2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/00183

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025  12  26  191/ШШ2026/00183

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж 4, Капитрон Банк-ны төв байранд байрлах, ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 36а гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:НБ74102213/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,539,158 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан,

Хариуцагч Ц.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ц.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,539,158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,780,000 төгрөгийн 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан.

Хариуцагчийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 17,931,487 төгрөг, зээлийн хүү 1,872,042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,870 төгрөг, нийт 19,836,399 төгрөг байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 19,836,399 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 702,759 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 20,539,158 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

2. Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зөвшөөрөлгүйгээр миний хувийн мэдээллийг ашиглан манай дүүгийн хүүхэд 2024 оны 11-р сарын 15-нд *******-аас 20,780,000 төгрөгийн зээл авч өөрийн данс руу шилжүүлсэн байна.

 

Би энэ зээлд гарын үсэг зураагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, банкны салбарт өгөөгүй, ямар нэг зөвшөөрөл өгөөгүй. Би өөрөө энэ үйлдлийн талаар огт мэдээгүй бөгөөд зөвхөн банкнаас анхны мэдэгдэл ирсний дараа л мэдсэн.

 

Миний гомдлын дагуу Баянзүрх дүүрэг Цагдаагийн хэлтэст шалгагдах, мөрдөнгийн ажиллагаа дууссан. Хэргийн улмаас зээлийг авсан нь тогтоогдож, зээлийн төлбөрийг өөрөө төлөхөөр болсон.

Иймд уг зээлийн өр төлбөрийн асуудалд би ямар ч холбоогүй бөгөөд миний нэр дээр шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье. гэжээ.

 

3.    Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3х/, мөнгө зээлсэн баталгаа, хүү тооцсон дүн, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 7-19х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22х/, зэрэг баримтууд,

 

Хариуцагч хариу тайлбар /хх-ийн 26,27х/ гаргасан.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ц.*******тай 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаартай Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул хариуцагчаас 20,539,158 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нь өөрийн цахимаар зээл авахад ашиглагддаг гүйлгээний нууц үг, харилцах нууц үгийг хамгаалах, бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй тул хариуцагчийн өөрөө зээл аваагүй, өөр этгээд нууц үгийг ашиглан зээл авсан гэх татгалзал үндэслэлгүй гэв.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний зөвшөөрөлгүйгээр манай хамаатны дүү миний утас, нууц үгийг ашиглан зээл авсан байх бөгөөд энэ талаар цагдаад хандсан. Ингээд зээлийг зээл авсан хамаатны хүн төлөхөөр болсон тул миний бие энэ зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна гэв.

 

4.    Хариуцагч тухайн зээлийг өөрөө аваагүй тул төлөхгүй гэж маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-       Хариуцагч Ц.******* нь ******* ХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаартай Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 20,780,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-9-14/

-       Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээл болон хүүний төлбөрийг хариуцагч нь 2027 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр сар бүр төлөлт хийж төлж, барагдуулах үүрэгтэй байсан хэдий ч 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлт хийгээгүй, зээл төлөх үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан зээл төлөх график болон зээл, зээлийн хүүний тооцоолол зэргээс тогтоогдож байна. /хх-13, 15/

 

6.    Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч Ц.******* тухайн гэрээг өөрөө байгуулаагүй буюу гар утсаар авах зээлийг өөрөө аваагүй, өөрийнх нь утсыг хамаатны дүү нь ашиглан зээл авсан, тиймээс зээлийг төлөхгүй гэж маргасан боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй, мөн түүнчлэн цахимаар цалингийн зээлийг өөрийн нэрээр, өөрийн нууц үгийг ашиглан авсан болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нь тухайн зээлийн төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй байна.

 

7.    Иймээс хариуцагч Ц.*******аас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлийн төлбөр 20,539,158 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

8.    Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ц.*******аас 20,539,158 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 278,548 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ