| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0618/Э |
| Дугаар | 631 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Ө.Тнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Ашуул овогт Өлзийсайханы Тд холбогдох эрүүгийн 1809031480754 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Тнь 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байлрах гэрэлт гудамжинд иргэн Б.Бархасбадийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Бархасбадийн мэдүүлэг /хх-7/, гэрч Б.Билгүүн, Б.Бямба-Очир, Б.Чойжамц, Т.Хаш-Эрдэнэ нарын мэдүүлэг /хх-8, 9, 11, 12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8481 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-14/, яллагдагч Ө.Тгийн мэдүүлэг /хх-24-25/ хохирогч Б.Бархасбадь, шүүгдэгч Ө.Тнарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-48-49/, шүүгдэгч Ө.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-29-34, 52-53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Учир нь Ө.Тнь 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байлрах гэрэлт гудамжинд иргэн Б.Бархасбадийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь,
шүүгдэгч Ө.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, Бархасбадийг нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохьсон, яг хэдэн удаа цохисноо сайн мэдэхгүй байна” гэх /хх-25/, хохирогч Б.Бархасбадийн “...Т миний нүүр, нүд, толгой руу цохьсон, нүд юм харахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-7/, гэрч Б.Билгүүний “гадаа Бархасбадь шатаар буугаад зүүн гар талд ганцаараа хөмсөг нь сэтэрчихсэн, нүд нь хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-8/, гэрч Б.Бямба-Очирын “Бархасбадь хүнд зодуулчихсан гээд хөмсөг нь сэтэрчихсэн, баруун нүд нь хөхөрчисөн байсан” гэх мэдүүлэг /хх-9/, гэрч Б.Чойжамцын “...тэр залуугийн хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-11/, гэрч Т.Хаш-Эрдэнийн “Тгийн дух нь халцарчихсан, нөгөө залуугийн хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8481 дугаартай шинжээчийн дүгнэлт “Б.Бархасбадийн биед баруун ухархайн доод хананд хугарал, 2 зовхи, алимны салстад цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-14/, болон хохирогч, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ө.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүх шүүгдэгч Ө.Тгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Ө.Тд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүх Ө.Тд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Тнь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Тнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашуул овогт Өлзийсайханы Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Ө.Тг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Тнь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Тнь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР