Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/1230

 

2025           10            29                                                                             2025/ДШМ/1230

 

   Д.Л-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,   

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2169 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Л-, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн Д.Л-т холбогдох 2503 00397 0748 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х- овогт Д-ын Л-, ........., ял шийтгэлгүй, /РД: ............./,

 

Шүүгдэгч Д.Л- нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалант 23 дугаар гудамжны замд 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 10 минутын үед "Toyota Aqua" маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газар: Д.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…шүүгдэгч Х- овогт Д-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Л-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Л-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Л-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Л-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг...” тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусад хүн, хуулийн этгээдэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс хамаарч эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ялыг сонгож хэрэглэх учиртай. Шүүгдэгч Д.Л-ын гэмт үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй болно. Шүүгдэгч нь бага насны 3 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь одоогийн байдлаар эмээгийндээ амьдарч байгаа бөгөөд шүүгдэгчид хорих ял оногдуулсны улмаас шууд бусаар хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсэж байна. Шүүгдэгч Д. Л-т хорих ял оногдуулснаараа архи, согтууруулах ундаа хэрэглэх, улмаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл дахин жолоодож гэмт хэрэг үйлдэх нөхцөл арилахгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2,  мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 9-т тус тус зааснаар хорих ялыг өөр төрлийн ялаар сольж, хорт зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.Л-аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...би ам бүл 5-лаа, 3 хүүхэд маань Увсад эмээтэйгээ байгаа. Миний бие 14 хоногийн ээлжийн амралтаараа 3 хүүхэдрүүгээ очиж ээжийгээ амраадаг байсан. Миний хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Гэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Л-, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын гаргасан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1. Д.Л- нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалант 23 дугаар гудамжны замд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 10 минутын үед "Toyota Aqua" маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 - Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 6-9/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тухай /хх 10-11/,

- зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх 12/,

- Д.Л-ын спиртийн агууламж шалгасан баримт...спиртийн агууламж 2.77% ... /хх 13/,

- жолоочийн мэдээлэл ...2024 оны 5 дугаар сарын 28-нд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан.../хх 19/

- Д.Л-ын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх 26/

- шүүгдэгчийн хувийн мэдээллүүд /хх 27-30/,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 822 дугаар шийтгэвэр ...Д.Л-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 25 хоног баривчлах шийтгэл оногдуулсан... /хх 55-57/,

- Цагдаагийн ерөнхий газар зөвшөөрөл, үйлчилгээний төвийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг ...Д.Л-ын жолоодох эрхийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэн, уг хугацаа дуусгавар болсон тул хүчинтэй төлөвт байна. Эрх сэргээгдсэн.../хх 58-59/,

- Мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 0000890 дугаар магадлагаа: “...Toyota Aqua маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Л- нь 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна...” /хх 96-97/,

- шүүгдэгч Д.Л-ын: “...хороололд явж байтал урдаас нэг машин гарч ирээд мөргөлдсөн. Тухайн машин урсгал сөрж орж ирсэн. T.Agua загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл банк бусын нэр дээр байдаг, миний эзэмшлийн машин юм. Би жолоодох эрхээ 2024 оны 5 дугаар сарын 28-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хасуулсан. Тухайн өдөр том пиво ганцаараа уусан...” /хх 18, 107/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 109/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Л-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Л- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт мөрдөн байцаалтын явцад эргэлзээгүй нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийтгэл хүлээсэн Д.Л- нь дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн үйлчлэлд бүрэн хамаарах бөгөөд хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол ...” хэмээн тодорхойлж “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг ойлгоно гэсэн аутентик тайлбарыг хуульчилжээ.

Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Д.Л-ын хувьд 2024 оны 5 дугаар сарын 28-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ болон 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

4. Шүүгдэгч Д.Л-аас ...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас...Шүүгдэгч Д.Л-ын гэмт үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй болно. Д.Л-т хорих ял оногдуулснаараа архи, согтууруулах ундаа хэрэглэх, улмаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл дахин жолоодож гэмт хэрэг үйлдэх нөхцөл арилахгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2,  мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялыг өөр төрлийн ялаар сольж, хорт зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус гаргажээ.

 

А. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг хэрэглэх нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас хорих ялыг шүүгдэгчийн буруу болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэн сонгон хэрэглэснийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх болно.

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосоны дагуу шүүгдэгч Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

Тодруулбал, шүүгдэгч Д.Л- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, Увс аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 402 дугаар албан бичиг /... хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртсөн гэх, хүүхдүүд нагац эмээтэйгээ амьдардаг бөгөөд цаашид хүүхдүүдийг харах боломжгүй тул холбогдох байгууллагад шилжүүлж өгнө үү гэх" дуудлагыг тус тус гаргасан байна. ...3 хүүхэд одоогоор Увс аймаг Улаангом сумын 10-р баг **** тоотод нагац ээжийн хамт амьдардаг бөгөөд боловсролын үйлчилгээнд бүрэн хамрагдаж хамтарсан багийн хяналтад байна.../ зэргийг харгалзан үзсэн.

 

            Б. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох нь тогтоогдвол түүнд оногдуулсан ял дээр нэмж энэ хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 7.4 дүгээр зүйлд “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчилсан.

            Хэрэгт, шүүгдэгч Д.Л- нь ...согтуурах... эмгэгтэй гэх Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт авагдаагүй байна.

            Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэх боловч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг тусгай мэдлэгийн хүрээнд зайлшгүй тогтоох шаардлагатай.

           

            Иймд шүүгдэгч Д.Л-, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын гаргасан гомдлуудаас “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэснийг хүлээж авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, эдлэх ялыг 208 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2169 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтыг “... 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгон,

            шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ын цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, түүний эдлэх ялыг 208 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Л-, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын гаргасан гомдлуудаас “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэснийг хүлээж авч, шүүгдэгч Д.Л-ыг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ОДОНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                       Н.БАЯРМАА