| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00483/И |
| Дугаар | 150/шш2025/00049 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 150/шш2025/00049
2026 01 29 150/ШШ2026/00049
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ****ХХК (****)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** (РД:*****)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,341,956.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч **** нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ТО-СТГ/2023-119650 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 2,024,400 төгрөгийн зээлийг нэг сарын 3,18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч *** нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 10 дугаар сарын 24-ны байдлаар 542 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч **** нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 3,341,956.27 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,341.956.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч *** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ** миний бие нь *** ХХК-ийн нэхэмжлэл болох 3,341,956.27 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Одоо бөөнд нь төлөх боломжгүй байна. Дараах графикийн дагуу төлнө. Үүнд:
2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,
2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,
2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,
2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 741,956.27 төгрөг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч дээрх графикийг зөвшөөрсөн болно...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…*** ХХК-ийн нэхэмжлэлтэй ** холбогдох хэрэгт харилцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,341.956.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,421 төгрөгийн 34,210.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 68,223 төгрөгийг хариуцагч ***, улсын орлогоос 34,210.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 3,341,956.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 741,956.27 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,421 төгрөгийн 34,210.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 68,223 төгрөгийг хариуцагч ***, улсын орлогоос 34,210.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА