| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0613/Э |
| Дугаар | 630 |
| Огноо | 2018-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч Л.Мнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Халхаачууд овогт Лхагвасамбуугийн Мт холбогдох эрүүгийн 1809029400715 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, Улаанбаатар төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, “Суварга Буян” ХХК-д жолооч, чулуучин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47-50а тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Халхаачууд овогт Лхагвасамбуугийн М, /РД:УП92051996/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Мнь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45-03 тоотод иргэн Ц.Бат-Өлзийг хувцаснаас зуурлаа гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Бат-Өлзийгийн мэдүүлэг /хх-11-13/, гэрч Д.Одгэрэлийн мэдүүлэг /хх-23/, гэрч Ж.Аюурзанын мэдүүлэг /хх-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №7844 дугаартай
шинжээчийн дүгнэлт /хх-23/, яллагдагч Л.Мын мэдүүлэг /хх-5/ хохирогч Ц.Бат-Өлзий, шүүгдэгч Л.Мнарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх45, 48/, шүүгдэгч Л.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-35-42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Учир нь Л.Мнь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45-03 тоотод иргэн Ц.Бат-Өлзийг хувцаснаас зуурлаа гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь,
шүүгдэгч Л.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Бат-Өлзийг би түлхсэн, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх /хх-5/, хохирогч Ц.Бат-Өлзийгийн “...хэвтэж байтал зүүн нүд рүү нэг удаа, баруун шанаа руу нэг удаа, дух руу нэг удаа, чээжинд 2 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-11-13/, гэрч Д.Одгэрэлийн “Бат-Өлзий унахдаа зүүн шанаа, толгой хэсгээр пийшин мөргөөд унасан” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Ж.Аюурзаны “М Бат-Өлзийг түлхсэн чинь цаашаа алхаад гуйваад унасан” гэх мэдүүлэг /хх-21/, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №7844 дугаартай шинжээчийн дүгнэлт “Ц.Бат-Өлзийгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нурууны зүүн талд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-23/, болон хохирогч, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Мт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүх шүүгдэгч Л.Мын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Л.Мт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...550 нэгж буюу 550.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүх Л.Мт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Мнь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Мнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Халхаачууд овогт Лхагвасамбуугийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Л.Мыг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Мнь 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Мнь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР