Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0423

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0423

       Улаанбаатар хот

 

 

А.Д, Ө.Б, Б.Н нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, өмгөөлөгч Б.Х, гуравдагч этгээд “М н” ХХК, “М м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0340 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээд “М н” ХХК, “М м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарын давж заалдах гомдлоор, А.Д, Ө.Б, Б.Н нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0340 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 12 дугаар зүйлийн 12.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, 19.4-т заасныг баримтлан иргэн А.Д, Ө.Б, Б.Н нарын Ашигт алтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “Мөнгөн нахиа” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э давж заалдах гомдолдоо: “...Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэсэн заалтын дагуу Төв аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

“М н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан НЕ-026874 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Төв аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн заалтын дагуу хуулийн хугацаанд саналыг Ашигт малтмалын газарт ирүүлээгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “М н” ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХV-019909 дүгээр тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд энэхүү шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 6/250 тоот албан бичгээр тус компанид мэдэгдсэн байна.

Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.

Засаг дарга нь санал ирүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасан байх тул иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасан үндэслэлээр дэмжихгүй байж болно.

Гагцхүү Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Засаг дарга нь хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагуудаас санал авч хариу ирүүлэх үүрэгтэй. Энэхүү шүүргээ биелүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл биш юм.

“М н” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын ХV-019909 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг Кадастрын хэлтэст 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан.

Кадастрын хэлтэст өргөдлийн материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийж Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын ХV-019909 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр “М ма п” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийж, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 6/4130 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, хуулийн нөхцөл шаардлагын дагуу дээрх шийдвэрүүдийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “М м п” ХХК, “М н” ХХК-ийн захирал А.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар давж заалдах гомдолдоо: “М н” ХХК Төв аймгийн Алтанбулаг сумын Аранжин гэх талбайд 6402.71 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өргөдөл гаргасны дагуу Кадастрын хэлтэс хүлээн авч шүүлт хийх ямар нэг давхцал байхгүй байсан учраас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 33 дугаар Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. “М н” ХХК-аас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн кадастрын хэлтсийн даргын 468 дугаар шийдвэрээр “М м п” ХХК-д шилжүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх үүргээ кадастрын хэлтэс хэрэгжүүлсэн.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын үйлдэл хууль бус байна. Тэрээр зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан санал өгөх ёстой бөгөөд “М н” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл өгч байх үед сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргын хувьд ямар нэгэн эрхийн акт гаргаагүй байсан. Нэр бүхий иргэдийн газар эзэмших гэрчилгээний огноо засвартай байхад уг баримтыг үнэлсэн шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн.

Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 11дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Засаг даргад санал авах мэдэгдэл хүргүүлсэн байх ба 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Засаг даргын орлогч Н.М 01/1812 дугаар албан бичиг үйлдсэн тухайн өдрөө хариу ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар 30 хоногийн дотор хариу ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохгүй. Аймгийн Засаг даргын 34 хоногийн дараа хариу ирүүлснийг Ашигт малтмал, Газрын тосны газар хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн.

Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0005 дугаар шийдвэрээр Аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс анх “Ашигт малтмалын газраас XV-019909 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “М м п” ХХК-д шилжүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “М н” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч нараас энэ тусгай зөвшөөрөлтэй талбай нь бидний зуслан, намаржаа, хаваржааны газартай давхцалтай олгогдсон тул уг талбайд тусгай зөвшөөрөл олгохыг орон нутгийн зүгээс дэмжих боломжгүй гэсэн, уул уурхайн чиглэлээр газрыг ухвал бидний амин зуулга болсон малын бэлчээр, хадлан үгүй болжтоосжилт цөлжилт болох аюулд ороод байна хэмээн маргасан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Аранжин нэртэй 6402.71 гектар талбай бүхий XV-019909 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “М н” ХХК-д олгосон байна.

Улмаар “М н” ХХК-аас дээрх тусгай зөвшөөрлөө шилжүүлэхийг хүссэн TR-008555 дугаартай өргөдөл гаргаснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “М м п” ХХК-д шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.Д Ө.Б, Б.Н нар Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд хариу өгөөгүй Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож мэдэгдлийн хариуг хүргүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг захиргааны хэргийг Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 123/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг гаргасан байх бөгөөд уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон талаар тус шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/111 дүгээр албан бичиг ирүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээс үзэхэд Төв аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ын хуудсаар Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг үндэслэж “дэмжихгүй” гэсэн саналыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт хаяглан хүргүүлснийг тогтоожээ.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын архив болон Кадастрын хэлтсийн архивт үзлэг хийж, Төв аймгийн Засаг даргын орлогч Н.М ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” тухай 6/9180 дугаар саналыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Кадастрын хэлтэст шилжүүлсэн гэдгийг нотолсон байна.

Дээрхээс үзэхэд Төв аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Төв аймгийн Алтанбулаг сумын “А” нэртэй 6402.71 га газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн байхад Ашигт малтмалын газраас “М н” ХХК-д ашигт малтмалын XV-019909 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагын буруутай үйлдэл байгаа тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.Д, Ө.Б, Б.Н нар нь Ашигт малтмалын газрын газрын /хуучин нэрээр/ Кадастын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 33 дугаар шийдвэрээр тус сумын “А” нэртэй 6402.71 га талбайд олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр мал аж ахуй эрхлэн амьдардаг, өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрхтэй тул тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөс гадна тус сумын нийт иргэдийн эрх ашигт ч хамааралтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0340 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                              Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ