Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 552

 

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

            Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            Шүүгдэгч Х.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Х-н Ш-т холбогдох эрүүгийн 1808010530660 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Х.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө Г.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Г.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - хохирогч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө гэртээ найзуудынхаа хамт байж байтал гаднаас Ш согтуу ганцаараа ирсэн. Тэгтэл манай найзууд гэр лүүгээ явцгаасан тул Ш бид хоёр хоёулханаа үлдсэн. Би Ш-ыг согтуу гэрт ирлээ гэж уурлаж одоо гэр лүүгээ харь гэж хэлтэл Ш уурлаж надтай маргалдаж байгаад намайг ор луу түлхсэн. Миний хоолойг боож хувцас хунар урсан тул бид хоёр нилээд ноцолдож байгаад би Ш-ын өмдний тэлээг нь тайлж аваад Шын гарыг нь хүлсэн. Тэгээд Ш унтаад өгсөн тул маргааш өглөө нь цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-14-15/

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2243 дугаар шинжээчийн:...Г.Б-н биед хүзүү, баруун шуунд зулгаралт, хүзүү, баруун, зүүн эгэмний доод хэсэг, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-19/

            - шүүгдэгч Х.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 03-ны орой 00 цагийн үед Б-н гэрт хэвтэж байхад миний өмдний бүсээр намайг боогоод байсан...би Б-г орон дээр дарж хэвтээд шуугаараа хоолойн дээр нь дараад ингээд боогоод байвал ямар байна гэж хэлээд бид 2 хэсэг ноцолдож байгаад больсон...гэх мэдүүлэг /хх-52/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч Х.Ш-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-48/ гэжээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Х.Ш нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “Төрийн банк” ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ш-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Ш нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  1. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.