Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01729

 

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01729

 

 

 

                                    “Б А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01387 дугаар шийдвэртэй, “Б А” ХХКХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О Р С” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 193 197 287 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч “О Р С” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 55 538 614 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэл-Од, Л.Өнгөт-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай компани “О Р С” ХХК-тай №30/18 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, №31/18 тоот ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр, мөн Д.Ганбат захиралтай амаар тохиролцож хийсэн нэмэлт засварын ажлын хөлс 206 206 021 төгрөг болсон ба үүнээс 112 092 962 төгрөгийг манай компани авсан. “О Р С” ХХК-д 143 325 280 төгрөгийн материал нийлүүлсэн ба үүнээс 77 269 128 төгрөгийг авсан. Ажлын хөлсний 94 113 059 төгрөг, материалын үлдэгдэл төлбөр 66 056 152 төгрөг, нийт 160 166 211 төгрөгийг одоо болтол авч чадаагүй. Барилгын засварыг гэрээнд зааснаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 70 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж заасан боловч зарим хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд заасан хугацаанд засварын ажлыг дуусгах боломжгүй болсон. Ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусгасан боловч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албан бичгээр ажил дууссан тухай захиалагч талд мэдэгдсэн. Ажлаа хүлээлцэе гэж олон удаа утсаар болон уулзаж хэлж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариу албан бичиг ирсэн. Албан бичигт дурдсан ажлуудыг хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа хоёр тал хамтран хэмжилт хийж, ажлын хөлсний тооцоогоо гаргая гэсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас хэмжилт хийхгүй байсан. “О Р С” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийт ажлын хөлсийг ажил гүйцэтгэх гэрээний дүн болох 160 309 874 төгрөгөөр тооцож тооцоо хийх тухай албан бичиг ирүүлсэн. Уг бичигт ажлыг хугацаандаа хийж дуусгаагүйн алдангийг 19 768 934 төгрөгөөр тооцсон байсан. Манай компанийн зүгээс алдангийг хэрхэн тооцож гаргасан талаарх тооцоогоо өгөх, хоёр талаасаа хамтран хэмжилт хийж, ажлын хөлсний нийт тооцоогоо гаргая гэсэн хүсэлтээ утсаар болон албан бичгээр мэдэгдэж, уулзаж хэмжилт хийх талаар хүсэлт тавьсны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хоёр талаасаа комисс гарч засварын ажил хийсэн барилгуудыг хэмжсэн. Хэмжсэн хэмжилтээ хамтарч бодох хэрэгтэй гэж хэлсэн боловч “О Р С” ХХК-ийн инженер өөрөө бодож ажлын хөлсний дүнг 146 228 604 төгрөг гэж гаргасан. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэмжсэн талбайгаа хамтарч бодож ажлын хөлсний дүнг 183 542 021 төгрөг гэж тооцож гаргасан. Мөн ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй боловч Д.Ганбат захиралтай амаар тохиролцож хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний дүн 22 664 000 төгрөг болсон. Ингээд нийт ажлын хөлсний дүн 206 206 021 төгрөг болсон. Гэвч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “О Р С” ХХК-аас ирүүлсэн тооцоонд ажлын хөлсийг ажил гүйцэтгэх гэрээний дүн болох 160 309 874 төгрөг, нэмэлт ажлыг 3 311 000 төгрөг, нийт 163 620 874 төгрөг гэсэн байсан. Алдангийг хэрхэн бодож гаргасан нь тодорхойгүй, 19 768 934 төгрөгийг ажлын хөлснөөс хасч тооцсон байсан. Манай компанийн зүгээс ажлын хөлсийг хоёр талаасаа хамтарч бодож гаргасны дагуу 183 542 021 төгрөг, нэмэлт ажлын хөлс болох 22 664 000 төгрөг, нийт 206 206 021 төгрөгийг бүтнээр нь олгож өгнө үү гэсэн албан бичиг өгсөн. Мөн засварын ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэх боломжгүй болсон шалтгаанаа тайлбарлаж алданги тооцохгүй байх үндэслэлтэй талаар хэлж байсан. Гал тогоо, оффисын барилга, соёлын төвийн барилгын хуучин фасадыг шинэчлэх үед тооцоолсноос илүү их эвдрэл бий болж, хуучин шаврыг хуулж авах, шинээр сэргээн шавардах зэрэгт илүү их цаг зарцуулсан. Ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй 8 төрлийн нэмэлт ажлуудыг “О Р С” ХХК-ийн захирал Д.Ганбаттай тухайн үед амаар тохиролцож хийж гүйцэтгэсэн. 2018 оны зун бороо ихтэй байсан тул ажил хийх боломжгүй сул зогсолт их байсан. Бороо орсны дараа засварын ажил гүйцэтгэж буй тухайн ханыг бүрэн хатааж байж засварын ажил үргэлжилдэг тул цаг их алдсан. 06 дугаар сараас 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 34 өдөр их, бага хэмжээний бороо орсон. Ажил гүйцэтгэх гэрээний 1.3-т байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр алдагдсан хоногийг ажил гүйцэтгэх гэрээнд оруулан тооцохгүй гэж заасан. Хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан тоо хэмжээнээс их байсан учраас ажил гүйцэтгэх хугацаа уртасхад нөлөөлсөн. Тухайлбал анх ажил гүйцэтгэх гэрээ хийх үед хөөсөнцөртэй фасад иж бүрнээр нь хийх ажил 5 550 м.кв байсан бол ажил дууссаны дараа хэмжихэд 6 302 м.кв болж нэмэгдсэн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “О Р С” ХХК-аас дахин ажлын хөлсний тооцоог хэмжилтээр гарсан 183 542 021 төгрөг, нэмэлт ажлын хөлсийг 3 311 000 төгрөг, нийт 186 853 021 төгрөг гэж тооцсон тооцоог явуулсан. Гэрээний дагуу тооцсон алданги 19 768 934 төгрөг хэвээрээ байсан. Манай компанийн зүгээс “О Р С” ХХК-д дахин албан бичиг явуулж нэмэлт ажлын хөлсний тооцоог бүрэн оруулж өгөх, алдангийг тооцохгүй байхыг хүссэн боловч 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “О Р С” ХХК-аас ирсэн хариу албан бичигт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тооцоогоор ажлын хөлсийг тооцно гэсэн. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр материалын урьдчилгаа төлбөр болох 77 269 128 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох 66 056 152 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Манайд өгсөн албан бичиг бүртээ дээрх төлбөрийг төлөхөд бэлэн гэдэг боловч төлөөгүй. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4.3-т заасны дагуу 3 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71 449 059 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй боловч Д.Ганбат захиралтай амаар тохиролцож хийж гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлсийн дүн 22 664 000 төгрөг, материалын үлдэгдэл төлбөр 66 056 152 төгрөг, алданги 33 028 076 төгрөг, нийт 193 197 287 төгрөгийг “О Р С” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 31/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 3.1-д ажлыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт календарийн 70 хоногт багтаан гүйцэтгэнэ. 1.4-т гэрээнд заасан хугацаанаас хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно, 4.2-т үлдэгдэл 30 хувийн төлбөрийг ажлыг дуусгаад хүлээлгэж өгөх үед төлнө, 4.4-т обьект бүрийн ажил дууссаны дараа 2 тал хамтран хэмжилт хийн гүйцэтгэлийг тодотгож акт үйлдэж баталгаажуулах ба энэ нь ажлын хөлс төлөх үндсэн баримт болно гэж харилцан тохиролцсон. “О Р С” ХХК нь эмчилгээ, сувилгааны чиглэлээр нийтийг хамарсан үйлчилгээ эрхэлдэг байгууллага бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үйлчилгээгээ түр зогсоож байгаад засварын ажлыг эхлүүлж 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр засварын ажлыг бүрэн дуусгаж, үйлчлүүлэгч, сувилуулагч нараа хүлээн авна гэж нийтэд мэдээллэсэн. Гүйцэтгэгч “Б А” ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн дуусгах боломжтой гэж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл “Б А” ХХК нь гэрээнд заасан ажлыг 2018 оны 08 дугаар сарын 03-нд дуусгаж чадаагүй, энэ үед ажил дуусаагүй байсан учраас бид амалсныхаа дагуу сувилалаа нээж, үйлчлүүлэгчээ хүлээн авч чадалгүй 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүрсэн. Олон нийтийн шаардлага, хүсэлтээр аргагүйн эрхэнд энэ өдрөөс үйлчлүүлэгч, сувилуулагч нараа хүлээн авсан боловч гадна засварын ажлын дуу чимээ, тоос шороо нь үйлчлүүлэгч нарын амрах тав тухыг алдуулж байна гэсэн байнгын гомдол, хүсэлт гаргаж хэцүү нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж, зарим тохиолдолд үйлчлүүлэгч, сувилуулагч нарыг хүлээж авахгүй манай компани хохирол, алдагдал хүлээж байсан. Мөн 5 давхарын дээврийн саравчийг тайрч дулаалга хийх ёстой байсан боловч хийгээгүй, шууд гаднаас нь дулаалсан нь дулаан алдагдлыг багасгаагүй, энэ өвөл урьдын адил хүйтэн өвөлжиж сувилуулагч нараас гомдол ирсэн хэвээр байна. Ингээд “Б А” ХХК 10 дугаар сарын дунд үеэр ажлаа хүлээлгэж өгөлгүй, өөр барилгын ажилтай гээд манай ажлыг дутуу дуусгаад явсан. Бид ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэх талаар өөрсдөө хөөцөлдөж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 192 тоот албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 203 тоот албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 тоот албан бичгээр ажлын гүйцэтгэлийн тооцоо, гэрээ дүгнэсэн актыг удаа дараа хүргүүлж байсан боловч “Б А” ХХК өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 тоот албан бичигт хавсаргасан актаар ”Б А” ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 71 449 059 төгрөг, нэмэлтээр хийсэн ажлын хөлс 3 311 000 төгрөг буюу нийт 74 760 059 төгрөгийг “Б А” ХХК-д төлөх ёстойгоос барилгачдын ажлын хоолны тооцоо 8 180 500 төгрөг, гэрээт ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас гэрээний дагуу тооцсон алданги 19 768 934 төгрөг, угсардаг шатны төлбөр 1 400 000 төгрөгийг хасаад 45 410 625 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэгч “Б А” ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн компани, дадлага туршлагатай гэж өөрсдийгөө танилцуулаад гадна фасадны засвар хийгдэх барилгуудыг нэг бүрчлэн үзэж өөрсдөө шалгаад ажлын тоо хэмжээгээ тодорхойлон гэрээнд тодорхой заасан. Мөн зуны улиралд ажил гүйцэтгэж байгаа нь хэн алинд тодорхой байсан ба гэрээнд заасан 70 хоногийн хугацааг харилцан тохиролцсон. Тухайн үед ажил гүйцэтгэж байхдаа бороо орлоо, тэд хоног ажил зогслоо, гүйцэтгэж байгаа ажил хүнд хэцүү байгаа учраас гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгэж чадахгүй гэж бидэнд нэг ч мэдэгдэж байгаагүй. Гэтэл одоо бороо орсон, ажлын нөхцлөөс болж хугацаа хоцорсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэмэлт ажлын хөлс гэх 22 664 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тодорхой ажил гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн баримт байхгүй, юуг үндэслэж, ямар нэмэлт ажил хийсэн гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу материалын үлдэгдэл төлбөр болох 66 056 152 төгрөгийг “О Р С” ХХК-аас нэхэмжилсэн. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 30/18 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу хүлээн авсан бараа материалын үлдэгдэл төлбөр 14 543 400 төгрөг буюу нийт 66 056 152 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэдгээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 203 тоот албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 тоот албан бичгээр “Б А” ХХК-д мэдэгдэж байсан. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 30/18 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т үлдэгдэл төлбөрийг фасадны ажлын гүйцэтгэлээр буюу 2 талын гарын үсэг зурж баталгаажуулсан гүйцэтгэлийг гаргасан дүнг үндэслэн ажлын 3 хоногийн дотор төлнө гэж үлдэгдэл төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцсон. “О Р С” ХХК нь гадна фасадны ажлын гүйцэтгэл, тооцоог гаргаж, акт үйлдэж, удаа дараа “Б А” ХХКХХК-д хүргүүлсэн. Иймд 2 талын гарын үсэг зурж баталгаажуулсан гүйцэтгэлийн дүн нь нэхэмжлэгч “Б А” ХХКХХК-ийн хүсэл зоригоос шалтгаалан өнөөдрийг хүртэл хийгдээгүй, гарын үсэг зурагдаагүй тул үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй, үүнтэй холбоотойгоор алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй. Иймээс алданги 33 028 076 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 31/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.8-д гүйцэтгэгч тал хүсэлт гаргавал өдөр, оройн хоолыг хөнгөлөлттэй 5 000 төгрөгөөр нийлүүлж өгч болно гэж заасны дагуу “Б А” ХХКХХК-ийн ажилчид барилгын засварын ажил гүйцэтгэх хугацаандаа манай сувилалд өдөр, оройн хоолоор үйлчлүүлсэн. Өдөр бүр хоолонд орсон ажилчдын бүртгэлийг хөтөлж, тухай бүр хариуцсан ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Энэхүү хоолны тооцоо 8 180 500 төгрөгийг “Баяслах-Атлас” ХХК-аас шаардах үндэслэлтэй гэж үзэж байна. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 31/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т гэрээнд заасан хугацаанаас хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээт ажлыг дуусгах ёстой байсан өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тооцсон алданги 45 958 114 төгрөг байна. “Б А” ХХКХХК нь барилгын ажилд ашиглахаар манай компанийн угсардаг шатыг авсан бөгөөд энэхүү шатны төлбөр 1 400 000 төгрөгийг гэрээт ажлын хөлснөөс суутгуулахаар тохиролцсон. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Б А” ХХКХХК-ийн ажилчдад өгсөн хоолны төлбөр 8 180 500 төгрөг, алданги 45 958 114 төгрөг, угсардаг шатны төлбөр 1 400 000 төгрөг буюу нийт 55 538 614 төгрөгийг “Б А” ХХКХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Хоолны мөнгө 8 180 500 төгрөг, шат хүлээн авсан 1 400 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. “Б А” ХХКХХК-аас манайх руу явуулсан албан бичигт ажил гүйцэтгэх гэрээний алданги 19 768 930 төгрөг гэж хамгийн анх 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн байдаг. Гэтэл одоо 45 958 114 төгрөгийн алданги гэж гэнэт нэмэгдүүлээд нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Гэрээнд байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр алдагдсан хоногийг ажил гүйцэтгэх гэрээнд оруулан тооцохгүй гэж заасан. Гэрээнд заасан хугацаа болох 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 34 өдөр их, бага хэмжээний бороо орсны улмаас бид засварын ажил гүйцэтгэж буй тухайн ханыг бүрэн хатааж байж ажлаа үргэлжлүүлж байсан тул хугацаа алдсан. Энэ нь гэрээнд заасан байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр хугацаа алдсанд тооцогдоно. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Ийм учраас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О Р С” ХХК-аас 169 880 851 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б А” ХХКХХК-д, нэхэмжлэгч “Б А” ХХКХХК-аас 52 736 305 төгрөг гаргуулж хариуцагч “О Р С” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч “Б А” ХХКХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 316 436 төгрөгийн, хариуцагч “О Р С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 802 309 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 123 937 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 645 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О Р С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 007 354 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б А” ХХКХХК-д, нэхэмжлэгч “Б А” ХХКХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 421 632 төгрөг гаргуулж хариуцагч “О Р С” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Б А” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “О Р С” ХХК-тай 30/18 тоот гэрээг байгуулж 128 781 880 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх, 31/18 тоот гэрээгээр 160 309 874 төгрөгийн ажил гүйцэтгэх болсон. Манай компани гэрээний дагуу 206 206 021 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба үүнээс 112 092 962 төгрөгийг авсан. Мөн “О Р С” ХХК-д 143 092 962 төгрөгийн материал нийлүүлснээс 77 269 128 төгрөгийг авч, 66 056 152 төгрөгийг аваагүй. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 94 113 059 төгрөг, материалын төлбөрөө хугацаандаа төлөөгүй алданги болох 33 028 076 төгрөг, нийт 193 197 287 төгрөгийг шаардсан. Шүүхийн шийдвэрээр “Б А” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдсэн хэсэг болон нийлүүлсэн бараа материалын үнэ, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 23 616 436 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хугацааны алданги гэж “Б А” ХХК-аас 43 155 805 төгрөг гаргуулж хариуцагч “О Р С” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг үл зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу хэрэглэсэн, хэрэгт байгаа нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Алданги тооцохдоо шүүх “... 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх 88 хоногийн хугацааны алданги тооцох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг илт буруу хэрэглэж алданги болох 33 028 076 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 66 056 152 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй байхад хэтэрсэн гэж зориуд худал тооцож дүгнэсэн нь буруу, ойлгомжгүй гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх алдангийг 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны хооронд тооцох тухай хариуцагч “О Р С” ХХК-аас шүүхэд бичгээр гаргаж өгсөн нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ гаргаагүй тайлбарыг шүүх өөрөө санаачлан гаргаж алданги тооцох хугацааг тогтоосон нь хараат бус хөндлөнгийн байр суурииаас хандах, мэтгэлцэх зарчмыг хангах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү талууд гаргах тухай хуулийн заалтыг илт буруу хэрэглэсэн тул шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгож алданги 33 028 076 төгрөгийг бүрэн хангаж өгнө үү. Түүнчлэн “Б А” ХХК-ийн нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс 22 664 000 төгрөгөөс 19 353 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг дүгнэхдээ зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн нотлох баримтыг судалж үзээгүй, ач холбогдол ч өгөөгүй нь зөвхөн нэг талыг барьсан шийдвэр болсон. “Ямар нэмэлт ажил хийсэн нь тодохойгүй, ажлаа хүлээлгэж өгсөн баримт байхгүй” хэмээн хийсвэрээр дүгнэсэн. “Б А” ХХК нь “О Р С” ХХК-ийн барилгын гадна талын байдал засвар хийхийн өмнө ямар байсан, засварын дараа ямар болсон тухай зураг, үнийн тооцоо зэрэг олон нотлох баримтуудыг хангалттай гаргаж, шүүх хуралдааны явцад тайлбар хийсээр байтал зөвхөн хариуцагчийн зөвшөөрсөн хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын хүлээсэн үүргийн зөвхөн нэхэмжлэгчид хүлээлгэж, захиалагчийг үүрэггүй хэмээн үзсэн нь буруу. Мөн гүйцэтгэсэн ажлын төсөвт өөрчлөлт оруулахыг захиалагч хүлээн зөвшөөрсөн нь ажлыг хүлээн авч хэрэглэж байгаа гүйцэтгэлээр ноглогдож байхад "ажил хийсэн эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсгийг хэрэглээгүй буруу шийдвэр гаргасан. Хариуцагч “О Р С” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ажил хүлээж авсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан байхад шүүх ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Хариуцагч “О Р С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл 43 155 805 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэг талыг барьсан шийдвэр гаргасан. “Б А” ХХК-ийн алданги нэхэмжилсэн хугацааг шүүх өөрөө санаачлан “... гэрээг дүгнэсэн, талууд зөвшөөрсөн, маргаагүй" хэмээн нотлох баримтыг буруу үнэлж 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн огноотой “О Р С” ХХК-ийн ирүүлсэн, “Б А” ХХК-ийн зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй баримтыг гол нотлох баримт болгож энэ хугацаанаас алданги тооцох эрхтэй гэж дүгнэсэн атлаа “О Р С” ХХК-ийн алданги тооцох хугацааг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэж үзэн хуульд нийцсэн, алданги авах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болсон. Шүүх яг ижил үйл баримтыг талуудын хувьд өөрөөр дүгнэж байгаа үндэслэлээ шийдвэртээ дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийг зөрчсөн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэж дууссан хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэж нотлосон байхад ажлыг хүлээлгэж өгөөгүй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй. Шүүх зарим нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд яагаад үнэлээгүй талаар, “Б А” ХХК-аар алданги төлүүлэх үндэслэлийг шийдвэрт дурдаагүй, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх 31/18 тоот гэрээний 1.3-т “байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр алдагдсан хоногийг ажил гүйцэтгэх гэрээнд оруулан тооцохгүй” гэж заасан. Гэтэл энэ талаарх баримтыг үнэлээгүй бөгөөд 0.5 хувийн алданги тооцохдоо чухам ямар үнийн дүнгээс хэдэн хоногийн алданги тооцох тухай дурдаагүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэл 43 155 805 төгрөг ханган шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч “Б А” ХХКХХК нь хариуцагч “О Р С” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71 449 059 төгрөг, нэмэлт ажлын хөлс 22 664 000 төгрөг, материалын үлдэгдэл төлбөр 66 056 152 төгрөг, алданги 33 028 076 төгрөг, нийт 193 197 287 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хоолны төлбөр 8 180 500 төгрөг, гэрээт ажлыг хугацаандаа дуусгаагүй алданги 45 958 114 төгрөг, угсардаг шатны төлбөр 1 400 000 төгрөг, нийт 55 538 614 гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хоолны төлбөр 8 180 500 төгрөг, угсардаг шатны төлбөр 1 400 000 төгрөг, нийт 9 580 500 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нотолгооны хэрэгсэл болох бөгөөд хуралдааны тэмдэглэлд ..., зохигчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдлыг бичдэг.

 Нэхэмжлэгчийн “нэмэлт ажлын хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүх хуралдаанд нэмэгдэл ажлын материал болох 2 хоовой элс, хайрга, 20 тонн цемент, 5 000 гаруй тоосго зэрэг барилгын материалыг талбайд зөөж авчиран өгч нэмэлт ажлыг хийлгүүлсэн” гэж тайлбарласныг хуралдааны тэмдэглэлд бичээгүй орхигдуулсан гэх гомдол үндэслэлтэй,  энэ талаарх тайлбар хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй болох нь хурлын аудио бичлэгээр тогтоогдлоо.

 Шүүх хуралдааны тэмдэглэлд маргааны үйл баримтад хамааралтай талуудын тайлбар бүрэн тусгагдаагүй тохиолдолд зохигчдын хоорондын мэтгэлцээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасны дагуу явагдаж, шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулах, нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490 312 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

    ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                 А.МӨНХЗУЛ