| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0433/Э |
| Дугаар | 548 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1, |
| Улсын яллагч | Н.Ундрах, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 548
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Д.Лхагвахүү,
Иргэдийн төлөөлөгч Д.Атархүү,
Улсын яллагч Н.Ундрах,
Шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Даваажав,
Шүүгдэгч, хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь хэсэгт зааснаар О овогт Д-н Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Д-н Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 0515 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 15-16 цагийн үед буу барьж сүрдүүлэн, хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан Д.А-н баруун шуунд 1 удаа, баруун өгзгөнд 1 удаа, баруун чихний хажууд 1 удаа, хүзүүний хойд хэсэгт 1 удаа нийт 4 удаа хутгалж, иргэн Д.Нын хэвлий тус газарт 1 удаа, хавирга цээж хэсэгт 2 удаа, зүүн өгзгөнд 1 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр 2 түүнээс олон хүнийг алахыг завдсан,
Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 15-16 цагийн орчим Д.Б-г буу барьж сүрдүүллээ гэх шалтгаанаар бууны бөгсөөр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-4-7/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1х, хх-22/
- хохирогч Д.А-н мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...Б ахын гэрт Н бид 2 очоод сууж байтал мал эмнэлгээс явж байна гээд 2 эмч орж ирсэн. Тэгэхэд Б ах 0,75 литрийн Экс нэртэй архи гаргаж ирээд 2 эмчид хийж өгсөн. Тэгээд надад 1,2 хийж өгсөн. Удалгүй малын эмч гэж орж ирсэн 2 эмч яваад өгсөн. Үлдсэн архиа тойруулаад ууж байснаа Б ах “...энэ миний гахай бууддаг буу...” гэж буугаа харуулж байснаа гэнэт Н бид хоёр луу буугаа шагайгаад “...та хоёрыг буудна...” гэсэн. Тэгээд Н бид 2 урдаас нь босож очоод бууг нь булаацалдаж аваад орон дээр нь Н тавьсан. Тэр үед Б ахын толгойноос нь цус гараад эхэлсэн. Тэгээд Б гартаа жижиг хутга бариад “ална” гэж хэлээд дайрсан. Тэгэхээр нь ухас хийгээд гэрээс нь зугтаагаад гарах үед миний бөгс рүү час хийгээд ...гараараа бариад үзэхэд цус гарч байсан. Тэгээд цаашаа зугтаахад араас гүйж ирээд намайг дэгээдэж унагаагаад миний дээрээс толгой руу өшиглөөд би гараараа хаах үед баруун гарын шуу руу 1 удаа, баруун чихний ойролцоо 1 удаа, хүзүүний зүүн хойд хэсэгт 1 удаа нийт 4 удаа хутгалсан. Тэгээд би “одоо боль л доо, би үхлээ ш дээ” гэж гуйхад намайг үргэлжлүүлж цээж толгой руу өшиглөж байсан. Тэгээд би нилээн манараад ухаан орж гараад өндийгөөд харахад надаас нилээн зайтай Ныг газар унагаачихсан дээрээс нь Б зодож байгаад гэр лүүгээ орчихсон...гэх мэдүүлэг /1х, хх-33-35/...2017 оны 03 дугаар сарын 12- ны өглөө Д Б-с, мөнгө авна гээд цуг очсон. Тэгээд Б-ийг дагуулаад 361-н гарам гэх газарт очих замд Н өөрийнхөө гар утсыг Б-т өгөөд та таньдаг дэлгүүр байвал энэ утсыг таиад нэг шил архи авчих гэхэд дэлгүүр ороод гар утсыг нь авсангүй гэд Б ах гарч ирсэн. Тэгээд тэндээсээ Банди гуaйнд очоод 2 шил архи гаргахад нь хувааж уугаад гарч яваад багийн дарга Төмөрчөдөрийнд очоод дэлгүүрээс 1 шил архи зээлээр авч уугаад тэндээсээ гараад Н-ын хамаатныд очиж хоол идээд байж байхад Б-ийн утас нь дуугараад утсаар ярчихаад манайд малын эмч ирсэн байна намайг гэрлүү хүргээд өгчих гэхээр нь бид нар Б-ийнд очсон. Б гэртээ очоод 1 шил 0.75-ийн ЭКС архи гаргаж ирэхэд нь хувааж уугаад байж байгаад би нэг мэдэхэд унтчихсан байсан. Тэгээд сэртэл бусад хүмүүс явсан Б, Н гурав үлдсэн байхаар нь босоод үлдсэн тал шил архийг гурвуулаа хувааж уугаад сууж байхад Б ах буу гаргаж ирээд энэ миний гахай бууддаг гээд гаргаж үзүүлээд бид гурав юм яриад сууж байтал гэнэт Н босож ирээд Бийн бууг булаацалдаж байгаад орон дээр хаясан. Тэгээд хартал Б ахын толгойноос цус гараад нүүрлүү нь урсаж байсан. Б ах цусаа хараад алнаа гээд дайрахад нь би гараад зугтаахад Б ах араас хөөгөөд миний баруун өгзөгт хатгачихсан. Би тэгээд цаашаа өгзөгөө бариад явахад араас хүрч ирээд унагаад өшиглөхөд нь би гараараа хаахад баруун шуунд 1 удаа, баруун чихний ойролцоо 1 удаа, хүзүүний зүүн хойд хэсэт зүсэгдсэн. Миний биед учирсан шархыг Б ах учруулсан нь үнэн. Тиймээс би 103 дугаарлуу залгаж хүнд хутгалуулчихлаа гэж дуудлага өгсөн.../2х, хх-77-78/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3776 дугаартай шинжээчийн:...А-ийн биед баруун чамархай, баруун өгзөг, шуу, хүзүүний зүүн хэсэгт шарх, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /1х, хх-87/
- хохирогч Д.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Б ахын гэр лүү Б, Д, Ж, А бид тав 14-15 цагийн үед очиход малын эмч нь нэг цэнхэр жижиг машинтай ирчихсэн байсан. Тэгээд бүгдээрээ оръё гээд Б-ийн гэрт бөөнөөрөө ороход Б хойморийнхоо шкафнаас дээрээс нь бага зэрэг уусан 0,75 литрийн ЭКС архи гаргаж ирээд бүгдээрээ уугаад дуулалдаад сууж байтал мал эмнэлгийн эмчээр Д, Ж 2 гахайгаа тариулна гээд малын эмчтэй хамт явсан. Тэгээд Б ахын гэрт А бид 2 үлдээд Д, Ж 2-ыг хүлээгээд Б ахтай юм яриад сууж байтал “гахай нядлахдаа хэрэглэдэг буу” гэж хэлээд буугаа гаргаад ирээд үзүулсэн. Тэгээд үзүүлээд сууж байснаа гэнэт бууныхаа замгийг татахаар нь би шууд л эвгүй санагдаад бууных нь хошуунаас нь барьж аваад өөрөөсөө холдуулаад “А-ээ бууных нь бөгснөөс татаад аваадах” гэж хэлэхэд Б ах “пиздануудаа тавиараа” гээд булаацалдаад өгөхгүй байсан. Тэгээд булаацалдаж байх үед чат гэж дугараад гох нь дарагдсан. Тэгээд би сумгүй юм байна гэж мэдээд ямар ч байсан бууг нь холдуулъя гэж бодоод бууг нь булааж аваад орных нь ардуур шидээд гэрээс нь зугтаагаад гарсан. Тэгээд миний араас А гүйж яваад “ёооё, намайг хутгалчихлаа” гээд орилоод газар хэвтэхээр нь “өө та яаж байгаа юм бэ” гээд Б лүү ойртоход гартаа хутга бариад ойртоод байхаар нь 2 гараа урдаа бариад хойшоо ухарч алхаад “юун сүртэй юм бэ” гэж хэлж байгаад хойшоогоо бүдрээд унахад миний дээрээс ирээд миний цээж хэсэгт хутгатай гараараа саваад цохьсон. Тэгээд би амьсгаа авч чадахгүй ухаан балартаад байж байтал А дээр очиж нэг өшиглөж цохиод эргэж над дээр ирж цохиж өшиглөж байсан. Тэгээд би ч удалгүй ухаан алдаад ухаан балартаад байж байтал түргэний машин дугараад ирж байхыг санаж байна...гэх мэдүүлэг /1х, хх-39-41/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3775 дугаартай шинжээчийн:...Н-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг, ходоодыг гэмтээсэн хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд хурц цус алдалт, цээж, хэвлий, зүүн өгзгөнд шарх, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /1х, хх-83/
- гэрч Н.С мөрдөн байцаалтад өгсөн:...Дуудлагын дагуу 17 цаг 00 минутанд очиход Б гэж хүн шавар гэрт сандал дээр суучихсан толгойноос нь цус гарчихсан нүүр лүүгээ урссан байдалтай гэрийнх нь шалаар нил цус болчихсон байдалтай дуудлага өгсөн Т гэж залуутай хамт байж байсан...Т гэж залуу бас 2 залуу гадаа байгаа 1 залуу нь цус алдаж байгаа байдалтай цус алдаад байх шиг байна гэж надад хэлсэн...А-ийг хүн түшиж өөрөөр нь алхуулж оруулж ирсэн...Н гэх хүнийг манай түргэний жолооч үүрч оруулж ирсэн...” гэх мэдүүлэг /1х, хх-46-47/,
- гэрч Ө.Ж мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 16-17 цагийн орчим 63 настай Б гэж хүн 2 залууд зодуулсан толгой нь хагарсан гэсэн дуудлагын дагуу очсон. Дуудлагын дагуу очиход шавар гэртэй айл байсан. Гэрт нь ороход Б гэж 63 настай эрэгтэй толгой нь хагарчихсан байдалтай байсан. Тэр хүнийг зодсон гэх 2 хүний нэг нь ногооны хашааны хойно хажуу тийшээ харчихсан хэвтэж байхаар нь дуудлага өгсөн залуугийн хамт очиж тэр залуугаар үүрүүлээд шавар гэрт оруулсан. Эргэж гараад нөгөө залууг нь малын хашааных нь баруун урд талд дээшээ харчихсан хэвтэж байхаар нь дуудлага өгсөн залуугаар үүрүүлэхэд үүрээд даахгүй байхаар нь 2 талаас нь дамнаад өргөж шавар гэрт оруулахад эмч үзлэг хийж шархыг нь үзэж дусал тариа хийж байсан. Тэгээд эмч өөр бусад эмч дуудаж машинд ачиж цэргийн коспиталын эмнэлэгт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /1х, хх-48/,
- гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 50 минутын орчим ...Т гэж хүн Хужирын хярын 1-1 тоотод хүмүүс зодолдоод манай Б ахыг хүмүүс зодчихсон байна гэж дуудлага ирсэн. Дуудлагын дагуу 17 цаг 18 минутанд түргэний эмч машинтай хамт очиход Б гэж хүний гэрийн гадаа гэрээс нь 30 метрийн зайд А гэж залуу газар шороон дээр хэвтэж байсан. Бийн гэрээс 50-60 орчим метрийн зайд Н гэж хүн хэвтэж байсан. Б гэр дотроо ганцаараа толгой нь хагарчихсан байдалтай толгойныхоо цусыг нойлын цаасаар арчаад сууж байсан. Тэгээд түргэний машины жолооч дуудлага өгсөн. Т Н гэж залууг Бийн гэрт өргөж оруулсан. А нь түшүүлээд алхаад Бийн гэрт орсон. Эмч үзлэг хийхэд Нын цээжин тус газар нь 2 удаа хатгагдсан, 1 удаа зүсэгдсэн, өгзөг дээр нь 1 удаа хатгагдсан шархтай, А нь өгзгөн дээрээ 1 удаа, баруун гарын шуун дээрээ, баруун чихний хажуудаа, хүзүүний ар хэсэгтээ нийт 4 удээ хатгагдсан шархтай байсан. Тэгээд түргэний эмч цэргийн коспиталын эмнэлэг үрүү яаралтай авч явах хэрэгтэй байна гээд Н, А нарыг аваад явсан. Бийг би хэлтсийн байранд хүргэж ирсэн. Хэргийн газар очих үед А нь “Б буу барьж бид нарыг хөөсөн, тэгээд намайг болон Н-г хутгалсан” гэж хэлсэн. Тэгээд би Бөөс “Н, А нарыг та хутгалсан уу” гэж асуухад “тэгсэн л байлгүй дээ” гэж хэлж байсан. Тэгээд “хутгалсан гэх хутга чинь хаана байна” гэж асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд А-ээс “ямар хутгаар хутгалсан” гэж асуухад “жижиг хар иштэй хутга байсан” гэж хэлэхээр нь би гэрийнх нь гадаа гараад хутгыг хайгаад эргээд гэрт нь ороод гал тогооны шүүгээний шургуулгыг татаж үзэхэд шүүгээн дээр цус дусчихсан байхаар нь шүүгээг нь татаад үзэхэд цус мэт зүйлээр бохирлогдсон хар иштэй жижиг хутга байхаар нь хөндлөнгийн гэрч байлцуулан хураан авсан. Мөн гэрийнх нь гадаа баруун талд ТОЗ-8 маркийн бууг түшүүпээд тавьчихсан байсан ТОЗ-8 бууг хураан авсан...гэх мэдүүлэг /1х, хх-49-50/,
- гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Би хэрэг болсон өдөр ...Б ахын гэрийн гадаа 3 хүн харагдаж байсан 2 нь хоорондоо зодолдож байсан. Тэгээд би Г гэж залууг дуудаад бид 2 нэг морин дээр сундалдаад очиход Б ах гэрийнхээ гадаа толгойноосоо цус гойжуулчихсан сууж байсан. Тэгтэл Б ахын хашаан дотор нь нэг залуу нь гэрийх нь чанх урд талд нь нэг залуу, нөгөө залуу нь арай зайтай хашааны үуд хэсгийг чиглээд уначихсан, тэр 2 танихгүй эрэгтэйн бөгсөн хэсгээр нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд Б ахаас юу болсон талаар асуухад “энэ 2 залуу намайг зодоод алах гэж байна, цагдаа түргэн дуудаарай” гэж хэлсэн...Цагдаа түргэний эмч нар иртэл тэр 2 хүн рүү айгаад ойртоогүй. Тэгээд цагдаа түргэний эмч ирээд Б ахыг үзээд дараа нь тэр 2 хүнийг би түргэний машины жолоочтой нийлж өргөж түшиж Б ахын гэр лүү оруулж өгчихөөд гэр лүүгээ явсан.../1х, хх-55/,
- хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...Ж, Д, Н, А бид 5 манай гэр лүү 14 цагийн үед очсон. Тэгээд манай хашааны гадаа малын эмч ирчихсэн мал тарих гээд байж байхаар нь би гэртээ ороод цай хийж өгөөд чихэр, таваг тавиад би бага зэрэг дээрээс нь уусан 0,75 литрийн Экс архи гаргаж хувааж ууцгаагаад байж байтал малын эмч 361-ийн гарам руу дахин нэг архи авахаар жолоочоо явуулаад 0,75 литрийн нэрийг нь санахгүй архи авч ирсэн. Би тэр үед манай нэг үхэр тугалах гээд байн байн малын сараа руу орж гараад байж байсан. Тэгээд малын эмчийн авч ирсэн архинаас ууж дуусгасан. Би тэр үед үхэр тугалах гээд орж гарч байхад малын эмчийг Д, Ж 2 гэр лүүгээ авч явж гахайгаа тариулна гээд явж байсан. Тэгээд би тэд нарыг бүгдээрээ явчихсан байх гэж бодоод байж байгаад гэртээ ороход Н, А 2 манай гэрт сууж байсан. Тэгэхээр нь би “одоо ахын дүү нар явцагаа, хөдөө малын ажил их, ах нь одоо амръя” гэхэд Н, А 2 явахгүй дахиад 1 шил архи өгчих, архи байхгүй бол мөнгө өгчих” гэж хэлсэн. Тэгээд би “явцгаа мөнгө, архи байхгүй” гэхэд явахгүй байсан. Тэгэхээр нь айлгах санаатай буугаа гаргаж ирээд барихад Н, А 2 ухас хийж дайраад буу булааж авсан. Арай гайгүй согтолттой байсан Н миний гараас буу булааж аваад бууны бөгсөөр миний толгой руу санаатайгаар цохиж хагалсан. Тэгснээ миний толгойноос цус нүүр дагаад урсахад гүйгээд гарахдаа миний бууг аваад гарсан. Тэгэхээр нь би араас нь шургуулганд байсан хар иштэй хутгыг аваад гарахад миний бууг гэр түшүүлж тавиад яах гэж байгаа нь мэдэгдэхгүй над руу А түрүүлж дайрсан. Тэгэхээр нь би гартаа байсан хутгаар А-ийг айлгаж өөрөөсөө холдуулахаар хутгатай гараа савсан. Тэгэхэд А нь газар унасан. Тэр үед Н гүйгээд ирэхээр нь би “надаас хол байгаараа” гээд хутгаа бариад холдоход 2 гараа сунгаад над руу ойртох гээд байхаар нь би хутгатай гараа савах үед зодолдож байсан болохоор Н-ыг хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /1х, х-44-45/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3787 дугаартай шинжээчийн:... Б-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын 2-р хурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Амь насанд аюулгүй гэмтлүүд болно. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1х, хх-85/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын 455 дугаартай...Д.Бнь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Бнь хэрэг хариуцах чадвартай байна. Д.Б нь 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Д.Бнь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна...гэх дүгнэлт /1х, хх-116-114/,
- шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн...2017 оны 03 дугаар сарын 12-нд ...Д, Ж, А, Н бид 5 манай гэрт очиход малын эмч ирчихсэн байхаар нь гахайндаа вакцен хийлгэхэд Д, Ж 2 малын эмчийг аваад гэр лүүгээ явсан. Тэр хойгуур нь Н, А бид 3 манай гэрт үлдсэн. Би гэртээ нуусан байсан тал шил архиа гаргаж А, Н хоёртой хувааж уугаад дууссан юм. Тэгэхэд Н, А 2 “дахиад 1 шил архи олоод өгчих, танд архи байгаа биз дээ, архи байхгүй бол мөнгө өгчих” гэж хэлэхээр нь “би та нарт өөрт байгаа бүхий л бололцоогоороо архи олж өглөө, одоо надад архи, мөнгө байхгүй, манай гэрээс гар яв” гэхэд явахгүй над руу дайраад “архи олоод ир, мөнгө байгаа ш дээ, танд байгаа биз дээ” гээд манай гэрийн эд зүйлийг ухаж үзэх гээд байсан. Тэгэхээр нь би настай хүн тэр 2 залуугаас айгаад тэр 2-ыг айлгахаар өөрийн сууж байсан хойморийн орны доороос ажилладаггүй бууг гаргаж ирээд “миний гахай бууддаг ажилладаг буу” гэж хэлээд айлгах гэхэд тэр 2 над руу дайрч ирээд миний бууг надаас булааж аваад Н бууны бөгсөөр миний зүүн гуя руу цохиод ширээн дээр байсан чихрийн тавгаар миний толгойн орой хэсэг рүү цохиж, миний толгойг хагалсан. Тэгээд миний толгой эргээд цус гараад ухаан балартаад одоо хүнд алуулж байна гэж бодоод ширээн дээр байсан жижиг хар иштэй хутгыг аваад Н, А хоёрыг гэрээсээ хөөгөөд гарсан. Гараад А-ийн бөгс рүү нэг удаа хутгалах шиг болсон. Харин өөр бусдаар хутгатай гараа саваад хаана хутгалсанаа мэдэхгүй байна. Тэр хооронд Н салгах гээд ирэхээр нь би Н-ыг надаас холд гээд хутгатай гараа савахад намайг бариад авахаар нь хутгаараа хатгачих шиг болсон....гэх мэдүүлэг /1х, хх-160-161/...би онцгой хэргийн аргаар үйлдсэн гэж үзэхгүй байна. Мөн хохирогч нарын мэдүүлэг үндэслэл муутай авагдсан. Тиймээс хохирогч нараас дахин мэдүүлэг авахуулмаар байна. Хохирогч нар нь өөрсдөө намайг архи авч өг гэж өдөржин дарамтанд байлгаж, Н нь өөрөө эхлээд намайг буугаар цохиж, би айсан учраас биеэ хамгаалж хохирогчид гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /2х, хх-82-83/,
- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай гэрийн ард машинтай хүмүүс ирсэн. Тэгээд Д, Ж нар манай гэрт орж ирээд найзууд манайд 2 өдөр архидаад өнөөдөр шартаж үхэх гээд байна, та 1 шил архи эсхүл мөнгө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй, архи алга гэж хэлсэн. Тэгсэн чинь та яваад дэлгүүрээс архи зээлээд өгчих гэхээр нь дэлгүүр лүү очиход дэлгүүрийн худалдагч зээлээр архи өгөхгүй гэсэн. Тэгтэл тэд өөрсдийнхөө гар утсаа барьцаанд тавиад архи аваад өг гэхээр нь дэлгүүр та нарын гар утсыг барьцаанд авахгүй гэхэд тэдэнтэй хамт явж байсан нэрийг нь мэдэхгүй махлаг залуу нь тэгвэл миний өмсөж явсан ноолууран цамцыг дэлгүүрт тавиад архи аваад өг гэхээр нь юу гэж чиний цамцыг авдаг юм гэж хэлсэн. Тэгээд би дүү нар намайг гэрт хүргээд өгчих гэж хэлтэл 1 шил архи уучихвал шар тайлагдах гээд байна гэж хэлэхээр нь Банди гэх өвгөний гэрт дагуулж очоод 10000 төгрөг энэ залуучуудад өгчих гэж хэлсэн. Тэгсэн Банди өвгөн машинаас нь тос гараад байгаа тэрийг солиод өгчих гэтэл тэд нар маргааш ирээд солиод өгчихье. Одоо ажлынхаа хөлсийг авчихъя гэж хэлсэн. Тэгээд Банди өвгөн дэлгүүрээс архи авч өгсөн. Тэгээд тэд авчирч өгсөн архыг нь уучихаад гараад явах гэхээр нь ахыгаа гэрт хүргээд өгчих гэж хэлээд би гэртээ хүргүүлсэн. Манай гэрт Н, А, Ж, Д нар очсон. Манай хөргөгчинд нэг шил архи байсан түүнийг гаргаж өгтөл тэр архийг уучихаад байж байтал манайд малын эмч удаан ирээгүй гэж хэлээд нэг шил архи авчраад мөн тэр архийг уусан. Малын эмч нь айлын гахай тархи гэсэн юм гээд Ж, Д нарыг аваад явсан. Тэгээд би Н, А нарыг одоо дүү нар явцгаа гэж хэлтэл явахгүй надаас дахин архи нэхээд байгаад байсан. Тэгэхлээр нь би айлгаад явуулчихъя гэж бодоод орны доор байсан буу гаргаж иртэл миний бууг булааж аваад миний тархи толгой руу цохисон. Тэгээд би ууран даа хутга шөвгө гаргаж ирсэн. Би хохирогчид хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зүйлчлэлийн хувьд сайн ойлгохгүй байна. Хохирогч нарт төлөх ёстой хохирлыг барагдуулсан. А-эд 500.000 төгрөг бэлнээр өгөөд, хоёр хонь өгөөд нийт 800.000 төгрөг өгсөн. Н 2.100.000 төгрөгийг төлсөн. Надад хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөх санаа сэдэл байгаагүй. Хохирогчид гэмтэл учруулсан даа гэмшиж байна...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- шүүгдэгч Д.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Б ахыг хүргэж өгөхөөр А, Д, Ж бид 4 Б ахыг хүргэж өгөхөөр явсан. ...Тэгээд Б ахын гэрийн гадаа 14 цагийн үед очсон санагдаж байна. Тэгээд очиход гэрийх нь гадаа мал эмнэлгийн эмч ирчихсэн байсан. Тэгээд Б ахын гэрт нь бүгдээрээ ороход Б ах дээрээс нь бага зэрэг уучихсан 0,75 литрийн Экс нэртэй архи гаргаж ирсэн. Тэр архийг Б ах, Д, Ж, А, малын эмч бид 6 хувааж ууж дуусгахад малын эмч жолоочоо явуулж 0,75 литрийн Улаанбаатар архи авч ирүүлж Б ахын гэрт бид нартай хамт ууж дуусгаад Д, Ж 2 малын эмчийг жолоочтой нь хамт аваад гахайндаа тариа хийлгэнэ гээд аваад явсан. Б ахын гэрт А, Б ах бид 3 үлдсэн. ...ярилцаад хэрүүл маргаан хийгээгүй сууж байтал Б ах орныхоо араас буу гаргаж ирээд “энэ миний гахай бууддаг буу” гээд буугаа гаргаж ирээд над руу чиглүүлээд байсан. Тэгэхээр нь “буугаа хураа, архи уусан байцгааж байж”
гэхэд бууныхаа замгийг татахаар нь би сандраад шууд бууных нь хошууг бариад
авахад шууд чад бууныхаа гохыг дарсан. Тэгэхэд сумгүй байсан. Тэгээд бууг нь
булаацалдахдаа би бууных нь хошуунаас Б ах бууныхаа бөгснөөсөө бариад
ширээний наана цаанаас зууралдаад булаацалдаж байхдаа эвээр бууг нь авах гэж
үзээд болохгүй байхаар нь ширээний наана цаана гараад бараг дээр доороо гарах нь
халаггүй нилээн булаацалдаж байгаад би хамгийн сүүлд нилээн хүчтэй татаж бууг нь
аваад орны ар луу нь шидээд явъя гээд гэрээс нь гүйгээд гарахад миний араас
А гарч ирж байснаа “намайг хутгалчихлаа” гээд орилсон. Тэгээд би буцаад
очиход А газар уначихсан Б ах гартаа хар бариултай дунд зэргийн
хутга барьчихсан Аийг дээрээс нь хутгалж байсан. Тэгэхээр нь Б ахыг
Аээс холдуулах гээд “хөөе болиоч” гэхэд над руу дайрч ирэхээр нь 2 гараа урдаа бариад та болилдоо гээд ухарч алхаж байгаад би хойшоогоо бүдрээд дээшээ хараад унахад миний дээрээс хутгалж эхэлсэн. Тэгээд эхний хутгалсан нь эвгүй орсон амьсгаа авч болохгүй ухаан алдсан...гэх мэдүүлэг /1х, хх-166-167/
- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Тухайн өдөр Д.Б ах ахыгаа хүргээд өгчих гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Тухайн өдөр замд дэлгүүр рүү Д.Бах орсон. Дэлгүүрт орчихоод нилээн удаж байж гарч ирсэн. Тэгээд гарж ирээд архи олдохгүй байна. Зээлээр архи өгөхгүй гэж байна. Тал шил архи байхаар нь ах нь хувааж уучихаад гарч ирлээ гэж хэлээд гар ирсэн. Тэндээсээ шууд Банди ахынд очоод нэг шил 0.5 грамын архи, 1 шил 0.75 грамын архи Банди өвгөний гэрт хувааж уусан. Би машин барьж байсан болохоор уугаагүй. Банди өвгөний гэрээс гараад баc нэг айлд очсон. Тэр айлд мөн нэг 0.75 грамын архи уусан. Дараа нь Н-н хамаатны ахынд очсон. Н-н ахын гэрт нь очоод сууж байтал Д.Б ахын утас нь дуугараад малын эмч вакцин хийх гээд байна. Та хүрээд ир гэж ярьсан байсан. Д.Бах ахыгаа гэрт хүргээд өгчих малын эмч вакцин хийх гээд ирсэн байна гэж хэлээд бид нар Д.Б ахын гэрт очих үед Д.Бах хөргөгчнөөсөө 0.75 грамын дөнгөж задалсан байсан архи гаргаж ирсэн. Түүний дараа малын эмчийг дахин 0.75 грамын архинд явуулсан. Тэгээд тэр архинуудыг уугаад сууж байтал Д Ж хоёр малын эмчээр гахайндаа вакцин тариулна гэж хэлээд явсан. Д.А, Д.Б ах би гурав үлдсэн архиа тойруулаад сууж байтал Д.Бах гэнэт буу гаргаж ирээд ах нь гахайгаа энэ буугаар нядалдаг гэж хэлээд бид хоёр руу буугаа чиглүүлээд та хоёрыг буудна гэж хэлсэн. Тэхээр нь би та буугаа далд хийчих гэтэл бууныхаа замгийг татсан. Би бид хоёрыг буудах гээд байгаа юм шиг санагдаад айсандаа бууг авсан. Д.Б ах буу булаацалдах үед буугаа тавихгүй байсан тул Д.Б ахын толгойд барьж байсан буу санамсаргүй цохигдсон. Бууг булаацалдаж байх үед бууны гох дарагдсан. Бид хоёрыг алах гэж байгаа юм байна гэж бодоод их айсан. Б ууг нь хүчтэй татаад ор руу шидчихээд би гүйгээд гарсан. Араас Д.А гүйж байхад намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би эргэж Д.А-ийг авах гээд очих үед над руу хутгаа бариад дайраад байхаар нь би ухарч байгаад бүдрээд унах үед намайг хутгалсан. Намайг хэдэн удаа хутгалсныг мэдэхгүй. Миний биед 5 хутгалсан хутганы сорви үлдсэн байсан...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 15-16 цагийн үед гэртээ “буу” барьж сүрдүүлэн, “хутга” хэрэглэн Д.А-н баруун шуунд 1 удаа, баруун өгзгөнд 1 удаа, баруун чихний хажууд 1 удаа, хүзүүний хойд хэсэгт 1 удаа нийт 4 удаа хутгалсан, иргэн Д.Н-ын хэвлий тус газарт 1 удаа, хавирга цээж хэсэгт 2 удаа, зүүн өгзгөнд 1 удаа нийт 4 удаа хутгалсан буюу 2 хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь :
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-4-7/,
- хохирогч Д.А-н мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр...бид архи ууцгаасан...Б ахын гэрт 2 эмч орж ирэхэд Б ах 0,75 литрийн Экс нэртэй архи гаргаж ирээд 2 эмчид хийж өгсөн...эмч нар яваад, үлдсэн архиа тойруулаад ууж байснаа Б ах “миний гахай бууддаг буу” гэж буугаа харуулж байснаа гэнэт Н бид хоёр луу буугаа шагайгаад “...та хоёрыг буудна...гэсэн…Н бид 2 урдаас нь босож очоод бууг нь булаацалдаж аваад орон дээр нь Н тавьсан…Б гартаа жижиг хутга бариад “ална” гэж хэлээд дайрахад нь…гэрээс зугтахад үед миний бөгс рүү час гээд...гараар бариад үзэхэд цус гарч байсан, цаашаа зугтаахад араас гүйж ирээд намайг дэгээдэж унагаагаад миний дээрээс толгой руу өшиглөөд, гараараа хаах үед баруун гарын шуу руу 1 удаа, баруун чихний ойролцоо 1 удаа, хүзүүний зүүн хойд хэсэгт 1 удаа нийт 4 удаа хутгалсан. Тэгээд “би үхлээ ш дээ” гэж гуйхад намайг үргэлжлүүлж цээж толгой руу өшиглөж байсан. Тэгээд би нилээн манараад ухаан орж гарсан…нилээн зайтай Ныг газар унагаачихсан дээрээс нь Б зодож байгаад гэр лүүгээ орчихсон...гэх мэдүүлэг /1х, х-33-35, 2х, х-77-78/,
- шинжээчийн дүгнэлт...А-ийн биед баруун чамархай, баруун өгзөг, шуу, хүзүүний зүүн хэсэгт шарх, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-87/,
- хохирогч Д.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн:...тэр өдөр бид хамт архи ууцгаасан...Б ахын гэрт А бид 2 үлдээд Д, Ж 2-ыг хүлээгээд Б ахтай юм яриад сууж байтал “гахай нядлахдаа хэрэглэдэг буу” гэж буугаа үзүүлээд сууж байснаа гэнэт бууныхаа замгийг татахаар нь эвгүй санагдаад бууных нь хошуунаас нь барьж аваад “А-ээ бууных нь бөгснөөс татаад аваадах” гэж хэлэхэд Б ах “пиздануудаа тавиараа” гээд…булаацалдаж байх үед чат гэж дуугараад гох нь дарагдсан...бууг нь холдуулъя гэж бодоод бууг нь булааж аваад орных нь ардуур шидээд гэрээс нь зугтаагаад гарсан…миний араас А гүйж яваад “ёоё, намайг хутгалчихлаа” гээд орилоод газар хэвтэхээр нь “өө та яаж байгаа юм бэ” гээд Б лүү ойртоход гартаа хутга бариад ойртоод байхаар нь 2 гараа урдаа бариад хойшоо ухарч алхахдаа бүдрээд унахад миний дээрээс ирээд миний цээж хэсэгт хутгатай гараараа саваад цохьсон…би амьсгаа авч чадахгүй ухаан балартсан…бас А дээр очиж нэг өшиглөж цохиод эргэж над дээр ирж цохиж өшиглөж байсан…би удалгүй ухаан алдсан…гэх мэдүүлэг /1х, хх-39-41/,
- шинжээчийн дүгнэлт :...Н-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг, ходоодыг гэмтээсэн хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд хурц цус алдалт, цээж, хэвлий, зүүн өгзгөнд шарх, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-83/,
- гэрч Н.С мөрдөн байцаалтад өгсөн:...Дуудлагын дагуу 17 цаг 00 минутанд очсон...А-ийг хүн түшиж өөрөөр нь алхуулж оруулж ирсэн...Н гэх хүнийг манай түргэний жолооч үүрч оруулж ирсэн...” гэх мэдүүлэг /1х, хх-46-47/,
- гэрч Ө.Ж мөрдөн байцаалтад өгсөн:...тэр үед эмч өөр бусад эмч дуудаж машинд ачиж цэргийн коспиталын эмнэлэгт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /1х, хх-48/,
- гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн:...дуудлагын дагуу 17 цаг 18 минутанд түргэний эмч машинтай хамт очиход Б гэж хүний гэрийн гадаа гэрээс нь 30 метрийн зайд А гэж залуу газар шороон дээр хэвтэж байсан. Бийн гэрээс 50-60 орчим метрийн зайд Н гэж хүн хэвтэж байсан….Хэргийн газар очих үед А нь “Б буу барьж бид нарыг хөөсөн, тэгээд намайг болон Ныг хутгалсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-49-50/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын 455 дугаартай...Д.Бнь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах, өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна...гэх дүгнэлт /1х, хх-116-114/,
- шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн...би өөрийн сууж байсан хойморийн орны доороос ажилладаггүй бууг гаргаж ирээд “миний гахай бууддаг ажилладаг буу” гэж хэлээд айлгах гэхэд тэр 2 над руу дайрч ирээд миний бууг надаас булааж аваад Н бууны бөгсөөр миний зүүн гуя руу цохиод, ширээн дээр байсан чихрийн тавгаар миний толгойн орой хэсэг рүү цохиж, миний толгойг хагалсан...би ширээн дээр байсан хар иштэй, жижиг хутгыг аваад...А-ийн бөгс рүү нэг удаа хутгалах шиг болсон. Харин өөр бусдаар хутгатай гараа саваад хаана хутгалснаа мэдэхгүй...Н салгах гээд ирэхээр нь би Н-ыг надаас холд гээд хутгатай гараа савахад хутгаараа хатгачих шиг болсон....гэх мэдүүлэг /1х, хх-160-161/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...би Н, А нарыг дүү нар явцгаа гэж хэлтэл явахгүй надаас дахин архи нэхээд байхлаар нь айлгаад явуулчихъя гэж бодоод орны дор байсан буу гаргаж иртэл миний бууг булааж аваад миний тархи толгой руу цохисон, би уурандаа хутга шөвгө гаргаж ирсэн...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 15-16 цагийн орчим гэрт Д.Б-ийг буу барьж сүрдүүллээ гэх шалтгаанаар бууны бөгсөөр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...би айлгах санаатай буугаа гаргаж ирээд барихад Н, А 2 ухас хийж дайраад…арай гайгүй согтолттой байсан Н миний гараас буу булааж аваад бууны бөгсөөр миний толгой руу санаатайгаар цохиж хагалсан, миний толгойноос цус нүүр дагаад урсахад гүйгээд гарсан...”/1х, хх-44-45/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Н бууны ар талын хэсгээр миний толгойг цохисон. Толгойндоо таван оёдол тавиулсан гэх мэдүүлэг,
- шинжээчийн дүгнэлт...Б-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын 2-р хурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Амь насанд аюулгүй гэмтлүүд болно. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /1х, хх-85/,
- шүүгдэгч Д.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн:...хэрүүл маргаан хийгээгүй сууж байтал Б ах орныхо-о араас буу гаргаж ирээд “энэ миний гахай бууддаг буу” гээд буугаа гаргаж ирээд над руу чиглүүлээд байсан. Тэгэхээр нь “буугаа хураа, архи уусан байцгааж байж” гэхэд бууныхаа замгийг татахаар нь би сандраад бууных нь хошууг бариад булаацалдсан, хамгийн сүүлд би нилээн хүчтэй татаж бууг нь аваад орны ар луу нь шидсэн.../1х, хх-166-167/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... бид хоёрыг буудах гээд байгаа юм шиг санагдаад айсан даа бууг авахаар булаацалдах үед Д.Б ахын толгойд барьж байсан буугаар санамсаргүй цохигдсон гэх мэдүүлэг,
- Д.А-н мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн:...Б ах “...энэ миний гахай бууддаг буу...” гэж буугаа харуулж байснаа гэнэт Н бид хоёр луу буугаа шагайгаад “...та хоёрыг буудна...” гэсэн. Тэгээд Н бид 2 урдаас нь босож очоод бууг нь булаацалдаж аваад орон дээр нь Н тавьсан. Тэр үед Б ахын толгойноос нь цус гарч, нүүр рүү нь урсаж байсан…гэх мэдүүлэг /1х, х-33-35, 77-78/,
- гэрч Н.С мөрдөн байцаалтад өгсөн:...Дуудлагын дагуу 17 цаг 00 минутанд очиход Б гэж хүн шавар гэрт сандал дээр суучихсан толгойноос нь цус гарчихсан нүүр лүүгээ урссан байдалтай гэрийнх нь шалаар нил цус болчихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-46-47/,
- гэрч Ө.Ж мөрдөн байцаалтад өгсөн:...Гэрт нь ороход Б гэх хүний толгой нь хагарчихсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /1х, хх-48/,
- гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн:...очиход Б гэр дотроо ганцаараа толгой нь хагарчихсан байдалтай толгойныхоо цусыг нойлын цаасаар арчаад сууж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-49-50/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг хоёр хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд,
шүүгдэгч Д.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттайгаас гадна шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, түүнчлэн гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгч тус бүрт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн нэгдмэл санаатай хэлбэрийн хүрээнд үргэлжилсэн үйлдлээр үргэлжилсэн тухайн цаг хугацаанд хохирогч Д.А, Д.Н нарыг анх галт зэвсэг болох буугаар “ална” гэж айлган сүрдүүлж, улмаар бууг нь булааж авсны дараа хүйтэн зэвсэг болох хутга барин элдэн хөөж хохирогч нарыг тус бүр 4 удаа нийт 8 удаа хутгалж, улмаар бусад байдлаар хүч хэрэглэн зодож тэднийг ухаан алдуулсан буюу хэвтрийн байдалд оруулсан, олон тооны шарх, гэмтэл үүсгэснээр бие махбодь, сэтгэл санааны хувьд шаналган зовоож, тарчилгасан болох нь тогтоогдсон байх тул гэмт хэргийн субьектив шинж буюу сэдэлт, зорилго, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга, нөхцөл байдлын зэрэг бүх шинжээрээ “хүнийг алах” гэм буруугийн сэдэлт зорилгын нэгдмэл шинжийг бүрэн хангасан, үйлдлийн арга нь онц харгис гэж үзэх үндэслэлтэй.
Мөн хэргийн үйл баримтаар шүүгдэгч, хохирогч нар бага бус хэмжээгээр архидан согтуурсан нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байх боловч хохирогч Д.А, Д.Н нар нь анхлан Д.Б-ийн эсрэг хууль бус, зүй бус үйлдэл хийгээгүй, түүнийг дээрэлхэн дарамталсан, довтолсон гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүйгээс гадна хохирогч нар нас бараагүй амьд байгаа нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг өөрчлөх үндэслэл болохгүй, харин тухайн гэмт хэрэгт завдсан үндэслэл болсон байгааг тэмдэглэж байна.
Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим алдаа, зөрчил байгаа гэх шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийн хүрээнд тус хэргийг шүүхээс урьд 2 удаа прокурорт буцаасан /1х, х-54, 2х, х-137/, энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааны зөрчлийг арилгах чиглэлээр зохих ажиллагааг хийсэн байх ба өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн өмнөх шатанд дахин нэмэлт хүсэлт, гомдол гаргасан баримтгүй төдийгүй яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол 2018.03.06-ны өдөр гарсан /2х, х-143/, энэ дагуу Д.Б-ийг байцаасан, байцаалтад түүний өмгөөлөгч нь оролцсон /2х, х-148-151/ байх тул шүүгдэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт 2018.03.06-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолд шүүгдэгч Д.Б-ийг танилцуулаагүй тухай хүсэлт гаргасан байх боловч /2х, х-169/ шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг анх 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явуулж, Д.Б-ийг хэдийн яллагдагчаар татан байцааж, бусад ажиллагааг хийсэн, энэ явцад 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилснээр тухайн хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн зарим ажиллагааг шинээр болон шинэчлэн хийсэн, улмаар яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, яллагдагч Д.Бт тухайн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулан, өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг авсан байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлгүй болно.
Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээр шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Т.Д “тус гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, 2018.03.06-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг шүүгдэгчид танилцуулаагүй тухай санал, дүгнэлтийг хүлээж авах, тухайн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, хэргийг прокурорт буцаах боломжгүй гэж дүгнэв.
Харин шүүгдэгч Д.Н-ын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Б-ийн барьсан “сумлаагүй буу”-г нь булааж авсан хэдий боловч тийнхүү авсныхаа дараа толгойн тус газарт нь санаатайгаар цохьсон, цус бага бусаар урссан гэх хохирогч Д.Б-ийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй байх тул Д.Н-ын үйлдэлд аргагүй хамгаалалтын шинж бүрэн хангагдаагүй гэж үзэв.
2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн тухайд: шүүгдэгч Д.Бийн хувьд 2 хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэгт завдсан тохиолдолд оногдуулж болох хорих ялын доод хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар 1 жил, харин 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сараас дээш, мөн оногдуулж болох хорих ялын дээд хэмжээг 2002 оны Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаас дордуулахгүй байх боломжтой байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэснээр нь, харин шүүгдэгч Д.Нын хувьд түүний үйлдсэн хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар 6 сар, харин 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жил байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу тус тус шийдвэрлэв.
Хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг, 300.000 төгрөгөнд тооцож 2 хонь авсан нэхэмжлэх зүйлгүй /2х, хх-84/ гэх тул шүүгдэгч Д.Бнь хохирогч Д.А-эд төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Д.Н-т учирсан эрүүл мэндийн хүнд хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой бөгөөд хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд эм тарианы 148450 төгрөг /1х, х-201 ар тал/, хагалгааны төлбөр 310,000 төгрөг /1х, х-202, 206/, эмнэлгийн ор хоногийн 330000 төгрөг /1х, х-202/, эм тарианы 144500 төгрөг /1х, х-202 ар тал/, эмнэлгийн ор хоног 180,000 төгрөг, эмийн 70000 төгрөг, томографи 157000 төгрөг, эмийн 72000 төгрөг /1х, х-204-205 ар тал/, эм тариа, эмчилгээний 1612109 төгрөг / 1х, х-208-216/, эм тариа, эмчилгээ 16200 төгрөг, 12000 төгрөг /2х, х-113/, эмчилгээ, эм тариа 355100 төгрөг /2х, х-128-132/ нийт 3,407,359 төгрөгийг хангах үндэслэлтэй, үүнээс 2,100,000 төгрөг төлөгдсөн байх тул 1.307.359 төгрөг төлөгдөхөөр байна.
Хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас учирсан гэх унаа, шатахууны зардлын хувьд хэн, хэзээ, хэрхэн яаж зарцуулсан, энэ нь тухайн хүнд хохирлыг эмчлүүлэхтэй хэрхэн шалтгаант холбоотойг нотлох үндэслэл, баримт байхгүй тул хангах боломжгүй, харин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Д.Н-ын хувьд түүний үйлдсэн хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан 6 сарын өнгөрсөн байх тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Бусад асуудал
Тус хэрэг битүүмжлэгдсэн зүйлгүй. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /1х, х-31, 13, 16-18, 20/ шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хар иштэй ахуйн хэрэглээний хутга, түүнчлэн Д.Н-ын гэх саарал өнгийн хүүхэлдэйн зурагтай ноосон цамц, саарал өнгийн ханцуйгүй майк, хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн бэлтгэлийн нимгэн ноосон өмд, улаан өнгийн дотуур хувцас, хар өнгийн суран тэлээ, оймс 2 ширхэг, хар өнгийн богино түрийтэй гутал, Д.А-н гэх хар хөх өнгийн куртик, бор саарал өнгийн ноосон цамц, цайвар саарал өнгийн нимгэн цамц, хар өнгийн ханцуйгүй майк, хар өнгийн даавуун өмд, бор өнгийн суран тэлээ, цэнхэр эрээн өнгийн дотуур өмд, саарал эрээн өнгийн дотуур хувцас, оймс 2 ширхэг, шар өнгийн богино түрийтэй гутал/, Д.Б-ийн гэх хар өнгийн цахилгаантай богино куртик, хар өнгийн цасны өмд, хар өнгийн түрийтэй гутал/-ыг зохих журмын дагуу тус тус устгах, харин ТОЗ-8-01, 84И19542 бууг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, Д.Б нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс /1х, х-141/, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг /1х, х-149/ хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч Д.Н-т холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Б-ийг хоёр хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Н-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Н-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 8 жил хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б-ийн эдлэх 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Н-т учирсан хохирлын 1.307.359 төгрөгийг шүүгдэгч Д.Бөөс 2 жилийн хугацаанд гаргуулж, тухайн хохирогч олгосугай.
8. Шүүгдэгч Д.Н цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хар иштэй ахуйн хэрэглээний хутга, түүнчлэн Д.Н-ын гэх саарал өнгийн хүүхэлдэйн зурагтай ноосон цамц, саарал өнгийн ханцуйгүй майк, хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн бэлтгэлийн нимгэн ноосон өмд, улаан өнгийн дотуур хувцас, хар өнгийн суран тэлээ, оймс 2 ширхэг, хар өнгийн богино түрийтэй гутал, Д.А-н гэх хар хөх өнгийн куртик, бор саарал өнгийн ноосон цамц, цайвар саарал өнгийн нимгэн цамц, хар өнгийн ханцуйгүй майк, хар өнгийн даавуун өмд, бор өнгийн суран тэлээ, цэнхэр эрээн өнгийн дотуур өмд, саарал эрээн өнгийн дотуур хувцас, оймс 2 ширхэг, шар өнгийн богино түрийтэй гутал/, Д.Б-ийн гэх хар өнгийн цахилгаантай богино куртик, хар өнгийн цасны өмд, хар өнгийн түрийтэй гутлыг тус тус зохих журмын дагуу устгаж, харин ТОЗ-8-01, 84И19542 бууг бүрдлийн хамт Cонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлсүгэй.
10. Шүүгдэгч Д.Б-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцсугай.
11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.