| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0491/Э |
| Дугаар | 504 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 504
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Энэрэл,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ц-ний Б-д холбогдох эрүүгийн 1808021160669 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ “мөнгө хулгай хийлээ, үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар 7 настай буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, өөрийн зээ хүү Д.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Б нь өөрийн зээ хүү болох Д.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- насанд хүрээгүй хохирогч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн:..2018 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө хичээлдээ яваад гэртээ ирэхэд манай өвөө Ц.Б гаднаас согтуу орж ирсэн. Өвөө гэртээ орж ирэхдээ нэг жижиг архи барьсан орж ирээд тэр архиа ууж дуусаад ээжтэй чинь ална шүү гээд байсан. Тэгээд би хичээлээ хийгээд сууж байтал өвөө чи ээжээсээ 5.000 төгрөг авчихсан юм уу гээд намайг загнаад цамцаар миний нуруу руу 2 удаа ороолгоод ном аваад гар луу 3 удаа цохисон. Тэгээд өвөө мөнгө авч болохгүй эгч нарынхаа үгэнд орж бай гэж хэлээд унтаад өгсөн. Тэгээд уйлаад зогсож байхад ээж ирээд юу болсон талаар нь асуухаар нь өвөө зодсон гээд нуруугаа харуултал ээж цагдаа дуудсан. Манай өвөө намайг өмнө нь цохиж зодож байгаагүй, үгэнд орохгүй байна гээд загнаад байдаг...гэх мэдүүлэг /хх-32-34/,
- нас тоолсон баримт - Д.О нь 7 нас 6 сар 21 хоногтой /хх-26/
- гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:...гэртээ орой 20:00 цагийн үед ирэхэд аав согтуу байдалтай унтаж байсан. О уйлаад сууж байхаар нь юу болсон талаар асуухад “өвөө хичээлээ хийгээд сууж байхад эгч нараа ээжээрээ загнууллаа гээд зодсон” гэхээр нь цамцыг нь сөхөөд хартал улаан эрээн гөвд рүү үүссэн байсан. Ээж Ц луу залгаад “аав, хүү О-г зодсон байна” гээд ярьж байхад аав сэрээд “над руу уурлаад, танай хүүхэд үгэнд орохгүй байна” гэхээр нь аавтай маргалдаж байгаад цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-35-37/,
- насанд хүрээгүй гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-389 тоотод аав Б, ээж Ц, дүү О, эгч Б, эгчийн хүү О нарын хамт амьдардаг. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хичээлдээ яваад орой 20:00 цагийн үед гэртээ ирэхэд эгч Б, хүү О хоёр байсан. Эгч, аав хүүхэд зодсон байхаар нь цагдаад бариад өгсөн гэж хэлсэн. Манай аав өмнө нь Оыг цохиж зодож байгаагүй. Ер нь манай аав дүү бид хоёрыг цохиж зодож байгаагүй. Би О-н нурууг харахад улайсан 2-3 ором байсан...гэх мэдүүлэг /хх-41-43/
- насанд хүрээгүй гэрч Б.О-н мөрдөн байцаалтад өгсөн:...Эгч, аав хүүхэд зодсон байхаар нь цагдаад бариад өгсөн гэхээр нь Оын нурууг харахад улайсан ором гарсан байсан. Манай аав өмнө О-ыг цохиж зодож байгаагүй. Ер нь манай аав, эгч бид хоёрыг цохиж зодож байгаагүй. Манай аав Оад сайн ханддаг. Оын нурууг харахад улайсан 2-3 ором байсан...гэх мэдүүлэг /хх-44-46/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4908 дугаартай:...Д.О-ын биед зүүн дал, мөр, чихний дэлбэн, зүүн бугалгын цус хуралт, зүүн хөмсөгний шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...гэх дүгнэлт /хх-48/
- шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад манай эхнэр Ц над руу залгаад Б-н хүү О ээжийнхээ цүнхнээс 5.000 төгрөг хулгай хийгээд хоёр эгчийгээ ээжээрээ загнуулаад байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад гэр лүүгээ явж байгаад найз Б таараад бид хоёр 200 грамм архи хоёр шилийг уусан. Тэгээд гэр лүүгээ явж байхдаа замдаа дэлгүүр орж дахиад 200 грамм архи зайрмаг аваад гэртээ ирсэн. Хэдэн цагт ирснээ сайн санахгүй байна. Гэртээ ирэхэд манай зээ хүү О гэртээ ганцаараа байсан. Тэгээд би зээ Оад хандан чи яагаад ээжийнхээ цүнхнээс мөнгө хулгай хийгээд байгаа юм бэ, үгэнд орж бай гэж хэлээд дэлгүүрээс авсан 200 грамм архиа уугаад унтаж байхад манай том охин Б ирээд хүүхэд цохилоо гээд загнахаар нь Бт хандан “хүүхэд чинь цүнхнээс чинь мөнгө хулгай хийж байхад юм хэлдэггүй юм уу, чи яагаад дүү нараа загнаад байгаа юм бэ” гэж маргалдаж байхад цагдаа дуудчихсан. Би зээ хүү Оын ар нуруу дал мөр лүү хавьцаа цамцаар ороолгож 3-4 удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед манай гэрт зээ хүү О бид хоёр байсан, дараа нь охин Б ирсэн. Би өмнө зээ хүү О-ыг цохиж зодож байгаагүй. Би шүүх эмнэлгийн 4908 дугаартай дүгнэлтийг уншиж танилцсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-56-59/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоолож байна.
Иймд шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчихийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томъёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд /3.1.1. Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамтран амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна/ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд хохирогч нь шүүгдэгчийн зээ хүү болох нь тэдгээрийн болон гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч хохирол нэхэмжлээгүй /хх-81/ болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 241 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 241 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.