Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0684/З |
Дугаар | 249 |
Огноо | 2020-06-25 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 249
БНХАУ-ын иргэн Т-гийн нэхэмжлэлтэй,
УБЕГ-ын ХЭУБГ-т холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ххх овогтой Ө/Wulzisuren/-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0083 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 234 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0083 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль(2009 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль(2015 он)-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ххх овогтой Ө/W/-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Т түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 234 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4” гэснийг “11 дүгээр зүйлийн 11.5.3” гэж, “23 дугаар зүйлийн 23.1” гэснийг “19 дүгээр зүйлийн 19.1.3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. ...Шийдвэр, магадлалд улсын бүртгэл мэдээлэл бий болохтой холбогдох хуулийн заалтуудыг өөрөөр тайлбарлан хэрэглэж, хэрэгжих боломжгүй хууль бус бүртгэл, нөхцөл байдлыг цааш үргэлжлэхээр, хэрэглэх ёстой хууль.журмыг хэрэглэхгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус улсын бүртгэл гэж маргаагүй мэтээр өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бодит байдалд нийцсэн, хэрэгжих боломжтой байх шаардлагыг хангаагүй, мөн хууль журам зөрчсөн бүртгэл болон бүртгэлийн үйл ажиллагааг зөвтгөж, цаашид ч хууль бус, эрх зүйн тодорхойгүй, хэрэгжих боломжгүй байдал үргэлжилж, эдийн засгийн болон эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэсээр байх нөхцөлийг бүрдүүлсэн шийдэл боллоо.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4 дахь заалтуудыг баримталсан, харин давж заалдах шатны шүүх дээрх заалтыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 11 дүгээр зүйлийн 11.5.3 болгон өөрчлөлт оруулж хууль хэрэглээг өөрчилж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч тал юуны өмнө Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,3.1.4-д заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх гэсэн үндсэн зарчимд нийцээгүй гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2 дахь хэсэгт заасан нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалт зөрчигдсөн байхад улсын бүртгэл хийгдэх ёсгүй, татгалзах ёстой зохицуулалт байгааг тайлбарласан. Тухайн цаг үед улсын бүртгэлийн байгууллага хууль журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласаар байтал тухайн үед хуурамч баримт гэдгийг улсын бүртгэл мэдэх боломжгүй байсан гэж дүгнэж, улмаар захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байна.
6. Маргаж буй улсын бүртгэл нь дутуу бүрдэлд болон хуурамч баримт, гарын үсэг бүхий эрхгүй этгээдийн хүсэлтэд үндэслэн хийгдсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдлыг тогтоосон хууль журмыг шүүх хэрэглэхгүй байна. 2015 Хууль зүйн сайдын А/39 дугаарын тушаал гарч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүртгэх журам батлагдан улсын бүртгэл хийгдэх зохицуулалт хэрэгжсэн байдаг. Энэхүү журмын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т үүсгэн байгуулагч болон эрх бүхий дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол.шийдвэр ирээгүй байхад улсын бүртгэл гүйцэтгэх удирдлагын өөрчлөхдөө 4.3-д зааснаар хүлээн авсан өргөдөл баримт бичгийг хувийн хэрэг дэх нотлох баримттай тулган хянаж, бүртгэх эсэх шийдвэрийг гаргана гэж заасан байна.
7. Өөрөөр хэлбэл улсын бүртгэл гүйцэтгэх удирдлагыг бүртгэхдээ нягталж хянах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нотлох баримтанд үндэслээгүй, холбогдох хууль зөрчигдсөн хууль бус бүртгэл мэдээлэл бий болсон. Тухайлбал дээрх журмаар бүрдэлд байхыг шаардсан байхад хүсэлтэд хавсаргагдаагүй бүрдлээс дурьдвал:
8. Хөрөнгө оруулагчдын хурлын тэмдэглэл байхгүй, хурлын тогтоол байхгүй, гүйцэтгэх удирдлагатай хийсэн гэрээ байхгүй, хуулийн этгээдийг Монгол улсад төлөөлж хариуцлага хүлээх этгээдийн эрх зүйн байдал тодорхой байх ёстой байтал Ө нь хэн болох, ийм хүн байдаг эсэх нь ч тодорхойгүй, Ө гэж хүний иргэний мэдээлэл байхгүй, паспортын хуулбар хувийн хэрэгт авагдсан гэж хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа бичсэн боловч хариуцагчаас гаргаж өгсөн хувийн хэрэг болон нотлох баримтанд байхгүй / БНХАУ-ын иргэн учраас заавал байх ёстой/, мөн өргөдөл гаргах маягт дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Баяржаргал гэж бичсэн атлаа маягтын дор Т-г Монгол улсад байхгүй хугацаанд түүний гарын үсгийг дуурайж, хуурамчаар зурж өргөдөл гаргасан болох нь нотлогддог. /хх-38/ мөн 2015.11.27-ны өдрийн Улсын бүртгэлд Өг гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх тухай хүсэлтэнд ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн тогтоол гэж 2 өөрөөр бичигдсэн байхад хяналтаа хэрэгжүүлээгүй /хх-39/ гэх мэт.
9. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр татагдан тайлбар гаргасан Ө нь “...нэг ч өдөр захирлаар ажиллаж байгаагүй, тамга барьж үзээгүй...”, харин Мэндсайхан нь гуравдагч этгээдийн хувьд хариу тайлбар гаргахдаа “... хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг би гаргасан” хэмээн тус тус тайлбарласан. Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар 2015.11.27-ны өдөр Танг Чун Лей нь Монгол Улсад байгаагүй болох нь нотлогддог.
10. Анхан шатны шүүхээс "... 2015.11.27-ны өдрийн Т-02 тогтоол болон Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан баримт бичиг бүрдүүлж ирснийг үндэслэн Өг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулжээ. Бүртгэл хууль бус бүртгэгдэж, Ө нь хууль бусаар гүйцэтгэх захирлаар томилогдсоныг мэдсэнээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөрдөн шалгах явцад БНХАУ-ын иргэн Л нь “хурал болоогүй, Ө өөрөө монголоор бичиж чадахгүй учраас оффисын орчуулагчаар албан тоот бэлдүүлээд Тгийн гарын үсгийг надаар зуруулсан” гэж мэдүүлэг өгсөн байна. Л энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна ” гэж, хууль бус ашиг сонирхлын төлөө хуурамч баримт үйлдэж, улсын бүртгэлийн байгууллагад өгсөн болох нь 2019.06.10-ны өдрийн 5/387 тоот Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолоор тогтоогдсон. /Хавтаст хэргийн 13, 14 дүгээр талд авагдсан нотлох баримт/
11. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх байгууллагын шийдвэрээр тогтоосон гэж үзнэ. Хуулийн этгээд нь бусдад хохирол учруулах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх улсын бүртгэлд үндэслэн бий болох харилцаа нь хууль ёсны байх шаардлага, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй харилцах болон хариуцлага тооцогдох нөхцөлийг хангаж, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т зааснаар төлөөлөх этгээдийн мэдээллийг бүрэн гүйцэд оруулах шаардлагыг зохицуулсан байдаг. Улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар маргаан бүхий улсын бүртгэл нь 2013.10.15-ны өдөр өргөдөл гаргагч өөрөө хүсч, гүйцэтгэх удирдлагын эрхээ бүртгүүлж, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь баталгаажсан байна. Энэхүү эрхийг дуусгавар болгосон бүртгэл, түүний хүсэл зоригийн илэрхийлэлгүйгээр эрх олгогдоогүй этгээд Өгийн хуурамчаар үйлдсэн баримт бичигт үндэслэгдсэн, нотлох баримтгүй, хариуцагчийн тайлбар болон Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3.1.4,3.1.5,8.1.7,10.1,11 дүгээр зүйл,17.3, 21.2 дахь заалт, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, 23 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дах заалтууд зөрчигдсөн байхад үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
12. Дээр дурдсан захиргааны байгууллагын хууль бус үйлдэл үйл ажиллагааны улмаас компанийн 10 хувийн хөрөнгө оруулагч, 89 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Тан Чун Лей-ийн эрх, хууль ёсын ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул зөрчигдөж буй эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл түүний хөрөнгийг хууль бусаар улсын бүртгэл хийгдэж эрх олж авсан этгээд түүний эрхийг эдэлж байгааг зогсоож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
13. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
14. Нэхэмжлэгч Т /T/-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...компанийн орчуулагчаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Ө нь байнга оршин суух эрх авахын тулд хуурамч баримт бичиг үйлдэж, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй байхад хурлын тэмдэглэл, тогтоолыг үйлдэж хууль бусаар гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн. ...бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэл хийсэн, уг бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6-д заасанд нийцээгүй” гэж марган, “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ххх овогтой Ө /W/-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
15. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, ...түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана: 19.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу; 19.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй; 19.1.3.өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” гэж заасан.
16. Мөн, хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэхээр хуульчилсан байх бөгөөд хуульд заасан энэ үндэслэлийг буюу хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад бүрдүүлэх баримт бичгийг Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.2-т мөн энэ байдлаар зааж журамлажээ.
17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Их сүндэр констракшн” ХХК-ийг үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Т нь 2013 онд өөрийн эзэмшлийн хувьцааны 11 хувийг П.Мд худалдсанаар, тус компани 2 хувьцаа эзэмшигчтэй болсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин “Их сүндэр констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн талаарх бүртгэлийг хийлгэхдээ, тус компанийн хувьцаа эзэмшигч Т, П.М нарын гарын үсэг бүхий Хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Т/02 дугаар тогтоол /уг тогтоолд “Компанийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Өг томилсугай. Тус гүйцэтгэх захирал W нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боловч хувьцаа эзэмшихгүй байхаар тогтоосугай...” гэж заасан/, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХЭУБГ-т өргөдөл гаргасан байна.
18. Хариуцагч бүртгэлийн байгууллага нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эдгээр баримтыг үндэслэн, “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ххх овогт W-г томилсоныг бүртгэсэн нь хууль, журмын дээрх зохицуулалтууд болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т “улсын бүртгэгч нь энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэсэнд тус тус нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Маргаж буй улсын бүртгэл нь бүрдэл дутуу болон хуурамч баримтад, мөн ...эрхгүй этгээдийн хүсэлтэд үндэслэн хийгдсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдлыг тогтоосон хууль, журмыг шүүх хэрэглэхгүй байна. ...хууль бус ашиг сонирхлын төлөө хуурамч баримт үйлдэж, улсын бүртгэлийн байгууллагад өгсөн болох нь Сүхбаатар дүүргийн прокурорын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 5/387 тоот тогтоолоор тогтоогдсон” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй. Учир нь, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж зааснаар бүртгэлийн байгууллага нь тухайн үед тус компанийн, хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар зохих журмын дагуу бүрдүүлж өгсөн баримтад үндэслэн бүртгэлийг хийсэн, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 5/387 тоот “Хариу мэдэгдэх хуудас”-т заасан үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.
20. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв, иймээс дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 234 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА