Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00641

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00641

 

 

 

Амглапет ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 101/ШШ2018/00130 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Амглапет ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Амарбаясгалан, Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 9 203 750 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 38 402 500 төгрөг, нийт 47 606 250 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбат, П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Б.Амарбаясгалан, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Амглапет ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2014 оны 09 дүгээр сард Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-ийн захирал Б.Амарбаясгалан гэх этгээд манай Амглапет ХХК-аас 110 203 750 төгрөгийн арматур төмөр зээлээр худалдан авч, төлбөрт 101 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 9 203 750 төгрөгийг өгөөгүй. Дахин 2014 оны 09 дүгээр сард 34 402 500 төгрөгийн арматур төмөр зээлээр худалдан авсан. Төлбөрийг долоо хоногийн дотор төлөхөөр амаар харилцан тохиролцсон. Гэтэл тус компани болон захирал Б.Амарбаясгалан нь зээлээр худалдан авсан арматур төмрийн төлбөрийг төлөлгүй жил гаран хугацаа хэтэрч, улмаар залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болсон тул манай компани Цагдаагийн байгууллагад хандсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Б.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Пркурорын газар хэргийг хүлээн авч хянаад 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 231 дугаартай тогтоолоор 9 203 750 төгрөгт холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1295 дугаартай тогтоолоор Б.Амарбаясгаланг 38 095 280 төгрөгийн арматур төмөр залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, яллагдагч Б.Амарбаясгалан нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамааруулан хэрэгсэхгүй болгосон. Дээрх прокурорын тогтоолуудыг бид эс зөвшөөрч, дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч Улсын ерөнхий прокурорын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар биднийг иргэний журмаар шүүхэд хандах тухай мэдэгдсэн тул бид энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-ийн захирал Б.Амарбаясгалангийн үйлдлийн улмаас нийтдээ 47 299 030 төгрөгөөр хохирсон.

Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-ийн захирал Б.Амарбаясгалан нь 47 299 030 төгрөгийн хохирол учруулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 307 220 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 47 606 250 төгрөгийг хариуцагч Эйч Эй Ти Си Өү Эм ХХК болон Б.Амарбаясгалангаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-ийн захирал Б.Амарбаясгалангийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.Амарбаясгалан миний бие тус компанитай арматур авахаар ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд 2014 оны 09 дүгээр сард нэхэмжлэлд дурдсан арматурыг Амглапет ХХК-аас аваагүй бөгөөд харин Шинэ эх газар ХХК-аас худалдан авсан болно.

Дээрх худалдан авалтыг хийхдээ 2013 оноос бизнесийн харилцаатай байсан С.Энхбаатар гэж хүнтэй хэлцэл байгуулан хэлэлцэж тохирсны дагуу Шинэ эх газар ХХК-аас барааг хүлээн авсан. Тийм учраас би дээрх арматур авсан тооцоогоо хэлцэл байгуулсан этгээд буюу С.Энхбаатар бидний дунд 2013 оноос хойш дээрх бизнесийг хамтран хийсэн бөгөөд бидний дунд бараа нийлүүлсэн, төлбөрийн үлдэгдлийн тооцоог өнөөдрийг хүртэл хоорондоо тооцоо нийлээгүй өглөг авлагын талаар маргаан байдаг. Б.Амарбаясгалан миний хувьд Амглапет ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-аас 45 917 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Амглапет ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 688 850 төгрөг болон хариуцагч Б.Амарбаясгаланд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 223 904 төгрөг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж, хариуцагчаас 387 537 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс хариуцагч Б.Амарбаясгаланд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.Амарбаясгаланд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-ийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус хуулийн 10.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Амарбаясгалан нь манай компанид учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж мэдүүлсэн тул түүний хэргийг хуульд зааснаар өршөөлд хамааруулсан. Нэгэнт Б.Амарбаясгалан нь өршөөлд хамрагдсан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу бид Б.Амарбаясгалангаас хохирол нэхэмжлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Амарбаясгаланд холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон ч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг нь хадгалагдсан хэвээр байхад анхан шатны шүүхээс хариуцагч Б.Амарбаясгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс хариуцагчийн хариу тайлбарыг үгүйсгэх зорилгоор С.Энхбаатарыг гэрчээр байцаасан тэмдэглэлийг эрүүгийн хэргийн материалаас хуулбарлан авч нотлох баримтаар өгсөн ба С.Энхбаатар нь шүүх хуралдаанд гэрчээр оролцож тухайн хэлцэлд холбогдолгүй болохоо гэрчилсэн. Иймд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Амарбаясгалан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэх ёстой байхад нэхэмжлэлийг сайн дураараа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биш "Эйч Эй Ти Си Өү Эм" ХХК-аас гаргуулахаар шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн.

Хариуцагч Б.Амарбаясгалан болон "Эйч Эй Ти Си Өү Эм" ХХК нь "Амглапет" ХХК-тай ямар ч эрх зүйн харилцаанд ороогүй болно. "Эйч Эй Ти Си Өү Эм" ХХК-ийн хувьд "Эн Си Ди" групп болон "Амглапет" ХХК-аас юу ч худалдан аваагүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Хэрэгт "Амглапет" ХХК, "Эн Си Ди" группын хооронд ямар ч гэрээ байхгүй. Мөн гэрч шүүх хуралд мэдүүлэхдээ цагдаагийн бичгийг уншиж үзээд би сайн санахгүй, тооцоо байсан байх, тооцоог нягтлан бодогч хийж гаргаж өгнө шүү дээ гэж байсан. Гэтэл шүүх гэрчийн яриагүй зүйлийг ярьсан болгож мөн ямар ч гэрээний талаар яриагүй байхад шүүх сайн дураараа гэрээ байсан мэтээр дүгнэж байгаа нь илтэд нэг талыг барьсан гэж үзэж байна. Учир нь шүүх нэхэмжлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдэж 101/ШТ2017/0531 тоот захирамжинд хадгаламжийн дансны хуулгыг хэн ч хүсэлт гаргаагүй байхад миний хувийн нууцад халдаж захирамж гаргаж нэхэмжлэгч талд үзүүлсэн. "Эйч Эй Ти Си Өү Эм" ХХК нь "Амглапет" ХХК-тай эрх зүйн харилцаанд орж арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан гэдгийг нотлох зорилгоор хуурамч бичиг баримт үйлдэн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтад хариуцагч Б.Амарбаясгалангийн гарын үсэг биш, хуурамч гэдгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл иргэн Б.Амарбаясгалан "Амглапет" ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт огт байхгүй. Хариуцагч Б.Амарбаясгалан нь 118 885 тонн төмрийг "Шинэ Эх Газар" ХХК-ийн өмчлөлийн хашаанаас авсан байдаг бөгөөд шүүх "Амглапед" ХХК-ийн эзэмшлийн хашаанаас авсан мэтээр өөрөө сайн дураараа санаанаасаа зохиож дүгнээд байгаа нь илт хууль бус юм. Өөрөөр хэлбэл шүүгч хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан нягталж шалгалгүй ингэж илт худал зүйл бичээд байна уу? эсхүл илтэд нэхэмжлэгч талд ашигтайгаар ингэж дүгнээд байна уу? гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажилагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч тухайн маргаанд хамааралтай нотлох баримтад хийсэн дүгнэлт хуульд нийцсэнгүй.

 

Нэхэмжлэгч Амглапед ХХК нь хариуцагч Эйч Эй Ти Си Өү Эм ХХК болон Б.Амарбаясгалангаас худалдсан барааны үлдэгдэл төлбөрт 9 203 750 төгрөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 38 402 500 төгрөг, нийт 47 606 250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч Б.Амарбаясгалан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 88.163 тонн, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 30.722 тонн арматур төмөр Амглапед ХХК-аас худалдан авч, эхний худалдан авалтаас 9 203 750 төгрөгийн, дараагийн худалдан авалтаас 38 402 500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8/71 дугаартай албан бичиг, гэрч С.Энхбаатарын мэдүүлэг, хариуцагч Б.Амарбаясгалангийн эрхлэн явуулдаг Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлбөр шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар өөрт хүлээн авсан барааны үнийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй. Талууд уг хэлцлийн нөхцлийн талаар бичгийн гэрээ байгуулаагүй боловч хүсэл зоригоо тодорхой илэрхийлж гэрээний зүйлийг өгч авалцан, үнийн зарим хэсгийг төлсөн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Б.Амарбаясгалан гэрээний зүйлийг нэхэмжлэгч Амглапет ХХК-аас хүлээж аваагүй, Шинэ эх газар ХХК-аас авсан гэх тайлбараа нотлох баримтаар хангалттай нотлоогүй, дээр дурдсан баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар няцаасан баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь манай компани Эн Си Ди Групп ХХК-аас авлагатай байсан, уг авлагадаа Шинэ эх газар ХХК-ийн хашаанд хадгалж байсан Эн Си Ди Групп ХХК-ийн арматур төмрийг тус компанитай авлагын тооцооны үндсэн дээр хариуцагч Б.Амарбаягаланд худалдсан гэж тайлбарладаг бөгөөд уг тайлбар нь Эн Си Ди Групп ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус компанийн Амглапет ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 263 377 850 төгрөгийн өглөгтэй байсан, уг өглөгийн тооцоонд бидний харилцагч Шинэ эх газар ХХК-ийн хашаанд хадгалагдаж байсан 207.9 тонн араматур төмрийг /1тн 1 240 000/ авахыг зөвшөөрсний дагуу Амглапет ХХК нь Шинэ эх газар ХХК-аас авсан ... гэх 8-71 дугаартай албан бичиг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу авсан гэрч С.Энхбаатарын мэдүүлэг Б.Амарбаясгалан надаас барилгын арматур төмөр Гранд байшинд нийлүүлэх хэрэгтэй байна гэхээр нь Амглапет ХХК-ийн захирал Г.Баярбаттай уулзуулсан, Б.Амарбаясгалан уг төмрийг Шинэ эх газар ХХК-ийн талбайгаас авч явсан, сүүлд мөнгөө өгөөгүй гэж сонсогдсон гэж заасан, нэхэмжлэгч Амглапет ХХК-ийн дансанд хариуцагч Б.Амарбаясгалангийн эрхлэн явуулдаг Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 01-ны өдөр арматур төмрийн үнэ гэсэн утгатай 101 500 000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 129, 208/ зэргээр нотлогдож байна.

 

Дээрх баримт нотлогоог хариуцагч нь баримтаар үгүйсгээгүй.

 

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд яллагдагчаар татагдан би С.Энхбаатар ахтай ярьж Шинэ эх газар ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 88.163 тонн арматур төмөр, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 30.722 тонн арматур төмөр авсан нь үнэн. Энэ мөнгийг Амгалапет ХХК-д шилжүүлж өгнө. Үнийн дүнгийн хувьд 1 240 000 төгрөгөөр тооцоо хийх юм байна. Амгалапет ХХК-ийг хохиролгүй болгоно гэж мэдүүлсэн байх ба түүнд холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг 1 тонн арматур төмрийг 1 240 000 төгрөгөөр тооцон нийт дүнгээс хариуцагчийн өмнө нь төлсөн 101 500 000 төгрөгийг хасч, 45 917 400 төгрөг /118.885 тн*1 240 000=147 417 400-101 500 000=45 917 400/ гэж үзсэн нь зөв боловч хариуцагч Б.Амарбаясгаланд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон түүний эрхлэн явуулдаг компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Хариуцагч Б.Амарбаясгалан эрүүгийн хэргийг шалгах явцад арматур төмөр худалдах, худалдан авах хэлцлийг компанийн өмнөөс хийсэн тухай мэдүүлэг өгөөгүй, харин өөрөө 118 885 тонн төмөр худалдан аваад төлбөрийн зарим хэсгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлнө гэж мэдүүлсэн байхын зэрэгцээ төлбөрийн үүргийг компанид хариуцуулах эргэлзээгүй баримтгүй байна.

 

Цагдаагийн байгууллага цагдан хорино гэж айлгаж сүрдүүлсний улмаас дээрх агуулга бүхий мэдүүлэгийг өгсөн гэх тайлбраа хариуцагч баримтаар нотлоогүй, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан ажиллагааг хүч хэрэглэж, хууль зөрчиж явуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Эрүүгийн хэргийг шалгасан ажиллагаа хүчин төгөлдөр, холбогдох баримтууд хуулийн шаардлага хангасан байх тул Б.Амарбаясгалан арматур төмрийн үнийг төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 101/ШШ2018/00130 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Амарбаясгалангаас 45 917 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Амглапет ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 688 850 төгрөг болон хариуцагч Эйч Эй Ти Си Өү Эм ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Амглапет ХХК-ийн төлсөн 162 210 төгрөг, хариуцагч Б.Амарбаясгалангийн төлсөн 387 537 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ