Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2020/01110

 

К-банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00853 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч К-банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч М- ХХК, З-д холбогдох

Гэрээний үүргийн биелэлтэд 506 982 023 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, С.Норолхоожав, Л.Сүхбаатар, хариуцагч З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, хариуцагч М- ХХК-ийн төлөөлөгч Б.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч К-банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Л.Сүхбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК нь К-банк ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр №22 тоот зээлийн гэрээ байгуулж, 750 000 000 төгрөгийг жилийн 7, 0 хувийн хүүтэй, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгаль орчныг хамгаалах Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төслийн зориулалттай авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №22 тоот барьцааны гэрээ байгуулж, хувийн сууц, эзэмшлийн газар, орон сууц гэсэн хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээлдэгч гэрээний хугацаанд зээлд 287 042 140 төгрөг, хүүд 177 151 961 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 358 687 бүгд 464 552 789 төгрөг төлсөн. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг сануулсан боловч төлөөгүй.

З- К-банк ХХК, М- ХХК-ийн хоорондын 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн БДГ-22 тоот гурвалсан батлан даалтын гэрээгээр З- нь К-банк ХХК-ийн өмнө зээлдэгчийн гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэл өрийн 33,33 хувийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. М- ХХК өнөөдрийн байдлаар төлбөрийн чадваргүй болсон. Зээл төлөх талаар мэдэгдэхэд төлбөрийн чадваргүй, зээлийн хүүгийн дарамтад орсоноо тайлбарлаж, зээлийн төлөлт, зээлийн гэрээг цуцлах асуудал дээр маргаагүй. 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш бүтэн жилийн хугацаанд З-гийн хүмүүстэй уулзсан, М- ХХК зээлээ төлөх чадваргүй гэсэн тул шүүхэд хандсан.

Зээлийн батлан даалтын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.3, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар З-гаас зээлдэгчийн гүйцэтгээгүй зээлийн үлдэгдэл дүн 462 957 859 төгрөгийн 33,33 хувь болох 154 303 854 төгрөгийг гаргуулж өгнө үү.

К-банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ /мэдэгдэл хүргүүлэх, газар дээр нь хяналт тавих, хамтран ажиллах/ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гарахгүй, муу ангилалтай, хүүгийн дарамтад орсоор байна. Энэ талаар З-д албан бичгээр мэдэгдсэн боловч үүрэг гүйцэтгэхээс татгалзсан. Гэрээнд зааснаар зээлийн үлдэгдэл 462 957 859 төгрөг, хүү 42 678 931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 283 732 төгрөг, нотариатын зардал 61 500 бүгд 506 982 023 төгрөгөөс М- ХХК-аас 352 678 168 төгрөг, З-гаас 154 303 854 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М- ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулж зээл авсан,төлөх нь үнэн. Тус компани 2019 оны 1 дүгээр сар хүртэл 4 жил яг цаг хугацаанд нь зээлээ төлөөд явж байтал харилцагч Франц улсын компаний захирал нас барж ажил зогссон. Мөн эдийн засгийн хямрал, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон харилцагч нарын төсөл хаагдсан, иргэд аж ахуйн нэгжийн захиалга байхгүй зэрэг шалтгаанаас ажил зогсч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлээ төлөх гээд өндөр хүүтэй зээл авах зэргээр зээлийн хүүгийн дарамтад орж зогссон. К-банк ХХК-аас зээл төлүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, ирж уулзаж байсан. Энэ үед тодорхой хэмжээгээр зээлээс төлсөн байгаа. З- гэрээ хийгээгүй бол 200 000 000 гаруй төгрөгийн зээл авах байсан. Өнгөрсөн хугацаанд барьцаа хөрөнгөө зарж зээлийг төлөх талаар хөөцөлдсөн боловч ус дулаанд холбогдоогүй тул хөрөнгө үнэд хүрээгүй. З-г эрсдэл үүссэн тохиолдолд төлөх юм байна гэж ойлгосон. Нэхэмжилсэн 352 678 168 төгрөгийг төлнө, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрнө гэжээ.

Хариуцагч Зээлийн батлан сан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК нь К-банк ХХК-аас авсан 750 000 000 төгрөгийн зээлэнд тус байгууллага зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 33,33 хувиар батлан даалт гаргасан. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д ямар нөхцөл байдал үүссэн тохиолдолд З- үүрэг гүйцэтгэх талаар тодорхой тусгасан. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан байх ёстой талаар заасан. Зээлдүүлэгчийг энэ арга хэмжээг хангалттай авсан гэж үзэхгүй, энэ талаар баримт байхгүй байна. Хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээл төлүүлэх талаар М- ХХК-д хүргүүлсэн мэдэгдлээс өөрөөр зээлийн төлөлтийн талаар уулзаж ярилцсан тэмдэглэл, мэдэгдэл байхгүй. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 271 дүгээр тушаалаар батлагдсан зээлийн үйл ажиллагааны журамд уулзалт хийх, мэдэгдэл гардуулах, хугацаа хэтэрсэн зээлийн явцын хяналтыг хэрэгжүүлэх зарчим, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах зарчим, богино хугацаанд зээл төлөх боломжийг олгох, дахин санхүүжилт хийх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах зэрэг арга хэмжээнүүдийг авах ёстой боловч аваагүй байна. Мөн журмын 15 дугаар бүлэгт график зөрчигдсөн тохиолдолд авах арга хэмжээг тусгасан байгаа боловч энэ талаар ямар нэг ажиллагаа хийгдээгүй байна. Эцэст нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэргээр шүүхийн бус журмаар харилцан тохиролцож зээл, зээлийн хүүд барьцаа хөрөнгийг тооцон авах арга хэмжээ авах байсан. Нэхэмжлэгч тал эдгээр арга хэмжээг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнээс хархад 563 500 000 төгрөгийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахад хүрнэ. Зээлдэгч төлбөрийг чадваргүй болсон эсэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлдог гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монголгэр хужирт ХХК-аас 352 678 168 төгрөг, хариуцагч З-гаас 154 303 854 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч К-банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушын 5 дугаар гудамж 120а тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 160 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 700 мкв тайлбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, 120б тоотод байршилтай 330 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, 700 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, 120в тоотод байршилтай 120 мкв талбайтай хувийн сууц, 687 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, 120г тоотод байршилтай 70 мкв хувийн сууц, 392 мкв талбайтай өмчлөх газар, Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 45 дугаар байр 56 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 65 дугаар байр 88 тоот 40.1 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 25 дугаар байр 4 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч Монголгэр хужирт ХХК-аас 1 921 341, З-гаас 929 469 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...хариуцагч З-гаас 154 303 854 төгрөг гаргуулах гэснийг зөвшөөрөхгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...хариуцагч М- ХХК-ийн төлөөлөгч Б.Одгэрэл шүух хуралдаанд К-банкнаас зээл төлөх талаар мэдэгдэл ирүүлж, уупзалт хийж байсан, зээлийн хугацаанд баръцаа хөрөнгөө худалдаж зээлийг төлж байсан, бусад хөрөнгүүд үнэд хүрээгүй тул худалдан борлогдоогүй, сүүлийн, 4 жилийн хугацаанд зээлийг төлөх талаар бухий л бололцоотой арга хэмжээг авсан боловч компаний үйл ажиллагаа 2018 оны сүүлээс бүрэн зогссон гэж тайлбарласан гэжээ. Энэхүү дүгнэлтээс харахад хэрэгт цугларсан гол нотлох баримт болох Батлан даалтын гэрээ, К-банкны Зээлийн үйл ажиллагааны журам ззрэг бичмэл нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн хариуцагч М- ХХК-ийн тайлбарт тулгуурлан хэргийг шийдвэрлэжээ. К-банк ХХК, Ззэлийн батлан даалтын сан, Монголгэр хужирт ХХК-ийн хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 1.6-д ...зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд хангалттай авсан байх гэж заасан. Уг нөхцөл биелэгдсэн бол батлан даагч үүргээ гүйцэтгэхээр тохиролцсон. Хангалттай арга хэмжээ гэдгийг гагцхүү зээлдүүлэгч болох К-банкны журамд зааснаар тодорхойлно. Үүнд уулзалт хийх, мэдэгдэл гардуулах, хугацаа хэтэрсэн зээлийн явцын хяналтыг хэрэгжүүлэх, богино хугацаанд зээл төлөх боломжийг олгох, дахин санхүүжилт хийх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан.

Хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэл хүргүүлснээс өөрөөр зээлийг төлүүлэх талаар ямар ажил хэрэгжүүлсэн талаар баримтгүй. Шүүх нэг талын тайлбарт үндэслэн хэргийн бусад нотлох баримттай харьцуулан судлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүх батлан даагчийн хариуцлагын хэлбэр болох Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхөх хариуцлага болон уг зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан хамтран хариуцах зохицуулалтын аль нэгийг үндэслээгүй байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч К-банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь зээл 462 957 859 төгрөг, хүү 42 678 931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 283 732 төгрөг, нотариатын зардал 61 500 төгрөг, бүгд 506 982 023 төгрөгөөс М- ХХК-аас 352 678 168 төгрөг, З-гаас 154 303 854 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг М- ХХК хүлээн зөвшөөрч, З- эс зөвшөөрч маргажээ. /хх1-4, 72-73, 162/

Хариуцагч М- ХХК нь К-банк ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 750 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй 6 жилийн хугацаатай зээлдэж, барьцаанд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 5 дугаар гудамжны 120А тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 160 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 120Б тоотод байршилтай 330 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, 120в тоотод байршилтай 120 мкв талбайтай хувийн сууц, 687 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, 120г тоотод байршилтай 70 м.кв хувийн сууц, 392 мкв талбайтай газар, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 45 дугаар байрны 56 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 88 тоот 40,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар Бичил хороолол 25 дугаар байрны 4 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Барьцааны болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй. /хх8-11, 14-19/

Мөн 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр З-, К-банк ХХК, М- ХХК-ийн хооронд гурвалсан Батлан даалтын гэрээ байгуулагдсан. /хх49/

М- ХХК нь 750 000 000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсанд маргаангүй. /хх22-23/

Зээл, барьцааны гэрээ, түүнчлэн зээлийн батлан даалтын гэрээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч М- ХХК зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, улмаар төлбөрийн чадваргүй байдалд ороод байгаа, компанийн үйл ажиллагаа 2018 оны сүүлээс бүрэн зогссон нөхцөл байдлыг хариуцагч М- ХХК хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх157/

Хариуцагч З- нь нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээлийг төлүүлэх талаар шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж маргажээ. /хх162/

Талууд батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан. Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг. Батлан даалтын гэрээнд гүйцэтгээгүй зээлийн үлдэгдэл дүнгийн 33,33 хувийг батлан даагч хариуцахаар тохиролцсон.

Зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 462 957 859 төгрөгийн 33,33 хувь болох 154 303 854 төгрөгийг батлан даагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана гэсэнтэй нийцсэн.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Хариуцагч төлбөрийн чадваргүй болж үйл ажиллагаа нь зогссон үйл баримт тогтоогдсон. Нөхөх хариуцлага буюу хариуцагч төлбөрийн чадваргүй болж үйл ажиллагаа нь зогссоноос хойшхи өрийн үлдэгдэл 462 957 859 төгрөгийн 33,33 хувь болох 154 303 854 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт зааснаар батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээх юм.

Хэрэгт авагдсан Батлан даалтын гэрээний 3.4.1-т зааснаар зээлдэгч зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ. Зээл төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан, барьцаа хөрөнгөөс худалдаж зээлийг төлж байсан, бусад хөрөнгүүд үнэд хүрээгүй, борлогдоогүй, сүүлийн 4 жилийн хугацаанд зээлийг төлөх талаар бүхий л бололцоотой арга хэмжээг авсан боловч компанийн үйл ажиллагаа 2018 оны сүүлээс бүрэн зогссон гэх тайлбар, нөхцөл баримтыг няцаасан, үгүйсгэсэн баримтыг хариуцагч З- гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929 469 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД