Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/01749

 

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/01749

 

 

 

 

                                          О.Эын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01925 дугаар шийдвэртэй, О.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бд холбогдох, 210 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Нарантуул захын Баялаг Ундраа төвийн 4 дүгээр давхарын ГА415 павилонд Самсунг Эс 6 маркийн гар утасныхаа баттерейг Г.Баар солиулахаар өгсөн. Г.Б нь баттерейг сольж байхдаа утасны тагийг эвдчихсэн бөгөөд баттерейг хийсэн чинь асахгүй байна гэсэн. Яасан гэхэд дэлгэцийг хагалчихлаа гэсэн. Г.Б надад хуучин утас өгөөд зөрүү мөнгө авна гэхэд нь би үгүй гэсэн. Гэтэл явдаг газраараа яв гээд асуудлыг шийдэж чадаагүй. Иймд утасны үнэ 180 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 30 000 төгрөг, нийт 210 000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо энэ утас надад байхгүй, асахгүй байсан учраас хаясан гэжээ.  

            Хариуцагчийн тайлбарт: Гар утасны дэлгэцийн үнэ болох 130 000 төгрөг эсхүл тухайн хагалсан утасныхаа дэлгэцийг сольж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин бүтэн утасны төлбөр болох 210 000 төгрөгийг төлөх боломжгүй. Миний бие гар утасны баттерей солих гэж байгаад дэлгэц хагалсан буруутай үйлдлээ ойлгож ухамсарласан гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Г.Баас 30 000 төгрөг гаргуулж, нэхэмжэгч О.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 180 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Эын улсын тэмдпэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Эд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Нарантуул захын Баялаг ундраа төвийн 4 дүгээр давхарт ГА415 павилонд гар утасны засвар үйлчилгээ үзүүлдэг Г.Баас самсунг эс 6 маркийн гар утасныхаа батерейг солиулах үйлчилгээ авсан боловч Г.Б нь гар утасны арын таг болон дэлгэцийг хагалсан. Тэрээр үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Утасны дэлгэц хагарснаас ашиглах боломжгүй болсон тул гар утасны үнэлгээгээр тогтоогдсон 180 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Хариуцагч нь дэлгэцийн үнэд 130 000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн боловч шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь шударга бус байна. Шүүх хуралдааны явцад шүүгч талуудыг эвлэрэх талаар асууж тодруулаагүй. Г.Бын хүлээн зөвшөөрсөн хэмжээнд хохирлын хэмжээг барагдуулах боломжтой байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь шударга бус юм. Би эвдэрсэн, ашиглах боломжгүй утсыг хаясан учраас шилжүүлэх боломжгүй болсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн 130 000 төгрөг, үнэлгээний зардал 30 000 төгрөг, нийт 160 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна.

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Г.Баас гар утасны үнэ 180 000 төгрөг, үнэлгээний хөлс 30 000 төгрөг, нийт 210 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж шаардлагын үндэслэлээ “самсунг эс 6 маркийн гар утасны батерейг нь солихдоо утасны арын таг, дэлгэцийг нь хагалсан” гэж тайлбарлажээ.

Зохигчдын тайлбараар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчийн самсунг эс 6 маркийн гар утасны батерейг солихдоо дэлгэцийг нь хагалсан үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болдог бөгөөд дэлгэцийн үнэ 130 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь талуудын зарчимд нийцэхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

Хариуцагч нь гар утасны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор гаргасан 30 000 төгрөгийн зардлыг төлөх үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд гар утасны үнэлгээний талаар маргаан үүсээгүй тул уг зардлыг хариуцагчийн буруугаас үүссэн гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01925 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “30 000” гэснийг “130 000” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.         

 

                          

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

 

      ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                   А.МӨНХЗУЛ