| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2101000360464 |
| Дугаар | 2025/ДШМ/1094 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/1094
2025 09 11 2025/ДШМ/1094
Ч.О-, Б.Ц- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Ч.О-, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү,
шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг /цахимаар/,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/350 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр эсэргүүцлээр Ч.О-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн 2101000360464 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
А- овгийн Б-ын Ц-, /РД ........../, ..........., урьд ял шийтгэлгүй,
Б- овгийн Ч-ийн О- /РД: ....../, ............, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Б.Ц- нь нийтийн албан тушаалтан буюу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд техник хяналтын инженерээр ажиллаж байхдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаар “Комисс томилох тухай” тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “......” ХХК-ийн захиалгатай “......” 237 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 234 айлын 24 давхар тухайлсан орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд томилогдож Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.4-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.”, 4.6-д “Комисс энэ дүрмийн 4.4-т заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хуралдаанаараа эцэслэн гаргахаас өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг комиссын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө.’’, 4.8-д “Комиссын гишүүд тухай барилга байгууламжид урьдчилан санал дүгнэлт өгсөн байх бөгөөд комиссын хуралдаанаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг нэгтгэн хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.”, 4.8.1-д “барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай дүгнэлт гаргах” гэж заасныг тус тус зөрчиж, “......” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “......” 237 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 234 айлын 24 давхар орон сууц болон үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлтийг гаргуулах ашиг сонирхлын үүднээс саналын хуудаст тусгагдсан зөрчил дутагдлыг арилгуулахаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхийг бодитоор танилцан үзлэг хийлгүйгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг баталгаажуулахаар гарын үсэг зурж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “......” ХХК-ийн ажилтан Б.Ч-оос 4,000,000 төгрөгийг бэлнээр хахуульд авсан гэмт хэрэгт.
2. Шүүгдэгч Ч.О- нь нийтийн албан тушаалтан буюу ......... Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн Барилгын зураг төсөл, хяналтын тасгийн даргаар ажиллаж байхдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаар “Комисс томилох тухай” тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “......” ХХК-ийн захиалгатай “......” 237 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 234 айлын 24 давхар тухайлсан орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд томилогдож Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.4-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.”, 4.6-д “Комисс энэ дүрмийн 4.4-т заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хуралдаанаараа эцэслэн гаргахаас өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг комиссын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө.”, 4.8-д “Комиссын гишүүд тухай барилга байгууламжид урьдчилан санал дүгнэлт өгсөн байх бөгөөд комиссын хуралдаанаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг нэгтгэн хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана., 4.8.1-д “барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай дүгнэлт гаргах” гэж заасныг тус тус зөрчиж, “......” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “......” 237 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 234 айлын 24 давхар орон сууц болон үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлтийг гаргуулах ашиг сонирхлын үүднээс саналын хуудаст тусгагдсан зөрчил дутагдлыг арилгуулахаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхийг бодитоор танилцан үзлэг хийлгүйгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг баталгаажуулахаар гарын үсэг зурж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “......” ХХК-ийн галын аюулгүй ажиллагааны ажилтан Ж.Г-гээс 3,000,000 төгрөгийг бэлнээр авч хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогдсон.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Ц-, Ч.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А- овогт Б-ын Ц-, Б- овогт Ч-ийн О- нарыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-, Б.Ц- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хугацаагаар хасаж, 10.000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-, Б.Ц- нарт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс шүүгдэгч Ч.О-, Б.Ц- нарт оногдуулсан эрх хасах ялын хугацааг тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 4,000,000 төгрөгөөс 780,000 төгрөгийг, шүүгдэгч Ч.О-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 3,000,000 төгрөгөөс 780,000 төгрөгийг тус тус суутган авч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ийн төрийн санд шилжүүлж үлдэх 5,440,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Ч.О-, Б.Ц- нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэднээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.О-, Б.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг... гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэх заалтыг баримтлан шүүгдэгч нарын дээрх байршуулсан мөнгөнөөс шинжээч нарын хөлсийг гаргуулан олгож, үлдэх мөнгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв...” гэж дүгнэсэн. Шүүгдэгч Б.Ц- нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 4,000,000 төгрөг, Ч.О- нь 3,000,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын төрийн санд байршуулсан. Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 7,000,000 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч тус бүрээс 780,000 төгрөг буюу нийт 1,560,000 төгрөгийг суутган авч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ийн төрийн санд шилжүүлж, үлдэх 5,440,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүхээс шүүгдэгч нарын Авлигатай тэмцэх газрын төрийн санд байршуулсан 7,000,000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 5,440,000 төгрөг нь илүү гарсан мэтээр дүгнэлт хийж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй, мөн зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж хуульчилсан. Гэтэл шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,560,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар бус Авлигатай тэмцэх газрын төрийн санд байршуулсан 7,000,000 төгрөгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогоос 1,560,000 төгрөгийг хэнээс хэрхэн албадан гаргуулах нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгожээ. Иймд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцэхгүй байна...” гэжээ.
Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Л.Өлзийхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг... гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна..” гэх хуулийн заалтыг үндэслэн гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Ч.О-өд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх, түүнийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байх тул давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч Ж.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Л.Өлзийхүү өмгөөлөгчтэй санал нэг байна. Миний үйлчлүүлэгчид авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдаагүй. Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын шинжилгээ хийсэн шинжилгээний зардлыг гаргуулах саналыг прокурор тавьсан. Тус зардлыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Ц-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.О-, Б.Ц- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Ц- нь нийтийн албан тушаалтан буюу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд техник хяналтын инженерээр ажиллаж байхдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаартай “Комисс томилох тухай” тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “......” ХХК-ийн захиалгатай “......” 237 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 234 айлын 24 давхар орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд томилогдон ажиллахдаа дээрх барилгатай саналын хуудаст тусгагдсан зөрчил дутагдлыг арилгуулахаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхийг бодитоор танилцан үзлэг хийлгүйгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг баталгаажуулахаар гарын үсэг зурж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “......” ХХК-ийн ажилтан Б.Ч-оос 4,000,000 төгрөгийг бэлнээр хахуульд авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ч.О- нь нийтийн албан тушаалтан буюу ......... Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн Барилгын зураг төсөл, хяналтын тасгийн даргын албан тушаал эрхэлж байхдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаар “Комисс томилох тухай” тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “......” ХХК-ийн захиалгатай “......” 237 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 234 айлын 24 давхар орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд томилогдон ажиллахдаа саналын хуудаст тусгагдсан зөрчил дутагдлыг арилгуулахаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхийг бодитоор танилцан үзлэг хийлгүйгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг баталгаажуулахаар гарын үсэг зурж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “......” ХХК-ийн галын аюулгүй ажиллагааны ажилтан Ж.Г-гээс 3,000,000 төгрөгийг бэлнээр хахуульд авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 3/,
Гэрч Д- /БНХАУ-ын иргэн Д-/-ийн “... 2020 онд компанийн санхүү хүндрэлтэй байсан тул хэд хэдэн ажилчдаа халах шийдвэр гаргасан. Халагдсан хүн нь Ч- байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх 204/,
Гэрч Н.М-ын: “....Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын гишүүд 2019 оны 12 дугаар сард 1 удаа л ирж ажилласан. Тус бүрийнхээ чиглэлийн дагуу хяналт тавьж ажилласан. Барилга дээр комисс ажиллахад “......” орон сууцны дотор заслын ажлууд бүрэн хийгдээгүй дутуу гүйцэтгэлтэй байсан. Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын гишүүд 2019 оны 12 дугаар сард ирсэн... Би “......” ХХК-д 2019 оны 07 дугаар сард борлуулалтын ажилтнаар ажилд орсон. Намайг ажилд ороход сантехникийн ажилтнаар Ганзориг, инженерээр Ч-, борлуулалтын ажилтнаар Г- ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх 224, 225/,
Гэрч Э.О-ийн “...Намайг ажилд ороход карказ цутгалтын ажил дууссан, дотор заслын ажил хийгдэж байсан. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын комисс барилгын ажлыг хүлээн авсан акт гаргасан. Уг нь 2019 оны 12 дугаар сарын эхээр улсын комисс ажиллаад хугацаатай үүрэг даалгавар өгч тус ажлуудыг хийж гүйцэтгээд 31-ний өдөр акт баталгаажиж байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх 211/,
Гэрч Д.Б-ийн “... 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдын 197, 198 дугаартай хоёр тушаал албажсан. “......” ХХК-ийн захиалгатай ...... орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай сайдын 197 дугаартай тушаалын дагуу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр комиссын гишүүд ажилласан. Комисс 22 гишүүнтэйгээр байгуулагдсан... Тухайн өдөр Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл Ч.О-... Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын нарийн бичгийн дарга нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4 дүгээр зүйлийн 4,3-д “комиссын нарийн бичгийн даргын захиалагчтай хамтран комиссын хуралдааны бэлтгэлийг хангуулах, гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдаан зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтөлж баталгаажуулах, дүгнэлт үйлдэх ажлыг хариуцна” гэсэн чиг үүргийн дагуу комисст ажилладаг... Комиссын нарийн бичгийн дарга, комиссын дарга нь комиссын дүгнэлт дээрх комиссын гишүүдийн гарын үсгээр баталгаажуулсныг үндэслэж дүгнэлт дээр гарын үсэг зурдаг. Комиссын гишүүд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 4 хувь дүгнэлт дээр гарын үсэг зурж баталгаажуулдаг. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4 дүгээр 4.11 дэх хэсэгт зааснаар ашиглалтад оруулсан барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичгийг архивд хүлээлгэн өгч Барилгын тухай хуулийн 34.1.7-д заасан мэдээллийн нэгдсэн санд холбогдох мэдээллийг хүргүүлэх ажлыг захиалагч гүйцэтгэгч хариуцна гэж заасан байдаг... Комиссын гишүүд өөр өөрсдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг саналыг хуудаст бичдэг бөгөөд захиалагч гүйцэтгэгч, зохиогч нар хариуцан биелэлтийг хангуулдаг бөгөөд биелэлтийг хангуулсны дараагаар тухайн комиссын гишүүний саналын дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулсны дагуу тухайн комиссын дүгнэлт дээр гарын үсэг тэмдгээр баталгаажуулдаг...” гэсэн мэдүүлэг /3-р хх 227, 228/,
Гэрч П.Д-гийн “...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын тушаалыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын журамд заасны дагуу ажиллах ёстой. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын тушаалд барилгын захиалагч, объектын нэр, хаяг, зориулалт зэрэг үндсэн мэдээлэл байх ёстой. Барилгын тухай хуульд заасан төвөгшлийн зэрэглэлээр 16 давхраас дээш онцгой төвөгшилтэй бол Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас комисс ажиллана. 16 давхраас доош давхартай барилга дээр Хотын стандартын газраас комисс ажилладаг...” гэсэн мэдүүлэг /3-р хх 230/,
Гэрч Б.Ч-ийн “...2019 оны 12 дугаар сарын эхээр Барилга хот байгуулалтын яамнаас 20 гаруй хүн ирж “.......” орон сууцны барилга дээр хяналт тавьж ажилласан... Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит үйлчилгээний төвийн техник хяналтын инженер Б.Ц-, Т-тэй иргэдийн Үндэсний холбооны тэргүүн Б.Г-, Онцгой байдлын албаны О- нар байсан. О- тухайн өдрөө бол ирж ажиллаагүй, дараа нь ирсэн санагдаж байна... “......” ХХК-ийн барилгын инженер Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л- нь надад 2019 оны 12 дугаар сард “.......” орон сууцны барилга дотор барилгын ажлыг хүлээн авах комиссын гишүүн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Төрийн өмчит үйлчилгээний төвийн Техник хяналтын инженер Б.Ц-д өгөөд комиссын акт дээр гарын үсэг зуруулаад аваад ир гэж хэлээд бэлэн 4,000,000 төгрөгийг уутанд хийгээд өгсөн... Би тухайн өдөр нь Ц-ын утас руу холбогдоход Улаанбаатар Цахилгаан түгээх төвийн гадаа машины зогсоолд байна гэж хэлсэн тул би барилгын ажил гүйцэтгэсэн акт болон бэлэн 4,000,000 төгрөгийг уутанд хийгээд Ц-д өгсөн. Ц- барилгын ажлын комиссын акт дээр өөрийн хүлээн авах ажлын дор гарын үсэг зурсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх 232-234/,
Гэрч Ж.Г-гийн “... 2019 оны 12 дугаар сард хувийн шугамаар хорин мянган төгрөгийн дэвсгэрт 1 боодол 100 ширхэг, арван мянган төгрөгийн дэвсгэрт 1 боодол 100 ширхэг нийт 2 боодол 3,000,000 бэлнээр өөрийн өдөр тутамдаа ашигладаг ногоон цүнхэндээ хийгээд Онцгой байдлын ерөнхий газрын ойролцоо Ч.О-ийн цагаан өгийн приус 40 маркийн тээврийн хэрэгсэл дотор цүнхнээсээ 3,000,000 төгрөг гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /4-р хх 10, 11/,
Гэрч Б.Э-ын “...Комисс ажилласан өдрөөс хэд хоногийн дараа манай газрын Харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч Б- надад “...нөгөө барилгын комиссын актад гарын үсэг зурчхаарай...” гэж хэлсэн. Ингээд уг компаниас нэг инженер над дээр миний үүрэг даалгаврын биелэлтийг зургаар танилцуулга бичиж авч ирсэн тул би үүрэг даалгавар хангагдсан гэж үзэж газар дээр нь очиж шалгаагүй комиссын актад гарын үсэг зурсан. Уг комисст ажилласантай холбоотой хэн нэгнээс хахууль бэлэн мөнгө, эд зүйл авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх 14/,
Гэрч Т.С-гийн “... “Тайм .......” орон сууц нь барилгын ажлыг улсын комисс хүлээн авахад дотор засал нь хийгдээгүй байсан... “......” ХХК-ийн удирдлагууд болох Л- энэ талаар мэдэх байх, улсын комисс хүлээн авахаас өмнө, дараа нь ч компанийн Голомт банкны данснаас маш олон удаа бэлэн мөнгө надаар “......” ХХК-ийн талын удирдлагууд авчруулж компанийн инженерийн албаны ажилтан Ч-, Г-, Г- нарт бэлэн мөнгө өгсөн. “......” ХХК-ийн санхүүгийн албан дарга Сүн нь намайг бэлэн мөнгө өг гэсний дагуу би мөнгийг инженерийн албаны ажилтан Ч-, Г-, Г- нарт өгдөг байсан. Би компанийн удирдлага болох Л-, С-, Д-, Л- нарын хэлснээр компанийн Голомт банкны данснаас бэлэн мөнгө авч удирдлагууддаа өгдөг байсан.” гэсэн мэдүүлэг /4-р хх 18, 19/,
Гэрч М.Г-ийн “... “......” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажилласан Ч- надад би улсын комисст ажилласан Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Төрийн өмчит үйлчилгээний төвийн техник хяналтын инженер Б.Ц-, Т-тэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Г- нарт бэлэн мөнгө аваачиж өгөөд комиссын акт дээр гарын үсэг зуруулсан гэж хэлсэн. Мөн гал хариуцсан ажилтан Г- нь надад Онцгой байдлын ерөнхий газрын барилгын зураг төсөл, хяналтын тасгийн дарга Ч.О-өд 15 сая төгрөг бэлнээр, кофе, чихэр, жимстэй хамт Онцгой байдлын ерөнхий газар дээр очоод өгсөн гэж хэлсэн. Тухайн үед Г- нь би Онцгой байдлын хүнийг зохицуулсан гээд хэлсэн. Би энэ талаар сайн санаад байгаа нь барилгын галын системийн узель нь миний ажлын чиг үүрэгтэй хамааралтай тул Г-гээс “...галын систем ажиллахгүй дутуу байхад Онцгой байдлын ажилтан комиссын акт дээр гарын үсэг зурчихаж байгаа юм уу...” гэхэд “...өгдгийг нь өгөөд...” гарын үсэг зуруулсан гэж хэлж байсан... С- нь санхүүгийн бүх асуудлыг хариуцан бэлэн мөнгө компаниас авч Г-, Ч- нарт өгдөг байсан. Г-, Ч- хоёр тухайн мөнгийг улсын комиссын гишүүдэд өгөөд дутуу гүйцэтгэлтэй барилгын ажлыг бүрэн гүйцэтгэлтэй мэтээр гарын үсэг зуруулж авсан...” гэсэн мэдүүлэг /4-р хх 22, 23/,
Гэрч Б.Г-ын “...Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “......” ХХК-ийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст ажиллахаар томилогдсон 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “......” ХХК-ийн барилга дээр коммисын гишүүдийн хамт ажиллан 5 төрлийн үүрэг даалгаврыг өгсөн. Би акт дээр гарын үсэг зурсан. Хэн нэгэн албан тушаалтан комиссын акт дээр гарын үсэг зураарай гэж нөлөөлсөн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /3-р хх 241/,
Шүүх шинжилгээний байгууллагаас гадуур томилсон барилга байгууламжийг зураг төслийн дагуу чанар стандартад нийцсэн эсэхийг тогтоох шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, дүгнэлт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч нараас мэдүүлэг авсан тэмдэглэлүүл /10-р хх 4-37/,
Шүүгдэгч Ч.О-ийн “...Тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 12 дугаар сард нөхөн ажилласан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудсанд 3 үүрэг даалгавар бичсэн... “...." ХХК-ийн барилгын инженер Г- намайг дуусаагүй ажлыг дууссан мэтээр комиссын акт дээр гарын үсэг зураад өг...” гэж удаа дараа гуйгаад байсан. Би Ж.Г-г таньж мэддэг байсан бөгөөд урьд нь Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст хамт ажилладаг байсан юм. 2019 оны дугаар сарын 31-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын урд талд цагаан өнгийн приус маркийн машинтай ирсэн, би машинд нь суутал "......" барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт болон саналын хуудсан дээр бичсэн үүрэг даалгаврын биелэлтийг фото зурагтай өгсөн. Би үүрэг даалгаврын биелэлтийг барилга дээр очиж үзэлгүй фото зургийг үндэслэн комиссын акт дээр гарын зурж, тэмдэг дарж баталгаажуулсан. Үүний хариуд Ж.Г- надад 3 сая төгрөгийг уутанд хийгээд өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /9-р хх 140-143/,
Шүүгдэгч Б.Ц-ын “... Комиссын дүгнэлт дээр гарын үсэг зуруулсны дараа 30-40 минутын дараа миний 88...... дугаарын утас руу залгаад “...та гараад ирээч, би гадаа чинь байна..” гэсэн, гараад очтол өөрийнхөө машин дотроо суучих гэсэн, би суутал “...танд баярлалаа...” гээд “...комиссын гишүүдэд өгч байгаа юм...” гэсэн. Миний санаж байгаагаар 2,000,000 төгрөг байсан гэж санаж байна. “......” ХХК-ийн ажилтан “...шинэ жил болж байна. Комиссын гишүүдэд бүгдэд нь өгч байгаа юм, сайхан баярлаарай...” гээд өгөхөөр нь авсан юм. Би өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. ...” гэсэн мэдүүлэг /9-р хх 187-189/,
Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаартай “Комисс томилох тухай” тушаал, хавсралтын хуулбар /5-р хх 49-52/,
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/01-14 дугаартай комиссын дүгнэлтийн хуулбар / 5-р 73-128/,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/465 дугаар “Ч.О-ийг томилох тухай” тушаалын хуулбар /9-р хх 43/,
......... Барилгын зураг төсөл, хяналтын тасгийн даргын албан тушаалын тодорхойлолт /9-р хх 46-50/,
“......” (РД:5442133) ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /4-р хх 190, 191/,
“......” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 27-ны эдрийн 20/75 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /4-р хх 30/,
“......” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20/67 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /4-р хх 31/,
“......” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20/82 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /4-р хх 32/,
“......” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18/65 дугаар үндсэн ажилтнаар авах тухай тушаалын хуулбар /4-р хх 41/,
“......” ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /4-р хх 35/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.О-, Б.Ц- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах”/2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайтайд тооцон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...” гэж “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.4-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.”, 4.6-д “Комисс энэ дүрмийн 4.4-т заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хуралдаанаараа эцэслэн гаргахаас өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг комиссын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө.’’, 4.8-д “Комиссын гишүүд тухай барилга байгууламжид урьдчилан санал дүгнэлт өгсөн байх бөгөөд комиссын хуралдаанаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг нэгтгэн хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана., 4.8.1-д “барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай дүгнэлт гаргах” гэж заасныг тус тус зөрчин, “......” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “......” 237 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 234 айлын 24 давхар орон сууц болон үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлтийг гаргуулах үүднээс саналын хуудаст тусгагдсан зөрчил дутагдлыг арилгуулахаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхийг бодитоор танилцан үзлэг хийлгүйгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг баталгаажуулахаар гарын үсэг зурж үүнийхээ хариуд шүүгдэгч Б.Ц- 4,000,000, Ч.О- 3,000,000 төгрөгийг бусдаас авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс... гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн... хахууль авсан” шинжийг хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.О-, Б.Ц- нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Прокурор.Б.Оюунцэцэг “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлсийг тэдний гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос гаргуулахаар шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна... Шинжээчийн зардлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг заавал хураан авах бөгөөд үүнийг нь учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулсны эцэст үлдсэнийг нь улсын төсөвт шилжүүлэхээр хоёрдмол утгагүйгээр хуульчилсан байна.
Анхан шатны шүүх энэ зохицуулалтын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу хахуульд авсан мөнгөнөөс шинжээчийн хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.
Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/350 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үйлчлэх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан “...таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэх талаар өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн тайлбарын хүрээнд шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/350 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА