Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2014/0181/З |
Дугаар | 128/ШШ2016/0122 |
Огноо | 2016-02-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2016/0122
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ю.А,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Д.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн К ХХК-д холбогдох хэсэг, 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцуулах”,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн Ю.Ад газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.А, түүний өмгөөлөгч П.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээд Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, түүний өмгөөлөгч Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа: “...Иргэн Ю.А миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн дагуу 20.000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд эзэмшдэг болно. Уг газар дээр Д.Э гэдэг хүн 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 257 дугаар захирамжаар 30 га газар олгосон нэрээр цементэн хашаа барьж босгосон. Иймээс уг газрыг ашиглах боломжгүй болж өнөөдрийг хүрсэн болно.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн К ХХК-д, 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлж байсан тайлбар үндэслэлүүд хэвээрээ. Өмнө шүүх хурлын тэмдэглэлд дурдагдсан тайлбар мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэнэ гэж үзэж байна. Сая дурдсан байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч Ю.А нь 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдөр газар өмчлөх эрхийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд буюу 22-ын товчооны баруун хойно 20.000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгогдсон байдаг. Энэхүү эрх олгогдсон газар гуравдагч этгээдийн газар олголт давхацсан байгаа. Гуравдагч этгээд Д.Эт нийслэлийн Засаг даргын 2009 оны 20 дугаар захирамжаар газар олгогдсон. 2011 онд зориулалт нь өөрчлөгдсөн байдаг. Д.Эт олгосон 30 га газар нь нэхэмжлэгчид олгосон газартай давхардаж орж ирсэн. Газар олгосон байгаа байдал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа эсэх нь 2007 оны 132 дугаар захирамжаар К ХХК-д газар олгосон баримтаар нотлогдоно.
К ХХК-ийн захирал Д.Э нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үед 2003 оны 110 тоот Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Япон Улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар Жэй эм интернет ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг нь шилжүүлэн авсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд дурдагдсан гурван захирамжийг илт хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Газар эзэмших эрх анх үүсгэсэн захирамж нь Д.Эийн өөрийнх нь компани байсан К ХХК-д 30 га газар эзэмшүүлэх эрх олгосон 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамж байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт болон өмнөх шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, мэдүүлгүүд, гуравдагч этгээдийн өөрийнх нь тайлбараар Жэй эм интернет ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлж авсан байдаг.
Мөн Нийслэлийн Засаг даргаас өгсөн хариу тайлбартаа Жэй эм интернет ******* ХХК-ийн 30 га газар ашиглах эрхийг шилжүүлэн олгосон гэдэг тайлбар өгсөн. Энэ нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар газар ашиглах эрхийг шилжүүлэхийг хориглосон байдаг. Үүгээрээ Газрын алба хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн захирамж гаргасан нөхцөл байдал гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргаж “К” ХХК-д газар ашиглах эрхийг шилжүүлээд газар эзэмших эрх олгосон нь илт хууль бус бөгөөд эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2012 онд харвалт өгсний улмаас эрүүл мэндийн шалтгаантай байж байгаад 2014 онд дээрх үйл баримтыг мэдэж 2014 оны 05 дугаар сард шүүхэд хандсанаар хэрэг үүсгэсэн байдаг” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”...Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд иргэн Ю.Агийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 тоот захирамжийн иргэн Д.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Д.Эт нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 30.000 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн ба зориулалт өөрчлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 тоот захирамжаар орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 110 тоот тогтоолоор Жэй Эм ******* ******* ХХК-д 30.000 м.кв талбай бүхий газрыг орон сууц үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн ба 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 тоот нийслэлийн Засаг даргын захирамжаар Карван ХХК-д эзэмшүүлсэн байна.
Иргэн Ю.Ад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 233 тоот захирамжаар 20.000 м.кв талбай бүхий газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж эзэмшүүлсэн байна.
Иймд иргэн Ю.Агийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”....Нэхэмжлэгч Ю.А нь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын гурван захирамжид холбогдуулан гаргадаг. Хамгийн анх 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 тоот захирамжийн Д.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2007 оны 132 дугаар захирамж, 2009 оны 20 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 тоот захирамжаар 20.000 га газар эзэмшдэг. Газар эзэмшиж байх явцад нь Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжууд гарч газар давхцуулж олгосон гэж нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа тайлбарладаг. Анх энэ газрын эрх хэрхэн үүссэн бэ гэвэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 110 тоот шийдвэрээр Жэй эм интернет ******* ХХК-д ашиглалтын хугацаатайгаар 40 га газар өгсөн байдаг. Үүний дагуу 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар К ХХК-д 30 га газар эзэмшүүлсэн. Тухайн үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг үндэслээд Жэй эм интернет ******* ХХК буюу гадаадын иргэн, аж ахуйн нэгжид Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газар эзэмшүүлсэн байдаг. Тухайн тогтоол гарсны дараа ашиглалтын зөвшөөрөл авсан компани нь газар эзэмших эрхээсээ татгалзсан байдаг.
К ХХК-тай хамтран ажиллаж байгаа тул К ХХК-д газар эзэмшүүлж өгөхийг хүссэний дагуу Газрын тухай хуулийн дагуу Монгол Улсын аж ахуйн нэгж К ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 132 тоот захирамжаар газар олгосон. Нэхэмжлэгч өөрөө тухайн маргаан бүхий газар дээр хэнд анх эзэмших эрх үүссэнийг судлах шаардлагатай. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 132 тоот захирамжаар газар эзэмших эрх үүссэн. Үүнээс 3 сарын дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэл гаргаж байгаа иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн үйлдэл байна гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2007 онд буюу 2009 оны Д.Эт олгосон болон 2011 онд 257 тоот захирамжаар Д.Эээс зориулалт өөрчлүүлсэн эдгээр захирамжуудыг хүчингүй болгуулъя гэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн газрыг хэн анх эзэмшсэн бэ гэдэг асуудлыг ярих нь зүйтэй. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд К ХХК нь Д.Эт газраа шилжүүлье гэсний дагуу шилжүүлсэн байна. Д.Э нь зориулалт өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2011 оны 257 тоот захирамж гарсан байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн гэсэн асуудал яригдахгүй. Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгосон 2007 оны 233 тоот захирамж нь үндэслэлгүй. Бусдын эзэмшиж, ашиглаж буй газар дээр давхардуулж газар олгочхоод одоогийн байдлаар ашиглаж болохгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг илт хууль бус гэж үзэн гурван үндэслэл гаргасан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор газар ашиглалтаар олгосон нь хууль бус гэж үздэг. Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын Захирагчийн өргөн мэдүүлсэн санал, Мэргэжлийн Комиссын 2003 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлын дүгнэлтийг үндэслээд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоол гаргасан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 тоот захирамжаар К ХХК-д газар эзэмшүүлсэн байдаг. Нотлох баримт судалж байх явцад газар эзэмших хүсэлт гаргасан 2 аж ахуйн нэгж хоёулаа 10 га газар эзэмших хүсэлт гаргасан байна. Гэтэл захирамж гарахдаа К ХХК-д 30 га газар эзэмшүүлсэн байна гэдэг. Үүнийг хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд нотлох баримтуудыг шаардаж үзсэн. Архивын газар өгсөн гэдэг баримт нь аж ахуйн нэгжид байдаг. Нийслэлийн архивын газар болон мэдээллийн санд, 132 дугаар захирамжийн хувийн хэрэгт аль алинд нь мэдээлэл олдоогүй.
Нийслэлийн Газрын албанаас өгсөн албан тоотоор эдгээр баримт нь устгалд орсон байна гэж хариу ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын зүгээс 10 га газар олгохыг хүссэн байхад 30 га газар олгоно гэсэн ойлголт байхгүй. Мэргэжлийн комиссын хурлаар оруулж, Засаг даргын бүх орлогч, Тамгын газрын дарга нараас санал авч Хуулийн хэлтэс дээр хянадаг. Тухайн үйл баримт нь ямар нэг байдлаар алга болсон. Сонгинохайрхан дүүргийн Кадастрын мэдээллийн санд орсноор энэ ажиллагааг манайх түрүүлж хийсэн гэсэн тайлбар ирүүлдэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Авилгатай тэмцэх газраас дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтэд Ю.А, Н.Т*******, А.Д******* нарын газрын кадастрын зураг, газрын гэрээ, гэрчилгээ, захирамжийн хуулбар, хариуцсан газрын албаны мэргэжилтний гарын үсэггүйгээр мэдээллийн санд бүртгэгдсэн байна гэдгийг тогтоосон. Үүний дагуу дээд шатны захиргааны байгууллага Нийслэлийн газрын алба кадастрын зураглалыг устгалд оруулсан. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга захирамж гаргаж мэдээллийн санд оруулсан гэдэг нь холбогдох байгууллагын дүгнэлт гараад устгасан гэсэн баримтаар үгүйсгэгдэж байна. К ХХК-д газар эзэмшүүлж байгаад Д.Эт газар эзэмшүүлсэн гэж байна. Дүүргийн шүүгчийн захирамж нь дээрх аж ахуйн нэгжийг татан буад, татвар, эд хөрөнгийг шилжүүлэх ажлын комисс байгуулаад 6 сарын хугацаа явж байх хугацаанд К ХХК-ийн захирал нь хүсэлт гаргаж газар эзэмшлээ өөр дээрээ шилжүүлсэн.
Энэ үйлдэл нь хууль бус гэдэг нь няцаагдаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамж нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаас 03 сар 10 гаруй өмнө гарсан байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамж нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэдэг нь харагдаж байна. Газрын тухай хуульд хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцаагүй байх ёстой гэж заасан. Үүнийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга буюу мэдээллийн санд мэдээлэл оруулсан ажилтан буруу үйл ажиллагаа явуулсны улмаас энэ маргаан явагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ газар нь тусгагдаагүй байдаг. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна. 132 тоот захирамжийн 3 дах хавсралтад заасан аж ахуйн нэгжүүдэд дээрх аж ахуйн нэгж ороогүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд аль аль тал маргаж болохоор нөхцөл байдал байгаа. Нэхэмжлэгч өөрөө мэдээгүй байж байгаад 2016 онд мэдэж нэхэмжлэл гаргасан гэж байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Авилгатай тэмцэх газарт 2008 онд дуудагдаж аль аль тал маргалдаж байсан байгаа. Тэр үед нэхэмжлэгч мэдэж байсан. Аль алинд нь хамааралтай. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжууд нь хуульд нийцсэн хуулийн хүрээнд гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслээд мэдээллийн санд оруулах журмаа зөрчиж, Кадастрын тухай хуулиа зөрчиж, Кадастрын мэргэжилтний цохолтоор цохогдох ёстой журмаа зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”.....иргэн Ю.Агийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээд Д.Э нь тайлбартаа маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших болсон гэдэг боловч Газрын тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2009 оны 233 дугаар газар эзэмших эрх нь үүсч холбогдох хуулийн дагуу кадастрын мэдээллийг газрын мэдээллийн санд 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр оруулж нэгж талбарын 18******* дугаар бүхий бүртгэлд орсон байна.
Тухайлбал дүүргийн Засаг дарга нь захирамжийг гаргахдаа газрын мэдээллийн санд давхцал байгаа эсэхийг лавлаж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг буюу “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. Учир нь гуравдагч этгээдийн 2007 онд К ХХК-иас шилжүүлж авсан газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байна.
Дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь гуравдагч этгээдийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор хууль зүйн сөрөг үр дагавар гарах юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар хүсэлт гаргаж байх үед маргаан газар нь эрх зүйн харилцаанд орсон байдал нь тодорхойгүй байсан.
Мөн нэхэмжлэгчийн хууль зөрчөөгүй байдал нь газар эзэмших хуулийн хэрэгт байгаа баримтуудаар дүүргийн Өмч газрын харилцааны албаны архивт байгаагаар нотлогдож байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамааруулж өгсөн бөгөөд хүчингүй болгох эсэх асуудлыг зөвхөн дүүргийн Засаг дарга шийдвэрлэдэг.
Иймд Ю.Агийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээс гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Шүүхээс хүсэх дараах хүсэлтүүд байна. Гуравдагч этгээд нь шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акттай маргасан уу эсвэл захиргааны актын биелэлттэй маргасан уу гэдэг асуултад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны акттай маргаж байгаа гэж хариулсан. Гуравдагч этгээдийн өөрийн хүсэл зориг ийм байгаа учраас гэрээ хэдэн онд хийгдсэн болоод хэдэн онд төлбөр төлсөн тухай маргахгүй гэдэг нь өөрийнх нь гаргасан тайлбараар нотлогдож байна. Захирамжийн хууль зүйн үндэслэлтэй маргана гэдгээ тайлбарласан байгаа. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн үндэслэлээ хурлын явцад хангалттай тайлбарлалаа гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байна. Газрын тухай хууль 2002 онд хэрэгжиж эхэлсэн уг хуулиар газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан байдаг. Нэг хуулийг нөгөө хуулиар захиргааны байгууллага, эрх бүхий субъект няцаана гэсэн ойлголт Монгол Улсад байхгүй. Нийтийн эрх зүйн харилцаанд зөвшөөрснөөс бусдыг нь хориглоно, хориглосноос бусдыг нь зөвшөөрнө гэсэн үндсэн эрх зүйн агу явдаг. Газрын тухай хуульд Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, Нийслэлийн Засаг дарга, Геодези, зураг зүйн газар гэсэн ойлголтуудыг 2002 онд хууль тогтоогч баталж өгсөн байхад 2003 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал газрын хурал зохицуулаагүй өөр хуулийг баримталж газар олгож байсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус акт тухайн үед гаргаж байсан байна. Нийслэлийн Засаг дарга нарын гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тайлбарласан. Илт хууль бус захиргааны акт гарсан үеэсээ эхлэн үйлчлэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг дарга нарын эрх хэмжээгээ хэтрүүлсэн.
Газрын тухай хууль тогтоомжид заагаагүй эзэмшлээс ашиглалт руу шилжүүлсэн үйл ажиллагаа явуулсан нь өөрөө хууль бус чиг үүрэгт нь хамааралгүй байна. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.1.6-д зааснаар газар эзэмшүүлэх эрхийг Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал хэрэгжүүлнэ гэж заасныг зөрчиж газар олгосон. Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэхдээ ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлбарлаж байна. Ажлын хэсэг хууль зөрчөөд байвал Нийслэлийн Засаг дарга хууль зөрчинө гэсэн агу гарч байна. Төрийн Захиргааны байгууллага хэзээ ч тэмдэглэлд үндэслэж тушаал шийдвэр гаргадаггүй. Тухайн албан тушаалтан өөрөө хариуцлагыг хүлээдэг болохоор зөвхөн хуульд үндэслэж шийдвэр гаргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Ю.Ад газар олгосон захирамжаа хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу захиргааны акт илт хууль бус болохыг шүүхээр тогтоолгохын тулд гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Мөн Нийслэлийн Засаг дарга хэрэв захирамж гаргасан юм бол Дүүргийн Засаг дарга шиг хуулиа хэрэгжүүлээд газрын мэдээллийн санд мэдээллээ оруулсан байсан бол энэ маргаан үүсэхгүй байсан. Газрын кадастрын мэдээллийн сангийн тухай хууль 1999 оны 06 дугаар сард батлагдсан хууль байдаг. Тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д эдлэн газар бүр нэгж талбартай, дугаартай байх ёстой гэдгийг зааж өгсөн байдаг. Газрын тухай хууль болон Газрын кадастрын мэдээллийн сангийн тухай хуулийг дээд шатны захиргааны байгууллага Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлсэн бол Дүүргийн Засаг дарга дээд шатны байгууллагатайгаа Шүүхийн өмнө мэтгэлцэхгүй. Захирамж 3 сарын өмнө гаргасан байна 3 сарын дараа Захирамж гаргаж болохгүй гэсэн ойлголт байхгүй. Монгол Улсын хуулиар газар олгох эрх бүхий хоёр субъект хуулийн дагуу олгосныг шүүх үнэлээсэй гэж хүсэж байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “.....Д.Э миний бие Монгол улсын хууль тогтоомжийн дагуу анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 132 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт миний өөрийн 1 гишүүнтэй компани болох К ХХК-ны нэрээр 30.0 га газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр газрын эрхээ баталгаажуулсан билээ. Уг газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 110 тоот тогтоолоор баталгаажсан Жэй эм интернет ******* ХХК-ны 40.0 га газраас 2 талын хүсэлтийн дагуу 30.0 га газрыг салган нэр шилжүүлэн авсан юм. Нэр шилжүүлж авах хүсэлтээ 2005 онд Нийслэлийн Газрын албанд гаргаж байсан боловч шийдвэр гаргаж өгөлгүй их удаж 2007 оны 4 дүгээр сард шийдвэр гарч байсан. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот захирамжаар газрын эрхээ өөрийн нэр буюу Д.Эийн нэр дээр шилжүүлэн авсан. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 тоот захирамжаар газар эзэмших зориулалтыг орон сууц, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай болгон өнөөдрийг хүртэл энэ газраа хуулийн дагуу эзэмшиж ирсэн.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 154 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хэсэгчилсэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орж шинээр ерөнхий төлөвлөгөө баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 359 дүгээр захирамжаар К ХХК-д орон сууц, үйлчилгээний цогцолбор барих барилгын зураглал, инженер-геологийн судалгааны ажлууд, цахилгааны өндөр хүчдэлийг өөрийн хөрөнгөөр татаж, усны худаг гаргаж, барилгын суурь тавигдах ажлууд тус тус хийгдэж, аж ахуйн үйл ажиллагааг явуулж байна. Харин өнөөдрийг хүртэл улсын болон тус газрын 1855/0111 дугаар бүхий газар эзэмших гэрээний дагуу жил бүр газрын төлбөрөө төлж ирсэн, “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-нд графикийн дагуу 118.0 сая төгрөг төлөгдсөн, төлбөрийн ямар нэгэн зөрчилгүй газар болно. 2007 оны 8 сараас эхлээд тус газар дээр газрын маргаан гарч, тухайн үед Улаанбаатар хотын хэмжээнд кадастрын зураглал дөнгөж хийгдэж эхэлсэн үе байсан тул кадастрын зургаа хийлгүүлж газрын албаны мэдээллийн санд оруулж чадаагүй хуучин схем зургаар газар эзэмшиж байсан, манай компани зургаа 2008 оны 2 дугаар сарын 14-нд мэдээллийн санд оруулж байх даа газар давхардсан тухай буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 тоот захирамжаар иргэн Ю.Ад 2.0 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар давхардуулан газар олгосон байсныг мэдсэн.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дүгээр заалтуудыг зөрчин газар давхцуулан олгосноос болж газрын маргаан гарч иргэн Ю.А нь Захиргааны хэргийн шүүхэд нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргаснаас болж миний эрх ашиг хөндөгдөж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 тоот захирамжаар иргэн Д.Э миний эзэмшил газар дээр газар давхардуулан олгосон захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “....2008 онд Авилгатай тэмцэх газар, газрын албанд дуудагдаж байсан. Газрын албанаас бидэнд 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр албан бичиг өгч байсан. Үүнд иргэн Ю.А, Н.Т*******, А.Д******* нарын газрын кадастрын зураг нь газрын гэрээ байхгүй, гэрчилгээ гарын үсэггүй, захирамжийн хуулбар байхгүй, хариуцсан кадастрын мэргэжилтний гарын үсэггүй, цохолт байхгүй мэдээллийн санд бүртгэгдсэн байсныг хууль бус гэдгийг тогтоож К ХХК нь хүчин төгөлдөр газрын гэрчилгээ, гэрээ, захирамжийн хуулбар, кадастрын мэргэжилтний гарын үсэг цохолттой байна гэдгийг тогтоосон. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 110 дугаар тогтоолоор Жэй эм интернет ******* ХХК-д 40 га газар олгогдсон байснаас 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 тоот захирамжаар К ХХК-д 30 га газар, ******* Констракшн ХХК-д 10 га газар тус тус олгож эрх шилжсэн байна. Дээрх газартай давхцуулан зураг хийсэн байсан учир Ю.А, А.Д******* нарын зургийг хүчингүй болгож, дээрх 2 компанийг мэдээллийн санд бүртгэлээ гэсэн Газрын албаны дарга н.Самбуугийн гарын үсэгтэй албан бичиг ирсэн. Ингээд бид энэ асуудал дууслаа гэж ойлгосон. Гэтэл 2014 оноос дахин шүүхэд хандсан байсан. Дээрх газрууд нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд албан ёсоор орсон газар.
Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын олгосон газар бол төлөвлөгөөнд ороогүй. Ю.А гуай Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байсан. н.Дашцэцэг гэдэг хүн энэ асуудалд огт хамаагүй. н.Дашцэцэг болон Д.Э нар огт хамааралгүй хүмүүс юм. Хашааны талаар гэвэл яагаад зарим газраараа хашаагүй вэ гэвэл тэр газар нь үер буудаг жалга байсан тэр газар нь үерийн далан бариад хашаа барьсан боловч үерийн улмаас хашаа нь нурсан учраас авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэн цаг хугацааг шалгах хэрэгтэй. 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрх нь үүссэн байдаг. 2003 оноос эхлэх ашиглаж, эзэмших эрх нь үүсч байсан газрыг 4 жилийн дараа, К ХХК-ийн үеэс авч үзвэл 3 сар 16 хоногийн дараа газар эзэмших эрх нь үүссэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан нь Нийслэлийн Засаг дарга, Дүүргийн Засаг дарга хамаагүй давхцуулж газар олгож болно гэж тайлбарлаад байна. Цаг хугацааны хувьд мэдээллийн санд ороогүй байсан учраас оруулсан гэж байна. Өнөөдөр иргэн хүн очоод хүсэлтээ гаргахад өчигдөр хүсэлтээ өгөөгүй учир таны хүсэлтийг авахгүй гэсэн хариу өгдөг. Энэ цаг хугацааны явцад ашиглаж, эзэмшиж ирсэн газрыг нь Дүүргийн Засаг даргаар захирамж гаргуулж аваад мэдээллийн санд оруулаад бусдын сул талыг ашиглаж давуу байдал гаргаж, газар эзэмших эрхийг давхардуулж олгоод түүнийгээ үндэслэлтэй байна гэж үзэж маргаж байна.
Цаг хугацааны хувьд бол захирамж нь хүчин төгөлдөр бус байх хуулийн шаардлагыг хангаж байна. гуравдагч этгээд Д.Э нь энэ газар дээр 689 сая төгрөгийн бодит зардал гаргасан байдаг. Газрын тухай хуулийн дагуу газрын төлбөр, Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслээд дуудлага худалдааны анхны үнэ төлөх ёстой гэсэн шаардлагыг биелүүлсэн байна. Шүүх тухайн газар дээр очиж үзлэг хийсэн. Байшингийн суурь, газрыг тойруулан хүрээлсэн бетонон хашаа, гүний худаг, амьдарч байгаа харуул зэрэгт 400 сая төгрөгийн зардал гаргасан байдаг. Тухайн газар хэн амьдарч байгаа талаар Давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоохыг даалгасан. Тогтоосноор Д.Эийн газрын харуул амьдарч байгаа. Маргаан бүхий газар очиж үзэхэд Ю.А гуай тухайн газар дээр нэг ч шон хатгаж байгаагүй байдаг. Маргаан бүхий газарт 2011 онд баригдаж байгаа болон шинээр баригдаж байгаа 2 байшин байгаа. Бодит нөхцөл байдал дээр газар ийм байгаа. Төсөл хэрэгжүүлье гэхээр маргаантай байна гээд хэрэгжүүлдэггүй. Нийслэлийн дөрвөн Засаг дарга эдгээр захирамжуудыг олгож гарын үсэг зурж байсан байгаа. Энэ гарын үсэг зурж баталгаажуулж байсан актыг гаргахад маш олон хүн ажиллаж боловсруулдаг. Эдгээр захирамжууд хууль зүйн үндэслэлтэй гарсан.
Газар ашиглах эрх нь эзэмших эрх рүү хууль бусаар шилжсэн гэж тайлбарлаж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь тухайн газраа хүсэлт гаргаж шилжүүлсэн байдаг. ******* Констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг Захиргааны хэргийн шүүхэд шийдэгдсэн. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарч энэ газрыг эзэмшээд ашиглаад явж байгаа. Нийслэлийн Засаг дарга хүсэлт өгөөгүй бол энэ захирамжийг гаргаж газар эзэмшүүлээд гуравдагч этгээд нь үүргээ биелүүлээд явахгүй байсан. 2007 оны Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 233 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ю.Агийн “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн К ХХК-д, 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Эийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн Ю.Ад газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн К ХХК-д, 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дээр дурдсан нийслэлийн Засаг даргын захирамжуудын К ХХК болон гуравдагч этгээд Д.Эт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч Ю.Агийн 18******* нэгж талбарын дугаар бүхий 2,0 га газар нь гуравдагч этгээд Д.Эийн эзэмшлийн 18******* нэгж талбарын дугаар бүхий 30,0 га газартай бүхэлдээ давхцалтай болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зураг болон маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нотлогддог.
Гуравдагч этгээд Д.Эийн эзэмшиж буй 30,0 га газрыг анх нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаар тогтоолоор ******* эм ******* ******* ХХК-д 40,0 га хэмжээтэйгээр ашиглуулахаар шийдвэрлэж, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээг нийслэлийн Газрын албатай байгуулжээ.
Тус компани К ХХК-д 10,0 га газрыг шилжүүлэх хүсэлтийг 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн Газрын албанд гаргаж байсан боловч нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжаар ******* эм ******* ******* ХХК-ийн ашиглаж байсан 40,0 га газраас К ХХК-д 30,0 га газрыг ******* ******* ХХК-д 10,0 га газрыг тус тус шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийг гарснаас хойш ******* эм ******* ******* ХХК-иас газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар гомдол гаргаагүй, мөн нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2005 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, К ХХК-ийн газрын баталгаат хэмжээг тогтоосон актаар 30,0 га хэмжээтэйгээр тусгагджээ.
К ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3047 дугаар шийдвэрээр татан буугдаж, уг компанийн үүсгэн байгуулагч Д.Эт К ХХК-ийн 0065578 дугаар газар эзэмших гэрчилгээ бүхий эрхийг нийслэлийн Засаг даргын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн.
Ингээд нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжаар Д.Эийн эзэмшил 30,0 га газрын зориулалтыг өөрчлөн эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч Ю.Агийн илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн К ХХК-д, 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгүүд Газрын тухай хуулийг зөрчөөгүй, түүнчлэн Ю.Ад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхээс өмнө дээр дурдсан аж ахуйн нэгж, иргэнд газар ашиглах, эзэмших эрх үүссэн бөгөөд уг эрх дуусгавар болоогүй байна.
Ю.Агийн эзэмшлийн 18******* нэгж талбар бүхий газрын кадастрын зургийг нийслэлийн газрын мэдээллийн санд 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр оруулсан байсныг устгаж, К ХХК-ийн 18626309983067 нэгж талбарын дугаар бүхий газрын мэдээллийг оруулсан гэж нэхэмжлэгч маргадаг.
Харин Ю.Ад эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулсан байсныг бүртгэлээс хасч, өмнө нь эзэмших эрх үүссэн К ХХК-ийн газрын кадастрын зургийг кадастрын мэдээллийн санд зохих журмын дагуу оруулсан талаар нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн К ХХК-д, 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй, хариуцагч нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн Ю.Ад газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ю.А Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжаар маргаан бүхий 2,0 га газрыг эзэмших эрхтэй болсон.
Мөн Ю.Агийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургаас өөрөөр уг газрыг эзэмших хүсэлт болон Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан газар эзэмших хүсэлтэд шаардагдах баримтууд Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны архивт хадгалагдаагүй талаар тус газрын албан бичгийг шүүхэд ирүүлснээс үзэхэд Ю.Агийн эзэмшихийг хүссэн газрын байршил хэмжээ зааг, нэгж талбар тодорхойгүй, түүнчлэн хүсэлт гаргасан эсэх нь нотлогдохгүй байна.
Харин К ХХК-д нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газарт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2007 оны 233 дугаар захирамжаар Ю.Ад давхцуулан газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн бөгөөд ийнхүү эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийгээгүйгээс бусдын эзэмшилд байгаа газартай давхцуулсан гэж үзэхээр байна.
Иймээс нэхэмжлэгч Ю.Ад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжаар 2,0 га газрыг эзэмшүүлсэн нь Д.Эийн газар эзэмших эрхийг зөрчсөн тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн К ХХК-д, 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Эийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,1, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Агийн “нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн К ХХК-д, 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хэсгийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Эийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, уг захирамжийн Ю.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
А.САРАНГЭРЭЛ