| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0462/Э |
| Дугаар | 530 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 530
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
Улсын яллагч М.Амарзаяа,
Шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-н З-д холбогдох эрүүгийн 1808013980446 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Э-н толгойн тус газарт заазуураар нь цохиж, хүзүү орчимд нь зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч О.З нь иргэн Д.Э-г зэвсэг хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Д.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр З-н гэрт З, манай эхнэр М, хажуу айлын С эгч буюу Г, З-н ээж бид нар архи уусан. З-н гэрээс дөнгөж гараад явж байтал З дуудахаар нь эргээд хартал гарт нь заазуур харагдсан, надруу далайхаар нь хойшоо болтол миний толгойг зүссэн, миний нүүр лүү цус урсаад ороод ирсэн, яагаад намайг заазуурдсаныг мэдэхгүй. Миний толгойд хэд хэдэн оёдол тавьсан. Мөн хүзүүнд бас оёдол тавьсан...гэх мэдүүлэг /хх-8/
Иймд шүүгдэгч О.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн нотлогджээ.
Шүүгдэгч хохирогчид 500.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн /х-88/ байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, харин албадлагын арга хэмжээ давхар хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Бусад асуудал
Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэлтэй ба шүүгдэгчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч О.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-ыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.З-н цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар цагдан хоригдож байгаа О.З нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.