| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00294/И |
| Дугаар | 103/ШШ2026/00254 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2026/00254
2026 03 02 103/ШШ2026/00254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хорооллын дүгээр байрны тоотод оршин суух ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох Ц.Тэгшбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Э.*******,
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* 2024 оны 09 сарын 02-ны өдөр хадгаламж барьцаалсан зээлээ хаагаад эргүүлээд зээл авч өгье, түр зээлээч гэхээр нь 15 хоногийн хугацаатай 150.000.000 төгрөгийг зээлсэн боловч өнөөдрийг хүртэл авсан мөнгөө өгөхгүй намайг хохироосоор байгаа. Одоо утсаа авахгүй, хаяг дээрээ оршин суудаггүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкин дах дансны дэлгэрэнгүй хуулга, Бичгээр байгуулсан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Э.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь Э.*******, ******* нарын бичгээр байгуулсан гэрээгээр тогтоогдож байх бөгөөд ******* нь оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд хариуцагч нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул *******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын******* /ФА92022730/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО