Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 633

 

1. А.Т, Т.О нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай  

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Т-г 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Т.О-г 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6, 8.5 дугаар зүйлд заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Т.О-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Т, Т.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух

газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Т.О нарын урьдчилан цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялаас тус тус хасаж, Т.О-н биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ сар, 1 /нэг/ хоног,

А.Т-н нийтэд тустай ажил хийлгэх ялыг 98 /ерэн найм/ цагийн хугацаагаар тогтоосугай.

7. Т.О-н эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.Т, Т.О нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, А.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            10. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О-д авсан цагдан хорих, А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР