Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00614

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00614

 

 

 

Кэй Эйч Эн Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25ы өдрийн 181/ШШ2018/00011 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монголын төмөр зам ТӨХК, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7 273 934 890 төгрөгийг Монголын төмөр зам ТӨХК-аас гаргуулах, санхүүжилтийг шийдвэрлэхийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д даалгах нэхэмжлэлтэй хэргийг хариуцгач Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бум-Эрдэнэ, Ж.Энхнасан, хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхбаяр, Б.Болор-Эрдэнэ, өмгөөлөгч С.Батбаяр, хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг, Н.Тогтохбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.4-т Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэх-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, эхний үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийн чиглэлийг давхар тодорхойлсон.Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан.Улмаар 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их хурлаас Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 15-р тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 1-д Монгол Улсын Их хурлын шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уул зээлийн санхүүжилтэд хамааруулсан байна.Төрийн эрх барих дээд байгууллагын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг төмөр замын мэргэжлийн байгууллагын хувьд манай компани анхааралтай харж дэмжиж байсан бөгөөд биднийг тухайн бүтээн байгуулалтад оролцох итгэл үнэмшлийг төрүүлж байсан юм. Ингээд төмөр замын барилгын ажил гүйцэтгэх хүсэлтээ Зам, тээврийн яаманд явуулсныг тус яамны Зам, тээврийн бодлогын газрын дарга Б.Махбалын 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5/1651 тоотоор Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяад уламжилсан байсан.Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Монголын төмөр зам ТӨХК ба манай компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Ингээд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр захиалагч Монголын төмөр зам ТӨХК-тай 1/006 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяагаас 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1/82 тоотоор ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор Даланзадгад-Тавантолгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын доод бүтэц, далан барих ажлыг зургийн дагуу Урт өртөөнөөс 905.2436 км-ээс 855.2436-аар км хүртэл 50 км зайд Ү-700135.301 Х-5162728.668 координаттай эхлэлийн цэгээс Ү-654811.211 Х-5143330.249 координаттай төгсгөлийн цэгийн хооронд хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн юм.Энэ гэрээний дагуу манай компани нь Шинэ төмөр зам төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос Дорноговь аймгийн Сайншанд хотын чиглэлд 51.180 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг дээрх координатуудын хооронд батлагдсан зургийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэл, тайланг захиалагчид хүргүүлсэн. Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 15.1-д зааснаар ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 4.849.289.927 төгрөг байхаар тохирсон.Гэвч өнөөдрийг хүртэл захиалагч буюу Монголын төмөр зам ТӨХК манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нэг ч төгрөг төлөөгүй, өөрөөр хэлбэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй юм. Гэрээний 9.1-д зааснаар гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг талууд болон тухайн үед байсан сайд Х.Баттулга нарыг оролцуулан ярилцаж, гурван сарын хугацаанд гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэхээр хугацааг тохирч, уг ажлыг манай компани заасан хугацаанд нь дуусгасан болно. Манай компани нийт 4.849.289.927 төгрөгийн ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад энэ тухай захиалагч буюу Монголын төмөр зам ТӨХК-д албан ёсоор мэдэгдэж, ажлын гүйцэтгэл тайланг хүргүүлсэн, харин захиалагчийн төлөөлөгч газар дээр нь очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан боловч ажил хүлээлцэх комиссыг гэрээнд заасны дагуу хамтран байгуулж, ажлыг хүлээлцэх үүргээ захиалагч биелүүлээгүй болно.Захиалагч гэрээнд зааснаар ажлын хөлсний урьдчилгаа төлөх ёстой байсан ч захиалагчийн хүсэлтийг харгалзан, ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэх зорилгоор манай компани өөрийн хөрөнгөөр уг ажлыг эхлэн гүйцэтгэсэн ба нэгэнт төлбөр гэрээний дагуу хийгдэхгүй байсан тул олон компани, хувь хүнээс зээл авч захиалагч тал төлбөрийг хиймэгц буцаан төлөхөөр ажлыг гүйцэтгэсэн. Захиалагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 15, 16, 17.3, 17.10-т тус тус заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, мөн гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргийг огт биелүүлээгүйгээс болж ажил гүйцэтгэгч буюу манай компанийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд маш их хохирол учирч, байгууллагын бизнесийн нэр хүнд ихээхэн унасан болно. Захиалагч буюу Монголын төмөр зам ТӨХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, мөнхүү гэрээний 22.3-т заасны дагуу 2 424 644 963 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус баримтлан хөрс хуулалтын ажлын хөлс 4 849 289 927 төгрөг, алданги 2 424 644 963 төгрөг нийт 7 273 934 890 төгрөгийг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас, Кэй Эйч Эн Ар ХХК болон Монголын төмөр зам ТӨХК-ийн хооронд байгуулагдсан хөрс хуулалтын ажлын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-аас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/006 тоот хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээг Кэй Эйч Эн Ар ХХК-тай байгуулсан. Тус гэрээний 16.1-д зааснаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэний дараагаар гэрээт ажлын хөлс болох 50 хувийн урьдчилгааг гүйцэтгэгч талд шилжүүлэх, тус гэрээний 16.2-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага болон Захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын хөлсний үлдэх хувийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон.Захиалагчийн зүгээс ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2011 оны 5 дугаар сарын 13-нд олгосон ба уг албан тоотоор гүйцэтгэгчийг гэрээний хэрэгжилтийг хангуулах чиглэмжийг өгсөн. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зохих журмын дагуу хийгээгүйгээс гадна гэрээт ажлыг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй. 2013 онд Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжилт олгохтой холбогдуулан гарсан шийдвэрийн дагуу Сүхбаатар аймагт газар дээр нь захиалагчийн зүгээс хяналт шалгалт хийхэд гэрээгээр хөрс хуулалтын ажлыг 330 558 м3 байхаар харилцан тохиролцсон байхад 65 759м3 (ажлын хөлс нь 65,759 м3 *14,700 = 964 684 530 төгрөг)-ийн хөрс хуулалтын ажлыг хийсэн нь тогтоогдсон.Уг хяналт шалгалтыг хийхэд Кэй Эйч Эн Ар ХХК-аас 8 хүний бүрэлдэхүүн байлцсан бөгөөд үүнийг гүйцэтгэгч компани хүлээн зөвшөөрдөг.Энэхүү хяналт шалгалттай уялдуулан захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид гэрээний 11-т заасан үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.Захиалагчийн зүгээс гүйцэтгэгч компанид гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээт ажлын хөлсийг шийдэхийн тулд холбогдох эрх бүхий байгууллагад хандаж байсан ба үүний эцэст Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолын 2-т зааснаар ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан. Засгийн газрын 28 дугаар тогтоолын хүрээнд гүйцэтгэгч компаниас ирүүлсэн тайлан, гүйцэтгэлийг Зам, тээврийн яамаар дамжин хянасны дараагаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас ажлын тайлан гүйцэтгэлийг баталгаажуулдаг. Гэтэл гүйцэтгэгч компани болох Кэй Эйч Эн Ар ХХК нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажил болох 65 759 м3-ийн хөрс хуулалтын ажлыг зохих журмын дагуу хүлээлгэн өгөлгүй өнөөдрийг хүргээд байна.Иргэний хуулийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Гэтэл гүйцэтгэгч компани гэрээт ажлаа зохих журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс улбаалан захиалагчийг болоод өөрийн компанийг санхүүгийн эрсдэлд оруулсан. Манай компанийн хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн төр, засгийн шийдвэрийн тогтворгүй, хяналтгүй, хариуцлагагүй, залгамж уялдаагүй байдлын улмаас гэрээний хэрэгжилттэй холбоотой захиалагчаас үл хамаарсан хүнд нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотой харилцааг гэрээний 23.2, 22.6 дахь заалтуудад зохицуулсан. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор захиалагч Монголын төмөр зам ТӨХК-д гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл үүссэнийг тодорхойлж гэрчилгээ олгосон. Талууд гэрээг 2011 оны 4 дүгээр сарын 25-нд байгуулсан, санхүүжилтийн талаарх Засгийн газрын 266 дугаар тогтоол 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Санхүүжилттэй холбоотой үүсч болзошгүй энэ нөхцөл байдлыг талууд тооцоолсон учраас гүйцэтгэгч эхний ээлжинд өөрийн санхүүжилтээр ажлыг гүйцэтгэх, Хөгжлийн банкны санхүүжилт хийгдмэгц захиалагч тогтоосон хугацаанд урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохирсон. Гэрээнд заасан төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй захиалагчаас үл хамаарах дараах нөхцөл байдал үүссэнээр гэрээний 16 дугаар зүйлд заасан захиалагчийн үүргийн биелэлтэд гэрээний 22.6 дахь заалтыг зайлшгүй харгалзах шаардлага үүссэн. Тодруулбал захиалагчийн хувьд 2011 оны 8 сард Засгийн газрын 266 дугаар тогтоол гарсан даруй санхүүжилтийн асуудлаар Хөгжлийн банкинд удаа дараа хандаж байсан. Анх хүсэлт хүргүүлсэн өдрөөс хойш 8 сарын дараа буюу 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын 93 дугаар тогтоолоор Монголын төмөр зам ТӨХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдаж, төсөл хэрэгжүүлэх эрхгүй болсон.Энэ хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдээгүй. Үүний улмаас төлбөрийг хувааж хийх гэрээний нөхцөл ач холбогдолгүй болж, гагцхүү ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн актыг үндэслэн гүйцэтгэлээр төлбөрийг бөөн төлөх нөхцөл үлдсэн.Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоол хүчингүй болж тусгай зөвшөөрөл цуцлагдсан даруйд Хөгжлийн банкны зүгээс Монголын төмөр зам ТӨХК-ийг шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэгч хэмээн үзэх боломжгүй болсон, банкны хувьд холбогдох санхүүжилтийг олгож болох этгээд нь төслийн хууль ёсны хэрэгжүүлэгч компани байх шаардлагатай, зээлийн талаар холбогдох ажлын хэсгийн буюу ЗТБХБЯ-ны дүгнэлт гарч, ажлын хөлс, төлбөрийн хэмжээ тогтоогдож, Монголын төмөр зам ТӨХК-ийн хийсэн ажлуудыг хүлээн авах хуулийн этгээд тодорхой болсон даруйд санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой болохыг бичгээр мэдэгдсэн.Хэдийгээр Монголын төмөр зам ТӨХК төсөл хэрэгжүүлэгч биш болсон ч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Төмөр замын газар, ЗТБХБЯ-нд хүргүүлсээр байсан. Манайхаас 2012 оны 4 сард Төмөр замын газарт хүргүүлсэн албан бичгийн дагуу Төмөр замын газраас дараа сард нь буюу 5 сард Кэй Эйч Эн Ар ХХК-д ажлын гүйцэтгэл, тайланг ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн байдаг. Гүйцэтгэгчээс 2012 оны 10 дугаар сарын 25-нд хөрс хуулалтын ажлыг мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тул ажлыг хүлээн авахыг хүсч, хөрс хуулалтын ажлын тайлан, ажлын гүйцэтгэлийг Монголын төмөр зам ТӨХК-д ирүүлсэн ба манай компани тусгай зөвшөөрөлгүй, төсөл хэрэгжүүлэх эрхгүй болсон байсан.Мөн өдөр Зам, тээврийн яамнаас ажлын гүйцэтгэлийг гаргаж баталгаажуулах шаардлагатай тул ажлын гүйцэтгэлийг ирүүлэхийг манайд албан бичгээр мэдэгдсэн ба гүйцэтгэгчийн ирүүлсэн ажлын гүйцэтгэлийн материалуудыг Зам, тээврийн яаманд хүргүүлсэн.Энэ үед үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ захиалагч биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Зам, тээврийн яам нь хөрс хуулалтын ажлын талаар холбогдох тайлбар бүхий баримт бичгийг боловсруулан санхүүжилт шийдвэрлэхийг хүссэн албан бичгийг Хөгжлийн банкинд 2012 оны 12 дугаар сарын 10-нд хүргүүлсэн байх ба Хөгжлийн банкнаас Зам, тээврийн яаманд хариу ирүүлээгүй байна. Улмаар Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор Монголын төмөр зам ТӨХК Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан эхний болон хоёрдугаар үе шатны төслийг хэрэгжүүлэх, төслийг үргэлжлүүлэх эрхтэй болсон, Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 266 тогтоолоор Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолд заасны дагуу санхүүжилтийг олгох шийдвэр гарсан.Засгийн газрын 28 дугаар тогтоол гарсанаас хойш 1 сарын дараа Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам, тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК-ийн хооронд Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 2 дугаар сарын 20-нд байгуулагдсан. Зам, тээврийн яамнаас санхүүжилт шийдвэрлүүлэх хүсэлтийг Хөгжлийн банкинд хүргүүлсэн, банк татгалзаж шийдвэрлэсэн хариу ирүүлээгүй тул захиалагчийн зүгээс Хөгжлийн банкыг хянан баталгаажуулж байна гэж ойлгон хүлээж байсан. Дээрх нөхцөл байдал нь төрийн эрх бүхий байгууллагаас хамааралтайгаар захиалагч үүргээ гүйцэтгэхэд саад учирсан тохиолдол тул талууд гэрээний 22.6 дахь заалтыг баримталж үүссэн нөхцөл байдлыг зохицуулах учиртай.Санхүүжилт олгогдохгүй, тодорхойгүй нөхцөл байдал үргэлжлэх шинжтэй болсон тул ажлын гүйцэтгэлийн дүнд үндэслэн төлбөрийн санхүүжилтийн хүсэлтийг дахин гаргах шаардлагатай болсон боловч өмнөх санхүүжилтийн хүсэлт Монголын төмөр зам ТӨХК-иас ангид явсан, гэрээний нийт үнийн дүнгээр төлбөрийн хэмжээг шууд тодорхойлох нь ...төлбөрийг гүйцэтгэлээр төлнө гэсэн гэрээний төлбөрийн нөхцөлд нийцэхгүй, ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээн зөвшөөрсөн тухай мэргэжлийн акт Захиалагчид ирээгүй зэргээс санхүүжилтийн хүсэлтийг шууд гаргах боломжгүй байсан. Гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийн хэмжээг талуудын төлөөллүүд хамтран тогтоож баталгаажуулсан нь захиалагчаас үл хамаарсан тул гэрээний 22.6 дахь заалтыг талууд баримтлах, улмаар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан үүргээ захиалагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс Захиалагчийг 351.2-т зааснаар тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхгүй. Гэрээний заалт ёсоор эрх бүхий байгууллагын мэргэжлийн актаар ажлын гүйцэтгэл баталгаажигдаагүй байхад захиалагчийн зүгээс ажлын гүйцэтгэлийг үнэн зөв, үндэслэлтэй тодорхойлж гүйцэтгэлээр төлбөрийг төлөх гэрээний үүргийг биелүүлэх, төлбөрийн санхүүжилтийн хүсэлтийг Зам, тээврийн яам болон Хөгжлийн банкинд уламжлах боломжгүй байсан. Талууд анхнаасаа Хөгжлийн банкны санхүүжилт шийдэгдэх хүртэл гүйцэтгэгч өөрийн санхүүжилтээр ажлыг гүйцэтгэхээр тохирсон нь гэрээний 16 дугаар зүйл, заалт дахь төлбөрийн нөхцөлд тусгалаа олсон. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан үүргээ захиалагч зөрчөөгүй гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдлуудыг үл харгалзаж төлбөр төлөх хугацаа хэтэрсэний алдангийг 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Захиалагчаас үл хамаарах давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал үүссэнийг гэрээний 23.2-т заасан этгээд тодорхойлсон болон уг нөхцөл байдал үүссэн үеийн харилцааг талууд гэрээний 22.6-д нарийвчлан тохиролцсон. Гэрээний заалт ёсоор эахиалагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн, хэдийгээр ийм нөхцөл байдал үүссэн ч өөрөөс хамаарах боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Шинэ төмөр зам төсөл нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ийн хэрэгжилтийн хүрээнд салбарын яамаар дамжуулан төр засгийн удирдамж чиглэлийн дагуу хэрэгжсэн ба санхүүжилтийн эх үүсвэр нь Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр, эргээд улсын төсвийн хөрөнгөөс эргэн төлөгдөх онцлогтой. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс захиалагч төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн зэрэг болно гэжээ.

Хариуцагч Монгол Улсын хөгжлийн банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай 266 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын туршилтын хөрс хуулалт хэсгийн 2-т Монголын төмөр зам ТӨХК-ийн, Кэй Эйч Эн Ар ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/006 дугаар гэрээ, нийт дүн 4.849.290 төгрөг гэж заасан байдаг.Дээрх тогтоолуудыг болон Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоол, зээлийн хорооны 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 41 тоот шийдвэрүүдийг үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банк ХХК, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК нарын хооронд 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай З-ТЗ-Б 2013-5 дугаарын гэрээ байгуулагдсан.Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар санхүүжилтийн дүн нь 55 сая ам.доллар хүртэл бөгөөд 2.1.15-д Санхүүжилт олгох боломжит хугацаа нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой, боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана гэж заасан. Түүнчлэн энэхүү гэрээний 3 дугаар зүйлд санхүүжилт олгоход тавигдах шаардлагын талаар тусгасан.Гэтэл энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш төсөл хэрэгжүүлэгч болох Монголын төмөр зам ТӨХК-аас Кэй Эйч Эн Ар ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэл баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалыг ирүүлээгүй. Мөн салбар хариуцсан яам болох Зам, тээврийн яамнаас баталгаажуулсан төслийн гүйцэтгэл, санхүүжүүлэх хүсэлт зэрэг холбогдох материалуудыг одоог хүртэл ирүүлээгүй.Ийнхүү Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч уг ажлыг гэрээний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас санхүүжүүлэх боломжгүй болсон.Түүнчлэн Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээ-ний дагуу санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийг хангах, төсөвт тусган батлуулах, бүхий л үйл явцад оролцон хяналт тавих, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д төлбөрийг төлөх үүргийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байсан боловч Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар Эдийн засгийн хөгжлийн яам нь татан буугдаж Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх ажлын хүрээнд байсан улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал зэргийг Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулсан. Улмаар энэхүү хууль болон Засгийн газрын тогтоолтой уялдуулан Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын төмөр зам ТӨХК нар нь 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан.Уг гэрээний хавсралтаар Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас Шинэ төмөр зам төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22.517.000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон болно.Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-нд төлж байна. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад Шинэ төмөр зам төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй юм....Мөн Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Кэй Эйч Эн Ар ХХК болон Монголын төмөр зам ТӨХК нарын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Хөрс хуулалтын ажлын гэрээ-нд тал болж оролцоогүй, тус гэрээгээр санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан асуудал нь захиалагч, гүйцэтгэгч нарын хоорондын асуудал болно. Энэ тухайгаа Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2/226 дугаартай албан бичгээр Зам, тээврийн сайд А.Гансүхэд, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2/216 тоот албан бичгээр Кэй Эйч Эн Ар ХХК-д, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2/540 тоот албан бичгээр Монголын төмөр зам ТӨХК-д тус тус хүргүүлж, саналаа илэрхийлж байсан. Иймд Кэй Эйч Эн Ар ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлд дурдсан дүнг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас санхүүжүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зам тээврийн яам шүүхэд гаргасан тайлбартаа:Кэй Эйч Эн Ар ХХК нь шинэ төмөр замын төслийн хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/006 дугаар Хөрс хуулалтын ажлын гэрээ-г байгуулан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.Засгийн газрын 2011 оны Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай 266 дугаар тогтоолоор шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2011 оны 266, 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ын I, II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам, тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК нь 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ-г байгуулсан.Энэхүү гэрээгээр төсөл хэрэгжүүлэгчийн буюу Монголын төмөр зам ТӨХК-ийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам, тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн Хөгжлийн банк санхүүжүүлэхээр зохицуулсан. Уг төслийн хүрээнд хийгдсэн ажлын гүйцэтгэлийг Монголын төмөр зам ТӨХК нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/365 дугаар албан бичгээр төслийн хүрээнд хийгдсэн геологи, геодезийн судалгааны ажил, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон хөрс хуулалтын ажлуудын гүйцэтгэлийн материалуудыг ирүүлсэн.Ингээд Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжигдэх шинэ төмөр замын суурь бүтцийн ажлын хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгч Кэй Эйч Эн Ар ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг тус яам хянан баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг нь Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ-ний 6.4-т заасны дагуу 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаар албан бичгээр Хөгжлийн банкинд хүргүүлсэн болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч "Монголын төмөр зам" ТӨХК-аас 6 304 076 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Кей Эйч Эн Ар" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 969 857 985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, "Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний санхүүжилтийг шийдвэрлэхийг хариуцагч "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 31 327 624 төгрөгийг "Кэй Эйч Эн Ар" ХХК-аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч "Монголын төмөр зам" ТӨХК болон "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК нараас улсын тэмдэгтийн хураамж /хангасан хэмжээ 6 304 076 905 төгрөгт ногдох/ нийт 31 678 335 төгрөгийг тус бүрээс 15 839 167,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "Кэй Эйч Эн Ар" ХХК-д, "Кэй Эйч Эн Ар" ХХК-аас шинжээчийн ажлын хөлс 57 420 000 төгрөгийг гаргуулан "Лэндс" ХХК-д, хариуцагч "Монголын төмөр зам" ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 79 112 000 төгрөгийг гаргуулан "Монголын төмөр замын нэгдсэн холбоо" НҮТББ-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00011 дугаартай шийдвэрээс хамтран хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдох хэсэг буюу тогтоох хэсгийн 1 дэх заалтын хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг шийдвэрлэхийг хариуцагч "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-д даалгасугай" гэсэн болон 2 дахь заалтад Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-аас тэмдэгтийн хураамж 15 839 167.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Кэй Эйч Эн Ар" ХХК-д олгох гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

"Кэй Эйч Эн Ар" ХХК болон Монголын төмөр зам" ТӨХК-ийн хооронд байгуулсан гэрээний оролцогч тал биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа Засгийн газрын тогтоолыг захиргааны шийдвэр гэж үзэн иргэнии эрх зүин харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн шиидвэр болсон. Энэхүү төслийн санхүүжилттэй холбоотойгоор "Кэй Эйч Эн Ар" ХХК болон "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/006 дугаартай "Хөрс хуулалтын ажлын гэрээ" байгуулагдаж, тэдгээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд МУХБ нь энэ гэрээнд тал болон оролцоогүй, энэхүү гэрээ байгуулагдах үед МУХБ үйл ажиллагаа ч явуулж эхлээгүй байсан тул энэхүү гэрээгээр "Кэй Эйч Эн Ар" ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөвхөн гэрээний талаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүхээс "Кэй Эйч Эн Ар" ХХК, МУХБ-ны хооронд захиргааны шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэдэг.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэрт захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний актыг ойлгох бөгөөд захиргааны байгууллагын талаар Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3.1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1-д зааснаас үзэхэд Засгийн газар нь захиргааны байгууллага биш, түүний дотор гүйцэтгэх эрх мэдлийн төв байгууллага ч биш юм. Хуульд ингэж заасан байтал Засгийн газрын тогтоолыг захиргааны шийдвэр гэж үзэн энэ хэрэгт иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болгон үзсэн нь хууль зөрчсөн шийдвэр гэж үзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүхээс Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолыг биелүүлээгүй гэж дурдсан. Энэхүү тогтоолыг үзвэл хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг МУХБ-нд биш Төрийн өмчийн хороонд даалгасан. Тиймээс энэхүү тогтоолыг биелүүлээгүй асуудлыг МУХБ-наас биш Төрийн өмчийн хорооноос шаардаж, Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байжээ.

Засгийн газрын 2011 оны 15 дугаар тогтоолыг биелүүлээгүй гэдэг боловч МУХБ-тай холбоотой Засгийн газрын ийм тогтоол байдаггүй.

Мөн Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолд заасан үүргийг биелүүлээгүй гэдэг. Гэтэл энэ тогтоолоор "Шинэ төмөр зам төсөл" -ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 000 000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл энэ тогтоолоор үүрэг хүлээлгэсэн бус зөвшөөрөл олгосон байдаг.

Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолд заасан үүргийг биелүүлээгүй гэдэг. Энэхүү тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлд зааснаас үзвэл МУХБ-нд мөн л "зөвшөөрсөн" гэж заасан байдаг. Үгийн хувьд нэг удаа "даалгасугай" гэж хэрэглэсэн ч холбогдох журмын дагуу, хянан баталгаажуулж гэсэн нөхцөл тавьсан байдаг. Санхүүгийн хувьд баримт бичгийг хянан баталгаажуулах явцад Захиалагчаас ажил гүйцэтгэсэн, хүлээн авсан тухай баримт бичгийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Мөн Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд, төслийн ажлыг хариуцахыг Зам, тээврийн сайдад үүрэг болгосон байдаг.

Засгийн газрын 2013 оны 82 дугаар тогтоолоор үүрэг хүлээлгэсэн гэдэг. Энэ тогтоолоор хөрөнгө гаргахыг Эдийн засгийн хөгжлийн сайдад даалгаж, МУХБ-нд зөвшөөрсөн байдаг. Иймд Засгийн газрын дээрх тогтоолуудаар МУХБ-нд үүрэг хүлээлгэсэн бус зөвшөөрсөн байдаг бөгөөд Засгийн газрын тогтоол захиргааны шийдвэр биш тул иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болохгүй. Засгийн газар МУХБ-нд үүрэг хүлээлгэх ч эрх зүйн үндэслэлгүй байна. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолд Концессын тухай хуулийн 6.1.2 дахь заалт буюу "концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох" гэснийг үндэслэсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжүүлэх үүрэг хүлээлгэх эрхийн тухай заалт биш юм. Мөн тогтоолын 4-р зүйлд "Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай" гэсэн байдаг. Эндээс үзэхэд эргэн төлөх хөрөнгийг улсын төсөвт тусгах нь Сангийн сайдын үүрэг байсан тул МУХБ-наас биш Сангийн яамнаас улсын төсөвт тусгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй байжээ.

Иргэний эрх зүйн харилцаанд эрх тэгш талууд оролцож, эрх, үүргээ харилцан тохиролцож тогтоодог бөгөөд "Кэй Эйч Эн Ар" ХХК болон МУХБ-ны хооронд харилцан тохиролцсон аливаа зүйл байдаггүй, нэхэмжлэгч нь Хөгжлийн банкнаас зээл авах талаар хийсэн ямар нэг хэлцэл ч байдаггүй.

Хуульд заасан шаардлага хангасан эсэх, эх үүсвэр байгаа эсэх, эрсдэлтэй эсэх, эргэн төлөх хөрөнгийг улсын төсөвт тусгасан эсэх зэрэг нөхцөл байдлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний үндсэн дээр тогтоож, инженерийн болон хууль зүйн дүгнэлтийг мөн гаргасны дараа санхүүжилт олгох шийдвэрийг Зээлийн хороо, 5 тэрбумаас дээш үнийн дүнтэй санхүүжилтийн тухайд Төлөөлөн удирдах зөвлөл гаргадаг. Төрийн аливаа байгууллагын шийдвэрээр МУХБ-нд санхүүжилт олгох үүрэг хүлээлгэх нь хууль зуйн хувьд болоод санхүүгийн хувьд боломжгүй, тиймээс үүрэг хүлээлгэсэн шийдвэр байдаггүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу санхүүжилт олгох шийдвэрийг Засгийн газар бус, харин Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн хороо гаргах эрхтэй байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн төсөл санхүүжүүлэх гэрээ байгуулж, тэрхүү гэрээний талуудын өмнө үүрэг хүлээдэг. Санхүүжилт олгохдоо санхүүжүүлэгчийн хувьд шаардлагатай баримт бичгүүдийг нягтлан шалгадаг. Санхүүжилтийг гэрээний дагуу, олгох боломжит хугацааны дотор олгодог. Олгох боломжит хугацаанд аваагүй бол санхүүжүүлэх үүрэг дуусгавар болж, МУХБ-наас чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж эхэлдэг.

Энэ хэрэгт МУХБ-ыг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн өмнө МУХБ үүрэг хүлээгээгүй тул үүнтэй холбоотойгоор үүргээ биелүүлэх тухай ойлголт байхгүй, нэхэмжлэгч ч мөн нэхэмжлэлдээ "Кэй Эйч Эн Ар" ХХК-ийн өмнө хууль буюу гэрээнд заасан ямар үүрэг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй болох тухай тодорхой дурдаагүй, МУХБ-ны зүгээс нэхэмжлэгчийн ямар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хэрхэн хохирол учруулсан нь мөн тодорхойгүй байгаа тул МУХБ-ийг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй.

Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий "Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1.1, 2 дугаар зүйл, мөн, "Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах тухай" Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 441 дугаартай "Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай" тушаал гарсан. Ийнхүү хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарч төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн, мөн шилжүүлсэн тухай баримт бичгийг гаргаж өгсөн атал анхан шатны шүүхээс эдгээрийг үнэлж үзээгүй, үндэслэл болгоогүй. Мөн төслийг шилжүүлсэн талаар Сангийн яамнаас лавлагаа авах хүсэлтийг ч хүлээн аваагүй.

Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний талууд нь Монгол Улсын Хөгжлийн банк, Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн яам, Монгол Улсын Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК бөгөөд уг гэрээний зорилго нь эдгээр талуудын хоорондын харилцааг зохицуулах байсан бөгөөд уг гэрээнд заасны дагуу Монголын төмөр зам ТӨХК-ийн өмнө хүлээсэн МУХБ-ны үүрэг ч дуусгавар болсон. "Монголын төмөр зам" ТӨХК болон "Кэй Эйч Эн Ар" ХХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай "Хөрс хуулалтын ажлын гэрээ" байгуулагдсан. Хугацааны хувьд уг гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн дараа "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" гэрээ байгуулагдсан. Уг гэрээ нь төслийн санхүүжилттэй холбоотой байсан бөгөөд өнөөдрийн байдлаар төслийг санхүүжүүлэхтэй холбоотой эрх, үүрэг Сангийн яаманд шилжсэн, харин "Хөрс хуулалтын ажлын гэрээ" нь тухайн тодорхой компани буюу гүйцэтгэгч, захиалагч нарын хоорондын харилцааг зохицуулах ажлын гэрээ байсан. Эдгээр гэрээнүүд хоорондоо холбоо, хамааралгүй, аль нэг гэрээнд нь эдгээр гэрээнүүд холбоо хамааралтай болох талаар эсхүл салшгүй хэсэг болох талаар дурдаагүй байтал анхан шатны шүүхээс хамааралтай гэж үзсэн.

МУХБ нь төсөл санхүүжүүлэх үүргийг "Кэй Эйч Эн Ар" ХХК-ийн өмнө бус "Монголын төмөр зам" ТӨХК-ийн өмнө хүлээсэн байсан, хоёрдугаарт, уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.15-д заасны дагуу МУХБ-наас "Монголын төмөр зам" ТӨХК-ийн өмнө хүлээсэн төсөл санхүүжүүлэх үүрэг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу 4 жилийн өмнө дуусгавар болсон байтал "санхүүжүүлэх үүрэгтэй" гэж шийдвэр гаргасан. МУХБ нь санхүүгийн байгууллага, төрийн өмчит, ашгийн төлөө байгууллага учраас хөрөнгийн чөлөөт эх үүсвэрийг үр ашигтай байршуулах, бусад төслийг санхүүжүүлэх учиртай тул эх үүсвэрийг үр ашиггүй хадгалаад байх боломжгүй юм.

"Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" гэрээ байгуулагдсанаас хойш төсөл хэрэгжүүлэгч болох "Монголын төмөр зам" ТӨХК-аас "Кэй Эйч Эн Ар" ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаартай албан бичгээр "Кэй Эйч Эн Ар" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлж байсан боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон. Мөн энэ албан бичиг нь "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө ирж байсан. Ийнхүү МУХБ-наас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан гэдэг нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс үнэлж үзээгүй.

МУХБ нь гадны банк, санхүүгийн байгууллага, бусад этгээдээс шилжүүлсэн эх үүсвэрээр аливаа төслийг санхүүжүүлдэг бөгөөд эх үүсвэргүй тохиолдолд санхүүжүүлэх бодит боломжгүй болдог. Иймээс МУХБ нь төсөл санхүүжүүлэх аливаа гэрээ байгуулж үүрэг хүлээхийн өмнө эх үүсвэрийн хүрэлцээг мэргэжлийн шинжилгээ үнэлгээний үндсэн дээр тооцоо судалгаа хийж тогтоодог. Мөн гэрээгээр санхүүжилт авах боломжит хугацааг ч тодорхойлж өгдөг. МУХБ-ны эх үүсвэр нь Засгийн газрын буюу төрийн өмч, эх үүсвэрийн хүрэлцээгүй байгаа өнөөгийн нөхцөлд МУХБ төслийг санхүүжүүлэх боломжгүй. Гэтэл эх үүсвэрийн бодит нөхцөл байдал, хаанаас, хэрхэн бүрдүүлэх, тэрхүү эх үүсвэрийг хаанаас, хэн, хэрхэн буцаан төлөх зэргийг тооцож үзэлгүй анхан шатны шүүх шийдвэр гаргасан.

Эх үүсвэр байсан ч түүний эргэн төлөлт баталгаажсан тохиолдолд МУХБ зээлийг олгодог. Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолд заасан байдаг. Гэтэл, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй, мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 2016, 2017 оны төсвийн тухай хуульд ч энэхүү ажлын санхүүжилт тусгагдаагүй. Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, МУХБ, "Монголын төмөр зам" ТӨХК нь "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 3-ТЗ-Б 2015-5/1 дугаартай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Уг гэрээний хавсралтаар МУХБ-наас "Шинэ төмөр зам төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22 517 000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон. Хуулиар зөвшөөрөөгүй санхүүжилтийг МУХБ-наас хууль зөрчин олгохгүй, МУХБ нь эх үүсвэргүй, эх үүсвэртэй болсон ч эх үүсвэрийн эргэн төлөлт баталгаажаагүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх хууль зүйн болоод санхүүгийн боломжгүй байдалл хүргэж байна.

Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байтал шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авсан. "Монголын төмөр зам" ТӨХК болон "Кэй Эйч Эн Ар" ХХК-ийн хооронд 1/006 дугартай "Хөрс хуулалтын ажлын гэрээ" 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу МУХБ албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө байгуулагдсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн тайлбарласнаар ажил 2011 оны 10 дугаар сард дуусч, тухайн үеэс эхлэн ажлын гүйцэтгэлээ "Монголын төмөр зам" ТӨХК-аас нэхэмжилсэн байдаг. Гэтэл 2016 оны 7 сард буюу 5 жилийн дараа нэхэмжлэл гаргасан байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн.

Ажил хүлээлцээгүй буюу ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ, ажлын хөлсний хэмжээ өнөөдрийг хүртэл Захиалагч, Гүйцэтгэгчийн хооронд тодорхойгүй, маргаантай байгаагаас үзэхэд ажил хийсэн нь ч тодорхойгүй байна. Ажил хүлээлцэх комисс байгуулаагүй, ажил хүлээлцээгүй гэдгийг захиалагч, гүйцэтгэгчийн аль аль нь зөвшөөрдөг. Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч, анхан шатны шүүх аль аль нь ажил хүлээлцээгүй, хамтарсан комисс байгуулаагүй гэдгийг зөвшөөрч, санхүүжилт шийдвэрлэх боломжгүй болсон байна гэж үзэх үндэслэлтэй гэсэн атал өнөөдөр санхүүжилтийг шийдвэрлэхийг даалгасан нь хоорондоо зөрчилтэй шийдвэр болжээ.

Ажлын хөлсийг Захиалагч буюу Монголын төмөр зам ТӨХК төлөхийг нэхэмжлэгч болон анхан шатны шүүх хүлээн зөвшөөрдөг. Захиалагч, Гүйцэтгэгчийн хооронд үүссэн ажил хийсэн эсэх талаарх маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа санхүүжилтийг Монголын төмөр зам ТӨХК нь төсөвт суулган шийдвэрлүүлэх боломжтой. Харин хуулийн дагуу МУХБ нь санхүүжүүлэх боломжгүй гэдгийг тооцон үзэлгүй, шүүхийн шийдвэр хэрэгжих бодит боломжгүй болгосон нь МУХБ-ны төдийгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ. Үүнтэй холбогдуулан Сангийн яам, төслийн. хэрэгжилтийг хариуцагч салбарын яам болох Зам, тээврийн яамыг хамтран хариуцагчаар татаж, тэдгээрт улсын төсөвт тусгахыг даалган шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн аваагүй.

Барилгын тухай хуулийн 40.2-т "Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно" гэж заасан байтал Захиалагч, Гүйцэтгэгчийн аль аль нь зураг төсөлгүйгээр ажил эхлүүлсэн байдаг. Мөн Монголын төмөр зам ТӨХК нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж гйүцэтгэгчтэй шууд гэрээ байгуулсан.

МУХБ нь Монголын төмөр зам ТӨХК-ийн өмнө ажлыг бус төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байсан боловч энэхүү үүрэг дуусгавар болсон. Иймд шийдвэрт хамтран хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн, уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг өөрчлөн залруулах боломжтой.

Нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК нь хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 4 849 289 927 төгрөг, алданги 2 424 644 963 төгрөг, нийт 7 273 934 890 төгрөг гаргуулах, хамтран хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д холбогдуулан гэрээт ажлын хөлсний санхүүжилт шийдвэрлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын Их хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсаны дагуу хариуцагч Монголын төмөр зам ТӨХК нь нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/006 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Даланзадгад - Таван толгой - Цагаансуварга, Сайншанд - Баруун-Урт Хөөт - Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 километр хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд 4 849 289 927 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Иймд нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК нь хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс гэрээний дагуу үүсэх үүргийг зөв тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК нь гэрээнд заасан ажлыг 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн, Монголын төмөр зам ТӨХК-д ажлыг хүлээн авч, хөлс төлөх тухай 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр санхүүжилт хүсэх тухай албан бичгээр тус тус хандаж байсан талаар баримтууд хэрэгт авагджээ. /2хх 175, 177-180/

Хариуцагч Монголын төмөр зам ТӨХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй боловч 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1/365 тоот албан бичгээр ажлын хөлс төлөх талаар Кэй Эйч Эн Ар ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн 95 хуудас, 1 боть материалыг Зам тээврийн яаманд хүргүүлсэн, мөн Зам тээврийн яам нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр санхүүжилт шийдвэрлүүлэх хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д гаргасан байна. /1хх 46-47, 3хх 82-85/

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Кэй Эйч Эн Ар ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг Монголын төмөр зам ТӨХК хүлээн авч, хянан баримтжуулж, Зам, тээврийн яамаар баталгаажуулан санхүүжилт олгох тухай хүсэлтийг банкинд ирүүлээгүй учраас санхүүжилтийг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэх агуулгатай 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг хэрэг авагдсан байна. /2хх 190/

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Монголын төмөр замын нэгдсэн холбоо нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК-ийг 362 507 м.куб хөрс хуулалтын ажил хийж гүйцэтгэсэн тухай дүгнэлт гаргажээ.

Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК нь хөрс хуулалтын ажлын гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч Монголын төмөр зам ТӨХК нь ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг шаардах эрхтэй.

Талууд гэрээнд заасан үүргийг хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 20 хувиар бууруулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэсэн шүүгчийн дотоод итгэлээр хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас гэрээний дагуу ажлын хөлс 4 849 289 927 төгрөг, алданги 1 454 789 978 төгрөг, нийт 6 304 076 905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК-д олгож шийдэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасантай тус тус нийцсэн байх бөгөөд энэ талаар хариуцагч Монголын төмөр зам ТӨХК давж заалдах гомдол гаргаагүй болно.

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК-ийн өмнө төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй, хамтран хариуцагч байх эрх зүйн үндэслэлгүй гэх гомдол үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх эсхүл татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд энэ хэргийн хувьд нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК, хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн хооронд байгуулагдсан хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг шийдвэрлэх үүрэг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д үүссэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Хөрс хуулалтын ажлын гэрээний талууд нь нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК, хариуцагч Монголын төмөр зам ТӨХК бөгөөд өөрсдийн хүлээх үүргийг тодорхойлсон, гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт гэрээний дагуу төлөх ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-аас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж заасан байна. Уг заалт нь нэхэмжлэгчид Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрх үүсгэхгүй, харин хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн төлбөр төлөх хугацаа нөхцлийн талаарх зохицуулалт гэж үзнэ.

Монгол Улсын Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК нь 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхээр 4 талт гэрээ байгуулсан байна. /2хх 38-42/ Уг гэрээгээр Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлэх үүрэгтэй, харин төсөл хэрэгжүүлэгч нь санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн, санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулаагүй тохиолдолд Хөгжлийн банк санхүүжилт олгохгүй байх эрхтэй байна.

Гэрээний агуулгаас үзвэл Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК-ийн өмнө санхүүжилт олгох үүрэг хүлээгээгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь дээрх гэрээний тал биш байх тул тэрээр Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-аас хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг шийдвэрлэхийг болон уг гэрээний үүргийг шаардах эрхгүй.

Төмөр замын суурь бүтцийн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкинд үүрэг болгосон Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр гэж үзэхгүй. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан тогтоол нь засгийн газрын үйл ажиллагааныхаа хүрээнд хийх зохион байгуулалтын шинжтэй байна. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хөгжлийн банкны талаарх Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд ямар нэгэн хуулийн этгээдийн өмнө санхүүжилт хийх үүргийг ногдуулах эрхийг Засгийн газарт олгоогүй.

Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар тусгай эрх зүйн чадвартай хуулийн этгээд бөгөөд түүний эрхлэх үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг нь хуулийн дагуу тодорхойлогдсон. Иймд хууль болон гэрээгээр үүсээгүй үүргийг ногдуулах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25ы өдрийн 181/ШШ2018/00011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад болгож гэсний дараа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д холбогдуулан гаргасан хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК болон Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж нийт 31 678 335 төгрөгийг тус бүрээс 15 839 167.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК-д гэснийг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас 31 678 335 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Кэй Эйч Эн Ар ХХК-д гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Монгол Услын Хөгжлийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 404 399 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ