Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/1232

 

2025           10            29                                                                             2025/ДШМ/1232

 

   С.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнхболд,

хохирогч С.С-ын түүний өмгөөлөгч О.Баяржаргал, Б.Гомбодорж,

шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн,   

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2021 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч О.Баяржаргал, Б.Гомбодорж нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн С.М-д холбогдох 2509 01977 0881 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х- овогт С-гийн М-, ........., ял шийтгэлгүй, /РД:........./,

 

Шүүгдэгч С.М- нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Бадруун төвийн гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.С-тай маргалдан нүүрэн тус газарт 1 удаа цохиж унаган түүний биед дагз яс, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун гарын 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, зулайн хуйхны шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: С.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүгдэгч Х- овогт С-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М-д 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч С.М- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мен хуулийн еренхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад, хохирогч С.С- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Баяржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэргийн 53-55 дугаар талд авагдсан дүгнэлт нь ойлгомжгүй буюу туйлын тодорхойгүй байх ба энэ талаар дүгнэлттэй нь холбогдуулан шинжээч эмчээс асуух, цаашлаад дахин шинжээч томилох зэрэг хуульд заасан хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй байна. Тодруулбал, хохирогч С.С-ын эрүүл мэндэд дагз ясны хугарал, тархины зүүн талын дух, зулай цусан хураа, эдийн няцрал, баруун гарын 5-р хурууны ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зоолон эдийн няцрал, цээж, хүзүүний цус хуралт, зулгаралт зэрэг хэд хэдэн эрхтэн тогтолцоонд үүссэн гэмтлүүд нь бүгд Хүнд гэмтлийн зэрэгт хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй буюу учирсан гэмтэл тус бүрээр нь гэмтлийн зэргийг ялган тогтоогоогүй нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэл муутай дүгнэлт байхад шүүх гагцхүү уг тодорхойгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. М.М-ын "...Орилоод гүйгээд ирэхэд нь эргэж хараад нэг удаа эрүү лүү нь баруун гараараа цохиход газар унасан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй..." гэх мэдүүлгийг үндэслэн прокурор яллах дүгнэлт үйлдэж, улмаар шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Дээрх мэдүүлгээс дүгнэвэл баруун гараараа нэг удаагийн үйлдлээр нүүрэн тусах газар буюу эрүү лүү нь цохисон бол хохирогч С.С-т дээрх цээж, хүзүү, нүд, хамрын хэсэгт гэмтэл учирах боломжтой эсэх, мөн толгойн хэсгийн дух, дагз хэсгийн ясны цууралт болон цус хуралт үүссэн нь хэдийгээр газар унахад үүссэн байх боломжтой боловч хохирогч аль хэсгээрээ унасан, унасан хэсгээс хамаарч толгойн хэсгийн гэмтлийн ард, урд хэсгийг тодоройлогдох зэрэг нэг удаагийн цохилтоор дээрх олон гэмтлийг учруулсан гэж шууд үзэх боломжгүй юм. Гэрч Б.Г-ийн өгсөн мэдүүлгээр "...хаалган дээр зөрөх үед томроод заамдаж аваад тэгээд цуг байсан хүмүүс нь салгасан..." гэх мэдүүлгээс үзвэл "оо" хэсэгт Б.Г- нь хохирогч С.С-ын биед халдаж дээрх гэмтлүүдээс учируулсан буюу хамтран оролцсон эсэх, мөн хамт явж байсан хүн нь салгасан гэхээр хохирогчтой хамт явж байсан хүний яг хэн нь салгасан тэр хүнээс уг нөхцөл байдлыг тодруулж мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй, хохирогч С.С- нь мэдүүлэхдээ Б.Х-, Ж-гийн найз охин бид 3-лаа хамт байсан сүүлд Ж- буюу н.Д- ирсэн гэж мэдүүлсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн Б.Х-аас л мэдүүлэг авсан байх ба бусад хамт байсан гэрчээс мэдүүлэг аваагүй. Өөрөөр хэлбэл, хэрэг болох үед хамт байсан гэрч Д- /Ж-/, түүний найз охин гэх 2 хүнээс мэдүүлэг авч хэргийг бодит байдлыг бүрэн тогтоох, цаашлаад гэмт хэрэгт хамтран оролцогч байгаа эсэхийг шалган тогоох ажиллагааг огт хийгдээгүй байхад нотолвол зохих байдал, хэргийг бодит байдал тогоогдож байна гэж үзэн шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хяналтын камерын бичлэг, түүний үзлэг хийсэн тэмдэглэл нотлох баримтаар авагдсан хэдий ч хохирогч талаас тухайн хяналтын камерын бичлэг хийхэд хамт байлцаж дүрс бичлэг буулгаж байсан бичлэгээс үзвэл үзлэг хийсэн тэмдэглэл дутуу бичигдсэн, цаашлаад хэрэг болсон гэх "*******" караоке доторх хяналтын камерийн бичлэгт үзлэг хийгдээгүй байх ба хяналтын камерын бичлэгээс дурдвал хохирогч С.С- нь "оо" өрөөнд хүнтэй хамт ороод хэсэг удсан байх ба үүнээс үзвэл "оо" өрөөнд бусдад зодуулсан байж болзошгүй гэх үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх ба энэ талаарх ажиллагааг хийгдээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Хохирогч С.С-ын сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй гэх агуулга бүхий хаана хандаж байгаа нь тодорхойгүй алдаатай гар бичмэл авагдсан байх боловч уг баримтыг үйлдлэх болсон шалтгаан нь мөрдөгч сэтгэл санааны хохирол шаардахаар бол шинжээчийн дүгнэлт гаргуулах болно, маш их цаг хугацаа орох тул хэргээ хурдан шийдүүлэе гэвэл сэтгэл санааны хохирол шаардахгүй гэж бичиж өг гэсний дагуу хэргээ хурдан шийдүүлэхийн тулд бичиж огсон талаар хохирогч бидэнд тайлбарласан. Үүнээс дүгнэвэл мөрдөгч хэргийн оролцогчид хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэхээр байна. Улмаар өмгөөлөгч М.Золзаяа нь түүнд мэргэжлийн туслалцаа үзүүлэхтэй холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хандан хохирогч С.С-т сэтгэл санааны хохирол тогтоолгох шинжээч томилох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж байсан боловч шүүх хэрхэн яаж шийдвэрлэсэн болох нь тодрхойгүй, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх ба хохирогч С.С-ын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгыг бүрэн тогтоосон гэж үзэхээргүй байна. С.М-д оногдуулсан эрүүгийн хариуцлага буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хохирогчийн зүгээс хөнгөдсон гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хурал дуусч шүүх танхимаас С.М- нь гарч ирэн хохирогч, түүний гэр бүлийн гишүүд рүү дуугай хүний өгсөн мөнгийг авч сур гэх зэргээр хэл амаар доромжилж буй үйлдэл нь шүүгдэгч С.М- нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн буруутай үйлдэлдээ огт гэмшсэн, хармассан зүйл огт байхгүй харин ч эсрэгээрээ түүнийг доромжилж байгаа нь ЭХХШТХ-н зорилго, зорилт, суурь зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Хэдийгээр, хохирогч талаас эрүүгийн хариуцлагийн талаар тусгайлан санал дүгнэлт гаргаагүй боловч С.М-ын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгт нь нийцэхгүй хөнгөн шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2021 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож гомдлыг хангаж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Гомбодорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт хийгдвэл цохих ажиллагаанууд бүрэн хийгдэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэнгүй гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой байх. Магадгүй шинжээч эмчийг асуух юм уу, тодруулах байдлаар гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан ажиллагаа хийх ёстой байсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдлийг гаргасныг хохирогчийн зүгээс өөрөөр тайлбарладаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй мөн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Тиймээс бичгээр гаргасан гомдлоо дэмжиж байна...” гэв.

 

Шүүгдэгч С.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан дуусаад гарч ирээд намайг зохисгүй авирласан гэж байна. Би шууд явсан, ямар нэгэн зүйл яриагүй. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, хохирогчийн өмгөөлөгч нарын хувьд шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, гэмтэл тус бүрээр нь гэмтлийн зэргийг тогтоох ёстой гэсэн байр суурьтай байна. Хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гэмтэл тус бүрээр нь С.М-д ял шийтгэл оногдуулах ёстой гээд байгаа юм уу, эсхүл хүнд гэмтэл биш, хүндэвтэр магадгүй хөнгөн гэмтэл байх ёстой гэсэн байр сууринаас гомдол гаргаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Хоёрдугаарт, хохирогч “тухайн нөхцөл байдлыг санадаггүй” гэсэн байдлаар 2 удаа мэдүүлсэн. Тухайн үед байсан гэрчээр мэдүүлэг өгөх боломжтой этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, мөрдөгч нөхцөл байдлыг тогтоосон байдаг. Мөн Г- хамтран оролцсон байж болзошгүй гэдэг нь хохирогч талаас гаргаж байгаа хардлага сэрдлэг болохоос биш, Г- оролцсон юм уу, үгүй юм уу гэдгийг ямар нэгэн байдлаар тогтоох ажиллагаа хийгдээгүй гэдэг нь тус хэрэгт хамааралгүй хүнийг сэжиглэж оруулж ирэх ямар шаардлага байсан юм бэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Түүнчлэн бодит хохирлыг хууль хяналтын байгууллага тогтоогоогүй гэж байна. Хохирогч энэ талаарх баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Хохирогчийн гаргаж өгсөн баримтад тулгуурлан хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Гэтэл ямар нэгэн хохирлын баримт гаргаж өгөөгүй байхад С.М-ын хувьд сайн дураараа эмчилгээний зардалд зориулж мөнгө өгсөн. Мөн нийгмийн даатгалаас гарсан төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлууд байгаа. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дууссаны дараа гарч ирээд С.М- зохисгүй авирласан гэж хүнийг гүтгэж болохгүй. Би өмгөөлөгчийн хувьд С.М-ыг явтал нь шүүхийн гадна хамт байсан. Анхан шатны шүүхээс хохирол төлбөрийг баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн учраас хохирлоо бодит байдлаар тогтоогоод явах байлгүй дээ гэдэг зүйлийг би өмгөөлөгч Золзаяад хэлэхэд өмгөөлөгч Золзаяа “чи хохирол төлбөрийг нь өгөөрэй” гээд явсан үйл баримт байдаг. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс хүнийг гүтгэж байгаа нь ёс зүйн хувьд учир дутагдалтай харагдаж байна. Би анхан шатны шүүх хуралдаанд С.М-ын хувьд энэ гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байгаагүй гэж мэтгэлцэж оролцсон. Гэмт хэргийн хувьд сэдэлт гэдэг зүйл чухал байдаг. Сэдэлт, үйлдэл зэрэг нь шалтгаант холбоотой байх ёстой. С.М-ын хувьд хохирогч С.С-т гэмтэл учруулъя, хохирооё гэсэн сэдэлт байсан уу гэвэл үгүй. С.М- тухайн караокеноос гараад явж байсан бөгөөд явж байсан хүний араас хохирогч гүйж ирээд цохиулсан үйлдэл байгаа. Тэгэхээр ял хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй. Харин ч С.М-д ял оногдуулахгүй байх боломжтой хуулийн зохицуулалт байсан бол ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх ёстой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн хувьд зүй бус авирлаж, хувцсаа тайлаад С.М-ын араас гүйж ирээд цохиулсан байгаа. Яагаад С.М-ыг буруутгаад байгаа юм бэ, түүний хувьд зан харилцааны доголтой гэх ямар баримт байгаа юм бэ. Магадгүй өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хөндөөд гомдол гаргаж болно. Гэхдээ хэт хүнийг гүтгэж байгаа нь ёс зүйн хувьд анхаарч үзэх нь зүйтэй. Анхан шатны шүүхээс С.М-ыг хохирогчийн биед гэмтэл учруулсан, үйлдлийн хувьд санаатай үйлдэл байсан гэдгийг тогтоогоод түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. С.М-ын хувьд зүгээр явж байгаад хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хохирчхож байгаа юм. Гэнэт араас хүн ирэхээр хэн ч гэсэн өөрийгөө хамгаалдаг. Өт хорхой ч гэсэн биедээ хүрэхээр атирдагтай адил өөрийгөө хамгаалаад цохисны улмаас бусдын биед гэмтэл учруулсан үйлдэл байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийг хүсэж байна...” гэв.

 

Прокурор Э.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэсэн зүйл дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоолгох зорилгоор шинжээч томилж, шинжээчид эрх, үүрэг танилцуулж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт хохирогчийн биед хэд, хэдэн төрлийн гэмтэл учирсан, энэ гэмтлүүд нь хүнд гэмтэл, энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна гэж гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.М- нь хохирогч С.С-тай маргалдсан үйл баримт хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр тогтоогддог. Хохирогчтой өөр хүн маргалдсан үйл баримт тогтоогддоггүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хүнд гэмтэл буюу шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлүүдийг хүнд гэмтлээр гэж ялгаж салгаж үзээгүй. Гэхдээ хамгийн хүнд учирсан гэмтлийнх нь хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд эдгээр гэмтлүүдийг учруулсан байна. Мөн хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс энэ талаар хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан нөхцөл байдал байхгүй. Хэрэв шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан тохиолдолд шинжээчийг оролцуулах, гэмтлийг ялгаж салгах боломжтой байсан. Гэхдээ хүнд гэмтэл учруулсан учраас энэ үйлдлээр нь авч үзсэн гэдгийг дурдах нь зүйтэй байна. Хоёрдугаарт, хамт явж байсан хүмүүсээс мэдүүлэг аваагүй, нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэдэг зүйлийг өмгөөлөгч нараас дурдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтын хүрэлцээтэй бөгөөд хангалттай байдлыг прокурорын зүгээс харгалзан үзсэн. Хяналтын камерын бичлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь энэ хэргийг шийдвэрлэх, хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц бөгөөд хангалттай байна гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Энэ хэргийн нөхцөл байдлыг тогтооход хамгийн чухал зүйл хяналтын камерын бичлэг байгаа. Хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч, тэмдэглэл үйлдсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын камерын бичлэгийг шинжлэн судалсан. Тэгэхээр хамт явж байсан хүмүүсээс мэдүүлэг авах шаардлагагүй. Мөрдөгч сэтгэцэд учирсан хохирлыг гаргахгүй талаар хэлсэн гэдэг зүйлийг дурдсан. Энэ нь тусдаа асуудал буюу хэрэв мөрдөгчийн хууль бус үйлдэл байгаа бол гомдол гаргаж шалган шийдвэрлүүлэх нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохгүй гэсэн хүсэлтийг гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах болон бусад байдлаар сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй. Анхан шатны шүүх энэ асуудлыг хэлэлцээгүй орхигдуулаагүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн учраас хэлэлцээгүй асуудал биш гэж үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлага хөнгөдсөн тухайд хэргийн оролцогч нарын харилцсан харилцаа, хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдахгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дурдах нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч О.Баяржаргал, Б.Гомбодорж нарын хамтран гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос С.М-ыг “2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо *******ийн гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.С-тай маргалдан нүүрэн тус газарт 1 удаа цохиж унаган түүний биед дагз яс, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун гарын 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, зулайн хуйхны шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэд нотлогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдлоо. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж тус тус хуульчилсан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, буруутай бол ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар, гэмт хэргийн улмаар учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг бухий л асуудалд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Ингэхдээ, Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмын үндсэн дээр гэмт хэрэгт холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шаардлагатай гэж үзвэл шинжээч зэрэг оролцвол зохих талуудыг бүрэн хамруулан, шүүхийн хэлэлцүүлэгт өрнүүлсэн мэтгэлцээний үр дүнд хэргийн үйл баримтыг үнэлэх, бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой.

Хэрэгт Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0725/5904 дугаар шинжээчийн: ...С.С-ын биед дагз яс, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлөгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун гарын 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, зулайн хуйхны шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т, 4.1.3-д тус тус зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.../хх 53-55/ гэсэн дүгнэлт авагджээ.

Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нийлээд “хүнд” гэмтлийн зэрэгт хамаарах, эсхүл тус тусдаа үүсгэгдэх боломжтой эсэхийг тодруулах нь зүйтэй.  

Учир нь, шүүгдэгч С.М- “...гараад явж байтал араас цамцгүй орилоод гүйгээд ирэхэд нь эргэж хараад нэг удаа эрүү лүү нь баруун гараараа цохиход газар унасан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...” /хх 7, 24-25/, хохирогч С.С- “... би болсон зүйлийг санахгүй байна. Ямар хүмүүстэй маргалдсан, хүн цохисон талаар санахгүй байна...” /хх 16, 20-21/ гэж тус тус мэдүүлснээс үзэхэд хохирогч С.С-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь нэг удаагийн болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг нэг мөр эргэлзээгүй байдлаар тогтоох нь зүйтэй.

 

2. Хохирогч С.С-...Би Б-тай хамт архи уусан. Болсон зүйлийг санахгүй байна. Би Х-, Ж-гийн найз охин бид гурав хамт орсон. Өөр хүн хамт ороогүй. Би хүнтэй маргалдаагүй. Ж- буюу Д- найд нэг мэдэхэд ирсэн байсан. Би ямар хүмүүстэй маргалдсан, хүн цохисон талаар санахгүй байна...” /хх 16, 20-21/ гэж мэдүүлсэн.

Прокуророос гэрч Б.Г-ийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцон яллах дүгнэлтэд дурдсан бөгөөд хохирогч С.С-тай хамт явж байсан гэх хүмүүсийн мэдүүлэг хэрэгт авагдаагүй байна.  

Тодруулбал, хохирогч нь “Б-”-ийн караокед Х-, Ж- буюу Д-, түүний найз охин нарын хамт байсан талаар мэдүүлсэн.

Уг хэргийг шийдвэрлэхэд дээрх хүмүүсийг гэрчээр асууж, нотолбол зохих байдлыг нотолбол зохино.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн өмнөх, шүүхийн шатны гэсэн хатуу зааглагдсан хоёр үе шаттайгаас хэргийг хэрхэн шийдвэрлэх нь мөрдөн байцаалтын үр дүнгээс ихээхэн хамаарах ба прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хэмжээнд шүүн таслах ажиллагааг явуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд тодорхой заасан байна.

Мөн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй гэж үзэв.

Учир нь, хэрэгт хэргийн газар үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/, сиди, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 44-45/ зэрэг баримт авагдсан.

Камерийн бичлэгт “Б-”-ийн караоке доторхи бичлэг бичигдээгүй, харин уг төвийн гаднах бичлэг бичигдсэн, мөн гэрч Б.Г- “... ..******* дотор нойлын хаалганы тэнд зөрөх үед томроод заамдаж аваад цуг байсан хүмүүс нь салгасан. Би цуг байсан хүмүүстэй явъя гэж хэлээд гарсан. Цохиулдаг залуу араас тайлаад гүйгээд ирэхээр нь манай дүү М- нэг удаа цохиход ухаан алдаж унасан...” /хх 32-33/ гэж мэдүүлснээс үзэхэд уг төвийн караоке доторх камерын бичлэгийг хэрэгт хавсаргуулах нь ач холбогдолтой байна.

 

4. Хохирогч С.С- сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй /хх 72/, хохирогчийн өмгөөлөгч шинжээч томилж өгнө үү.../хх 116/ гэсэн байх тул энэ талаар тодруулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж ажиллах нь зүйтэй байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан.

Иймд хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч С.С-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг тогтоолгохоор шийдвэрлэв.

 

5. Дээр дурдсан асуудлыг нарийвчлан шалгалгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, энэхүү асуудлыг тодорхой болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...гэмт хэргийг ...бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” зорилтод нийцэх тул шүүгдэгчид оногдуулсан торгох ялын талаар дүгнэлт өгөөгүй болно.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг хуульд заасан бүх арга хэмжээг ашиглан мөрдөн шалгаж, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурор нарт холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн болохыг анхааруулж байна.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгч О.Баяржаргал, Б.Гомбодорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2021 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогчийн өмгөөлөгч О.Баяржаргал, Б.Гомбодорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/2021 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОДОНЧИМЭГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Н.БАЯРМАА