| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2508 00000 1287 |
| Дугаар | 2025/ДШМ/1231 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхжин /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/1231
2025 10 29 2025/ДШМ/1231
Д.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энхжин /цахимаар/,
шүүгдэгч Д.Г- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Г-т холбогдох 2508 00000 1287 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Д-ийн Г-, .........,
урьд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 02 дугаар сарын 18-нд биелүүлсэн, /РД:........../,
Шүүгдэгч Д.Г- нь 2025 оны 6 дугаар сарын 22-ны шөнийн 04:00 цагийн үед хохирогч Б.О-ын хүн байнга амьдрах зориулалтай нийтийн байранд хууль бусаар
нэвтрэн орж, түүний эзэмшлийн iphone11 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 980.000 төгрөгийн хохирол учруулсан "хулгайлах" гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Г- нь Дархан-Уул аймагт эхнэр, 2-16 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, гагнуурчин мэргэжилтэй. Эхнэр Г- нь гэртээ хүүхдүүдээ хардаг. Ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Иймд миний үйлчлүүлэгчийн гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх өр төлбөргүй, ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг зэрэг хэргийн болон хувийн байдлуудыг харгалзан үзэж ЭХ-ийн ЕА-ийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн хорих ялын доод хэмжээнээс доош татаж өгөхийг хүсье...” гэв.
Шүүгдэгч Д.Г-аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Иймд Х-ийн ЕА-ийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн хорих ялын доод хэмжээнээс доош татаж өгөхийг хүсье...” гэв.
Прокурор Б.Энхжин шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Прокуророос Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд яллагдагч, түүний өмгөөлөгч нараас зүйлчлэл дээр маргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан. Хоёрдугаарт, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай буюу гэм буруу дээр маргаж оролцсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх шаардлага хангаагүй талаар шийтгэх тогтоолд дурдаж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч Д.Г- нь 2025 оны 6 дугаар сарын 22-ны шөнийн 04:00 цагийн үед хохирогч Б.О-ын хүн байнга амьдрах зориулалтай нийтийн байранд хууль бусаар
нэвтрэн орж, түүний эзэмшлийн iphone11 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 980.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 01/,
- хохирогч Б.О-ын: “...2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 00:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо **** 1-25 тоотод байх нийтийн байрандаа халуун болохоор нь хаалгануудаа онгойлгоод унтсан юм. Өглөө нь буюу 10:00 цагийн үед миний гар утас байхгүй байсан. Миний гар утас iphone11 pro max загварын гар утас, 1.500.000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж авч байсан...” /хх 9-10/,
- Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо **** 1-25 тоот нийтийн байрны 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын камерын дүрс бичлэгийг хуулбарласан 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 13/,
- кассын зарлагын баримт ...45.000 төгрөг... /хх 15/,
- Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан ...iphone11 pro max 980.000 төгрөг... /хх 16-19/,
- Д.Г-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 28-30/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 32-34/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх 42-45/,
- шүүгдэгч Д.Г-ын: “...2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үүрээр өөрийнхөө гар утсыг хайгаад олоогүй. Тэгээд утсаа хайж байгаад хажуу айлд ортол хаалга нь онгорхой байхаар нь тэр чигтээ ороход эзэд нь унтацгааж байсан. Тэгэхээр нь би зурагтны шүүгээн дээр нь байсан хар өнгийн гар утас байхаар нь аваад гарчихсан юм. Миний гар утас одоо надад байна. Би өрөөндөө орныхоо доор унагаасан байсан байна лээ. Би бусдын эзэмшлийн гар утсыг өөрт нь хэлэлгүй авч гарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна...” /хх 25-26, 49/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Г-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4. Шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нараас ...гэм буруутай үйлдэлдээ маргахгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан зохицуулалтыг хэрэглэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.Г- нь хохирогчийн iphone11 pro max загварын гар утсыг биет байдлаар буцааж өгсөн хэдий ч анхан шатны шүүхээс түүнийг хууль хэрэглээ, гэм буруугийн талаар маргаж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнээд, шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсаныг буруутгах үндэслэлгүй.
Иймд шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 43 /дөчин гурав/ хоног цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2155 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА