Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00640

 

 

 

 

Д.Амгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08ы өдрийн 182/ШШ2018/00040 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Амгалангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т холбогдох

 

Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 дугаар тушаалын хавсралт 2-т заасны дагуу өөрчлөлт оруулах, илүү төлсөн 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Амгалан нь ТОСК ТӨҮГ-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар авто зогсоолыг 20 000 000 /Хорин сая/ сая төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед ТОСК ТӨҮГ нь Авто зогсоол худалдан борлуулах журам-ыг батлаагүй, худалдан борлуулах жишиг үнийг тогтоогоогүй байсан бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үнийн дүн нь өөрөө суурь судалгаагүй, үндэслэл бүхий жишиг үнэгүй, албан ёсны баримт бичгийг үндэслээгүй, аль нэг талын дураараа санал болгосон үнийн дүнгээр зарагдсан. Ийнхүү нэхэмжлэгч нар нь ТОСК ТӨҮГ-ыг Авто зогсоол худалдан борлуулах журмаа батлах, журамд батлагдсан жишиг үнээр авто зогсоол худалдах тухай асуухад батлагдана, та нартай байгуулсан гэрээний үнийн дүнгийн дагуу батлагдана. Эсхүл одоо байгуулж, буй үнийн дүнгээс ч өндөр болж магадгүй гэж хэлж байсан. Хамгийн гол нь журмаа батлахаас өмнө тогтоосон авто зогсоолын төлбөр 20 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөлт хийхгүй тохиолдолд гэрээг цуцлах, алданги тооцох зэрэг арга хэмжээ авна гэсний дагуу аргагүйн эрхэнд үнийг төлсөн. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч миний худалдан авсан авто зогсоолын жишиг үнэ, мөн худалдан борлуулахтай холбоотой журмыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 дүгээр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын тушаал-аар баталж, тушаалын хавсралт 2-оор худалдан авсан авто зогсоолын үнийг 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөг байхаар тогтоосон.

Засгийн газрын 2014 оны 36 дугаар тогтоолын хавсралт Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баримтлагдсан Буянт-Ухаа 1 хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам-ын 7 дугаар зүйлийн 7.2-д Энэхүү журмаар зохицуулаагүй бусад асуудлыг ТОСК-ийн Буянт-Ухаа 1 хорооллын орон сууцыг худалдан борлуулах үйл ажиллагааг зохицуулахаар дотооддоо мөрдөх журмаар зохицуулна гэж тодорхой тусгасан байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Монгол Улсын Засгийн газраас төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогыг хангах, орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоолоор Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ыг байгуулж, дүрмийг баталсан. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.4 болон байгууллагын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллах үүрэгтэй. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь үүсгэн байгуулагдсан зорилго чиглэлийнхээ хүрээнд Улаанбаатар хот, орон нутагт Буянт-Ухаа" 1 хорооллын 1764 айлын орон сууц, Буянт-Ухаа 2 хорооллын 3000 айлын орон сууц, аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 8 аймагт 1235 орон сууц барьж, ашиглалтад оруулан, иргэдэд орон сууцыг өртгөөр нь худалдан борлуулдаг бөгөөд дүрэмд заасан өөрийгөө санхүүжүүлэх, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжоо авто зогсоол болон үйлчилгээний төвөө зах зээлийн зарчмаар худалдан борлуулж бий болгодог.

Тодруулбал хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд манай байгууллага өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, түүний үнийг тогтоохдоо аливаа суурь судалгаа, жишиг үнийг баримтлах шаардлагагүй бөгөөд өөрийн өртөг зардал, ашгаа шингээсэн дурын боломжит үнээр худалдан борлуулах нь манай байгууллагын болон худалдан авах иргэний хүсэл зоригоор тодорхойлогдох бөгөөд талууд худалдах, худалдан авах хүсэл зоригоо Иргэний хуулийн дагуу хангалттай илэрхийлж, худалдан авах гэрээ байгуулж, талуудын хүсэл зоригийн үр дүнд хийсэн хэлцэл бүрэн хангагдсан гэж үзэж байна.

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Д.Амгалантай авто зогсоолын захиалгын гэрээг бичгээр байгуулж, хуульд заасан арга хэлбэрээр баталгаажуулсан байна. Иргэн Д.Амгалан нь авто зогсоолын үнийг манай байгууллагад 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж, манай байгууллагаас авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүний бичиг баримтыг гаргаж, талууд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу иргэн Д.Амгалан авто зогсоолын үнийг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т бүрэн төлж авто зогсоол болон түүний өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчид шилжүүлснээр эрхийн болон биет байдлын доголдолтой холбогдуулан шаардах эрхээс бусад нөхцлийн хувьд дуусгавар болсон. Иргэн нэхэмжлэлийн шаардлагадаа авто зогсоолын эрхийн болон биет байдлын талаар, эсхүл худалдагч талын гэрээний үүргээ зөрчсөн талаар аливаа шаардлага гаргаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үнэ нь талуудын гэрээ байгуулагдахаас өмнө тохиролцсон хүсэл болно.

Тодруулбал Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/22 тоот Орон сууцны нэгжийн үнэ тогтоох тухай тушаалаар Буянт Ухаа 1 хороолол төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд барьж ашиглалтад орсон орон сууцны авто зогсоолын худалдан борлуулах үнийг 20 000 000 /хорин сая/ төгрөг байхаар баталсан. Иргэн Д.Амгалангийн нэхэмжлэлд дурдагдсан хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуульд заасан ямар эрх ашгаар хамгаалагдаж буй нь тодорхой бус, худалдагчийн зүгээс захиалагчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үйлдэл байхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 244 дүгээр зүйлийн 244.1-д заасныг тус тус баримтлан Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас нэхэмжлэгч Д.Амгалангийн авто зогсоол худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 дүгээр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын тушаалын хавсралт 2-т заасны дагуу өөрчлөлт оруулах, өөрчлөлт орсонтой холбоотойгоор илүү төлсөн 6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Амгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс тус гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр биш, хүчингүй хэлцэл гэж маргаагүй бөгөөд зөвхөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-ийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, журмын дагуу өөрчлөлт оруулах, ийнхүү өөрчлөлт орсонтойгоор илүү төлсөн 6 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Гэтэл шүүх "гэрээ байгуулагдсан эсэхийг анхаарч үзээд гэрээ байгуулагдсан, талууд хүсэл сонирхлоо илэрхийлж, гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр гэрээ үйлчлээд дууссан" гэдэг үндэслэлээр гэрээн дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, өөрчлөлт оруулах тухай шаардлагыг шийдсэн. Өөрөөр хэлбэл маргаагүй үйл баримтыг маргааны гол зүйл болгон тодруулж, уг маргаагүй зүйлийн процесс хуульд зааснаар хангагдсан эсэхийг шалгаж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Бид гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг ИХ-ийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэж, гэрээний бэлтгэл үе шатанд санаатайгаар худал мэдээлэл өгч, гэрээ байгуулсан мөн нэг талын тулган шаардалтаар 3.1 дэх заалтын үнийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, гэрээ байгуулагч талуудад шударга бус хандсан гэх үндэслэлүүдийг дурдаж, уг заалтыг өөрчлүүлэхээр маргаан үүсгэсэн. Гэтэл анхан шатны шүүх гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр эсэх асуудлыг чухалчлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Д.Амгалан авто зогсоол худалдан борлуулах журмыг хүлээж байх хооронд "ТОСК" ТӨҮГ-аас "төлбөрөө төлөхгүй бол захиалга цуцлагдана, төлбөрөө яаралтай төлнө үү, журам батлагдсан ч 20 000 000 төгрөгөөр л худалдан борлуулагдана гэж ямар ч судалгааагүй, өөрсдийн дур мэдэн тогтоосон үнээр худалдан авахыг тулгасан. Учир нь энэхүү гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд гэрээний талууд нь үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зөрчиж, журмаар зохицуулагдах харилцааг өөрсдөө дур мэдэн үндэслэлгүй үнэ тогтоож, энэхүү үнээрээ худалдан авахыг шаардсан. Гэрээний 4.4, 6.3.1 зэрэг заалтуудад үндсэн болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд "ТОСК" ТӨҮГ нь гэрээг дангаар цуцлах, алданги нэхэмжлэх эрхтэй байсан тул шахалтаар гэрээг байгуулсан.

Засгийн газрын 2014 оны 36 дугаар "Засгийн газрын зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан "Буянт Ухаа 1" хорооллын орон сууцанд иргэдээс захилга авах журмын 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу "Авто зогсоолоос захиалга авах журам, түүний үнэ" зэргийг зохицуулсан журам гаргах үүрэгтэй байсан. Хамгийн гол нь "тухайн үед журамд энэхүү үнээр батлагдана" гэж тусгуулсан атлаа "Буянт Ухаа 1" хорооллын авто зогсоолын үнийг анхчлан тогтоосон журамд зарагдах үнийг нь 14 000 000 төгрөг байхаар тогтоосон. "ТОСК" ТӨҮГ нь өөрсдийн эрх, үүргийн дагуу хууль тогтоомжинд зааснаар автозогсоолын үнийг анхчлан албан ёсоор ийнхүү 14 сая төгрөгөөр тогтоосон болно. Мөн журам батлахаас өмнө гэрээ байгуулсан зарим иргэдийн гэрээг журамтайгаа дүйцүүлж, 20 000 000 төгрөгийн үнийг буулгаж, 14 000 000 болгож өөрчилсөн байдаг. Энэ нь "ТОСК" ТӨҮГ нь иргэдтэй тэгш харилцах зарчмийг зөрчиж шударга бус хандсан болно. Дээр дурдсан үндэслэлээр гэрээний 3.1 дэх заалттай маргаад байгаа асуудлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй энэхүү үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй атлаа "гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр" гэдэг хэрэгт ач холбогдолгүй нөхцөл байдлаар хэрэгт дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Амгалан нь авто зогсоол худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 дугаар тушаалын хавсралт 2-т заасны дагуу өөрчлөлт оруулах, илүү төлсөн 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авто зогсоолын захиалгын гэрээ байгуулж, хариуцагч нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын А395 дугаартай, 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь авто зогсоолын үнэ 20 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

 

Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууцны нэгжийн үнэ тогтоох тухай тушаалд дундын гараашийн нэгж авто зогсоолын үнийг 20 000 000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд талууд уг тушаалыг хэрэгжиж байх хугацаанд буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авто зогсоолын захиалгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангажээ. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл худалдагч, худалдан авагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч гэрээний зүйлийн өмчлөгчөөр 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар талуудын хэн алины хүлээсэн үүрэг дуусгавар болсон байна.

 

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 дугаартай Буянт-Ухаа 1 хорооллын авто зогсоолд захиалга авах, зээлээр худалдан борлуулах журам батлагдахаас өмнө авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үүрэг дуусгававр болсон тохиолдолд тушаал буцаан үйлчилж гараашийн үнийг бууруулсан гэж үзэх боломжгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг гэрээний бэлтгэл үе шатанд санаатайгаар худал мэдээлэл өгсөн, тулган шаардсан, гэрээ байгуулагч талуудад шударга бус хандсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

Шүүх хэрэгт авагсдан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08ы өдрийн 182/ШШ2018/00040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

А.МӨНХЗУЛ