайлшгүй шаардлага гарсан. Нэхэмжлэгч талаас 012011 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу 3 жилийн баталгаат хугацаандаа оршин суугчдын хохирлыг барагдуулахыг хариуцагчид сануулсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч айлын гомдлыг барагдуулаагүй. 301 дүгээр байранд суурилуулсан вакум цонх Монгол Улсын чанар стандартын шаардлага хангахгүй талаар 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Барилга, хот байгуулалтын яамны Зураг, төсөл эрдэм шинжилгээний институтийн барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн дүгнэлт гарсан. Лабораторийн дүгнэлтээр “ М Ц К” ХХК-ийн цонх стандартын шаардлага хангахгүй гэж үзсэн. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч н.Төмөрсүх шинжээчийн 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр “ М Ц К” ХХК-ийн суурилуулсан цонх стандартыг зөрчсөн гэж дүгнэсэн. Бид 60 118 150 төгрөгөөр цонхоо солиулж, амалгаа хийлгүүлж, шавардуулах, эмульсдэхэд 8 716 500 төгрөг, нийт 68 832 650 төгрөгийн зардал гаргасан учраас уг мөнгөө “ М Ц К” ХХК-аас нэхэмжилж байна. “ М Ц К” ХХК нь Б.Бямбасүрэнтэй 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хариуцагчийн бартераар хүлээн авсан 5- дугаар таун хаусын дотоод засал, өргөтгөлийн ажлыг 38 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байдаг. Б.Бнь Хятад улс руу өөрөө явж барилгын материалаа авчирч дотоод засал, өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч хариуцагч компани нь хариуцагч Б.Бямбасүрэнтэй барилгын материал ороогүй зөвхөн ажлын хөлс 78 000 000 төгрөг гэж үнэлсэн гэрээг хууль бусаар нөхөн хийж гэрээний он, сар, өдрийг 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болгон өөрчилсөн. 78 000 000 төгрөгийн гэрээ байгуулах хүсэл зориг Б.Ббайгаагүй, үүнийг тэрээр мэдээгүй. “ М Ц К” ХХК-ийн захирал н.Өлзиймаа нь “Э К” ХХК-аас мөнгө авах гэсэн юм, энэ гэрээн дээр гарын үсэг зураад өг, харин мөнгөө авчихаад чиний ажил гүйцэтгэсэн мөнгийг өгнө гэж гуйсны дагуу гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. Нэхэмжлэгч нь н.Өлзиймаад холбогдуулан Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гарган шалгуулж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад гэрчээр Б.Басуугдсан байдаг бөгөөд “2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 38 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ... компаниас мөнгөө авах гээд байна, чи гарын үсэг зурчих гэхээр нь л зурсан, гэрээтэй уншиж танилцаагүй” гэж хариулсан байдаг. Энэ бол 78 000 000 төгрөгийн гэрээг ярьсан бөгөөд наториатаар баталгаажуулаагүй, үүнээс харахад 78 000 000 төгрөгийн гэрээний үр дагавар үүсээгүй, зөвхөн нэхэмжлэгч компаниас 5 дугаар таун хаусыг засварласан зардлаас илүү мөнгө нэхэмжилж авах зорилгоор хуурч мэхлэх замаар 78 000 000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Цагдаа энэ асуудлыг шүүх шийднэ гээд хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Б.Б“ М Ц К” ХХК-ийн хооронд 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр огноологдсон 78 000 000 төгрөгийн үнэтэй ажил гүйцэтгэх гэрээг, хариуцагч нарын хооронд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулагдсан 38 000 000 төгрөгийн гэрээг халхавч зорилгоор хууль бусаар байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасны дагуу “ М Ц К” ХХК болон Б.Бнарын хооронд байгуулсан 78 000 000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. “ М Ц К” ХХК нь ”Э К” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5.3 дахь хэсэгт худалдан авагч нь орон сууцны дотоод зохион байгуулалттай холбоотой зураг төслийн өөрчлөлтийг ерөнхий захирал болон эрх бүхий удирдах ажилтантай зөвшилцөж бичгээр үйлдэх бөгөөд барилгын ажилчинтай албан бусаар хийсэн зөвшилцлийг хүчингүйд тооцохоор заасан ба бичгээр хийсэн зөвшилцөл байдаггүй. Гэтэл нэмэлтээр тамбур хийсэн, үүнийгээ нураа гэж шаардлага тавьсан. Энэ нь бусад барилгын дизайнтайгаа тохирохгүй, зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр таун хауст өргөтгөл барьж, техникийн нөхцөлгүйгээр халаалтын шугам тавьсан байдаг. Энэ нь 2008 оны Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.6, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, иргэн Б.Бямбасүрэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн байдаг. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь “ М Ц К” ХХК-ийн өргөтгөлийн ажлыг буулгах, сэргээн засварлах ажлын зардал нь 5 600 000 төгрөг болохыг тогтоосон. Иймд Маршал хотхоны таун хауст хууль бусаар хийсэн өргөтгөлийг нурааж, таун хаусыг хэвийн байдалд нь буцаан оруулахыг “Монгол цонх констракшн”  ХХК-д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

 Хариуцагч “ М Ц К” ХХК-ийн тайлбарт: Талуудын хооронд таун хаус худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэхдээ барилга угсралтын ажил нь дууссан, дотоод засал чимэглэл, дулаан, эрчим хүчээр хангах ажил нь хийгдээгүй, дуусаагүй барилгыг худалдан авсан. Дотор заслын ажлыг “ М Ц К” ХХК өөрөө бие дааж хийхээр тохиролцсон. Талууд цонх угсарч, бэлтгэн нийлүүлэх тухай гэрээг 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, 60 хоногийн дотор гүйцэтгэхээр тохирсон. Гэтэл захиалагч ямар хэмжээ, дизайнтай цонх үйлдвэрлэх зураг төслийг 2011 оны 12 дугаар сард өгсөн. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэх нөхцөлийг нэхэмжлэгч компани биелүүлээгүй. Талууд ажил гүйцэтгэх гэрээ үйлдээд эрх бүхий албан тушаалтнууд нь гарын үсэг зурж, хүлээлгэн өгсөн актууд байгаа. Нэхэмжлэгч үүнийг чанарын шаардлага хангасан акт биш гэж тайлбарладаг. 2 талаасаа гарын үсэг зурж байгаа учраас 2 өөр бичгийн хэв байх нь ойлгомжтой.  Цонх нийлүүлэлтийн ажилд нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн буруутай болохыг шүүх анхаарч үзнэ үү. Стандартын шаардлага хангахгүй цонх нийлүүлсэн талаар Мэргэжлийн хяналтын газраас шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. 4 хөндий вакум цонх, 2 хөндий вакум цонхны голд зүхэвч төмөр байх ёстой. 4 хөндий вакум цонх бол нийт 4 тасалгаа үүсгэж байгаа өөрөө металлын орцыг бууруулж, зардлыг бууруулж байгаа. Сибирийн хүйтэн агаарын нөхцөлд Сибирская буюу 60 см-ийн өргөнтэй. Тасалгаа олонтой байх тусам сийрэгжилтийг хязгаарладаг цонхыг нийлүүлсэн. Мэргэжлийн хяналтын газраас Сибирская гэдэг цонхонд шинжээчийн дүгнэлт гаргаагүй байдаг. Үүнийг ОХУ-ын ямар үйлдвэрлэлийн, стандартаар зөвшөөрөгдсөн байх, стандартын шаардлага хангасан эсэхийг няцаасан ямар нэгэн баримт ирээгүй. Үйлдвэрлэгч биш улсын нэг зовлон нь үйлдвэрлэсэн барааны чанар, орцын мэдлэггүйгээсээ болоод буруу дүгнэлт гаргадаг. Тиймээс чанарын шаардлага хангахгүй байна гэсэн ямар нэгэн дүгнэлт байхгүй. Маршал хотхоны 5 дугаар таун хауст хийгдсэн засварын мөнгийг зөвхөн нэхэмжлэгч компанийн материалын үнээр тооцно гэж гэрээнд байгаа. Гэхдээ нэхэмжлэгч компани ямар нэг барилгын материал үйлдвэрлэдэггүй, “Э К” ХХК барилгын материал үйлдвэрлэдэг гэсэн ямар нэгэн баримт ирүүлээгүй. Гэрээний үгийг шууд утгаар нь ойлгох бөгөөд дутуу барилгыг худалдаж авсан, цаашид өөрөө гүйцээж барих, өөрсдөө амьдрах зорилготой, хувийн хэрэгцээнд зориулагдсан гэж ойлгоно. Тэгэхээр өөрийнхөө оршин суух байрыг ямар хэмжээнд засаж тохижуулах нь хувь хүний асуудал. Өөрөөр хэлбэл, зүй ёсны буюу шударга ёсны хүний эрхийн зарчим гэж байгаа, хуулиас давсан гэрээний заалт гэж байхгүй. Маршал таун хотхоны гадаад өнгө үзэмжийг муутгасан гэжээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиараа хотын өнгө үзэмжийг муутгасан гэж үзвэл дүгнэлт гардаг. Хотын өнгө үзэмжийг муутгасан гэсэн эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй. Нэхэмжлэгч Барилгын тухай хууль зөрчиж барилга угсралтын ажил хийсэн, барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй, зохиогчийн зургийг зөрчсөн гэж маргадаг. Гэтэл үндсэн бүтээцийн даацын хана, барилга угсралтын ажилтай ямар ч хамааралгүй чимэглэлийн ажлыг хийсэн болохоос барилга угсралтын ажил хийгээгүй. Барилга угсралтыг ажлыг тусгай зөвшөөрөлтэй барилгын компани хийдэг талаар маргахгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл  нь үндэслэлгүй байгаа учраас зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа бол хууль зүйн зохицуулалтыг нь хэлэх шаардлагатай. 78 000 000 төгрөгийн гэрээ хэлцлийг хуурамчаар бүрдүүлсэн, хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

            Хариуцагч Б.Бямбасүрэнгийн тайлбарт: Б.Бямбасүрэнтэй уг гэрээний талаар мэдэхгүй, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй. 38 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг л хийсэн. Б.Бнь засал хийдэг, 78 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ бол хуурамч гэрээ гэжээ.

 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: “ М Ц К” ХХК нь орон сууц худалдах худалдан авах 00294 тоот гэрээг цуцалж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхоны 5 дугаар таун хаус болох 3 давхар 209 м.кв талбайтай орон сууцанд оруулсан хөрөнгө оруулалт 175 793 615 төгрөг, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Голден парк хотхоны 110 дугаар байрны 1-16 давхарт нийлүүлсэн цонх, тагтны хаалганы үнэ 77 009 529 төгрөг нийт 252 803 140 төгрөгийг “Э К” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн бартерийн гэрээгээр “Э К” ХХК-ийн барьсан таун хаусаас дутуу баригдсан 5 дугаар таун хаусыг 1 м.кв-ийг нь 2 300 000 төгрөгөөр нийт 480 700 000 төгрөгийн үнэтэйгээр худалдаж авахаар тохиролцсон. Үүний хариуд захиалагчаас өгсөн даалгавар болох “Э К” ХХК-ийн барьсан барилгуудад цонх нийлүүлэхээр тохирсон. “ М Ц К” ХХК нь гэрээнд заагдсан үүргийн дагуу Монгол улсын стандарт чанарын шаардлагад нийцсэн нийт 1 100, 178 м.кв цонх хаалгыг нийлүүлсэн. Нийлүүлсэн цонх, хаалганы 1 ширхэгийг нь 9 900 төгрөгөөр тооцож 77 009 529 төгрөгийн цонх хаалгыг нийлүүлсэн, нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй, харин чанарын шаардлага хангасан эсэхэд маргадаг. Манайд өгсөн таун хаус бол цахилгаан сантехник, ус шугамны холболт байхгүй цутгамал 4 хананаас өөр зүйлгүй, өргөтгөл хийж хүн амьдрах бүхий л боломжийг хангаж бэлэн болгосон. Ажлын хөлсөнд 58 000 000 төгрөг, мөн 20 000 000 төгрөгийг өгсөн баримт нь байгаа. Шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн үнэлгээ нь 800.0 гаруй сая төгрөг болсон, харин тухайн үеийн ханшаар 400 000 000 гаруй төгрөгийн краказ өгсөн. Н.Өлзиймаа захирал өөрөө амьдрах зорилгоор 175 000 000 төгрөгөөр засвар хийсэн. Иймд “Э К” ХХК-аас 252 803 140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: 175 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, мөн өргөтгөл хийсэн зүйл огт үндэслэлгүй. “ М Ц К” ХХК нь хариуцагч Б.Бямбасүрэнтэй хаусын дотоод засал чимэглэлийг хийж гүйцэтгэх гэрээг 38 000 000 төгрөгөөр байгуулсан. Манайхтай байгуулсан гэрээн дээр тухайн орон сууцны үнэ болох 1 м.кв-ийн үнийн дотоод заслыг өөрийн хөрөнгөөр хийнэ гэсэн байдаг. Бодит зардал нь 38 000 000 төгрөг бөгөөд 209 м.кв байрыг 175 000 000 төгрөгөөр засагдсан гэсэн санхүүгийн баримт гарган өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Б.Бнь өгсөн мэдүүлэгтээ ажил гүйцэтгэх гэрээний бүх зардлыг оролцуулан 38 000 000 төгрөгөөр хийсэн болохоос ажлын хөлс, засварын зардлыг оролцуулан 78 000 000 төгрөгөөр хийгээгүй гэж хэлсэн байдаг. 252 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 261 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ М Ц К” ХХК-аас 65 390 131 төгрөг гаргуулж “Э К” ХХК-д олгож, 480 000 000 төгрөгийн үнэ бүхий Маршал таун хотхоны 5 дугаар таун хаусыг “Э К” ХХК-д үлдээж, “Э К” ХХК-аас 101 095 036 төгрөг гаргуулж “ М Ц К” ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 444 519 төгрөгийн нэхэмжлэл, өргөтгөл буулгахыг даалгах нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 151 708 104 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар “ М Ц К” ХХК болон Б.Бнарын хооронд 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 78 000 000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн “Э К” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ”Э К” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 922 330 төгрөг, хариуцагч” Монгол цонх констракшн” ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 1 422 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, ” М Ц К” ХХК-аас 484 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, “Э К” ХХК-аас 663 425 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “ М Ц К” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэт нэг талыг барьсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх талуудын хооронд үүссэн харилцаа ба түүний өрнөл болсон үйл явдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгч “Э К” ХХК нь хариуцагч “ М Ц К” ХХК-тай 2011 оны 05 дугаар сард "орон сууц худалдах худалдан авах" гэрээг байгуулсан бөгөөд энэ гэрээгээр “ М Ц К” ХХК төлбөрт нь цонх үйлдвэрлэн нийлүүлэхээр тохиролцсон. Энэ гэрээг шүүх дүгнэхдээ худалдах худалдан авах гэрээ, эсвэл ажил гүйцэтгэх гэрээ юм уу гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Шүүх нэхэмжлэгч “Э К” ХХК нь хариуцагч “ М Ц К” ХХК-тай 2011 онд 05 дугаар сард байгуулсан "орон сууц худалдах худалдан авах" гэрээг ажил гүйцэтгэх гэрээ болохыг анхааран үзэж зөв дүгнэлт хийх ёстой байсан. Учир нь бэлэн болсон эд хөрөнгө биш зөвхөн хаусын кракаас арам боссон дуусаагүй барилга “ М Ц К” ХХК хүлээн авч цаашаа барилгын ажил хийж гүйцэтгэсэн. Худалдагч тал нэгэнт акт баримт үйлдэн үйллдвэрлэсэн цонх хаалга хүлээлгэн өгсөн байхад чанарын талаар тусгаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй. Худалдан авагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 225.1.1, 225.1.2-т зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийн энэхүү заалтыг хэрэглэлгүй орхисон.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Э К” ХХК нь хариуцагч “ М Ц К” ХХК-тай 2011 оны 05 дугаар сард "орон сууц худалдах худалдан авах" нэртэй дутуу ажлын гүйцэтгэлтэй орон сууцны хаусын кракаст өөрөө оршин суух зорилгоор барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан, “ М Ц К” ХХК санхүүгийн баримтыг үнэлэх ёстой. Нэхэмжлэгч “Э К” ХХК нь бусдад худалдах зорилгоор хаус барьж байгаа бол “ М Ц К” ХХК-ийн захирал нь өөрөө хувийн орон сууцтай болох зорилгоор барилгын ажил хийж гүйцэтгэж байгааг шүүх анхааран үзэх ёстой. Өөрөөр хэлбэл өөрөө оршин суух хувийн өмчтэй болох зорилгоор барилгын ажил нэмэлт засвар хийх нь илүү зардалтай бөгөөд эдгээр баримтыг нэхэмжлэгч талын төлөөлөгчид ямарч баримтаар няцааж чадахгүй байхад шүүх хариуцагч “ М Ц К” ХХК-аас гаргаж өгсөн баримтыг хэрхэн дүгнэсэн талаар ямарч дүгнэлт хийгээгүй. Шүүх “ М Ц К” ХХК-ийн санхүүгийн баримтыг нотлох баримтаар үнэлэх ёстой байсан. Гэтэл 2011 оны барилгын материалын үнэлгээг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй. Шүүхэд үнэн зөв гэж урдаас үзсэн ямарч нотлох баримт байхгүй бөгөөд хариуцагч тал 2011 онд эхэлсэн маргааныг 2019 он хүртэл саатуулж шийдүүлэхгүй байх бүхий л арга замыг хайж, хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан 2011 оны барилгын материалын үнэлгээ гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгч хэргээ шийдүүлэх ёсгүй. Хариуцагч талын хүсэлт, тулгалтаар бий болгож байгаа нотлох баримтыг туйлын үнэн зөв мэтээр хэт нэг талыг барьж хэрэг шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх байсан. Нэхэмжлэгч “Э К” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариуцагч “ М Ц К” ХХК-тай 2011 оны 05 дугаар сард "орон сууц худалдах худалдан авах" гэрээгээр хэрэв засвар хийвэл “Э К” ХХК-ийн барилгын материалын үнээр уг засвар өөрчлөлтийн ажлыг тооцно гэсэн үндэслэлээр маргаан өрнүүлдэг бөгөөд хавтаст хэрэгт “Э К” ХХК-ийн барилгын материалын үнэ гэх нэг ч нотлох баримт байхгүй. Монгол улсын хуулийн этгээд болох “Э К” ХХК барилгын материал үйлдвэрлэл эрхэлдэггүй болохыг бүгд мэднэ. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий мэтгэлцээн хийхгүй байхад шүүх “Э К” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан. Мөн нэхэмжлэгч тал хууль зүйн ямар үндэслэл, шаардлага гаргаж байгааг шүүх анхааран үзэх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг цуцлах шаардлага гаргаж буй үндэслэлээ төлбөрт тооцож өгсөн цонх хугацаандаа нийлүүлээгүй чанаргүй байсан гэсэн үндэслэл гаргаж маргасан. Нэхэмжлэгч “Э К” ХХК нь хариуцагч “ М Ц К” ХХК-тай 2011 оны 05 дугаар сард "орон сууц худалдах худалдан авах" гэх нэртэй дутуу ажлын гүйцэтгэлтэй орон сууцны хаусын кракасыг өгч байгаа тохиолдолд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасны дагуу “ М Ц К” ХХК-д шилжүүлэн авсан хаусын кракасыг өөрийн өмчлөлдөө авсан болохыг шүүх анхаарах ёстой. Гэтэл “ М Ц К” ХХК нь тухайн байрны цонхыг бүрэн сольсон гэж нэхэмжлэгч “Э К” ХХК-аас гаргасан нотлох баримт худал болохыг бүрэн нотлон оршин суугчид болон СӨХ-өөс баримт тодорхойлолт гаргаж нэхэмжлэлийг няцаасан байхад шүүх бас л үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон иш татсан 2013 оны 4-2-ны 13/45 тоот, 13/46 тоот, 2014 оны 14000311, 140000313 тоот дүгнэлт нь тухайн хэрэг маргаанд хэрэглэж болохгүй. Нэхэмжлэгч “Э К” ХХК нь 2012 онд “ М Ц К” ХХК-ийн бүх хаалга цонхыг “Батлалт” ХХК, “Намган” ХХК-аар солиулсан гэх, энэ дүгнэлтэд бичсэн цонх хаалганы брендийн нэр нь “ М Ц К” ХХК-ийн ашигладаг цонх, хаалганы брендээс зөрөөд байгааг шүүх анхаарсангүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулж байна.

Нэхэмжлэгч “Э К” ХХК нь хариуцагч “ М Ц К” ХХК болон Б.Бхолбогдуулан 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг цуцалж, цонх солиулсан 60 118 150 төгрөг, амалгаа хийлгүүлэхэд зарцуулсан 8 716 500 төгрөг, нийт 68 834 650 төгрөг гаргуулах, Маршал таун хотхоны таун хауст хийсэн өргөтгөлийг буулгахыг даалгах, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч “ М Ц К” ХХК эс зөвшөөрч, орон сууцанд оруулсан хөрөнгө оруулалт 175 793 615 төгрөг, нийлүүлсэн цонх, тагтны хаалганы үнэ 77 009 529 төгрөг нийт 252 803 144 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа, гэрээний үүргийн биелэлт, тэдний шаардах эрхийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.   

Зохигчид 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр вакум цонх нийлүүлэх, угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан байна. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Маршал таун хотхоны 5 дугаар таун хаус, 3 давхар 209 м.кв талбай бүхий орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж хүлээлгэн өгөх, хариуцагч нь гэрээний үнэ 480 700 000 төгрөгийг 1 м.кв цонхны үнийг 69 900 төгрөгөөр тооцож 100 хувь цонхны бартериар төлөхөөр, 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр вакум цонх нийлүүлэх, угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч дээрх гэрээнд заасан амины орон сууцны барилгыг ямар ч засалгүйгээр байгаа байдлаар нь хүлээлгэн өгөх, хариуцагч  нь нэгж талбайн үнийг 2 300 000 төгрөгөөр тооцон нийт 480 000 000 төгрөгт хуванцар цагаан өнгөтэй вакум цонх, хаалга үйлдвэрлэн нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 60 хоногт багтаан захиалагч талын барилгын объектод өөрийн тээврийн хэрэгслээр хүргэхээр харилцан тохиролцжээ. Эдгээр гэрээний агуулгаас үзэхэд 2 дахь гэрээ нь эхний гэрээний зүйл болох орон сууцны барилгын үнийг төлж барагдуулах харилцааг зохицуулсан гэж дүгнэхээр байна. Талуудын дээрх тохиролцоо үүрэг гүйцэтгэх арга хэлбэр, журмыг гэрээний талууд тодорхойлох зарчим болоод Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэнтэй нийцсэн, мөн хуулийн 274 дугаар зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний шинжийг илүү агуулсан байх тул талуудын маргааныг шийдвэрлэхдээ худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг анхаарч үзэхээр байна.

  

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авах, гэрээгээр тохирсон төлбөрийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Хэргийн 2 дугаар хавтасны 53-54 дүгээр талд хариуцагч нь  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10 дугаар хороолол Голден парк хотхоны 110 дугаар байр 16 давхар орон сууцны 1-8 дугаар давхарт нийт 207 ширхэг цонх, 128 ширхэг хаалга, 9-16 давхарт нийт 193 ширхэг цонх, 128 ширхэг тагтны хаалга нийлүүлсэн талаар гэрээт ажил хүлээлцсэн акт гэх баримт авагдсан байх боловч уг баримтыг үндэслэн хариуцагч гүйцэтгэвэл зохих үүргээ гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанарын шаардлагад нийцүүлэн биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна. 

 

Хариуцагчийн нийлүүлсэн цонх, тагтны хаалганы чанар, тоо, хэмжээний талаар зохигчид маргадаг бөгөөд орон сууцны барилгын үнэд нийлүүлсэн цонх, тагтны хаалга чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байгаа нь Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн, Барилга хот байгуулалтын яамны зураг төсөл, эрдэм шинжилгээний институтын барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн, мэргэшсэн шинжээч Ч.Төмөрсүхийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн гүйцэтгэх ажлыг “Батлалт” ХХК, “Номгон” ХХК-аар гүйцэтгүүлсэн гэж ажлын хөлс нийт 68 832 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг анхаарч үзээгүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хариуцагчийн нийлүүлсэн цонх, хаалганы 85 хувь буюу 256 хаалга, 300 цонхыг сольсон гэсэн тайлбар гаргасан байна. /5хх109/. Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардлыг тооцоолж, 65 390 131 төгрөгийн 85 хувь болох 55 581 611 төгрөгийг хариуцагч “ М Ц К” ХХК-аас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна.

 

2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох,  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Маршал таун хотхоны 5 дугаар таун хауст хийсэн өргөтгөлийг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

  Хариуцагч “ М Ц К” ХХК нь Маршал таун хотхоны 5 дугаар таун хаусын 209 м.кв талбай бүхий орон сууцанд оруулсан хөрөнгө 175 793 615 төгрөг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10 дугаар хороолол Голден парк хотхоны 110 дугаар байрны 1-16 дугаар давхарын цонх болон тагтны хаалганы үнэ 77 009 529 төгрөг, нийт 252 803 140 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

Маргаан бүхий таун хауст хийсэн засвар, өргөтгөлийн ажлын зардлыг үнэлсэн 5 удаагийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байх ба шүүх “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн 54 595 459 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн журмаар шинжээчийн дүгнэлт гаргах зохицуулалттай нийцсэн байна.

 

Гэрээний дагуу нийлүүлсэн цонх, тагтны хаалганы үнэд нэхэмжилж байгаа үнийн дүн нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, шүүхийн 46 499 577 төгрөгөөр гэж тооцсонд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна. 

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/01731 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1” гэж, “65 390 131” гэснийг “55 581 611” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “ М Ц К” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 243 441 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                    

   

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                   А.МӨНХЗУЛ