| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2402001120415 |
| Дугаар | 2025/ДШМ/1041 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/1041
Б.О-, А.Э- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн,
шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1039 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.Э-, Б.О- нарт холбогдох 2402001120415 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Б- овогт Б-гийн О-, /РД: ....../,.............,
Урьд, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар 20 хоног хорих ял,
-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
2.Б- овгийн А-ийн Э-, /РД:...../, ............,
Урьд, Б- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч Б.О- нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “...............” rэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцаж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... тоот гэртээ хадгалж, мөн өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ІІ жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine)-ы агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,1429 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг А.Э-гаас 200.000 төгрөгийг Хаан банкны ........ тоот данснаас шилжүүлсэн Хаан банкны ........ тоот өөрийн эзэмшлийн дансаар хүлээн авч худалдсан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан,
Шүүгдэгч А.Э- нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... тоотод оршин суух Б.О-гийн гэрт очиж түүнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын багтсан жагсаалтад метамфетамин (Methamphetamine)-ы агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,1429 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшлийн Хаан банкны ........ тоот данснаас 200.000 төгрөгийг Б.О-гийн эзэмшлийн Хаан банкны ........ тоот данс руу шилжүүлж худалдан авч сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ хороолол 454 дүгээр байрны орчим өөрийн биедээ хадгалсан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 2 /хоёр/ жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд уг дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч А.Э- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.О-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “цэвэр жин нь 0,1429 грамм, ууттай жин нь 0,3028 грамм зиплок ууттай цайвар өнгийн талстархаг бодис”-ыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гоос 200.000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, шүүгдэгч Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Э-д авсан хувийн батгалаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж байсан болон 2020 онд хүүхэдтэй болж хүүтэйгээ Налайх дүүргийн 2 дугаар хороо ..... тоот хаягт амьдардаг, хэрэгт холбогдсон цагаас эхлэн хууль цагдаагийн байгууллагад бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн болон өөрийн хүсэлтээр нотлох баримт гаргаж өгсөн. Холбогдсон хэрэгтэй гэмшиж байгаа тул оноосон ялыг минь хорихоос өөр шийтгэлээр шийтгэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Г.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч нь ганц бие эцэг. Өөрөөр хэлбэл, 6 настай хүүхдээ гэртээ асран хамгаалдаг бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Өөрөө тухайн хар тамхийг хэрэглээгүй. Энэ хэргийн нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
3.Шүүгдэгч Б.О- нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ............... rэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцаж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ІІ жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine)-ы агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,1429 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, улмаар уг бодисоо 2024 оны 10 дугаар сарын 07-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... тоот гэртээ хадгалж, мөн өдрөө шүүгдэгч А.Э-гаас Хаан банкны ........ тоот данснаас шилжүүлсэн 200.000 төгрөгийг Хаан банкны ........ тоот өөрийн эзэмшлийн дансаар хүлээн авч худалдсан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг,
шүүгдэгч А.Э- нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... тоотод оршин суух Б.О-гийн гэрт түүнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын багтсан жагсаалтад метамфетамин (Methamphetamine)-ы агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,1429 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшлийн Хаан банкны ........ тоот данснаас 200.000 төгрөгийг Б.О-гийн эзэмшлийн Хаан банкны ........ тоот данс руу шилжүүлж худалдан авч сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, улмаар уг бодисоо Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ хороолол 454 дүгээр байрны орчим өөрийн биедээ хадгалсан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 7/,
2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо ........ хорооллын 454 дүгээр байрны зогсоол дээр ..... УКР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ойр орчимд хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн “...жижиг зиплок ууттай “мөс” мэт зүйл байх...” гэсэн мэдээлэлтэй тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 12-17/,
Б.О-гийн биеэс биологийн дээж авч тест ашигласан “...4 дүгээр баганад 1 улаан зураас тодорч эерэг илэрснийг тэмдэглэлд тусгасан” гэсэн мэдээлэлтэй тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 46-48/,
Б.О-гийн эзэмшлийн Айфоне 13 про макс загварын гар утсанд үзлэг хийж түүний шүүгдэгч Э-тай харилцсан чатны мэдээллийг тусгасан мөрдөгчийг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 49-71/,
Шүүгдэгч Б.О- болон А.Э-н нарын хоорондоо харилцсан чатны мэдээллийг тусгасан А.Э-гийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 72-83/,
Шүүгдэгч нартай хамт явсан А.Г-ийн биеэс биологийн дээж авч тест ашигласан “...2 дугаар багана нэг улаан зураас гарч тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдож...” гэсэн мэдээлэлтэй тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 33/,
Шүүгдэгч нартай хамт явсан Ч.Г-ийн биеэс биологийн дээж авч тест ашигласан “...2 дугаар багана нэг улаан зураас гарч тухайн төрлийг бодисыг хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдож...” гэсэн мэдээлэлтэй мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 39-40/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5658 дугаар “... Шинжилгээнд ирүүлсэн “А.Г- ****” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, “Ч.Г- **** 2024.10.08” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн ІІ жагсаалтад багтдаг болно. “...А.Э- **** 2024.10.08” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Хэзээ ямар цаг хугацаанд хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 113-115/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5659 дугаартай “...1.2.3.5. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “240200112 хэргийн газрын үзлэгээр хураан авсан 2024.10.08” гэсэн хаягтай зиплок уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 121-125/,
А.Г-ийн сэжигтнээр өгсөн “...Г-ийн машинд суугаад Энхтайваны гүүр даваад явж байхад Энхээ гээд танил дүү залгаад ахаа хаагуур байна дүү нь өчигдөр уугаад өнөөдөр уугаад юу ч үгүй унааны мөнгө ч байхгүй байна гэж хэлсэн... Удалгүй Энхээ гарч ирээд машинд суугаад ахаа Офицер хүргээд өгөөч гэж гуйсан... Тэгээд Офицер хүргэж өгсөн чинь нөгөө найз нь утсаа аваагүй Энхээ нэлээн согтуу байсан. Би Г-ээс гуйгаад Налайх руу хүргээд өгчих үү гэж хэлэхэд Г- зөвшөөрөөд бид гурав Налайх руу явахаар болсон. ...Тэгээд Налайх ороод нэг байрны гадаа очиж зогссон. Энхээ та хоёр энд зогсож байгаарай гээд машинаас буугаад утасны цэнэглэгч, урт хар куртик авна гээд Энхээ буугаад явсан. Энхээ буусны дараа миний шээс хүрээд байсан болохоор машинаас буугаад нойл ороод ирсэн чинь Г-, Энхээ хоёр Петровисын колонк ороод бензин хийж байна гэж хэлсэн. Би ч урдаас нь алхаад машинд нь суусан. Машинд нь суугаад бид гурав Улаанбаатар хот руу явсан. Хот руу явах замдаа Г-ийн гаргаж өгсөн нэг шил юмыг ууж л явсан” гэх мэдүүлэг /1 хх 161-163, 166-168/,
Ч.Г-ийн сэжигтнээр өгсөн “... Налайх явах замдаа Хонхорын тэнд нэг дэлгүүрийн гадаа зогсоод би багажаа ухаад Green mark нэртэй том шилтэй архи гаргаж ирээд урд Г-т өгсөн. ...Би замдаа Налайхын Петровис колонк дээр зогсоод бензин хийхээр болоод түгээгчтэй ярьж байсан чинь Энхээ л нэг шилтэй соруултай юм гаргаж ирээд Г-т өгч байсан. Г- нөгөө шилтэй соруултай зүйлээс нь ганц нэг сороод буцаагаад Энхээд өгч байсан.... Би хальт эргэж хараад тэр шилэн бонго шиг зүйлтэй соруулаас нь гурван удаа л сорсон” гэсэн мэдүүлэг /1 хх 170-179/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 980 дугаартай “...А.Э- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Э- нь мансууруулах болон сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэсэн дүгнэлт /1 хх 141-142/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 982 дугаартай “...Б. О- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б. О- нь мансууруулах болон сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн дүгнэлт /1 хх 146-148/,
А.Э-н эзэмшлийн Хаан банкны ........ тоот дансны хуулганд үзлэг хийсэн “... О-гийн ........ тоот дансруу 2024 оны 10-р сарын 07-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдээллийг тусгасан мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга /2 хх 56-58/,
Б.О-гийн эзэмшлийн Хаан банкны ........ тоот дансны хуулганд үзлэг хийсэн “...А.Э-н ........ данснаас 200.000 төгрөг орлого хүлээн авсан...” мэдээлэлтэй мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга /2 хх 64-69/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
4.Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдаалсан” шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
5.Шүүгдэгч Б.О- “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан... худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж энэ төрлийн гэмт хэргийн шинж болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тодорхойлжээ.
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга болон тухайн төрлийн гэмт хэргийн онцлог шинжээс хамаарч худалдаалах гэдэгт нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогддог.
Шүүгдэгч Б.О- нь сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаас олж авсан, улмаар уг бодисоо шүүгдэгч Э-д худалдсан үйлдэл нь шүүгдэгч нарын дансны хөдөлгөөнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хоорондоо харилцсан фейсбүүк олон нийтийн сүлжээнд ашигладаг хувийн хаягуудын мессежний мэдээллийн агуулга болон хамт явсан хүмүүсийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх эсвэл буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 жилийн хугацаагаар хорих ялыг сонгон оногдуулсан нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Б.О-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6.Шүүгдэгч Б.О- нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 133 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1039 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О- нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 133 цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА