| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2109000930739 |
| Дугаар | 2025/ДШМ/1061 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 17.5.2., |
| Улсын яллагч | прокурор Г.Бат-Оргил /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/1061
2025 09 04 2025/ДШМ/1061
Т.Ө-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Бат-Оргил /томилолтоор/,
хохирогч Б.А-, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,
шүүгдэгч Т.Ө- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, Д.Мөнх-Очир,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1478 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ө-гийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2109000930739 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
А- Ураг овгийн Т-ийн Ө-, /РД: ......./, .........., урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Т.Ө- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Голомт банкны харилцагч болох Б.А-д “Таны банканд хадгалагдаж байгаа мөнгийг олон улсын арилжааны гүйлгээнд оруулж богино хугацаанд өсгөж өгнө” хэмээн хуурч, түүнтэй “Хөрөнгө итгэмжлэн удирдах” гэрээ байгуулан улмаар хохирогч Б.А-гаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Худалдаа хөгжлийн банк дээр байхдаа Худалдаа хөгжлийн банкны ....... дугаартай данснаас шилжүүлсэн 115,000 ам доллар буюу 303.023.850 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Худалдаа хөгжлийн банкны ....... дугаарын дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,
Мөн шунахай сэдэлтээр 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найман шарга” худалдааны төвд байхдаа хохирогч Э........ын “....... ББСБ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ....... тоот данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч “....... ББСБ” ХХК-ын дилер Т- овогтой Ө-гийн нэр дээр бүртгэлтэй “ХААН” банкны ....... тоот данс руу шилжүүлсэн 151,875,000 төгрөгөөс 69.875.000 төгрөгийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Т.Ө-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:
Шүүгдэгч А- Ураг овогт Т-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт шүүгдэгч Т.Ө-аас 29,875,000 төгрөг гаргуулж хохирогч Э........д, 164,709,099 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д тус тус олгож, шүүгдэгч Т.Ө-гаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Т.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Ө-гийн хувьд бусдад хохирол учруулсан үйлдлүүдээ анхнаасаа хүлээн зөвшөөрдөг ба өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж зөвтгүүлэхээр гомдол гаргаж байсан. Учир нь, хохирогч Б.А- шүүгдэгч Т.Ө- нарын хооронд үүссэн харилцаа нь 2 удаагийн гэрээгээр зохицуулсан харилцаа ба талууд сайн дураараа гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Т.Ө- нь Б.А-гаас гэрээний үндсэн дээр авсан мөнгөө бүгдийг нь зориулалтын дагуу “Эм жи эл форекс финаншл сервис” ХХК-д байршуулсан, уг мөнгөөрөө олон улсын арилжаа хийсэн зэргээс үзэхэд анхнаасаа залилж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Т.Ө-ыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Голомт” банкны харилцагч болох Б.А-д таны банканд хадгалуулж байгаа мөнгийг олон улсын арилжааны гүйлгээнд оруулж богино хугацаанд өсгөж өгнө хэмээн түүнийг хуурч “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулан, улмаар хохирогч Б.А-гаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Худалдаа хөгжлийн банкны ....... данснаас шилжүүлсэн 115,000 доллар буюу 303,023,850 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Худалдаа хөгжлийн банкны ....... дугаартай дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэвч “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” гэдэг шинж хангагдахгүй бөгөөд Б.А- нь өмнө нь гадаад арилжаа хийлгэж байсан туршлагатай байсан ба эрсдэлтэй ажил гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг энэ талаараа ч гэрээнд заасан байна. Иймд бодит байдлыг нуусан гэдэг шинж хангагдахгүй байна. Мөн хохирогч Б.А-гийн мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт санхүү, эдийн засагч мэргэжилтэй, “.......” ХХК-ийн захирал ажилтай гэж мэдүүлсэн байна. Форекс гэдэг нь гадаад валютын арилжаа гэсэн Англи үгийн товчлол бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани захирал санхүү, арилжааны талаар мэдлэггүй байх боломжгүй бөгөөд Б.А- нь би арилжааны талаар ямар ч мэдлэг байхгүй, Т.Ө- миний энэ байдлыг ашиглаж намайг хуурч төөрөгдөлд оруулж миний мөнгийг авсан гэсэн агуулгатай мэдүүлгүүд нь няцаагдаж байгаа юм. Харин шүүгдэгчийн хувьд хохирогчийн итгэмжлэгдэн хариуцуулсан мөнгөнөөс хувьдаа ашиглаж байгаа үйлдэл нь завших гэмт хэргийн шинжийг хангаж байгааг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Мөн шүүгдэгч Т.Ө-гийн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, эрхэлж байсан ажил зэрэг нь бодитой бөгөөд түүнийг зохиомол байдлыг зориудаар би болгосон гэж үзэх ямар ч боломжгүй юм. Харин хохирогч Э........ын гүйлгээг завшсан гэх үйлдэлд маргадаггүй юм. Шүүгдэгчийн хувьд шүүхийн шатанд учруулсан хохирлоос тодорхой хэмжээний мөнгийг төлсөн бөгөөд ойрын хугацаанд үлдэгдэл хохирлоо төлөхөөр эрмэлзэж байгаа юм. Иймд түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлийг хангаж байх тул ашиглаж шийдвэрлэж өгнө үү...Шүүхээс эцсийн байдлаар шүүгдэгч Т.Ө- нь хохирогч Б.А-д 164,709,099 төгрөгийг олгоно гэж заасан. Үүнээс бидний үзэж байгаагаар энэ арилжаанд алдсан 46.000 доллар буюу 121,000,000 төгрөгийг гэмт хэрэг биш юм бөгөөд явцын дунд завшсан. Шинжээчийн дүгнэлтэд 1 жилийн хугацаанд арилжаа үргэлжилсэн гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс тухайн 121,000,000 төгрөгийг хасаж тооцохоор 43,376,523 төгрөгийг хохирогч Б.А-д олгох нь зүйтэй. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын шатанд энэ талаараа тайлбарлаж олон удаа гомдол хүсэлтээ гаргаж байсан. Анхан шатны шүүхээс тухайн зүйл ангид заасан хамгийн бага ялыг оногдуулсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн, хохирлоо тодорхой хэмжээнд төлсөн. Гэвч хохирогч талаас давж заалдах шатны шүүхэд хохирлоо төлөхгүй удсан гэх байх. Тухайн хохирол 43,000,000 төгрөгийг төлөхөө эрмэлзсэн боловч төлж чадаагүй байгаадаа уучлал хүсье. Иймд шүүгдэгчийн үйлдсэн завших гэмт хэрэгт нь 10,000,000 төгрөгөөр торгох, алдаатай гүйлгээ, андуурсан илгээмжийг завшсан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, уг 2 ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү. ...” гэв.
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’...Шүүгдэгч Т.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан давж заалдах гомдолтой байр суурийн хувьд эсрэг саналтай байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан заасан “завших” гэмт хэрэг гэж үзэж байна гэсэн. Харин миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас эд хөрөнгө хохирол учруулсан” гэж үзэж байна. Ийнхүү үзэж байгаа шалтгаан нь хохирогч Б.А- “Ө- миний шилжүүлэн өгсөн 115,000 ам.долларыг тэр өдөрт нь буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний “.......” компанийн дансанд шилжүүлсэн” гэж тодорхой мэдүүлсэн. Тиймээс тухайн үед үнэхээр залилж авсан тухайн мөнгийг арилжааны дансанд шилжүүлэхгүй байх байсан. Гэтэл арилжаа хийж өсгөхийн тулд энэ дансанд Ө- шилжүүлсэн. Тиймээс 1 жил гаруй хугацаанд тодорхой хэмжээгээр арилжаа хийгээд ашиг олж байсан. Гэтэл алдагдалд орсон шалтгаан нь тухайн ханшийн уналтаас болж алдагдал хүлээсэн. Энэ талаар Т.Ө- нь тодорхой хугацаанд хохирогч Б.А-д мэйл хаягаар болон утсаар тодорхой хэмжээнд мэдэгдэж байсан бөгөөд үүнийг “...зогсоох уу яах вэ...” гэхэд “...ямар ч байсан цааш нь явуулъя” гэсэн хүсэлт гаргасан учраас энэ алдагдалд хүрсэн. Мөн Т.Ө-, Б.А- нарын хамтран байгуулсан “хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”-нд Т.Ө- нь арилжаачин гэсэн нэр томьёотой, харин Б.А- нь хөрөнгө оруулагч бөгөөд 115,000 ам.доллароор хөрөнгө оруулсан бөгөөд тухайн валютын бүх хослолууд дээр арилжаа хийхийг зөвшөөрсөн. Тиймээс гэрээнд тухайн цаг үе дэх алдагдлын хэмжээ нийт хөрөнгө оруулалттай 10 хувиас хэтрэхгүй гэж тусгасан. Мөн тус гэрээнд арилжаачин 7 хоногт хамгийн ихдээ 5 арилжааг нээж болно, хөрөнгө оруулагчдын үндсэн мөнгөн дүн 30 хувиас дээш хэмжээний эрсдэл тулгарсан тохиолдолд арилжаачин, хөрөнгө оруулагч нар хоорондоо тохиролцож арилжаагаа цааш нь үргэлжлүүлэх үү, эсхүл зогсоох уу гэж тусгасан. Иймд Т.Ө-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг биш гэж үзэж байна. Иймээс хэргийн хэргийн зүйлчлэлийг шүүх бүрэлдэхүүн нь зөвтгөж өгнө үү. Мөн шүүгдэгч Т.Ө- “энэ графикийн дагуу ашгаасаа Б.А-д өгдөг байсан, арилжааны зах зээлд энэ мөнгө орсон бөгөөд 50 хувь нь алдагдсан” гэж мэдүүлсэн. Тиймээс хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дагуур зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг 17.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвтгөж өгнө үү. Мөн шүүхээс 46,000 ам.долларын алдагдлыг шүүгдэгч Т.Ө-гаас төлүүлэхээр шийдэх тогтоолд дурдсан. Тухайн үеийн ханшаар 121,209,540 төгрөгийг хохирол төлөхөөс хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь, тухайн 2 этгээд хоорондоо байгуулсан гэрээнд заасны дагуу алдагдлаа 2 хуваах ёстой бөгөөд шүүгдэгчийн төлөх ёстой төлбөр нь 43,499,559 төгрөгийг хохирогч Б.А-д төлөх нь үндэслэлтэй байна. Хэрэв шүүх бүрэлдэхүүн алдагдлаас хасаж тооцохгүй бол тухайн 121,209,540 төгрөгийн 50 хувийг хохирогчид оногдуулах боломжтой гэж үзэж байна. Учир нь, арилжаа гэдэг тухайн үеийн ханшийн алдагдлаас болж унасан, үүнийг буцааж авах ямар ч боломжгүй бөгөөд энэ нь хохирогч болон шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа биш. Хэрэв шүүх бүрэлдэхүүн хэргийн зүйчлэлийг тохирсон гэж үзвэл 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, андуурсан илгээмжийг завшсан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, уг 2 ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү. ...” гэв.
шүүгдэгч Т.Ө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’...Миний хувьд 2018 оны 12 дугаар сард хохирогч Б.А-тай танилцаж байсан. Мөн тухайн үед би Голомт банканд ажилладаг байсан. Тухайн үеийн ажил мэргэжлийн онцлог маань гадаад валютын арилжааны дилер гэдэг албан тушаалтай байсан. Уг албан тушаалд томилогдохын өмнө би Санхүү эдийн засгийн сургуульд санхүү эдийн засгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн. Мөн “форекс” буюу Б.А- эгчтэй байгуулсан гэрээний дагуу хийгдсэн үйл ажиллагааны чиглэлээр нэгдүгээр курсээсээ хойш Олон Улсын сургалтууд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон сургалтуудад сууж, төгсөж явсан. Мөн их сургуульд байхдаа ойр дотны найзууд, танилын хүрээндээ хохирогч Б.А-тай байгуулсан гэрээтэй адилхан гэрээнүүдийг байгуулж арилжаа хийдэг байсан. Мөн Голомт банканд ажилладаг байхдаа эхлээд 100,000 ам.доллароор арилжаа хийгээд 1 сарын хугацаанд 18 хувиар өгсөөд 118,000 ам.доллар болгоод үүнийхээ урамшуулалд 500,000 ам.долларын хэмжээтэй дансыг өөр дээрээ аваад арилжаа хийж байсан. Мөн тухайн арилжааны алдагдал 46,000 ам.долларыг хохирол төлбөрт оруулж тооцсон талаар гомдолтой байна. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн шударга ёсонд нийцэхүйц шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Мөн надад хорих ял оногдуулсан тул хохирол төлбөрөө төлөхөд саад учруулж байна. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
хохирогч Б.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.А-гаас: Би гомдолтой байна. Т.Ө- нь санаатайгаар намайг залилсан. Би энэ хүүхдийг танихгүй, би Найман шаргад данстай байхад намайг онилж байгаад өөрийгөө Голомт банкны хөрөнгө зохицуулалтын захирал байна гэсэн. Тухайн зургийг хэрэгт хавсаргуулсан байгаа. Мөн пайзаа зүүсэн байсан. Намайг хоёулаа голомт банкны кафе бенед уулзсан гэдгээ би удаа дараа хэлсэн. З- захирал надад итгээд 500 доллароо надад итгээд өгдөг. Тиймээс би хөрөнгө зохицуулалтын хүн болохоор таны мөнгийг би Голомт банкандаа өсгөнө би хувь хүнтэй ингэж болохгүй учраас хоёулаа миний дансанд хийгээд дараа нь би Голомт банкныхаа дансанд хийнэ гэж хэлсэн боловч дараа нь 67,000, 30,000 доллароор тус тус татаад авсан байсныг би дараа нь өмгөөлөгч аваад мэдсэн. Мөн миний мөнгөөр найз охинтойгоо гадаад улс уруу явсан байсан. Тухайн аудитын дүгнэлтэд өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун өмгөөлөгчийн ярьж байгаа шиг биш бөгөөд найз охиныхоо ааваас мөнгө авсан нийт дансны дүгнэлт болохоос биш ганц миний мөнгөний талаар дүгнэлт гаргаагүй. Надаас авсан мөнгөө татаж гаргаж аваад Голомт банкандаа ч хийгээгүй хувьдаа завшсан. Мөн Голомт банкны ажилтан пайзаа банкнаас өөр газар зүүж болохгүй байсныг санаатайгаар зүүгээд өөрийгөө захирал гэж надад итгүүлсэн. Намайг “.......”-д ажилдаг тул мэдлэгтэй гэсэн. Гэтэл 2024 онд .......д эгчийнхээ өрийг дарах ажилд орсон бөгөөд цалингаа шууд эгчдээ зээл гэж өгдөг байсан. Мөн шүүгдэгчид оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэв.
хохирогчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун Олон Улсын арилжаа хийсэн зэргээс үзэхэд анхнаасаа залилж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн. Гэтэл шүүгдэгч Т.Ө- нь хохирогч Б.А-г анхнаасаа залилан мэхлэх, төөрөгдөлд оруулах зорилгоор танихгүй байж өөрийн харьяа салбар биш байхад таны хадгаламжийн хугацаа дууссан, та ирж уулз гэж зориуд дуудаад, пайз буюу ахлах теллер гэсэн Голомт банкны хариуцлагатай ажилтны дүрээр гарч ирээд удаа дараалан ятгасан бөгөөд Олон Улсын арилжаанд оруулна гэж огт яриагүй бөгөөд банканд ахлах теллерийнхээ хэмжээнд давуу байдлаа ашиглаад танд өндөр хүү амлаж залилсан. Энэ нь Голомт банкны Т.Ө-гийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 203-229 тал/, дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, “Тэд аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт гарсан, дүгнэлтээ бататгаад н.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүл лэг “А- нь анх 115,000 ам.долларыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр оруулсан. Гэтэл Б.А-гийн хөрөнгө оруулсан мөнгийг Т.Ө- нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 60,700 ам.долларын татан авалт хийсэн буюу 3 сар 15 хоногийн дотор татаж буцааж авсан. Иймээс 115,000 ам.доллар бүхэлдээ бүрэн арилжаанд ороогүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Аудитын дүгнэлтийг шүүгдэгчийн талаас хүлээн зөвшөөрсөн. Үүнийг шүүхээс шүүгдэгч Т.Ө- нь бодит байдлыг нуух замаар урьд өмнө нь Олон Улсын арилжаа буюу Монголдоо ийм үнэт цаасны арилжаанд оролцож байгаагүй байж оролцдог мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхэлж, анхнаасаа Б.А-г онилоод уулзаж ийм байдалд хүргэсэн учраас залилан мэхлэх гэмт хэргийн шинж байна гэж ингэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Т.Ө- нь хохирогчийн мөнгөөр найз охинтойгоо гадаадад аялсан талаараа фейсбүүк хуудастаа тавьсан байдлууд байдаг талаар хэрэгт хавсаргаж өгсөн. Өмгөөлөгч Д.Мөнх-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа хохирогч нь мөнгөө хамгаалуулахаар хандсан, бараг л залилаагүй гэсэн. Гэтэл тэр мөнгө чинь анхнаасаа банкны хамгаалалт, хадгаламжид байхад шүүгдэгч нь зориудаар төөрөгдөлд оруулсан. Мөн олсон ашгаасаа Б.А-д өгсөн юм байхгүй бөгөөд хохирол гэж сүүлд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөнгөнүүд өгсөн. Иймд шатын шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
прокурор Г.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбарыг сонслоо. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр болон гэм буруугийн дүгнэлтийг хууль ёсны үндэслэлтэй байна гэж үзэж байна. Учир нь, мөнгийг хүлээлгэн өгөхдөө хохирогч, шүүгдэгч нарын хооронд итгэмжлэн хариуцуулсан болон эд хөрөнгө хамгаалах харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Т.Ө- нь хохирогч Б.А-тай “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ” байгуулж, гэрээгээр халхавчилж 115,000 ам.доллар буюу Монгол мөнгөөр 303,023,850 төгрөгийг шилжүүлэн авч Олон Улсын валютын арилжаанд оруулсан, үүнээсээ 46,064 ам.долларын алдагдал хүлээсэн. Үүнээс гадна 85,905 ам.долларыг өөртөө буцааж шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь болох нь тогтоогдсон. Иймээс тухайн мөнгийг өсгөж өгнө гэж хэлээд гэрээ гэрээнд гарын үсэг зуруулсан үйлдэл нь дүр үзүүлэх, гэрээний үүргийг биелүүлж буй мэтээр харагдуулах зорилгоор хохирогчоос шилжүүлж авсан мөнгийг арилжаанд оруулсан. Тухайн ашгаасаа хохирогчид тодорхой хэмжээний ашгийг байнга тогтвортой өгнө гэдэг боловч хохирогчид ашиг өгч байсан тохиолдол байхгүй. Эдгээр нөхцөл байдлаас харахад анхнаасаа гэрээний үүргийн дагуу арилжаа хийж, хохирогчид Б.А-д мөнгийг өсгөж, буцааж өгөх санаа зорилго байгаагүй. Мөнгийг өөртөө зарцуулах үйл хийхдээ хохирогчид “Форекс” арилжааны ханш огцом унаснаас алдагдалд орсон мэтээр хохирогчийг хуурч төөрөгдөлд оруулж үйлдэл гаргаж байсан нь хувьдаа ашиг олох гэсэн “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ял шийтгэлийг өнгөрүүлж өгнө үү гэсэн. Гэтэл гэмт хэргийн улмаас учруулсан нийт хохирлыг нөхөн төлсөн гэх шаардлага хангагдахгүй байна. Шүүгдэгчийн хувьд төлөх ёстой төлбөрөөс бүрэн төлж барагдуулаагүй учир тухайн зүйл заалтыг хэрэглэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ө-д оногдуулсан ялыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Ө-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Ө-гийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч Т.Ө- нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Голомт банкны харилцагч болох Б.А-д “Таны банканд хадгалагдаж байгаа мөнгийг олон улсын арилжааны гүйлгээнд оруулж богино хугацаанд өсгөж өгнө” хэмээн хуурч, түүнтэй “Хөрөнгө итгэмжлэн удирдах” гэрээ байгуулан улмаар хохирогч Б.А-гаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Худалдаа хөгжлийн банк”-нд дээр байхдаа “Худалдаа хөгжлийн банк”-ны ....... дугаартай данснаас шилжүүлсэн 115,000 ам доллар буюу 303,023,850 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Худалдаа хөгжлийн банкны ....... дугаарын дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,
мөн шунахай сэдэлтээр 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найман шарга” худалдааны төвд байхдаа хохирогч Э........ын “....... ББСБ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ....... тоот данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч “....... ББСБ” ХХК-ын дилер Т- овогтой Ө-гийн нэр дээр бүртгэлтэй “ХААН” банкны ....... тоот данс руу шилжүүлсэн 151,875,000 төгрөгөөс 69,875,000 төгрөгийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.А-гийн “...Анх 2018 оны 12 дугаар сард “Голомт” банкнаас “...ахлах дилер Ө- гэдэг хүн байна таны алтны хадгаламжийн хугацаа дуусаж байна шүү...” гэж ....... гэсэн дугаараас залгасан. Ингэж ярьснаас хойш хойш 7 орчим хоногийн дараа над руу дахин залгаад “...танд ашигтай санал тавья уулзах боломжтой байна уу...” гэхэд нь уулзсан. Ингээд Ө-тай уулзахад тэр “...би Голомт банканд гадаад дилер арилжаа хийдэг ахлах нь байна” гээд үнэмлэхээ үзүүлсэн. Мөн өөрийгөө “Icon.mn” сайтад “Голомт” банкны нэрийн өмнөөс хөрөнгө арилжааны тайлбар хийдэг байсан гэж танилцуулсан. Тэрээр “...таны хадгалуулж байгаа мөнгө их бага хүүтэй юм байна. Ингэж хадгалуулж байхаар арилжаанд оруулсан нь дээр... нэг сар 6,6 хувийн хүүтэйгээр гадаад валютын арилжаанд оруулсан нь дээр” гэж хэлэхэд нь би “...танай банкных юм уу” гэж асуухад тэр “...тийм ээ Голомт банкных” гэсэн. Дараа дахин уулзахад Голомт банкнаас хөрөнгө зохицуулах гэрээ хийдэг гэж гэрээ хийж арилжаанд оруулах мөнгөө Худалдаа хөгжлийн банкны ....... тоот данс руу хийлгэсэн. “...Яагаад энэ данс руу хийлгэж байгаа юм бэ” гэхэд “...манай банкнаас намайг харилцагч нартайгаа хувийн харилцаа үүсгэдэг гэх байх тийм учраас Голомт банкны данс руу болохгүй байна. Та миний Худалдаа хөгжлийн банкны данс руу хийчих” гээд дээрх дансанд 115,000 ам доллар хийлгэсэн. Ингээд гэрээн дээр сар сараар график гаргаад хүү нь өсөөд дансанд орно гэж хэлж байсан... Бүр сүүлдээ хөөцөлдөж явсаар байгаад 2019 оны 06 сарын орчим түүнийг олж уулзаад баримттай үлдэхийн тулд зээлийн гэрээ гэх зүйл хийж нотариатаар баталгаажуулж авсан...ашиг аваагүй харин 115,000 ам доллароосоо 25,926 ам доллар үндсэн мөнгөнөөсөө буцааж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх 35-36, 2-р хх 224-225/,
гэрч Л.Л-ын “...Манай компани брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг. Т.Ө- нь манай компанийн харилцагч бөгөөд тухайн харилцагч нь манай компанийн ....... дугаарын данс руу 115,000 ам доллар шилүүлж арилжааны дансаа цэнэглэсэн байна. Харилцагч Т.Ө-ы арилжааны ....... тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр115,000 ам долларыг хийсэн байна. Уг дансны хуулгыг харахад нийт 130,278.76 ам долларыг дансандаа байршуулж 46,064.52 алдагдал хүлээн 85,906.89 ам долларыг арилжааныхаа данснаас өөртөө гаргаж авсан байна. Одоогийн дансны үлдэгдэл -1692.65 долларын буюу өртэй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 52-53/,
гэрч Б.М-гийн “...Манай дүү Б.А- нь “... “Голомт” банканд ахлах дилер хийдэг хүн мөнгө өсгөж өгнө гэж байна...” гээд надад болон манай аав, ээж, дүү Эрдэмбаяр нарын хадгаламжид байсан мөнгийг цуглуулж тэр Ө- гэдэг хүнд арилжаанд оруулна гээд өгсөн байсан... “...Ө- нь тус мөнгийг эргүүлэн өгөхгүй удаад байна” гээд над руу хэлж байсан. А- нь 2019-2020 онд Канад руу явах болоод “...Ө-аас мөнгө авах ёстой, та уг мөнгийг миний өмнөөс нэхэмжлэл гарга...” гээд надад итгэмжлэх хийж өгөөд, би Ө-тай олж уулзаад нотариат дээр 115,000 долларын зээлийн гэрээ хийсэн. Тэрээр мөнгөө өгөхгүй удсан учраас цаашид дахиад алга болчих байх, мөнгө төгрөгөө өгөхгүй байх гээд зээлийн гэрээ байгуулсан. Ингээд уг зээлийн гэрээний дагуу график гаргаж төлнө гээд график гаргасан. Уг графикийн дагуу эхний сард төлөх 10,874 долларыг шилжүүлж өгсөн, дахиж мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Ингээд мөнгөө өгөхгүй болохоор нь араас нь хөөцөлдөж явсаар “Хас” банканд ажилладаг байхад нь олж, дуудаж уулзах гэхэд ирээгүй, уулзаагүй. Гэтэл нэг удаа өмгөөлөгч нь гээд нэг хүн над руу яриад “...ярих юм байвал та надтай ярь” гэхэд нь “...мөнгө төгрөгөө өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандана” гэдгийг хэлэхэд дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг/ 1-р хх 55-58/,
гэрч Б.Л-гийн “...би өөрийн хадгаламжид байсан 35,000 ам долларыг охин А-д авч өгсөн. Ингэж авснаас хойш хэсэг чимээгүй болсон...” гэх мэдүүлэг /1-р хх 60-61/,
гэрч Ш.Б-ын “... “..........” ХХК-д бүртгүүлсэн Т.Ө-гийн ....... тоот арилжааны дансны хуулгыг үзлээ. Уг хуулгыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагаас гаргаж өгч байсан байна. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэлтэй уг хуулгаас үзэхэд...Т.Ө-гийн ....... тоот арилжааны дансанд нийт 130,278.76 ам доллар байршуулж арилжаа хийгээд үүнээс 46065.52 ам.долларыг арилжаагаар алдсан, 85906.89 .......... ХХК-иас буцаан өөрийн дансанд татан авсан, 1700 ам.доллар зээлж авсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх 64-66/,
шинжээч В.Оюунчимэгийн “...А- нь анх 115,000 ам долларыг 2018 оны 12 сарын 14-ний өдөр оруулсан. Тэгтэл А-гийн хөрөнгө оруулсан мөнгийг Ө- нь 2018 оны 12 дугаар сарын 17-оос 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 60,707 ам долларын таталт хийж авсан буюу энэ нь 3 сар 15 хоногийн дотор татаж авсан учраас А-гийн 115,000 ам доллар бүрэн арилжаанд ороогүй...” гэх мэдүүлэг/3-р хх 10-13/,
“Худалдаа хөгжлийн банк”-ны Б.А-гийн ....... тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 115,000 ам доллар ....... дугаарын дансанд шилжүүлсэн баримт/1-р хх 124/,
цахимд орчинд үзлэг хийсэн “...Үзлэгээр 2018 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн байдлаар Монгол банкны валютын ханшаар ам доллар хэдэн төгрөгийн ханштай байсныг тогтоох зорилгоор хайлт явуулахад 1 ам доллар 2,634.99 төгрөгийн ханштай байсан байна...” гэсэн мэдээлэлтэй мөрдөгчийн тэмдэглэл/1 хх 31-32/,
2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”, 2019 он 06 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ” /1 хавтас 130-133, 151/,
“..........” ХХК дахь Т.Ө-гийн эзэмшдэг ....... тоот дансны хуулга /1 хх 83-106/,
Хаан банкны Т.Ө-гийн .......... дугаартай дансны хуулга /1-р хх 187-202/,
“Голомт банк”-ны Т.Ө-гийн .........., .......... дугаартай дансны хуулга/1-р хх 203-229/,
Шүүгдэгч Т.Ө-гийн “Худалдаа, хөгжлийн банк”-ны ....... тоот дансны гүйлгээнд үзлэг хийсэн “ мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх 239-250, 3-р хх 1-6/,
“Тэд аудит” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 24/ш-02 дугаартай “............. ХХК-д шилжүүлсэн 115,000 доллараас 85,878.89 буцаан татан авсан байна...” гэх мэдээлэлтэй аудитын дүгнэлт/2-р хх 198-206/,
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “..........” ББСБ-аас гаргасан “...2024 оны 05-р сарын 03-ны өдөр “....... ББСБ” ХХК дилер Ө- гэж хүний дансруу андуурч 151,875,000 төгрөгийг шилжүүлсэн. ...69,875,000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй...” гэсэн агуулгатай гомдол, түүнд хавсаргасан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудын хуулбар/З-р хх-ийн 82-97/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э........ын “...манай компани нь “....... ББСБ” ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 150.000 долларыг 3380 төгрөгөөр, 250.000 долларыг 3379.5 төгрөгөөр бодож худалдаж авсан. Энэ нь төгрөгөөр нийт 1,351,875 000 төгрөг болж байгаа юм. Ингээд “....... ББСБ” ХХК-ийн теллер Т.Ө- гэдэг залуугаас компанийнх нь дансыг авахад Хаан банкны ...., Худалдаа хөгжлийн банкны .... тоот дансыг авсан. Тэгээд 05 дугаар сарын 03-ны өдөртөө “....... ББСБ” ХХК-ийн Хаан банкны данс руу эхлээд 300,000,000 төгрөгийг нь дараа нь 800,000,000 төгрөг шилжүүлээ 100,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны данс руу нь шилжүүлсэн. Харин үлдэгдэл 151,875,000 төгрөгийг нь ....... тоот данс руу шилжүүлсэн байсан Тэгсэн чинь 2 хоногийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шөнө 01 цагийн үед Ө- нь над руу мессеж бичээд “чи андуураад миний данс руу 150,000,000 төгрөг хийчихсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ө- руу залга ярихад “...би ....... рүү буцаагаад хийчихнэ. Чи санаа зоволтгүй” гэж хэлэхээр нь би тайвшраад дахиж яриагүй. Дансаа ч гэсэн нягталж үзээгүй. Тэгээд Ө- нь 05 дугаар сарын 07-ны өдөр 47,000,000 төгрөгийг манай компанийн .... тоот данс руу хийхээр нь тэр мөнгийг нь “....... ББСБ” ХХК-руу шилжүүлсэн. 05 дугаар сарын 08-ны өдөр Ө-аас дахин манай компанийн дансанд 35,000,000 төгрөг шилжүүлэхээр нь мөн нь .... ББСБ ХХК-руу шилжүүлсэн. Тэгээд Ө- заримыг нь “...би өөрөө хийчихье” гэсэн мессежийг над руу бичсэн байсан. Гэтэл үүнээс 20 хоногийн дараа “....... ББСБ” ХХК-иас манай компанид “...үлдэгдэл 69,875,000 төлбөрөө төлнө үү” гэсэн албан мэдэгдэл ирсэн. Тэгэхээр нь “....... ББСБ” ХХК-ийн захирал гэх хүнтэй яриад “...танай ажилтан Ө- руу шилжүүлсэн. Ө- чинь танайх руу буцаачихъя...” гэж хэлсэн. Гэтэл “...тэр хамаагүй Т.Ө-гаас манайд ямар ч мөнгө орж ирээгүй чи Ө-тай нийлж манай байгууллагыг луйвардлаа” гэхээр нь шууд утсаа тасалчихсан. Тэгээд тэрнээс хойш яриагүй. Маргааш нь танайх 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол манайх шүүхэд хандана гэсэн мэдэгдэл “....... ББСБ” ХХК-иас ирсэн. Харин Ө-тай холбогдож ярихаар “...би захирлуудад хэлчихсэн байгаа. Чи санаа зоволтгүй энэ 7 хоногт өгнө” гэж хэлээд мөнгөө өгөлгүй 14 хоног болчихсон... 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ө- нь компанийнхаа дансыг над руу мессежээр явуулж байсан. Гэтэл бид хоёрын өмнө харилцаж байсан мессеж дунд өөрийнх нь данс байсан байна лээ. Тэгээд андуураад Т.Ө-гийн данс руу шилжүүлчихсэн байсан... Ө- нь өөрийнх дансанд манай компаниас андуурч мөнгө орсон талаар бүр надаас өмнө мэдсэн. Надад өөрөө хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг, /3-р хх 102-103/,
гэрч Ц.У-ын “...Ө- нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр захирлын Б24/34 дугаар тушаалаар “Хөрөнгө удирдлагын менежер” албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдож байсан. Тэгэхээр 02 дугаар сараас эхлээд туршилтаар ажиллаж байсан байх... .......... ХХК-ийн валют арилжаан дээр асуудал гаргаад 2024 оны 06 дугаар сард ажлаас халагдсан... манай компани нь 05 дугаар сарын 03-ны өдөр дээрх компанитай 150.000 ам.долларыг 3380 төгрөгөөр тохирч Хан Цэгц компанийн Голомт банкны ............ тоот данс руу шилжүүлсэн. 150.000 ам.доллар нь 507,000,000 төгрөг болж байсан. Дараа нь тэр өдрөө 250.000 ам.долларыг 3379.5 төгрөгөөр бодож дээрх данс руу шилжүүлсэн. Энэ нь 844,875,000 төгрөг болсон. ............ ХХК-аас буцаад тухайн өдрөө манай компанийн .... тоот данс руу 100,000,000 төгрөг, Хаан банкны ............ тоот данс руу 300,000,000, 800,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд “............” компаниас нийт 1,200,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Санхүүгийн албанаас Т.Ө-аас “............” ХХК-нь яагаад мөнгөө шилжүүлэхгүй байгаа талаар асуухад “...удахгүй хийнэ” гэдэг байсан. 05 дугаар сарын 07-ны өдөр манай Хаан банкны .... тоот данс руу “............” ХХК-иас 47,000,000 төгрөг, 05 дугаар сарын 08-ны өдөр мөн дансанд 35,000,000 төгрөг орж ирсэн 69,875,000 төгрөг үлдээд орж ирэхгүй удаад байсан. Ерөнхий нягтлан 05 дугаар сарын 14-ний өдөр “............” ХХК-руу ярья гэхэд Ө- нь “...би захиралтай уулзаж өөрөө учраа хэлье” гэсэн. Тэгээд Ө- нь “...захиралд үлдэгдэл мөнгөөрөө олон улсын арилжаа хийгээд алдчихсан” гэж тайлбарласан. “............” ХХК-аас манайд орж ирэх ёстой мөнгө Ө-ы данс руу орсон гэдгийг бид нар тэр үед мэдсэн. Ө-ы энэ үйлдэл нь дотоод журам зөрчиж байсан тул дотоод аудитын дүгнэлт гаргаад Ө-ыг цагдаад өгөх шийдвэр гаргасан. Мөн “............” ХХК-руу байгууллага хоорондын гүйлгээ нийлье гэсэн албан бичиг өгөхөд Ө-ыг цагдаад өгсөн байгаа гэсэн хариу ирсэн... Ө- нь арилжааны мөнгийг хувийн дансандаа авах эрх байхгүй... манай компани ............ээс 69,875,000 төгрөг авах ёстой. Энэ мөнгөө “............ ХХК”-иас нэхэмжилж байгаа. ............ нь Ө-аас авах ёстой болчхоод байгаа юм...” гэх мэдүүлэг /3-р хх 105/,
“ХААН” банкнаас ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 29/7012 дугаартай “.......... дансны хуулгыг файлаар хүргүүлэв...” гэсэн агуулгатай албан бичиг /З-р хх 111-112/,
Т-ийн Ө-гийн Хаан банкны ....... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн “.......... дугаартай дансанд нэг удаагийн гүйлгээгээр1 51,875,000 төгрөг шилжин орсон байх бөгөөд үүнээс өөрийн эзэмшлийн ............ тоот данс руу 106,000,000 төгрөг, ............ тоот данс руу 40,584,000 төгрөг шилжүүлэн авсан байна. 5,291,000 төгрөгөөр худалдан авалт хийсэн байна...” гэх мэдээлэлтэй мөрдөгчийн тэмдэглэл /З-р хх 113-114/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл зарчмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосон бөгөөд, ял оногдуулахдаа харгалзах хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун “...шүүгдэгч Т.Ө-ы үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй. “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү…ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдах гол шинж нь халхавч болсон гэрээ, хэлцлийг байгуулахдаа хуурч мэхлэх, итгэл эвдэх арга хэрэглэсэн, гэрээний нөгөө тал болох хохирогч уг гэрээ, хэлцлийг анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй нөхцөлд байгуулсан бол “залилах” гэмт хэрэг гэж үздэг болно.
Хуурч мэхлэх гэдэг нь үгээр болон үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын харилцан итгэлцэлд үндэслэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын нэг хэлбэр юм.
Шүүгдэгч Т.Ө- болон хохирогч Б.А- нарын хооронд а/ 2018 оны 12 дугаар сарын 14-нд хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ /1хх 130-131/, b/ 2019 оны 01 дүгээр сарын 14-нд хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ /1хх 132-133/ тус тус гэрээ байгуулагдсан, улмаар хэрэгт …in:sent .....… хаягаас Т.Ө- руу илгээсэн “хөрөнгө оруулагчид мэдэгдэх нь” гэсэн email /1хх 134-135/, “Худалдаа хөгжлийн банк”-ны дансны хуулга /1хх 137-144, 180-186/, фейсбүүкээр харилцсан мессежнүүд /1хх 145-149/, итгэмжлэл /1хх 150/, зээлийн гэрээ /1хх 151/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 18741 дүгээр захирамж /1хх 152-155/, ..... LLC-н дансны хуулга /1хх 157-177, 2хх 218-221/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 188-202/, Голомт банкны дансны хуулга /1хх 204-228/, Хас банкны дансны хуулга /1хх 230-240/, Олон улсын Евро, иен валютын зах зээлийн долоо хоногийн тойм мэдээ /2хх 24-32/, Тэд-Аудит ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар аудитын дүгнэлт /2хх 198-206/… гэсэн баримтууд авагдсан байна.
Эдгээр баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Т.Ө- хохирогч Б.А-д…таны хадгалуулж байгаа мөнгө бага хүүтэй байна, сарын 6.6 хувийн хүүтэй гадаад валютын арилжаанд оруулсан нь дээр… гэж өөрийн ажлын үнэмлэхийг үзүүлж, хохирогчийн мөнгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны ....... тоот дансанд шилжүүлэн авснаар шүүгдэгчийн бусдыг хуурч мэхлэх, шунахай сэдэл, санаа зорилго, үйлдэл хэрэгжиж эхэлсэн.
Шүүгдэгч Т.Ө- нь хохирогч Б.А-тай 2018 оны 12 дугаар сард холбогдож “таны алтны хадгаламжийн хугацаа дуусаж байна” гэж ярьж, түүний залилах гэмт хэргийн сэдэл санаа, зорилго хэрэгжиж эхэлсэн ба улмаар дахин хохирогчтой холбогдож хохирогч Б.А-г төөрөгдөлд оруулан хуурч, хэдийд, ямар хугацааны дараа хэр хэмжээний ашиг орж ирэх нь тодорхойгүй үйл баримт байсаар байхад бодит байдлыг нуусан нь нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгдэгч нь хохирогчоос 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ....... тоот дансандаа 115,000 долларыг шилжүүлэн авч “..... LLC”-н арилжааны дансандаа шилжүүлсэн боловч гэрээгээр тохиролцсон арилжааны үйл ажиллагаанд оруулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн хооронд тодорхой хугацааны давтамжтайгаар өөрийн хувийн дансандаа буцаан авч энэ талаараа хохирогчид мэдэгдээгүй, эргэн төлөөгүй нь түүний бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх замаар авч байгаа санаа, зорилгыг илтгэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол хангагдахаар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, гэрээ болон хууль тогтоомж, байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод дүрэм журмаар хүлээсэн үүргийн дагуу бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүйгээр тодорхой цаг хугацаанд хариуцсан үедээ эд хөрөнгийг зарж үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн, хувийн хэрэгцээндээ ашигласан зэрэг үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэг гэж үзнэ.
Гэтэл шүүгдэгч нь хохирогчийг төөрөгдөлд оруулах замаар эд хөрөнгийг/доллар/ нь шилжүүлэн авсан тул түүний үйлдлийг “хөрөнгө завших” гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогддоггүй болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм. Эрх олгосон хуулийн энэ зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан болно.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг баримтлаагүй байх тул тогтоолын 5 дахь заалт буюу …гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт шүүгдэгч Т.Ө-аас 29,875,000 төгрөг гаргуулж хохирогч Э........д, 164.709.099 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д тус тус олгож… гэснийг …Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт шүүгдэгч Т.Ө-аас нийт 194.584.099 төгрөг гаргуулж, 29.875.000 төгрөг гаргуулж хохирогч Э........д, 164.709.099 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д тус тус олгож …гэсэн өөрчлөлт оруулав.
Мөн тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу… гэсэн хуулийн заалтыг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1478 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны “... хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх... ял хөнгөрүүлэх...” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Ө-гийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 94 /ерөн дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон заалтыг оруулахдаа “...хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй...” зэргээр хуульд заагаагүй үг хэллэг ашиглан найруулга, хэл зүйн хувьд ойлгомжгүй байдлаар бичсэн байгааг анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1478 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтад “…гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт шүүгдэгч Т.Ө-аас 29,875,000 төгрөг гаргуулж хохирогч Э........д, 164,709,099 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д тус тус… гэснийг …Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт шүүгдэгч Т.Ө-аас нийт 194,584,099 төгрөг гаргуулж, 29,875,000 төгрөг гаргуулж хохирогч Э........д, 164,709,099 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д тус тус олгосугай...” гэж,
6 дахь заалтад “… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д… гэснийг …Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д олгосугай…” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны давж заалдах шатны шүүхэд гаргасан “...зүйлчлэл өөрчлүүлэх... ял хөнгөрүүлэх...” гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-гийн шийтгэх тогтоол гарснаас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА