| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2503002840606 |
| Дугаар | 2025/ДШМ/1074 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/1074
2025 09 09 2025/ДШМ/1074
Л.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Ц.Галтаа,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1717 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Галтаагийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Б-д холбогдох эрүүгийн 2503002840606 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Я- овгийн Л-ын Б- /РД: ......./, ............, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Л.Б- нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Hyundai Porter маркийн ....... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 31А дугаар гудамжны ..... тоот Д.М-ын эзэмшлийн хашааг мөргөж, улмаар зорчигч З.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Л.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Я- овогт Л-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс Л.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хохирогч З.А- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Л.Б-гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Галтаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Л.Б- болон өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр маргаагүй болно. Л.Б-гийн хувьд тухайн осол гарсан өдөр ....УНМ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан, улмаар ослын улмаас хохирогч З.А-ын эрүүл мэндэд хохирол учирсан болохыг ухамсарлаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт ослоос үүдэлтэй учирсан хохирол, хор уршгийг тухай бүр барагдуулахыг л эрмэлзэж ирсэн. Ийм ч учраас шүүгдэгч Л.Б- нь хэргийг мөрдөн шалгаж байх үед хохирогч З.А-од 2.943.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.М-д 317.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 6.476.000 төгрөг, нийт 9.736.000 төгрөгийг төлж барагдуулсан Үүнээс гадна Л.Б- нь хохирогч З.А-ыг Улаанбаатар сувилалд хэвтүүлэн эмчлүүлж, физик эмчилгээнд хамруулснаар хохирогчийн эрүүл мэндийн байдал өнөөдөр хэвийн байдалд орж, өмнө нь хийж байсан ажлаа хийж эхэлсэн болно. Мөн хохирогч З.А-ын зүгээс хэргийг мөрдөн шалгах хугацаанд удаа дараа цагдаа, прокурорын байгууллагад Л.Б-гээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй талаар мэдүүлж, Тээврийн прокурорын газарт хохирол, төлбөр нэхэмжлэхгүй талаар тодорхойлолтыг хүртэл гаргаж өгсөн байдаг... Л.Б-гийн хувийн байдлын тухайд өнөөдөр 52 настай, нөхөр болон хоёр хүүхдийн хамт амьдардаг, бага охин Намулун нь 10 настай, сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүний хамт “Да Хүрээ” техникийн зах дээр контейнер түрээсэлж, БНСУ-д үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл болон сэлбэг хэрэгслийн худалдааны үйл ажиллагаа хувиараа эрхэлж бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж байгаа жирийн л нэг гэрийн эзэгтэй. 2006 онд буюу 19 жилийн өмнө жолооны эрх авсан ба өмнө нь ямар нэгэн зам тээврийн осол гаргаж байгаагүй. Уг хэрэг шийдэгдсэний дараа амьдрал нь цаашид хэвийн үргэлжилнэ. Бөхийн өргөөний хажууд байдаг гэрээсээ “Да Хүрээ” зах руу ирж очих, охиноо сургууль, дугуйланд хүргэж өгөх зэрэгт унаа тэргээ барих хүсэлтэй байна... Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх үед Л.Б-гийн хувьд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт төлбөл зохих хохирол, төлбөрүүдийг бүрэн төлж, өөрийн холбогдсон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт Л.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу чөлөөлсөн байдлаар зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нь цаашид ч хохирогчоос гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг төлнө. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий анги 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Энэ ослын улмаас хохирогчийн сээрний нугалам хугарсан гэмтэл тогтоогдсон. Хохирогчид учирсан хор уршиг бүрэн арилгаагүй гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Уг хэрэг дээр техникийн шинжээч дүгнэлт гаргасан тухайн дүгнэлтэд “машины тоормос ажиллаж байсан” гэх дүгнэлт гарсан. Шүүгдэгч Л.Б- нь замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж яваагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан байдаг. Анхан шатны шүүхээс хуульд заасан хамгийн бага ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
Шүүгдэгч Л.Б- нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Hyundai Porter маркийн ....... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 31А дугаар гудамжны ..... тоот Д.М-ын эзэмшлийн хашааг мөргөж, улмаар зорчигч З.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 3-11/
Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12/,
Хохирогч З.А-ын “... Найзтайгаа айлд очоод гарч явсан тэгээд уруу газар байсан учраас уруудаад явж байсан чинь гэнэт тоормосгүй болоод тэгээд дор овгор шороо байхаар нь тэнд тулаад зогссон. Тэгээд эмнэлэгт ирсэн. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Зэрэгцэж яваад ийм асуудал гарсан гэнэт л ийм асуудал болсон эвдрэл гарсан энд гомдол байхгүй. Манай найз эмчилгээний зардал гаргасан байх. Би сэтгэцийн хор уршгаа нэхэмжлэхгүй. Сэтгэцийн хор уршиг тогтоолгохгүй надад нэхэмжлэх зүйл байхгуй гомдол санал байхгүй ээ...” гэх мэдүүлэг..." гэх мэдүүлэг /хх 15/,
Иргэний нэхэмжлэгч Д.М-ын “... Тэр өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 22-нд мэдсэн. Хохирол төлж хашаа бүрэн бүтэн болгосон байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх 19/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Баяртогтохын гаргасан 2025 оны 04 сарын 01-ний өдрийн 4746 дугаартай “...З.А-ын биед сээрний Th12-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх 36-38/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний шинжээч С.Дарханбаатарын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, ослын үед үүссэн гэмтэлтэй байна. Урд бамбай, нүүр, баруун урд талын их гэрлийн бүрхүүл хагарсан, баруун хаалга хойш шахагдаж гажсан гэмтлүүд нь ослын үед шууд үүссэн байх үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь шингэн тоормосны системтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн тоормос нь эвдрэл гэмтэлгүй, ажиллаж байна” гэх дүгнэлт /хх 51-53/,
“...Жолооч Л.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон нь тогтоогдож байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хх 63/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Шүүгдэгч Л.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчин тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөнд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 31А дугаар гудамжны ..... тоот Д.М-ын эзэмшлийн хашааг мөргөж, улмаар зорчигч З.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан гэж анхан шатны шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Галтаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу чөлөөлсөн байдлаар зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогдохгүй юм.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм. Эрх олгосон хуулийн энэ зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
Шүүгдэгч Л.Б-д оногдуулсан торгох ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ыг оногдуулахаар хуульчилсан.
“Ажил хөдөлмөр эрхлэх”, “хүүхдээ хүргэх” зэрэг нийгмийн амьдралд оролцох боломжийг нь хангах үүднээс ялаас чөлөөлөх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилгод нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас хамгийн бага хэмжээгээр нь торгох ялыг сонгон оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд, дээрх үндэслэлүүдээр Т.Галтаагийн “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх...” агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1717 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1717 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Галтаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА