| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2308035081748 |
| Дугаар | 2025/ДШМ/1060 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Одхүү /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/1060
2025 09 04 2025/ДШМ/1060
Б.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одхүү /томилолтоор/,
хохирогч А.М-ын өмгөөлөгч Р.Цэнд-Аюуш,
шүүгдэгч Б.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг, С.Болорчулуун,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1697 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун, Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн түүнд холбогдох 2308035081748 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-гийн Б-, /РД: *********/, ............,
Урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 623 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22/40 дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Шүүгдэгч Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Оргил худалдааны төвийн гадна 2023 оны 10 дугаар сарын 10-аас мөн сарын 29-ний хооронд хохирогч А.М-д “*********” ХХК-нд ажиллаж байгаа, ахлах менежерийн ажилд дэвшин ажиллах болсон гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хуурч нийт 2 тонн 600 литр буюу 17,000,000 төгрөгийн үнэ бүхий айраг авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овгийн Б-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.М-д 900.000 төгрөг нөхөн төлөгдсөн ба сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 16.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.М-д олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс тоолж, шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар хохирогч А.М-ын шүүх хуралд мэдүүлсэн “...Одоо үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй...” мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралд мэдүүлсэн “...өөрийн үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, үлдэгдэл хохирлыг ажил хийж төлөх болно...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар Б.Б- нь анхнаасаа энэ хэрэг дээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон хохирлын зарим хэсгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр өө төлөхийг илэрхийлсэн. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон бөгөөд тухайн хэрэгт оногдуулах ял нь “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой хэрэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял ногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар заасан бөгөөд шүүхээс Б.Б-ын гэм буруудаа хүлээн гэмшсэн байдал, хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзнэ үү. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1697 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1697 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Б.Б-т хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ... Мөн хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа уушгины хатгалгай өвчин нь хүндрээд тус хорих ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тухайн эмнэлгээс “баруун уушгинд сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн, сүрьеэгийн 4 дүгээр зэрэг” гэсэн тодорхойлолт, дүгнэлтийг гаргаж өгсөн. Иймээс 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн а/48, а/70 дугаартай Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтын 2.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт “сүрьеэгийн хүнд хэлбэрүүд нь сүрьеэгийн эмчилгээний эсрэг заалт бүхий өвчнүүдтэй хавсарсан тохиолдолд бол ялаас чөлөөлөхөөр зохицуулалт орсон. Энэ нь ял оногдуулсны дараа хорих ангид хийгдэх ажиллагаа боловч давж заалдах шатны шүүхэд дурдаж байгаа шалтгаан нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах” талаар зохицуулж зааж өгсөн. Хэрэв миний үйлчлүүлэгч нь хорих ял авсан тохиолдолд бусад хоригдож байгаа этгээдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал бий болсон. Өөрөөр хэлбэл, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах байдалд нь тухайн сүрьеэ өвчин нөлөөлнө гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Мөн шүүгдэгч өөрийн Ар икс 300 загварын тээврийн хэрэгслээ зараад өр төлбөрөө барагдуулна гэж итгэмжлэл хийж өгсөн. Цагдан хоригдсон тул тухайн тээврийн зарж хохирол төлбөрөө төлөх боломж олдоогүй. Хорих 461 дүгээр ангид итгэмжлэл хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хорих анги биш учраас итгэмжлэл хийж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн 2, 3 нотариатуудтай холбогдож үзэхэд “манайх хурууны хээгээр баталдаг болсон учраас нотариат үйлчилгээ үзүүлэх боломжгүй” гэсэн. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчээс шалтгаагүй нөхцөл байдлын улмаас хохирогчид хохирол төлбөрийг нь бүрэн төлж чадаагүй. Иймээс эрүүгийн хариуцлагын зорилгодоо нийцүүлэн хохирогчид учруулсан хохирлоо төлөхөө манай зүгээс илэрхийлж байгаа. Иймээс хорихоос өөр төрлийн ялаар шийтгэл оногдуулж, хохирогчид хохирол төлбөрийг нь барагдуулах нөхцөл бололцоог бүрдүүлж өгнө. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Буянхишиг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гомдол мэдээллийн шат, мөрдөн шалгах ажиллагааны шат, анхан шатны шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн, гэм буруугийн асуудал дээр маргаагүй болно. Б.Б-ын хувьд 2021 оноос эхлэн “уушгины сүрьеэ” өвчнөөр өвчилсөн. Одоо эрүүл мэндийн хувьд сүрьеэ өвчин нь хүндэрсэн байдалтай байгаа бөгөөд зайлшгүй эмчийн хяналтад байж эмчлүүлэх шаардлагатай өвчтөн юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, түүнчлэн хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хорихоос өөр төрлийн ялыг шүүгдэгчид оногдуулах санал гаргасан. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүл мэндийн хувьд сүрьеэ өвчинтэй зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор хуульчилсан. Энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэхийг шүүхэд заавал үүрэг болгоогүй хэдий ч эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхээс шүүгдэгч Б-гийн Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. ...Мөн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдолдоо шүүгдэгчийг 2021 оноос эхлээд уушгины сүрьеэ өвчнөөр өвчилж эхэлсэн, анх тус өвчин нь хөнгөн хэлбэртэй байсан боловч одоогоор хүндэрсэн байдалтай байгаа талаар хорих 461 дүгээр ангийн эмчлэгч эмчийн тодорхойлолтыг гаргаж өгсөн бөгөөд тус баримтаар нотлогдож байна. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь 900.000 төгрөгийг давж заалдах гомдол гаргахаасаа өмнө төлсөн. Мөн шүүгдэгчийн ээж “16.500.000 төгрөгийг наадмын үеэр төлнө, мөн тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн нэр дээр байхгүй бөгөөд банк бусын нэр дээр байгаа учраас үүнийг зарж болохгүй байна” гэж байсан. Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхөө шүүх хуралд орохоос өмнө илэрхийлсэн, мөн сүрьеэ өвчтэй байдлын нь харгалзаж үзээд шүүхээс ямар ял шийтгэл оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Мөн хохирол төлбөрөө хурдан төлөөсэй гэж хүсэж байна. ...” гэв.
Прокурор Б.Одхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлын нууц замаар төөрөгдүүлж оруулж урьдын харилцааны урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдаас17.400.000 төгрөгийн үнэ бүхий 2 тонн 600 литр айргийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд анхан шатны шүүхээс тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийн талаар бодит үндэстэй дүгнэлт хийж, хэргийн үйл баримт тогтоогдсон нөхцөл байдалд байдлыг тал бүрээс нь хянан үзэж шүүгдэгчид оногдуулсан ял болон за ялын төрөл хэмжээг тохирсон гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан. Гэтэл шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлынхоо тодорхой хэмжээг төлсөн гэж байгаа боловч түүний учруулсан хохирол нь үлэмж хэмжээний хохирол юм. Өөрөөр хэлбэл, 17.400.000 төгрөгийн хохирлоос 900.000 төгрөгийн төлсөн бөгөөд 16.500.000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг үзвэл. Тэрээр өмнө нь энэ төрлийн залилах буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэж шүүхээс ял шийтгэл эдэлж байсан. Тухайн торгох ялыг бүрэн биелүүлсэн хэдий ч урьд хүлээсэн эрүүгийн хариуцлага хариуцлагадаа гэмшээгүй. Өөрөөр хэлбэл, нийгэмд аюулгүй болоогүй, нийгэмшээгүй байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй бөгөөд олон зугтаж байсан, түүнийг эрэн сурвалжилж, олж тогтоон шүүх хуралдаанаа хийсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээд шүүгдэгч анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Оргил худалдааны төвийн гадна 2023 оны 10 дугаар сарын 10-аас мөн сарын 29-ний хооронд хохирогч А.М-д “*********” ХХК-нд ажиллаж байгаа, ахлах менежерийн ажилд дэвшин ажиллах болсон гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хуурч нийт 2 тонн 600 литр буюу 17.400.000 төгрөгийн үнэ бүхий айраг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гаргасан гомдол, тэмдэглэл /1-р хх-17-21/,
Хохирогч А.М-ын: “... Би 2020 оноос Сонгинохайрхан дүүрэг Эмээлтэд байрлах ********* ХХК-д айраг нийлүүлж одоог хүртэл хамтран ажиллаж байна. Б- нь тухайн үед “*********” ХХК-д ажилдаг байсан. 2023 оны 10 дугаар сарын 07, 08-ны үед санагдаж байна Б-ыг “...“*********” ХХК-д ажиллаж байгаа хэвээрээ юу, би айраг өгөх гэсэн юм...” гэхэд Б- “...манай компани айраг авна, би тус компани ахлах менежер болсон...” гэхээр нь би “...1 тонн 600 литр айраг байна, энэ болох уу...” гэхэд “...болно” гэж хэлсэн. Тэгээд “...Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвд аваад ир...” гэсэн. Ингээд би 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдөр эхнэр С-ийн хамт хотод ирээд, 1 тонн 600 литр айргийг Б-тай Эмээлтэд уулзаж өгсөн... Б- нь цагаан өнгийн “портер” автомашинтай амтлагч Оргил гэх залуутай хамт ирээд манай айргийг ачаад авч явсан... Б-аас “...тооцоо одоо өгөх юм уу...” гэж асуухад “...14 хоногийн дараа айргийн мөнгө болох 10,400,000 төгрөг орно...” гэж хэлсэн. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б- над руу дахин залгаж “...айраг байна уу...” гэсэн, тухайн үед “...өмнөх мөнгөө яах вэ...” гэхэд “...удахгүй орноо захиралд хэлсэн байгаа” гэхээр нь итгээд Б--д 1 тонн айраг өгөхөөр болсон... Сонгинохайрхан дүүрэг Эмээлтэд байрлах Оргил худалдааны төвийн гадан зогсоолд 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1 тонн айргийг 6,500,000 төгрөгөөр Б-т өгөхөд өмнө авсан цагаан өнгийн “портер” машины жолооч хамт ирж авсан... Би “...мөнгөө хэзээ авах вэ” гэхэд Б- “...таны мөнгө өмнөх мөнгөтэй чинь хамт орчино, би захиралдаа хэлсэн байгаа” гэж хэлсэн. Ингээд би Б-т итгэж өөрийн айраг аа өгчхөөд Архангай аймагт гэртээ харьсан. 2,3 хоногийн дараа миний айргийн мөнгө орохгүй байхаар нь Б- руу залгахад утсаа авахгүй мессежинд хариу өгөхгүй байхаар нь “*********” ХХК-д ажилдаг Э- /......./ гэх залуу руу залгахад надад “...Б-ын 1 жилийн өмнө ажлаасаа гарсан” гэж хэлсэн. Ингээд би Б-т өөрийн айраг аа өгч залилуулсан гэдгээ мэдсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-25-26/,
Гэрч Э.Э-ын: “...манай нэг таньдаг ах хямдхан айраг өгнө гэнээ 1 литрийг нь 4000 төгрөгт авсан гэж байна, аваад зарах уу... гэхээр нь би “...ашигтай юм уу...” гэхэд Б- “...ашигтай ахаа та судлаад үз” гэсэн ба би судалж үзэхэд айраг нэг литр нь дунджаар 6000 төгрөг байсан ер нь ашигтай байсан тэгэхээр нь зөвшөөрсөн 2023 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна Б- нь Архангай аймгаас айраг ирсэн байна хоёулаа “Эмээлт орж авчиръя” гэж хэлсэн тэгээд бид хоёр “портер” маркийн тээврийн хэрэгсэл түрээслээд /одоо ямар дугаартай, хэн гэдэг хүн байсан талаар санахгүй байна/ Эмээлт ороход эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан. Б-ыг нь эрэгтэй нь таньж байсан, ингээд тухайн хөдөөгөөс ирсэн эмэгтэй эрэгтэй хоёр хүнтэй Б- машинд нь тусдаа уулзсан ба би юу ярьсан талаар нь мэдэхгүй. Тухайн хүмүүсээс айргийг нь авах болсон ба хэдэн литр айраг өгсөн гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан би “...айраг авч байгаа юм чинь амтыг үзье...” гэж хэлээд амсаж үзэж авсан. Ингээд 14,15 хоногийн дараа дахин айраг авахаар Б- бид хоёр өмнө хөлсөлсөн “портер” маркийн машины жолоочтой “Эмээлт” дээр очоод өмнө айраг авсан ахтай Б- уулзаад айраг авсан. Хэдэн тонн айраг авсан талаар би сайн мэдэхгүй Б- нь тухайн хүмүүстэй ярилцаж тохиролцсон. Надад хэлэхдээ нэг литр айргийг 4000 төгрөгөөр авч байгаа, нийт 2 тонн 500 литр орчим айраг авсан гэж хэлсэн ба Б- бид хоёр авсан айргаа их хэмжээгээр айраг авбал 1 литрийг нь 6000 төгрөгөөр, бага хэмжээгээр авч байгаа хүмүүст 1 литрийг нь 6500 төгрөгөөр бодож бүх айргаа зарсан. Ер нь бол надаас урсгал зардлын бүх мөнгө гарсан. /портер машины түрээс айраг хадгалах хүйтэн граш, айраг хийх 5 литрийн зориулалтын лацтай савнууд авсан/ Б- надад хэлэхдээ “...тухайн хүн урьдчилгаа мөнгө өгч байж айргаа өгнө гэнээ. чи мөнгө өгчих дараа нь айраг аа зарсны дараа тооцож бодоод ашгаа 50,50 хувь хувааж авъя...” гэж хэлсэн. Надаас урьдчилгаа гэж өөрийн “M” банкны данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 4,000,000 орчим төгрөг хийлгүүлсэн. Мөн Б- “...тухайн хүмүүс нь бэлэн мөнгө авмаар байна хүүхдийн хувцас ойр зуур юм авахад амар” гэсэн гээд надаас бэлнээр 1,000,000 төгрөг 2 удаа авсан. Б- бид хоёр авсан бүх айргаа зарж Дууссаны дараа Б- бид хоёр урсгал зардлын мөнгөө нийт орлогоос хасаж байгаад үлдэгдэл мөнгөө 50,50 хувилж ашгаа хувааж авсан. Ойролцоогоор цэвэр ашиг нь 2,000,000 төгрөг болсон. Өөр зүйл би сайн мэдэхгүй. Би тухайн айраг зарсан хүмүүстэй тохиролцоогүй Б- тохиролцож надад дамжуулж хэлдэг байсан... гэх мэдүүлэг, /1-р хх-34-36/,
Гэрч П.Э-ын: “... Би “*********” ХХК-ны гүйцэтгэх захирлын ажил гүйцэтгэдэг. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай компанид айраг нийлүүлдэг байсан А.М- нь над руу “...мөнгөө хий, 2 сар гаран болсон байна...” гэж мессеж бичихээр нь гайхаад компани руу залгаж “...энэ юу болоод байна, айраг авсан юм уу” гэж лавлаж асуухад “...манай компани бол М-аас айраг худалдаж аваагүй” гэсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар М-тай уулзаж ярилцахад манай компанид өмнө ажиллаж байгаад гарсан Б.Б- гэх залуу М-аас 2 удаа айраг авсан байсан. Б- нь 2023 оны 01 дүгээр сараас ажилдаа ирэхгүй ажлаасаа гарсан. Б.Б- нь 2021 оны 07 дугаар сараас 2023 оны 01 сар хүртэл манай “*********” ХХК-д ажилласан. 2023 оны 01 дүгээр сараас ажлаасаа гарсан... гэх мэдүүлэг/хх-31-32-р тал/,
Гэрч О.С-ийн:"... Б- компаниас дансаар чинь мөнгийг шилжүүлнэ гэсэн айраг зарснаас хойш ямар нэгэн мөнгө төгрөг шилжүүлээгүй “*********” ХХК-ны ажилтан Э- гэх залуугаас Б.Б-ын талаар болон айраг зарсан талаараа асуухад “...манайд танай айраг ирээгүй Б- 1 жилийн өмнө ажлаасаа гарсан одоо ажиллахгүй байгаа” гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-46-48/,
Хохирогч А.М-аас гаргаж өгсөн мессежний хуулбар, “*********” ХХК гэх айраг хүлээн авсан гэх баримт/1-р хх-54-55/,
Мэргэшсэн үнэлгээчин Г.Лхагвасүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хийсэн “...2 тонн 600 литр айрагны зах зээлийн үнэлгээг 17,400,000 төгрөгөөр тогтоов...” гэсэн мэдээлэлтэй үнэлгээний тайлан хохирогч/1-р хх-117-121/,
“........” ХХК-ны захирлын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 413 дугаартай “Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар/1-р хх 62/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжийг хангана гэж дүгнэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шийдвэр болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун, Б.Буянхишиг нар “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй юм.
Харин давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-ын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор гаргаж өгсөн Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн “...Баруун уушгины нэвчдэст сүрьеэ...” гэсэн оношын мэдээлэлтэй тодорхойлолт, урьд нь “сүрьеэ” өвчтэй гэсэн оношоор эмчлүүлж байсан мэдээлэлтэй өвчтөний түүхийн хуулбар /2-р хх 13-15/ зэрэг нотлох баримтуудад үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчлөн шийдвэрлэв.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчлөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлсэнтэй холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Б-т оршин суугаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний цаг хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Б-ын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцож, шүүгдэгчийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1697 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун, Б.Буянхишиг нарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1697 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй,
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгон, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун, Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ыг нэн даруй сулласугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийн 1/нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тооцон түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялд нь оруулан тооцсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА