Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 637

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Д.Мөнхтогоо,

            Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигин овогт Батмөнхийн Ут холбогдох эрүүгийн 1809031050699 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 06-ны оройн 21 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100-д байрлах Хангай зочид буудлын дэргэдэх Асарт үйлчилгээний хөлсөө төлүүлэх гэлээ хэмээн иргэн Г.Хаш-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны салст, хэвлийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 4-5 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 8 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 26-27 дугаар хуудсанд ял шалгах хуудас нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

            НЭГ: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 06-ны оройн 21 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100-д байрлах Хангай зочид буудлын дэргэдэх Асарт үйлчилгээний хөлсөө төлүүлэх гэлээ хэмээн иргэн Г.Хаш-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны салст, хэвлийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Г.Хаш-Эрдэнийн “...намайг зодсон залуу над дээр ирээд “та ёстой мундаг фанат юм байна” гэж хэлээд намайг дагуулаад хүүхдийн 100-д байрлах Хангай зочид буудлын хажуу талын Асарт очиход “та таксаа төлөөрэй” гэхээр нь би “чи намайг дайлна гэж энд авчирсан биз дээ” гэсэн чинь “өө муу хөгшин банди” гэж хэлээд намайг мөргөж чирээд Хангай зочид буудлын буланд аваачаад цэцгийн мандал дээрээс өшиглөөд нэг сэрсэн чинь цагдаагийн албан хаагч ирээд тэр залуу бид хоёрыг хэлтэс дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-5/,

гэрч П.Алтаншагайн “...Хаш-Эрдэнэ бид хоёр хөлбөмбөг үзэнгээ 2 шил архи уугаад сууж байхад нэг залуу ирээд ах нартайгаа сууя энэ тэр гээд байхаар нь би цаашаа бай гэж нэлээн хөөсөн, тэгээд харихаар гарсан, тэгсэн араас нөгөө залуу гарч ирээд Хашааг хүзүүдэж аваад цуг явцгаая гэхээр нь үгүй чи яв гэж хэлээд Хашаад явлаа гэж хэлээд гэртээ харьсан, шөнө Хашаагаас дуудлага ирсэн байхаар нь өглөө залгасан чинь шөнө нөгөө залууд зодуулчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-7/,

Шүүхийн шинжилгээний 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №8532 дугаартай дүгнэлт: “...Г.Хаш-Эрдэнийн нь биед баруун шуу ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны салст, хэвлийн цус хуралт

 

гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,...” гэх /хх8/,

Яллагдагч Б.Уын: “...би хүүхдийн 100 явж хөлбөмбөг үзлээ гэсэн чинь тэр ах цуг явья гэсэн, такси бариад хүүхдийн 100 орсон, тэр ах “чи миний таксыг даана, дайлна гэсэн биздээ” гээд над руу дайрсан. Тэгээд асараас хөөгдөөд гартал  тэр ах миний цээж рүү мөргөхөөр нь бид хоёр гараад би цээж рүү нь түлхсэн чинь цэцгийн мандал дээрээс унасан, босч ирээд бид хоёр зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-33-34/, хохирлын талаар баримт /хх-12-16/, шинээр хохирол төлсөн баримт /300.000 төгрөг/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Б.Уын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.У, болон түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нараас улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирлын талаарх 1.560.345 төгрөгийн баримт 12-16 дугаар талд авагдсан байх бөгөөд үүнээс 297.035 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан байх бөгөөд шүүгдэгч Б.У нь хохирогчийн Хаан банкны 5032613196 дугаартай дансанд 300.000 төгрөгийг шилжүүлсэн нь байх тул /шинээр гаргаж өгсөн баримт/ тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Харин хохирогч Г.Хаш-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

            ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас: “…Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах…” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй, зүйл анги болон улсын яллагчаас санал болгосон 600 нэгж буюу 600.00 төгрөгийн торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү…” гэх хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “анх удаа гэмт хэрэг үйлдсэн,” 1.2-д “...учруулсан хохирлыг төлсөн...” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчлагдсан байна.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас санал болгосон “600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял”-ын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх” гэсэн саналуудыг харгалзан үзэж 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулын ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэв.

ГУРАВ: Бусад асуудлаар.

Эрүүгийн 1809031050699 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Батмөнхий Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын дотор төлөхийг тогтоосугай.

    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

           

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Г.Хаш-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэдээ учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР