Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 150/шш2026/00067

 

 

   2026        02           06                                        150/ШШ2026/00067

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: **** *тоотод оршин суух хаягтай, *** овогт ***** (РД:***)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** *** төвд холбогдох,

 

Модны суулгацын үнэ 1,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...**** нь 2011 оноос хойш одоог хүртэл ****сумандаа мод үржүүлэг хийж байна. Сумынхаа гудамж талбайн тохижилт, эмнэлгийн орчинд, цэцэрлэгийн орчинд гандан хийдийн хашааны дотор аж ахуйн нэгжүүдийн орчинд гэр хорооллын айл өрхүүд авч тарьж ургуулаад сэтгэл ханамж дүүрэг байдаг.  2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр **** төвийн захиргаа хайлаас 1440 ширхэг нэг бүрийн үнэ 1500 төгрөг нийт 2,160,000 төгрөг, гацуур 2 ширхэг нэг бүрийн үнэ 90,000 төгрөг нийт 180,000 төгрөг, голт бор 5 ширхэг нэг бүрийн 7000 төгрөг нийт 35,000 төгрөг нийт үнэ 2,375,000 төгрөгийн модыг нярав *** ажилчны хамт ирж цувуулан авсан. Надаас зөвлөгөө авч би зааварчилгаа өгч тарилтаа хийсэн. Модны мөнгийг цувуулан өгөхөөр тохиролцсон. Нийт үнийн дүнгийн 2,375,000 төгрөгөөс 06 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа болгон 500,000 төгрөгийн өгсөн. Үлдэгдэл 1,875,000 төгрөгөө авъя гэж 2 удаа очиж уулзахад таны өгсөн мод ургаагүй тул тооцоо хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед би манайхаас авсан модыг очиж үзэхэд буруу суулгасан байсан. Иймд *****2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр авч тарьсан модны үлдэгдэл тооцоо болох 1,875,000 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хариуцагч **** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тухайн иргэнтэй 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлэн *** үйл ажиллагаа явуулж байсан мод үржүүлгийн газраас тус эмнэлгийн гадна орчныг тохижуулах зорилгоор хайлаас 1440 ширхгийг 1500 төгрөгөөр тооцож 2,160,000, гацуур 2 ширхгийг 90,000 төгрөгөөр тооцож 180,000 төгрөг, голт бор 5 ширхгийг 7,000 төгрөгөөр тооцож 35,000 төгрөг, нийт 2,375,000 төгрөгийн мод авахаар амаар тохиролцож урьдчилгаа 500,000 төгрөгийг нярав хариуцан шилжүүлсэн. Тус мод үржүүлгийн газрыг сумандаа үйл ажиллагаа явуулж байгаа иргэнийг дэмжих зорилготой байсан. Ажиллаж байсан **** дамжуулан авсан бөгөөд бичгээр гэрээ хийгээгүй. Тухайн үед яг өдийд ургах эсэхийг тодруулсан бөгөөд яг тарьдаг үе гэсэн тул авахаар болсон. Ингээд бүх ажилтнуудад тоогоор нь хуваан хайлаасаа тарих үүргийг өгч тарих үед тухай бүрт нь очиж авчруулж тарьсан. Миний бие нь нярав **** мод үржүүлгийн газраас мод тарих арга техникийн талаар зөвлөгөө авч газар дээр нь авчруулах үүрэг өгсөн боловч ****нь биеэр ирээгүй, амаар зөвлөмж авсан гэсэн. Модыг 06 сарын 20-нд бүрэн тарьж дуусгасан бөгөөд зөвлөмжийн дагуу модыг орой бүр сайн усалж байсан бөгөөд 07 дугаар сарын 01 хүртэл буюу намайг амрах хүртэл навчлаагүй байсан. Би бүр санаа зовоод ямар сонин юм бэ, ургах юмуу гээд асуухад ургана гэсэн гэж л тайлбар тавьж байсан. Өглөө бүрийн яриан дээр хариуцан тарьсан модондоо усалгаа, арчилгаа хийх талаар ажилтнуудад хэлж, үзэж шалгаад үржүүлгийн газрын эзнээс асуугаарай гэж тогтмол сануулж байсан. 08 сарын 22-нд амралт дуусаж орж ирээд шалгатал урд талын хашаа дагуулан тарьсан модноос 10 хүрэхгүй тоотой л навчилсан байсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан нярав ажлаас гарсан байсан бөгөөд ****нь 09 сарын дунд хавьд үлдэгдэл мөнгөө авахаар ирж уулзсан. Би нөхцөл байдлыг танилцуулж мод ургаагүй байна, та очиж үзэж хар гэсэн. Үзэж ирчхээд танайх буруу тарьсан байна. Урьдын хүмүүс чинь зүгээр ургуулаад байсан чи ургуулж чадаагүй гэсэн. Урд нь ажиллаж байсан хүмүүс л тарьсан байгаа түүнчлэн ойрхон газар байж сэтгэл гаргаад өөрөө биеэр ирээд зөвлөгөө өгөөгүй, нярав ****дамжуулсан уу, үгүй юу тэр нь ч тодорхойгүй байгаа, ийм байдлаар мод маань ургаагүй тул үлдэгдлийг өгөх боломжгүй гэж үзэж байна. Иймээс: Үлдэгдэл мөнгийг манайх төлөхөөр бол үнийн талд нь тааруулан модны үрсэлгээ олгох тохиролцоо хийх, эс зөвшөөрвөл тухайн үед хариуцан ажиллаж байсан нярав **** хариуцсан ажлаа хангалтгүй хийж, албан тушаалын тодорхойлолтын дагуу өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа тул иргэн **** хариуцлагыг оногдуулахаар манай талаас нэхэмжлэх гаргах болохыг мэдэгдэж байна...” гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** * төвд  холбогдуулан  модны суулгацын үнэ 1,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр **** нь хайлаас 2,160,000 төгрөгийн хайлаас, 180,000 төгрөгийн гацуур, 35,000 төгрөгийг голт бор нийт 2,375,000 төгрөгийн модны суулгац худалдан авсан үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул 1,875,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж,

Хариуцагчийн төлөөлөгч модны суулгацыг хөрсөнд суулгах зааварчилгаа зөвлөгөөг **** өгөөгүйгээс мод ургаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв модны үнийг төлөхөөр бол суулгацын тал үнэд нь модны суулгац авна гэж маргаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сайхан сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгчээс хайлаас 1440х1500 төгрөг=2,160,000 төгрөг, гацуур 2х90,000 төгрөг=180,000 төгрөг, голт бор 5x7000=35,000 төгрөг, нийт үнэ 2,375,000 төгрөгийн модны суулгац  худалдан авч, 2025 оны  06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Шилжүүлсэн суулгацын тоо, үнийн дүнд талууд маргаагүй болно. /хх-ийн 12/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч худалдсан модны суулгацын үнийг шаардах эрхтэй.

Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1-д зааснаар хариуцагч ***** төвөөс 1,875,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн модны суулгацыг хөрсөнд суулгах зааварчилгаа зөвлөгөөг **** өгөөгүйгээс мод ургаагүй гэх тайлбар нотлох баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** 44,950 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 759.1, 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1-д зааснаар **** 1,875,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **** олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** 44,950 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр 7511.1-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА