Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 636

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

хохирогч Д.Чулуундорж, түүний өмгөөлөгч Б.Баасандорж,

гэрч Д.Сүх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Мөнгөнсүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваасамбын Д-д холбогдох эрүүгийн 201725020806 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “О” шүдний эмнэлэгт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Чулуундоржоос “100 сая төгрөг түр зээлээч банкинд байршуулж зээл авчихаад буцааж өгнө” гэж хуурч залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би үндсэн төлбөрөө энэ ондоо

багтааж төлнө. Би хохирогчоос зээлсэн мөнгөө төлөх баталгаа байна. Өнөөдрийг хүртэл тогтвортойгоор ажлаа хийж байгаа. Хохирогч өөрөө сард 10.000.000 төгрөг төлөх график гаргаж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Би 39.940.000 төгрөгийг хохирогчид төлсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Чулуундорж мэдүүлэхдээ: “2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 100.000.000 төгрөг банкнаас зээл авах гэсэн юм. Тэгээд банкны баталгаа авах шаардлагатай надад туслаач гэж шүүгдэгч хэлсэн. Банкнаас зээл авчихаад чиний мөнгийг 2 сарын дотор буцаагаад өгчихье гэж хэлээд надаас 100.000.000 төгрөг авсан. Би ажил хийдэг, шүдний эмнэлэг ажиллуулдаг болохоор нь итгээд өгсөн. Би ямар нэгэн график гаргасан зүйл байхгүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Сүх-Очир мэдүүлэхдээ: “Бид нар шинэ жил тэмдэглэж байсан. Тухайн үед Д.Д босоод Д.Чулуундоржид хандан “100.000.000 төгрөг өгч тусламж үзүүлсэнд баярлалаа” гэж хэлж байсан. Би нарийн асуудлыг сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг өгсөн. Энэ 2 хүний хооронд 100.000.000 төгрөгийн талаар яригдаж байсан эсэхийг би сайн мэдэхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 36 дугаар хуудас хохирогч Д.Чулуундоржийн мэдүүлэг, 38 дугаар хуудас гэрч Д.Сүх-Очирын мэдүүлэг, 37 дугаар хуудас гэрч Э.Алтангэрэлийн мэдүүлэг, 69 дүгээр хуудас яллагдагч Д.Д-н мэдүүлэг, 30 дугаар хуудас мөнгөн хуулга, бэлэн мөнгө шилжүүлсэн баримт, 118 дугаар хуудас эд хөрөнгийн лавлагаа, 122 дугаар хуудас тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг авагдсан нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баасандоржоос: Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 36 дугаар хуудас хохирогч Д.Чулуундоржийн мэдүүлэг, 38 дугаар хуудас гэрч Д.Сүх-Очирын мэдүүлэг, 37 дугаар хуудас гэрч Э.Алтангэрэлийн мэдүүлэг, 69 дүгээр хуудас яллагдагч Д.Д-н мэдүүлэг, 30 дугаар хуудас мөнгөн хуулга, бэлэн мөнгө шилжүүлсэн баримт, 118 дугаар хуудас эд хөрөнгийн лавлагаа, 122 дугаар хуудас тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудыг,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Төрсний гэрчилгээний хуулбарууд /Доржийн Номингэрэл, Доржийн Мөнхгэрэл/ /хх-71-72/, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-118/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-119/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-120/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-121/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-122/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-123/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-124/ зэргийг шинжлэн судлав.

Хохирогч Д.Чулуундорж: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй, шүүхэд шинээр 1 хуудас нотлох баримтыг гарган өгч,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн: Шүүгдэгчид оногдуулах ял

шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй,

     Шүүгдэгч Д.Д: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

            1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Д нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “О” шүдний эмнэлэгт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Чулуундоржоос “100 сая төгрөг түр зээлээч банкинд байршуулж зээл авчихаад буцааж өгнө” гэж хуурч залилан мэхэлсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

            Хохирогч Д.Чулуундоржийн: “...миний бие “Далай угалз” ХХК-ийн захирлаар 2007 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Д-тай 1996 онд их сургуульд суралцаж байхдаа танилцаж байсан бөгөөд бид 2 өөр өөр сургуульд суралцдаг байсан юм. Бид 2-ын хооронд найз нөхдийн харилцаатай бөгөөд ямар нэгэн дотно харилцаа байгаагүй. Бид 2 тийм дотно найзууд ч биш, нэг нэгнийгээ таних төдийд л найзалдаг байсан юм. Хааяа л уулздаг байсан ба 2013 оны 11 сарын үед би Д-тай нэг уулзсан бөгөөд уулзаж байхад “би өөрийн хувийн эмнэлэг ажиллуулж байгаа ба тус эмнэлгийнхээ байрыг худалдан авах гэсэн чинь мөнгө дутаад, банкнаас зээл авах гэсэн чинь хөрөнгийн баталгаа шаардаад байна, 100 сая төгрөг байвал түр зээлээч банкиндаа түр байршуулж зээлээ авчихаад эргүүлэн мөнгийг чинь өгье” гэхээр нь би итгээд түр тэр мөнгийг нь зээлэхээр болсон юм. Тухайн үед манай компани гадны компанитай хамтраад 1 тэрбум 300 сая төгрөгний ажил хийж байсан ба тэр ажлын урьдчилгаа мөнгө ороод ирсэн байсан юм. Би тэр мөнгөнөөсөө 100 сая төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д-д ажил дээр нь бэлнээр аваачиж өгсөн. Түүний ажил СБД-ийн 8 дугаар хороо ШУТИС-ийн зүүн талд байдаг юм. Тэгээд тэр мөнгийг авсанаас хойш надад эргүүлээд 2014 оны 04 сарын 23-ны өдөр 23 сая төгрөг буцааж өгчихөөд одоог хүртэл үлдсэн мөнгийг маань өгөхгүй өдий хүрсэн юм. Мөнгөө нэхэхээр гадаад руу явж мөнгө авчираад өгнө, үгүй бол дүүгийн компани зам засварын мөнгө орж ирэхээр өгнө, Өмнөговь аймагт байгаа байраа зарахаар өгнө гэх мэтээр худлаа ярьсаар өдийг хүрсэн юм...” гэх мэдүүлэг /хх-36/,

Гэрч Д.Сүх-Очирын: “...2014 оны үед билүү шинэ жил байсан юмаа бид нар найзуудтайгаа шинэ жил тэмдэглэж байсан. Тэр үед Д босоод найз Чулуундорждоо хандаж зуун сая төгрөг зээлүүлж тусламж үзүүлсэнд маш их баярлалаа гэж найз нөхдийн өмнө хэлж байсан юмаа өөх нарийн ширийн юм мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-38/,

Гэрч Б.Алтангэрэлийн: “...тэгээд 2013 оны 12 сарын үед байх Долгормаа нь

Чулуундоржоос 100 сая төгрөгийг эмнэлгийн байр худалдан авахаар урьдчилгаанд нь төлөхөөр зээлж авсан гэсэн юм. Учир нь банкнаас зээл авахад заавал урьдчилгааг нь төлөх хэрэгтэй болсон юм байна лээ. Би тэр 2-ыг мөнгө төгрөгөө өгч авч байхыг нь хараагүй, Чулуундорж нь банкнаас 100 сая төгрөгийг бэлнээр авч түүнд өгсөн гэсэн. Энэ 2 хоорондоо гэрээ хийсэн эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан гэрээ хийгээгүй л гэж байх шиг байсан. Тэгээд тэр мөнгийг нь 2 сарын хугацааны дараа эргүүлэн өгнө гэсэн боловч эргүүлэн хэдэн төгрөг өгсөн гэдэг боловч тэрийг нь мэдэхгүй, ямар ч байсан мөнгөө өгөхгүй байна гээд шүүх цагдаад хандана гэж байсныг нь санаж байна. Би өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-37/,

Д.Д-н яллагдагчаар мэдүүлсэн: “...Миний бие Чулуундоржийг оюутан наснаасаа буюу 1998 оноос хойш өдийг хүртэлх хугацаанд мэддэг бөгөөд ер нь найзууд байгаа юм. Тэгээд 2013 оны 11 сард миний түрээслэн ажиллуулж байсан СБД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” шүдний эмнэлгийн байрыг өмчлөгч Баярмаа нь худалдахаар болооод намайг худалдан авах уу? гэдэг саналыг тавьсан. Учир нь би тэр байрыг түрээслэн дотор нь шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан юм. Тэгээд тэр саналыг нь хүлээн аваад авч тус байрыг 535 сая төгрөгөөр худалдан авахаар болсон ба надад тухайн үед тус байрыг худалдан авах боломжтой байсан болохоор Улаанбаатар хотын банкнаас зээл авахаар хөөцөлдсөн юм. Тэгээд зээлийг хөөцөлдөж байхад Улаанбаатар хотын банкнаас тус зээлийг авахын тулд урьдчилгаа 135 сая төгрөгийг банкинд байршуулах хэрэгтэй гэсэн. Тэр үед надад өөрт 35 сая төгрөг бэлэн байсан ба үлдсэн 100 сая төгрөгийг хүнээс зээлэх шаардлага гарсан юм. Тэгээд энэ талаар Чулуундоржид хэлсэн юм. Учир нь тухайн үед тэрээр бизнес эрхэлж байсан болохоор түүнийг мөнгөтэй, тэгээд ч найзууд болохоор туслах байх гэж бодоод хэлсэн юм. Тэгэхэд Чулуундорж надад 100 сая төгрөг зээлэхээр болсон бөгөөд бид 2 хоорондоо гэрээ байгуулаагүй, би тус 100 сая төгрөгийг бэлнээр нь өөрийн ажлын байран дээр хүлээн авсан. Бид 2 гэрээ байгуулаагүй ч гэсэн тэрээр надад зээлсэн мөнгөндөө 1.7 хувийн хүү тооцож, эргүүлэн төлөх графикийг гарган өгсөн. Би тэр мөнгийг аваад дээр нь өөрт байгаа мөнгөө нэмээд Улаанбаатар хотын банкинд урьдчилгаа мөнгөө өгөөд зээлээ бүртгүүлээд тухайн байрыг худалдан авсан юм. Тэгээд би банкиндаа тус худалдан авч байгаа байраа барьцаалаад 400 сая төгрөгийн зээлтэй болсон юм. Ингээд худалдан аваад үйл ажиллагаа хэвийн болсон юм. Тэгээд би зээл авсан мөнгөнөөсөө эргүүлэн 36.500.000 төгрөгийг Чулуундоржид эргүүлэн өгсөн. Тэгээд тухайн үед би зээлийг Япон улсад байх 2 түншээсээ хөрөнгө оруулалт аваад Чулуундоржид өгөөд төлчихнө гэж тооцсон байсан. Үүнийг Чулуундорж мэдэж байгаа, учир нь өөрөө надтай хамт Япон улсруу түншүүдийн маань урилгын дагуу очиж нэг түнштэй маань уулзаж байсан. Бид 2-ыг очих үед нэг түнш маань нас барчихсан байсан юм, харин сүүлд бид 2-ыг очиж уулзсаны дараахан уулзсан нэг түнш маань бас нас барчихсан юм. Ингэснээр миний тооцоолж байсан хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болчихсон юм. Тэгэхээр би ямар ч байсан Чулуундоржийн мөнгө өгөх ёстой учраас энэ 36.500.000 төгрөгийг увуулан цувуулан боломжоороо төлсөн. Тэр үед би үйл ажиллагаа явуулж олсон орлогоороо ажилчдын цалинг өгдөг, дээр нь Улаанбаатар хотын банкинд зээлээ төлдөг, үйл ажиллагаа сайжруулахын тулд урсгал засвар хийсэн. Энэ бүх асуудал давхцсанаар миний үйл ажиллагаа явуулж олсон орлого бүх зүйлд хүрэлцэхгүй

байсан ба урсгал засвар хийх хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа явагдаагүй зогссон, үүнээс болж орлого олоогүй, дээр нь тэр хугацаанд үйлчлүүлэгч мөн цөөрснөөр орлого багасхад хүрсэн юм. Энэ бүх зүйлээс гарахын тулд би бага хүүтэй төслийн зээл гаргуулан авахаар шийдээд Үнэнцэцэг гэдэг хүнтэй танилцаж, түүгээр зуучлуулсан боловч Үнэнцэцэг бас надаас 45 төгрөгийг залилан авсанаар бүр хүндэрсэн юм. Үнэнцэцэгийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан ба уг асуудал одоог хүртэл Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаад шийдэгдээгүй байгаа юм. Энэ бүх асуудлаас болж би Чулуундоржид тодорхой хугацаанд мөнгө өгч чадаагүй юм. Гэхдээ би ямар ч байсан Чулуундоржийн мөнгийг өгөх ёстой болохоор төлөөд явж байгаа бөгөөд сүүлд буюу 2017 оны 05 сарын 16-ны өдөр 3.400.000 төгрөгийг түүн рүү шилжүүлсэн. Манай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ба одоог хүртэл мөн л Улаанбаатар хотын банкнаас авсан зээлээ төлөөд явж байгаа юм. Миний хувьд Чулуундоржоос авсан зээлээ төлөхгүй гэх шалтгаан байхгүй, авсан нь үнэн учраас би мөнгийг нь зохих хүүгийх нь хамт төлж барагдуулна. Түүнийг залилсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-69/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Д.Дгийн үг, үйлдэлд хууртагдан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлд хууртагдаж түүнд мөнгө өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэв.

Шүүгдэгч Д.Д нь бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчид мөнгийг эргүүлэн төлөх баталгаа, тооцоололгүй, мөн хөрөнгө оруулалт орж ирэх, мөн цуцлагдсан талаар баримт байхгүйгээр “зээлээр” авч байгаа нь залилж бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

Хохирогч нь шүүгдэгчийн анх 100.000.000 төгрөгийг банкны баталгаа болгож байршуулан зээлээ авчихаад буцааж өгнө гэж хэлсэнд итгэн мөнгө өгсөн талаараа анх Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн тайлбар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тайлбар, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг зэрэгт мэдүүлдэг байна.

Харин шүүгдэгч нь Япон улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж байсан талаар мэдүүлдэг ба шүүгдэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “…Ингээд би тодорхой ашиг орлого олоод мөн дээр нь Япон улсаас хөрөнгө оруулалт орж ирэхээр Чулуундоржоос авсан мөнгөө эргүүлэн төлнө гэж бодож байсан юм. Тухайн үед би Япон улсын Томи интернейшнл компанийн захирлуудтай хамтран ажиллах байсан юм. Тэр үед захирлууд нь надад хөрөнгө оруулалт хийнэ, бичиг баримтуудаа бэлдэж бай гэсний дагуу би бичиг баримтуудаа бүрдүүлж амжаагүй байтал тус компанийн захирлуудын бие муудаж нэг нь хорт хавдараар, нөгөө нь насны доройтлоор нас барсан юм… Ер нь би сардаа банкинд 11 сая төгрөг төлдөг, дээр

нь 10 гаран ажилтныхаа цалинг өгдөг, дээр нь үйл ажиллагааны эргэлтийн зардлыг гаргадаг…” гэсэн мэдүүлгээс харахад хохирогч нь шүүгдэгчийг банкнаас зээлээ аваад мөнгийг буцаан өгнө гэдэгт итгэн мөнгө өгсөн талаараа тогтвортой мэдүүлдэг, харин шүүгдэгч нь хохирогчид мөнгийг эргүүлэн төлөх баталгаа, тооцоололгүй, мөн хөрөнгө оруулалт орж ирэх, мөн цуцлагдсан талаар баримт байхгүй, шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ нотлоогүйг болохыг дурдах нь зүйтэй.

Д.До нь өөрийгөө “…банкны урьдчилгаанд хохирогчоос авсан мөнгөө өгсөн, тодорхой ашиг орлого олоод мөн дээр нь Япон улсаас хөрөнгө оруулалт орж ирэхээр Чулуундоржоос авсан мөнгөө эргүүлэн төлнө гэж бодож байсан” гэх зэргээр бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчид хуурамч амлалт өгч үр дүн маш эргэлзээтэйг мэдсээр байж бусдын мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа нь бусдыг залилан мэхлэх үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

Д.Д-н хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын их хэмжээний мөнгөн хөрөнгийг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчаас гаргасан гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Д.Д-ийн хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчоос 100.000.000 төгрөг залилж их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 100.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь хохирогчид нийт 39.940.000 төгрөгийг төлсөн байх ба төлөгдсөн хохирлын талаар шүүгдэгч хохирогч хэн аль нь маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нийт 60.060.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Чулуундоржид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч болон түүний өмгөөлөгчөөс “...үлдэгдэл мөнгө болох 60.060.000 төгрөг дээр нэмээд 52.030.000 төгрөгийг банкны эдийн засагчаар бодуулж гаргаж ирсэн юм. Тухайн 100.000.000 төгрөгийг банкинд хадгалуулсан бол 52.030.000 төгрөг болох юм байна гэж үзэж мөнгөө нэхэмжлээд байгаа юм. Энэ мөнгийг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг гэж тооцож, шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан ба шүүгдэгч, хохирогч нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, дээрх асуудал иргэний эрх зүйн харилцааны бус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан үйлдэл тул дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн зүйлчлэлийг зөвтгөх тухай:

Шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

2002 оны Эрүүгийн хуулийн “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” (148 дугаар зүйлийн 148.4) гэмт хэрэгт “эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ба Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Залилах” (17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2) гэмт хэрэгт “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ хөнгөрсөн байна.

Иймээс хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгч Д.Дгийн бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж прокурор ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин прокурор “…оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” хуулийг буцаан хэрэглэхдээ 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлалгүй орхигдуулсныг шүүх нөхөн гүйцэтгэж зөвтгөн залруулав.

Мөн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаартай тогтоол, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 585 дугаартай яллах дүгнэлтүүдэд “”Яллагдагч Д.Д нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Оронж” шүдний эмнэлэгт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Чулуундоржоос 100.000.000 төгрөг түр зээлээч банкинд байршуулж зээл авчихаад буцааж өгнө гэж хуурч залилан мэхэлсэн” гэж бичигдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинж нь их хэмжээний хохирол учруулсан гэсэн үйлдэл байна.

Харин прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн боловч гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох их хэмжээний хохирол учруулсан шинжийг орхигдуулсан байх тул үүнийг зөвтгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доод дурдсанаар ойлгоно”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж энэ хуульд заасан хохирлын хэмжээг тодорхойлсон тул шүүгдэгч Д.Д-ийн дээрх гэмт хэргийн улмаас бусдад 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Дээрх байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг зохих заалтыг журамлаж, гэмт хэргийн шинжийг зөвтгөн залруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийн зүйлчлэл болон хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхгүй гэж шүүх дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”, гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ш.Мягмарцэрэнгээс: “…Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргаагүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдал яагаад дээрдэхгүй байгаа юм. Мөн миний үйлчлүүлэгч төлөх ёстой мөнгөнийхөө 40 хувийг төлж барагдуулсан. Хэрэв шүүгдэгчид хорих ял оногдуулчих юм бол хохирогчийн хор уршиг болон хохирлыг яаж төлөх юм. Тэр нөхцөл байдлыг хааж байгаа асуудал яригддаг. Бид гэм буруугийн тал дээр маргаагүй нь хувийн байдлыг гаргаж ирэх гэж яриагүй юм. Шүүгдэгч хохирогчид учирсан хохирлоо төлөхөө бүрэн илэрхийсэн. Мөн шүүгдэгч өнөөдөр 2 насанд хүрээгүй хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Шүүгдэгч байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмнэлэг байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө хугацааг тооцох юм бол эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө 39.940.000 төгрөг төлөгдсөн байсан. Энэ байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж үзэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.5 дугаар зүйлд зааснаар “өөрийгөө илчилсэн”, 1.6 дугаар зүйлд заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн”. ...Шүүгдэгч хохирол төлбөр төлөх баталгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт дурдсанаар байр байдаг. Энэ байрны асуудлыг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шийдэх боломжтой. Хүнийг нийгмээс тусгаарласнаар хэрэг маргааныг шийдэж, хохирлыг асуудал шийдэгдэхгүй. Иймд миний үйлчлүүлэгчид сонгох санкцыг хэрэглэж, торгуулийн ял оногдуулж өгнө үү …” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан ба шүүхээс Д.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хохиролд 60.060.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба хохирлын хэмжээ,  шүүгдэгчийн орлого олох боломж зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн тоо, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэснээс гадна хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

3. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон зөвтгөж зүйлчилсүгэй.

2. Д.Д-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-аас 60.060.000 /жаран сая жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ВЕ76072512 регистрийн дугаартай Боржигон овогт Доржготовын Чулуундоржид олгосугай.

6. Хохирогч Д.Чулуундорж болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжилсэн 52.030.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дудсугай.

8. Шүүгдэгч Д.Д-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Х.ИДЭР