| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2023/03045/И |
| Дугаар | 191/ШШ2026/00125 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/00125
2025 12 25 191/ШШ2026/00125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, шүүгч Л.Болортуяа, Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Лакс центр, 1101 тоотод байрлах, ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, *******-р байр, ******* тоотод оршин суух, ******* /*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 16,760,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч *******,
Иргэдийн төлөөлөгч М.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ид холбогдуулан гэм хорын хохиролд 16,760,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодон уруу газар өнхрүүлэн асаах үйлдэл хийхдээ Чингэлтэй дүүргийн 22-р хороо дугаар гудамжны замд тоот хашаа байшинг мөргөж зам тээврийн осол гаргасан байдаг. Нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн эзэмшлийн дээрх машиныг засварлуулах зорилгоор өөрийн ажилтнаар дамжуулан *******ид Исузу форвард маркийн 00-06 УБЭ улсын дугаартай автомашиныг хүлээлгэж өгсөн байдаг бөгөөд ингэхдээ бичгээр гэрээ хийлгүй, аман байдлаар тохиролцон шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэхээр түүний эзэмшилд шилжүүлсэн байдаг. Гэвч ******* нь дээрх байдлаар Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зөрчил гаргасны улмаас манай компанийн эзэмшлийн авто машинд 16,092,200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хөндлөнгийн үнэлгээний байгууллагын төлбөрт 668,500 төгрөг төлж, нийт 16,760,500 төгрөгийн хохирол учраад байна.
******* нь хэний эзэмшил, өмчлөлийн автомашиныг жолоодож явсан эсэхээс үл хамааран Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг чандлан биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол автомашины өмчлөгч болох ******* ХХК-д гэм хор учрахгүй байсан. Улмаар түүий буруутай үйлдлийн улмаас дээрх хохирлыг амсахад хүрч байгаа тул *******оос ******* ХХК-д учруулсан гэм хорын хохиролд 16,760,500 төгрөг гаргуулж өгнө үү.
Тээврийн цагдаагийн албанаас хэмжилт хийж, дүгнэлт гаргасан. Машины кабин бүрэн эвдэрсэн, хариуцагчаас засварлуулж өгнө гэж хэлээд утсаа авахгүй алга болсон. Кабин худалдан авсан 4 сая төгрөгийг манай байгууллагаас гаргаж, хариуцагчаар дамжуулан цааш худалдагчид өгч, кабиныг худалдаж авсан. Манайхаас өгсөн 4 сая төгрөгийг өөрөө өгсөн гэдэг тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа ба тус хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тухайн үед ******* ХХК-ийн ажилтан нь манай хамаатан бөгөөд машиныг өнхрүүлээд асаагаад өгөөч гээд гуйсны дагуу би түүнд итгэн, суун доош машиныг өнхрүүлэхэд машины зогсоолын тоормос, хурдны хайрцагны араа нь араандаа ороогүйгээс зогсоож чадалгүй өнхөрч явсаар айлын хашаа байшин мөргөөд зогссон. Хүнд тусалж машиныг нь асааж өгөх гэсэн биш сүүлдээ би өрөнд ороод байна. Бүрэн бус тээврийн хэрэгсэл мөн тээврийн хэрэгслийн даатгалгүй улмаас би хохирох байдал үүсээд байна. Надаас хохирлыг гаргуулахаар нэхэж байгаа нь үндэслэлгүй. Анх тэр даруйдаа би өөрийгөө буруутай гэж бодож, хохирлоос хариуцна гэж хэлсэн боловч сүүлд бодоод үзэхээр намайг гуйж машин асаалгуулах гэснээс би машиныг нь гуйж аваагүй учир миний буруу байхгүй гэж үзэж байна. Кабин нийт 8 сая төгрөгийн үнэлгээтэй бөгөөд компаниас 4 сая төгрөгийг төлж, үлдсэн 4 сая төгрөгийг би өөрөөсөө төлсөн, баримтыг нь хэрэгт өгсөн байгаа.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 9011303061 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бэлэн мөнгөний зарлагын баримт, 2023.02.13-ны өдрийн 53 дугаартай Тээврийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2023.01.27-ны өдрийн 133 дугаартай Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн зураг, гэрэл зураг, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн үнэлгээ, төлбөрийн баримт, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт зэрэг баримтууд,
Хариуцагчаас хариу тайлбар, данснуу хуулгыг баримтаар гаргасан.
Шүүхийн журмаар ******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1-31 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23/25 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал, гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Энхтуяа нь авто машинаа засуулах албан ёсны гэрээ батлуулаагүй, аман тохиролцоогоор, ******* ХХК-ийн ажилтны зааврын дагуу асаах үйлдэл хийснээс осол гарсан тул Пүрэвдорж гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ХХК нь ажилтан дамжуулан хариуцагч *******ид Нумт өргөө ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн УБЭ улсын дугаартай автомашиныг засварлуулахаар шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр авто машиныг жолоодон уруу газар өнхрүүлэн асаах үйлдэл хийхдээ Чингэлтэй дүүргийн 22-р хороо дугаар гудамжны замд тоот хашаа байшинг мөргөж зам тээврийн осол гаргасан. Хариуцагч нь хэний өмчлөлийн авто машиныг барихаас үл хамаараад замын хөдөлгөөний дүрмийг баримтлах учиртай байсан бөгөөд компанид хохирол учруулсан. Иймд авто машинд учирсан 16,092,200 төгрөгийн хохирол болон нэхэмжлэгчийн зүгээс хөндлөнгийн үнэлгээний байгууллагад төлсөн төлбөр 668,500 төгрөг нийт 16,760,500 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч ******* ХХК нь машины кабиныг засварлах зардалд 4,000,000 төгрөгийг хариуцагчаар дамжуулан бусдад төлсөн, гэтэл хариуцагч өөрөөсөө 4,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч компанийн ажилтан нь миний хамаатан бөгөөд намайг машиныг асааж өгөхийг гуйж, би түүнд итгэн, машиныг уруу газар өнхрүүлсэн боловч зогсоолын тоормос, хурдны хайрцагны араа нь араандаа ороогүйгээс зогсоож чадалгүй өнхөрч явсаар айлын хашаа байшин мөргөөд зогссон. Миний бие нэхэмжлэгчээс машиныг нь гуйж аваагүй, харин надаар асаалгаж, засварлуулахаар гуйсан, мөн бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан, тээврийн хэрэгслийн даатгалгүй зэрэг нь миний буруу биш байна. Мөн түүнчлэн, машины кабиныг засварлуулах нийт зардал 8 сая төгрөг болсон бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь 4 сая төгрөгийг төлж, үлдсэн 4 сая төгрөгийг би өөрөөсөө төлсөн, баримтыг нь хэрэгт өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Талууд хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн авто машиныг уруу газар өнхрүүлж, осол гаргаж, машинд 16,092,200 төгрөгийн, үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 668,500 төгрөг нийт 16,760,500 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэдэгт маргадаггүй боловч тухайн гэмтэл учруулахад хариуцагч гэм буруутай эсэх, гэм буруу хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх, мөн кабины төлбөрөөс хариуцагч нь 4 сая төгрөгийг төлж барагдуулсан эсэхэд маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Исузу Форвард загварын 00-06 УБЭ улсын дугаартай авто машин нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь хэрэгт авагдсан 04102511 дугаартай техникийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
- 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 0000046 дугаартай зам тээврийн осол дээр тогтоосон акт үйлдсэн байх бөгөөд тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолтоор маркыг исузу, улсын дугаар 0006 УБЭ, албан байгууллагыг ******* ХХК, тормозны мөрний хэмжээг мөргүй, зорчигчдын тоог ганцаараа, овог нэр Баярцэнд Пүрэвдорж гэж тэмдэглэн, осол гарсан газар дээр хийгдсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан газрын гэрэл зураг хэрэгт авагдсан. Эдгээрээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн авто машиныг хариуцагч ******* нь унаж, осол гаргаж, айлын хашаа, байшин болон ниссан маркын авто машин мөргөсөн болох нь тогтоогдож байна.
- Хариуцагч ******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1-31 дугаартай, тус өдрийн 23/25 дугаартай тушаалуудаар тус байгууллагын менежер ажилтай Тэгшээ овогтой Буманбаярыг ажлаас чөлөөлсөн байна.
- нь нэхэмжлэгч ******* ХХК-д ажиллаж байх үедээ хариуцагч *******ид компанийн өмчлөлийн автомашиныг шилжүүлсэн болох нь, мөн түүнчлэн ******* ХХК нь гарсан хохиролтой холбоотойгоор аас аливаа төлбөр гаргуулаагүй болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг болох нэхэмжлэгч талаас асуусан Тухайн үед хариуцуулж, Буманбаяраас Пүрэвдоржид өгсөн. Энэ талаар яг юу болсон бэ гэх асуултад гэрч Эхний удаа би өөрөө өнхрүүлсэн. Асаах гээд ямар нэгэн оролдлого зөндөө л хийсэн л дээ. Тэгээд доошоо түрэхэд асаагүй. Буцаж гаргаж ирээд үзүүлсэн. Тэгээд ахиад өнхрүүлэхээр асах боломжтой гэж үзээд өнхрүүлсэн. Тэр үед надаас жолоочийг нь суулгах уу яах уу гэж асуухад нь чадахгүй юм шиг байна, чи суучих гэхэд за ок гээд түлхүүрийг нь өгөөд өгөөд суусан гэх хариулт, шүүгчийн ******* ХХК-ийн авто машинд хохирол учруулсныхаа төлөө гэрч Буманбаяр та ямар нэгэн хариуцлага хүлээсэн үү, эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн үү гэх асуултад гэрч Эд хөрөнгийн хариуцлага гэхээс илүү тэр хэргийн дараахан нь ажлаасаа гарсан гэж, шүүгч яг хохирол учруулсантай холбоотойгоор танаас мөнгөн дүн төлүүлсэн юм байгаа юу гэхэд Байхгүй, хэн нь яг яасан ийсэн нь тодорхойгүй байгаа учраас гэж бодож байна. Тухайн үед чи ажлаа хийж чадахгүй байна гэсэн үндэслэлээр ажлаасаа халагдсан гэж өгсөн мэдүүлэг болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
- Улмаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор хариуцагч *******ийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, жолооч дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэж дүгнээд, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй, зөрчлийн шинжтэй гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
- Дээрх тогтоолд гомдол гаргаж, гомдлын хариуг Тээврийн прокурорын газраас иргэн Ж.Жаргалсайханд 2023 оны 53 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байх ба тус хариунд хяналтын прокурор Ч.Батбаатарын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнээд, ******* ХХК-д учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар түүний оршин суугаа газрын шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
- Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар уг ослыг гарсан шалтгааныг техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ *******ийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн, зам тээврийн осол дээр тогтоосон акт дээр тормозны мөрний хэмжээ хэсэгт мөргүй гэж тэмдэглэсэн баримт болон хариуцагч *******ийн өөрийн тайлбараар нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн авто машины тормоз ажиллаагүйгээс осол гарах нөхцөл бүрджээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
- Дээрх ослоос үүдэж, Исузу Форвард загварын 00-06 УБЭ улсын дугаартай авто машинд нийт 16,092,200 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. Мөн энэ үнэлгээг хийлгэхээр нэхэмжлэгч талаас 668,500 төгрөг төлсөн болох нь Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын падаанаар тогтоогдож байна. Иймээс нийт нэхэмжлэгч талд 16,760,500 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
- Хариуцагч талаас хохирол учирсан авто машины кабиныг нийт 8 сая төгрөгөөр худалдаж авсан, 4 сая төгрөгийг ******* ХХК төлж, үлдэх 4 сая төгрөгийг хариуцагч өөрөө төлсөн гэж тайлбарладаг, харин нэхэмжлэгч талаас кабины 4 сая төгрөгийг шилжүүлсэн, хариуцагчаас төлбөр төлөөгүй гэж маргадаг. Хэрэгт авагдсан, хариуцагч *******ийн гаргаж өгсөн Голомт банкны дансны лавлагаагаар 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 4 сая төгрөгийн зарлагыг кабин гэсэн утгатайгаар Ганболд гэж хүний Хаан банкны дансруу шилжүүлсэн байна. Мөн түүнчлэн гэрч хариуцагч *******ийг кабины төлбөрөөс төлсөн гэж мэдүүлэг өгсөн зэргээс кабины төлбөрийг 8 сая төгрөг байсан, үүний 4 сая төгрөгийг хариуцагч ******* төлж, үлдэх 4 сая төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан.
7. Хэдийгээр ******* ХХК-ийн өмчлөлийн авто машины тормоз ажиллаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй байсан болох нь тогтоогдож байх боловч ******* ХХК-ийн ажилтан нь хариуцагч *******ид тухайн машиныг засварлуулахаар шилжүүлэн өгсөн болох нь мөн хариуцагч ******* нь авто машин засварладаг, энэ талаар мэдлэгтэй болох нь түүний өөрийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байхаас гадна Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг авто машины жолооны ард сууж буй жолооч бүр баримтлах үүрэгтэй. Иймээс хариуцагч ******* нь авто машиныг уруу газар өнхрүүлэхээс өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй байх тул хариуцагчийн буруутай, үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлээс шалтгаалж бусдад хохирол учирсан шалтгаант холбоотой байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. Харин хариуцагч ******* өөрийгөө буруугүй гэх боловч үүнийг нотолсон баримтыг ирүүлээгүй болно.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан тул хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д учирсан хохирол 16,760,500 төгрөгийг хариуцан арилгах үүрэгтэй байна. Харин хариуцагч нь тухайн машины эд анги болох кабиныг худалдан авах зардлаас 4,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчид учирсан хохирол болох 16,760,500 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг хасч тооцон хариуцагч *******оос 12,760,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
9. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Энхтуяагийн гаргасан авто машинаа засуулах албан ёсны гэрээ батлуулаагүй, аман тохиролцоогоор, ******* ХХК-ийн ажилтны зааврын дагуу асаах үйлдэл хийснээс осол гарсан тул Пүрэвдорж гэм буруугүй гэсэн дүгнэлтийг шүүх үндэслэлгүй гэж үзэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос 12,760,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 241,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 219,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ
ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН