Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1031

 

2025          9            02                                                                                 2025/ДШМ/1031

 

М.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ариунзул,

шүүгдэгч М.Э- /цахим/, түүний өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1668 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Энхтулгын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2305026840886 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д- овгийн М-ийн Э-, /РД:........./, ..............,

Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэгдсэн;

Шүүгдэгч М.Э- 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” гэх зочид буудалд хохирогч М.Э-ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Хаан банкин дахь түүний   виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар түүний эзэмшлийн ******** тоот данснаас нийт 6,856,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Энхтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнссэн, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ын цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Э-ын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч М.Э- давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хэргийн зүйлчлэлд маргахгүй. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж байгааг минь харгалзан үзээд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Гэм буруу дээр маргаагүй. Учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Шүүгдэгч М.Э- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 27 хоног цагдан хоригдсон байсан. 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 64 хоног цагдан хоригдсон. Нийт 91 хоног цагдан хоригдсон. Үүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, улмаар тухайн ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар дүйцүүлэх байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Э- нь оргон зайлж байхдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдээд Увс аймаг руу буцаж очоод шүүхээс ял авсан байдаг. Ингээд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгүүлэх саналыг гаргасан. Шүүхээс ялыг нэмж нэгтгэх боломжгүй гэж үзэж тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокуророос ялыг нэмж нэгтгэх санал гаргасан нь буруу байсан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч М.Э-ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг М.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч М.Э-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн 2305026840886 дугаартай эрүүгийн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Шүүгдэгч М.Э- 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” гэх зочид буудалд хохирогч М.Э-ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Хаан банкин дахь түүний   виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар түүний эзэмшлийн ******** тоот данснаас нийт 6,856,250 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

хохирогч М.Э-ын “...2023 оны 7 дугаар сарын 18-ны өглөө би ......... /......./ гэх буудалд орсон. Ойр зуур гарж орохдоо Э- гэх залуутай байнга таараад танилцсан... оройны 23 цагийн үед Э- “...би яваад ирье...” гэхээр нь өөрийн ******** гэх дансны дугаартай Хаан банкны “visa” картаа өгч гаргасан. Э- нь манай найз Г- гэх залуутай хамт уугаад сууж байгаад архи талдаа ортол Э- гараад явсан. Би картаа авсан гээд бодсон байсан. 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өглөөний 10 цагийн орчимд утсаа асаагаад хартал данснаас мөнгө гарсан мэдээнүүд ирсэн байсан. Тэгээд банк руу ярьж дансаа хаалгаад цагдаа мэдэгдсэн...” /1-р хх-ийн 36, 40/,

гэрч Э.Г-ын “...буудалд ороод 12 цагийн орчим унтаж байгаад сэрэхэд манай найз Э- байхгүй байхаар нь өрөөнөөс гартал хажуу өрөөний залуутай пиво уучихсан сууж байсан. ...өрөөний цаг дуусаад буудлын хүн гараараа гэхэд танилцсан Т- гэх залуу мөнгө байхгүй байх шиг байхаар нь найз Э- бид хоёр өрөөгөө 2 ортой өрөө болгоод Т- гэх залууг найз эмэгтэйтэй нь оруулсан. Тэгээд Э-, Т- бид 3 архи уухаар болоод Э- банкны картаа өгөөд архинд явуулсан, архиа уугаад сууж байтал Т- гэх залуу за ах нараа явлаа харихгүй бол болохгүй нь гээд 23 цагийн үед гараад явсан. Буудалд танилцсан Т- гэх залууг архинд явуулаад Э- картаа буцаан авахдаа мартсан байна. ...” /1-р хх-ийн 42-43/ гэх мэдүүлэг,

“...хохирогч М.Э-аар           М.Э-ын гэрэл зургаар таньж олуулав...” гэсэн мэдээлэлтэй таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд /1-р хх-ийн 27-34/,

хохирогч М.Э-ын Хаан банкны ******** тоот данснаас нийт 6,856,250 төгрөг гарсан болохыг нотолж буй дансны хуулга /1-р хх 16-23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч М.Э-ын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зочид буудалд танилцсан хохирогч М.Э-ын Хаан банкны картыг өөрт нь өгөлгүй авч явж, түүний  виза картыг ашиглан М.Э-ын эзэмшлийн данснаас нийт 6,856,250 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” шинжийг бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт үндэслэлтэй тогтоож, М.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Шүүгдэгч М.Э- “...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

            Анхан шатны шүүх, М.Э-ын үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн арга, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас түүнд хорих ялын төрлийг сонгон доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний учруулсан хохирол, хувийн байдал, ялын цээрлүүлэх зорилго тохирсон байх тул “...зорчих эрх хязгаарлах ялаар өөрчлөн шийдвэрлүүлэх...” талаар гаргасан шүүгдэгч М.Э-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.  ...” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. ...” гэж тус тус хуульчилжээ.  

Шүүгдэгч М.Э-ыг гэм буруутайд тооцож буй түүний 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн “Хулгайлах” гэмт хэрэг нь Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэгдсэн шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Цэргийн албанаас оргох” гэмт хэргийг үйлдсэн цаг хугацааны дотор үйлдэгдсэн гэмт хэрэг болох нь Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Иймд өөр өөр зүйлчлэлтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Цэргийн албанаас оргох” гэмт хэргүүдийг хоёр шийтгэх тогтоолоор шийдвэрлэснийг нэгтгүүлэх шаардлагагүй гэж үзэж хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолыг буруутгах хууль үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчимд нийцсэн шүүгдэгч М.Э-ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Э- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1668 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ын 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                                         Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                              Г.МӨНХТУЛГА