Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00244

 

П.Болортуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05733 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлалтай,

         П.Болортуяагийн нэхэмжлэлтэй,

         Мал эмнэлэг, үржлийн газарт холбогдох         

    Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.520.908 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Болортуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гаргасан тайлбарт: “Миний бие Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тушаалын дагуу Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга Малын ерөнхий эмчээр ажилласан бөгөөд Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны А/02 тоот тушаалаар Ерөнхий эпидемиологч, тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан их эмчээр томилогдон, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ту/хө/61 тоот “Удирдах албан тушаалтантай байгуулах контракт”-ын гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа Контрактаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 29 орны чуулганыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсан, “Шүлхий өвчинтэй тэмцэх стратеги”-ийг Олон улсын төвшинд хүргэж дээрх байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн зэрэг олон чухал ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус гэрээний салшгүй хэсэг болох 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлж гэрээ болон контрактаар хүлээсэн үүргээ биелүүлж, “хангалттай” үнэлгээ авч 2015 оны эцэст удирдлагаас шагнал урамшуулал хүртсэн болно. Гэвч Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Батцэнгэл нь томилогдсон даруйдаа “...Чи хоёр жилийн өмнө надад арга хэмжээ авч байсан биздээ. Би арга хэмжээ авахуулаад чимээгүй өнгөрсөн, чамайг ажиллуулахгүй, чи хүсэлтээ өг...” гэх байдлаар дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Улмаар 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 тоот тушаалаар П.Болортуяа намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, Ту/хө/61 тоот “Удирдах албан тушаалтантай байгуулах контракт”-ын гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-41.1.4-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж болохоор зохицуулсан бөгөөд тус нөхцөлийн аль нь ч үүсээгүй. Мөн Ту/хө/61 тоот “Удирдах албан тушаалтантай байгуулах контракт”-ын гэрээний 9.4.1-9.4.3-т контракт цуцлах үндэслэлийг тус тус тодорхой заасан бөгөөд эдгээр нөхцөлүүдийн аль нь ч үүсээгүй байхад “контракт”-ыг цуцалж Хөдөлмөрийн тухай хууль болон контрактыг зөрчиж намайг хууль бусаар ажлаас халаад байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Ту/хө/61 тоот “Удирдах албан тушаалтантай байгуулах контракт”-ын гэрээний 9.2-т тус тус заасан шаардлагыг ажил олгогч нь биелүүлээгүй, надад урьдчилан мэдэгдэлгүй хууль, журам зөрчсөн. Ажлаас чөлөөлөх тушаалдаа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 511 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар тогтоол зэрэг контрактын гэрээгээр ажиллаж буй Ерөнхий эпидемиологч, гадаад харилцаа хариуцсан их эмчийн ажил үүрэгтэй ямар ч холбоогүй шүүхийн шийдвэрүүдийг үндэслэсэн нь хууль болон гэрээний дагуу бус хувийн шалтгаанаар контрактыг цуцалсан гэдгийг харуулж байна. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэлийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байх хугацааны цалин хөлс 4 520 908 төгрөгийг олгуулж, Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 тоот тушаалаар П.Болортуяа намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаж удирдах албан тушаалтантай байгуулсан контрактын гэрээг цуцалсан” гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Хүнс Хөдөө аж ахуйн яамны сайдын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/41 тоот тушаалын дагуу Мал эмнэлэг, үржлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг шинэчлэн баталсантай холбогдуулан Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэлийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/08 тоот тушаалаар П.Болортуяаг ажлаас чөлөөлсөн. П.Болортуяа нь Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэлийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/08 тоот тушаалтай танилцаж мэдсэн атлаа үүнийг нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Хүнс Хөдөө аж ахуйн яамны сайдын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/41 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Мал эмнэлэг, үржлийн газрын зохион байгуулалтын бүтцээр П.Болортуяагийн гүйцэтгэж байсан Ерөнхий эпидемиологич, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо үндсэндээ үгүй болж Мал эмнэлгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий эпидемиологич, Төлөвлөлт гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн гэж 2 хуваагдсан нь П.Болортуяаг үндсэндээ ажлын байраар хангах боломжгүй болсныг илтгэж байгаа юм. Ажлын байрны тодорхойлолт ч дагаад өөрчлөгдсөн тул урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэлийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь МЭҮГ-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалаар хүчингүй болсон. П.Болортуяа нь нэхэмжлэлдээ ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсан гэж бичсэн нь үндэслэлгүй бөгөөд төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албан хаагч биш П.Болортуяаг Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга бөгөөд мал эмнэлгийн хэлтсийн дарга Т.Баатарыг үндэслэлгүйгээр ажлаас халж, түүний оронд томилж байсан. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны сайдын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 тоот тушаал гарснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 341 дүгээр шийдвэрийг биелүүлж Т.Баатарыг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж, П.Болортуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ийнхүү П.Болортуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болох байсан боловч тухайн үеийн удирдлага ажлын байраар хангая гэсэн шийдвэрт хүрч Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 тоот тушаалаар Мал эмнэлгийн хэлтсийн ерөнхий эпидемиологич Ц.Пүрэвхүүг мөн үндэслэлгүйгээр албан тушаал бууруулан П.Болортуяаг Ерөнхий эпидемиологичоор томилсон. Тухайн үеийн удирдлагын буруутай шийдвэр байсан гэдэг нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр Т.Баатарыг үндэслэлгүйгээр ажлаас халж төрийн албан хаагч биш хүнийг ажлын байраар хангасан нь тогтоогдсон. Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 511 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 48 дугаар тогтоолоор Б.Цолмонг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж төрийн албан хаагч биш хүнийг төрийн албанд ажиллуулсан, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 281, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 532, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1061 тоот 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 253 тоот албан бичгүүдэд тус агентлагт үүсээд буй зөрчил болох төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халж төрийн албан хаагч биш хүнийг ажиллуулсаар байгаа зөрчлийг даруй арилгаж ажиллах, хууль ёсыг дээдэлж шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллахыг анхааруулсан албан тоотуудаас харагдана. П.Болортуяа нь харилцааны доголдолтой, багаар ажиллах чадвар болон удирдан зохион байгуулах чадвар муу, хувийн амбиц хөөж агентлагийн бүтэц орон тоог өөрийн дураар өөрчлүүлэх гэж улайран зүтгэдэг, мөн ажлын цаг ашиглалт муу, хамт олны дунд нэр хүнд муутай, төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй зан авираар албан хаагчидтай харьцдаг, 2015 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн, өөрийн эрхлэх хүрээний ажлыг бие даан хийх чадвар муугаас гадна оюутан болон өөр байгууллагын мэргэжилтнүүдээр өөрийнхөө үүрэгт ажлыг хийж гүйцэтгүүлдэг. Англи хэлгүй ярианы чадвар сайн ч албан ёсны хэллэг байхгүй, гоц гойд авьяастай нэгэн биш юм. Иймд тус агентлагт бүтэц орон тооны өөрчлөлт орсонтой холбогдуулан, дээд шатны байгууллагуудаас удаа дараа ирсэн албан тоот зөвлөмжүүдийг үндэслэн төрийн албанд болон тус агентлагт илэрсэн зөрчлийг арилгах үүднээс П.Болортуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Контрактын гэрээ нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн албан хаагчтай байгуулдаг гэрээ биш. Төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулна гэж заасан. Уг гэрээнд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А2 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ерөнхий эпидемиологич бөгөөд тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр авахаар байгуулсан. 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А41 тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт орсноор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь ажиллаж байхдаа Т38-аар цалинждаг байсан. Нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй байна.” гэжээ.

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05733 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/08 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, П.Болортуяаг Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий эпидемиологич бөгөөд төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3 828 111 төгрөгийг хариуцагч Мал эмнэлэг, үржлийн газраас гаргуулж, нэхэмжлэгч П.Болортуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 692 797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Мал эмнэлэг, үржлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч П.Болортуяа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05733 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлалыг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. ИХШХШТХуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэргийн харьяаллыг зөрчиж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч П.Болортуяа Мал эмнэлэг, үржлийн газартай үр дүнгийн гэрээ байгуулсан, төрийн захиргааны албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хэрэглэгдэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-13 дугаар тушаалаар Мал эмнэлэг, үржлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг баталж, тус газрын бүтэц өөрчлөгдсөн. Мал эмнэлэг, үржлийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар П.Болортуяаг тус газрын эпидемиологич бөгөөд тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Энэ шүүхийн дүгнэсэн шиг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, хэлэлцээ хийж байгаагүй юм. Нэхэмжлэгч П.Болортуяагийн ажиллаж байсан ерөнхий эпидемологич бөгөөд төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан их эмчийн албан тушаал нь Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А41 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлтөнд орсон тул нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилсон шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.Болортуяа нь хариуцагч Мал эмнэлэг, үржлийн газарт холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 520 908 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...сайдын А41 тушаалаар бүтцийн өөрчлөлт хийгдсэнээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.           

      Иргэн П.Болортуяа нь  ажил олгогч  Мал эмнэлэг, үржлийн газрын даргатай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1 жилийн хугацаатай “Удирдах албан тушаалтантай байгуулах контракт”-ын Ту/хө/61 тоот гэрээ байгуулж, тус газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/02 тоот тушаалаар “Эпидемиологич бөгөөд тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн”-ээр, мөн оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 тоот тушаалаар “Ерөнхий эпидемиологич бөгөөд төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан их эмч”-ээр томилогдон ажилласан тухай баримт хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан контрактын гэрээ, нэхэмжлэгчийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, талуудын хооронд контрактын гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт нийцжээ. 

        П.Болортуяагийн ажиллаж байсан “Ерөнхий эпидемиологич бөгөөд төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан их эмч”-ийн ажлын байр буюу орон тоо байхгүй болсон гэж хариуцагч тайлбарласан боловч хэрэгт авагдсан бүтэц, орон тоог тогтоосон тушаалын хавсралт /хх 37-53/ болон ажлын байрны тодорхойлолтоос үзвэл “эпидемиологич”, “төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан их эмч” гэсэн 2 тусдаа ажлын байр болж хуваагдсан нь нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэг байхгүй болсон, хасагдсан гэж үзэхгүй тухай анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

  Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан контрактын гэрээнд гол нөхцөл болон гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл тусгагдсан байх бөгөөд гэрээний хугацаа дууссан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрээг цуцлах талаар талуудаас санал гаргасан баримт байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацааг сунгагдсанд тооцох ба контрактын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.1-9.4.3-т заасан гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь ажилтан П.Болортуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А-41 тоот тушаалыг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/08 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, контрактын гэрээг дуусгавар болгожээ. /хх 4, 5, 7-11, 54-55/

            Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгож байгаа тохиолдолд  ажилтанд ажлаас халах тухай мэдэгдэл өгөх үүрэг буюу Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг хэрэгжүүлснээ хариуцагч нотолж чадаагүй байна.

            Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.

            Хэрэгт авагдсан контрактын гэрээ, нэхэмжлэгчийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалаас үзэхэд  нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны албан тушаалтан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “ ...П.Болортуяа нь ТЗ-8 зэрэглэлийн 3 дугаар шатлалаар цалинждаг төрийн албан хаагч тул шүүх харьяалал зөрчиж шийдвэрлэсэн. ...Нэхэмжлэгч П.Болортуяагийн ажиллаж байсан ... албан тушаал нь ... бүтцийн өөрчлөлтөнд орсон тул нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилсон шүүхийн шийдвэр үндэслэлгүй...” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05733 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 76.200 /далан зургаан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

                                                 ШҮҮГЧ                                                 Д.ЦОЛМОН