| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2211003781522 |
| Дугаар | 2025/ДШМ/1096 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/1096
2025 09 11 2025/ДШМ/1096
Ч.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Х-, түүний өмгөөлөгч Н.Түмэнбаяр,
хохирогчийн орчуулагч Цү Хаппинг /Chui Haiping/,
иргэний хариуцагч Ю.Г-, Э.Х-,
шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Х.Ургаа, Э.Оюунтүлхүүр,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1357 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Н.Түмэнбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Б-т холбогдох эрүүгийн 2211003781522 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д- овгийн Ч-ын Б-, /РД: ......./, ........, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Ч.Б- нь нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х--ийг “нүүрс тээвэрлэх вагон бэлдэж өгч болно, 1 тонн нь 300 юань, 1 вагонд 3300 тонн ачигдана. Үүнийг 7 хоногийн дотор ачуулна гэж” төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х--ийг Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт 19-н үйлчилгээний төвийн гадна байхад нь ХААН банкны .... тоот данснаас нь 185,000,000 төгрөг, мөн тус банкны .... тоот данснаас 200,000,000 төгрөг, нийт 385,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны .... тоот дансаар буцаан өгөх санаа зорилгогүйгээр залилан авч хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д- овогт Ч-ын Б-ыг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 74,000,000 төгрөг, иргэний хариуцагч Ю.Г-тээс 130,000,000 төгрөг, иргэний хариуцагч Э.Х-гээс 45,000,000 төгрөг, нийт 249,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х--нд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Б-ын ХААН банкны .... тоот данс дахь 26,200,000 төгрөг, улсын бүртгэлийн Ү-....... дугаар Дорноговь аймгийн ....... 4-р багийн 30-р байрны Б1 давхрын 01 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-....... дугаар Дорноговь аймгийн ....... 4-р багийн 30-р байрны 02 тоотод хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-....... дугаартай Дорноговь аймгийн ....... 4-р багийн “.......” гудамжны 309 тоот байрлалтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг хохирол төлүүлэх, ялын биелэлтийг хангуулахаар Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х--ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 240,156,665 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн хохирогчид учирсан их хэмжээний хохирол болох нийт 249,000,000 төгрөгөөс 74,000,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б-аас, 130,000,000 төгрөгийг иргэний хариуцагч Ю.Г-тээс, 45,000,000 төгрөгийг иргэний хариуцагч Э.Х-гээс тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. “, мөн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.” байна. Шүүхийн шийдвэрт шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд хохирогчийг хуурч, нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, нүүрс тээвэрлэх вагон бэлдэж өгнө хэмээн хохирогчоос нийт 385,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан болох нь бүрэн нотлогддог. Гэтэл одоогийн хохирол 249,000,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б-аас бус иргэний хариуцагч Ю.Г-т, Э.Х- нараас мөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эдгээр этгээдүүд нь шүүгдэгч Ч.Б-тай иргэний эрх зүйн харилцаанд орж ямарваа нэгэн шударга үйлчилгээ үзүүлсэн бус хохирогчийн мөнгийг шууд завшиж “хувийн хэрэгцээндээ” зарцуулсан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг. Түүнчлэн иргэний хариуцагчид нь хүлээн авсан мөнгөө зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байгаа нь тэдний мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б- нь хохирогчоос “вагон олж өгнө гэх” залилан хийсэн бөгөөд цаашид үргэлжлүүлэн мөнгийг нь гувчуулсан этгээд нь мөн л “вагон олж өгнө” гэх бодит бус төөрөгдүүлсэн хэлбэрээр мөнгийг нь авсан. Угтаа энэхүү байдал нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх, мөнгө угаах гэмт хэргийн шинжүүд харагдахаас гадна гэмт хэрэг хамтран үйлдэх хэлбэрийн шинжүүд ч байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад асуудлаар: хэсгийн 5-т Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн бөгөөд тус зүйл, заалтад хохирлыг хариуцах этгээдийг 497.1 -т “... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. “, 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. “ гэж заасан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэний хариуцагчийг “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. “гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд энэхүү зохицуулалтын хүрээнд иргэний хариуцагчаар төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо эхний ээлжид гэмт хэрэг үйлдсэн этгээд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхийг анхаарч үзэх ёстой. Үүнээс гадна иргэний хариуцагчийг нотолж буй баримт сэлт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд баримт бүрээр үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Хэргийн нөхцөл байдлын хувьд зөвхөн шүүгдэгч нь зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогчоос мөнгийг өөрийн дансаар хүлээн авсан бөгөөд Ю.Г-т, Э.Х- нар нь хохирогчийн талаар огт мэдээгүй ба вагон олж өгөх ажилд тусалсан гэх ажлын хөлсөнд шүүгдэгчээс мөнгө авсан талаар мэдүүлсэн байдаг. Харин тэр залилан мэхлэх гэмт хэргийн процесст “тусалсан” гэж мэдүүлсэн этгээдүүдийг иргэний хариуцагч болгож байгаа нь хэргийн бодит байдалд огт нийцээгүй юм. Иргэний хариуцагчид дээрх мөнгийг “вагон олж өгөх ажилд тусалсан” гэж авсан гэх мөртлөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж мэдүүлсэн нь хэргийг бүрэн гүйцэд бодитой шалгаагүй болохыг харуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдах шаардлагын талаар хуульчилсан бөгөөд уг зүйлийн 3.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлээ заавал тусгахаар заажээ. Гэтэл анхан шатны шүүх хэргийн хамаарал, нотолгооны шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч, иргэний хариуцагчаас гаргуулах төлбөрийн харьцаанд тайлбар төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан ноцтой зөрчил гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-аас гэмт хэргийн хохирлыг бүрэн гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын яллагчийн зүгээс хэлсэнчлэн хэрэг цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэн Ю.Г-, Э.Х- нар нь хохирогчийг танихгүй. Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын холбогдох хэсгийг хариуцах ёстой гэж иргэний хариуцагчаар татсан үйл баримт байдаг. /1-р хх 157, 160/ Анхан шатны шүүхээс тухайн хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч нарын “...холбогдох хэсгээ нөхөн төлнө..” гэдгээ илэрхийлсэн зэргийг үндэслэн анхан шатны шүүхээс иргэний хариуцагч нар хохирлын холбогдох хэсгийг хууль ёсоор хариуцах ёстой гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна... Иргэний хариуцагч гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон. Хор уршиг, хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зохицуулсан. Гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан дээрх үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид учирсан хохирлыг хариуцна гэж заасан. Иймд Ю.Г-, Э.Х- нарыг иргэний хариуцагчаар татан оролцуулах хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзнэ. 385,000,000 төгрөгийн зарцуулалт хавтаст хэрэгт бүрэн авагдсан байдаг. Тухайн 385,000,000 төгрөгийн 210,000,000 төгрөг нь Ч.Б-т ноогдох хэсэг, 130,000,000 төгрөг нь Ю.Г-т ноогдох хэсэг, 70,000,000 төгрөг нь Э.Х-д ноогдох хэсэг. Үүнээс 25,000,000 нь төлөгдчихсөн байдаг. Иймд шүүхийн шийдвэрт Ө.Х-гээс 45,000,000 төгрөг гаргуулахаар дурдсан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “...тухайн иргэний хариуцагч нар хохирлоо төлөхгүй байна. Шүүгдэгчийн хэд, хэдэн эд хөрөнгийг битүүмжилсэн. Түүний холбогдох хэсэг нь 74,000,000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх тайлбарыг хэлж байна. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс харахдаа шүүгдэгч олон эд хөрөнгөтэй тул уг хохирлыг гаргуулах сонирхолтой байгаа гэж ойлгож байна. Түүнчлэн хохирогч “..би хамгийн анх Ч.Б-т мөнгө өгсөн. Иймд Ч.Б-аас л авмаар байна. Энэ хоёр хүнийг танихгүй ..” гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх ажиллагаа хийгдээд, үйл баримтыг бүрэн нотолсон гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлын мөнгөний эх үүсвэрийн холбогдох хэсгийг хариуцвал зохих этгээд буюу шүүгдэгч болон иргэний хоёр хариуцагч нараас буцаан авсан хэсгээр нь ноогдуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Нөгөөтэйгөөр, хохирлын төлбөрийг авсан хэмжээгээрээ хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ. Хэдийгээр, шүүгдэгчээр тогтоогдсон ч битүүмжлэгдсэн хөрөнгийн хэмжээгээр хохирлыг хариуцна гэж байхгүй... Эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэх ажиллагаа нь өмгөөлөгчийн зүгээс хуулийн дагуу хийгдсэн гэж харж байгаа... Иргэний хариуцагч Ю.Г- 130,000,000 төгрөг, Ө.Х-гээс 45,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Манай үйлчлүүлэгч Ч.Б-аас 74,000,000 төгрөг, нийт 249,000,000 төгрөг гаргуулахаар дурдсан. Үүнээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Ч.Б- нийт 34,000,000 төгрөг төлж барагдуулсан. Дансанд нь 26,000,000 төгрөг битүүмжлэгдсэн. Ингээд 4,000,000 төгрөгийн үлдэгдэл хүүнд нь таарчих байх гэж бодож байна. Иймд хохирлыг бүрэн төлөөд дууссан гэдгийг хэлэх нь зүйтэй. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тухайн гэмт хэрэг хэзээ төгссөн бэ гэхээр 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хоёр удаагийн нэхэмжлэл аваад 385,000,000 төгрөг шилжүүлсэн... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэх зохицуулалтын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад мөнгө шилжигдсэн нөхцөл байдлаас дүгнэн, Ю.Г-, Э.Х- нарыг иргэний хариуцагчаар татсан... Нэгэнт шүүхийн шийдвэр гараад иргэний хариуцагч төлнө гэж шийдвэрлэсэн бол төлөх л учиртай. Уг хохирлыг сайн дураараа төлөөгүй тохиолдолд үүн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдана... Үл хөдлөх хөрөнгүүд дотор дөрвөн хүний өмчлөлийн үл хөлдөх эд хөрөнгө байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт битүүмжилсэн эд хөрөнгүүдээс хохирлыг шууд төлүүлэхээр дурдсан. Үүнийг давж заалдах шатны шүүх тогтоох хэсэгт өөрчлөлт оруулаад засах боломжтой. Ч.Б-т оногдох хэсгээр нь төлбөрийг төлүүлэх гэж, өөрчлөлт оруулах боломжтой гэж харж байна. 06 дугаар сарын 10, 06 дугаар сарын 18, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд нийт 34,000,000 төгрөгийг анхан шатын шүүх хуралдаан болсноос хойш Ч.Б- төлсөн. Шүүгдэгч 40,000,000 төгрөгийг төлсөн гэдэг боловч 10,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг олоогүй тул энэ талаарх баримтыг гаргаж өгч чадаагүй... 26,000,000 төгрөг битүүмжилсэн байгаа. Үүнтэй тулгахад 74,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо 3,800,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байх ёстой гэдэг. Хохирлыг тогтмол хохирогчийн эхнэрийн данс руу төлдөг байсан. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Өмгөөлөгч нарынхаа тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.
Иргэний хариуцагч Ю.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хуулийн мэдлэг дулмиг тул нарийн зүйлийг хэлж мэдэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа...” гэв.
Иргэний хариуцагч Э.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлж барагдуулна. ...” гэв.
Прокурор Б.Сүрмандах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...385,000,000 төгрөгийг шалгах явцад иргэний хариуцагчаар татагдсан хүмүүс рүү тухайн мөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон. Тэдгээр хүмүүс ч мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дээрх хоёр хүнээс гадна н.Соёлоо гэх хүн 25,000,000 төгрөг авсан байдаг. Вагон ачуулах гэж мөнгө авсан нь үнэн гэдгээ хэлж, 25,000,000 төгрөгийг буцааж өгсөн... Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Мөнгө авсан нь үнэн, зарцуулсан нь үнэн байгаа тул үүнийг төлөх ёстой гэж үзэж дээрх 2 хүнийг иргэний хариуцагчаар татсан. Шүүх хуралдаанд хохирогчийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар нотлох баримт шинжлэн судалсан. Шүүх 249,000,000 төгрөгийг шүүгдэгч болон хоёр иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Тухайн залилах гэмт хэрэгт хамтран оролцооны хэлбэр байхгүй гэж үзсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш атлаа “нүүрс тээвэрлэх вагон бэлдэж өгч болно, 1 тонн нь 300 юань, 1 вагонд 3300 тонн ачигдана. Үүнийг 7 хоногийн дотор ачуулна гэж” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х--ийг төөрөгдөлд оруулан түүнээс Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт 19-н үйлчилгээний төвийн гадна байхад нь ХААН банкны .... тоот данснаас 185,000,000, мөн тус банкны .... тоот данснаас 200,000,000 төгрөг, нийт 385,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны .... тоот дансаар авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Х- овогт В--ний өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ч.Б- надтай уулзсан. Тухайн үед Ч.Б- нь “...нүүрс тээвэрлэх вагон бэлдэж өгч болно. 1 тонн нь 300 юань, 1 вагонд 3300 тонн ачигдана. Үүнийг 7 хоногийн дотор ачуулна гэж хэлсэн” ба тэгэхээр нь энэ үгэнд нь итгээд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 385,000,000 төгрөгийг 2 хувааж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Найман шарга” төв дээр банк бус санхүүгийн байгууллагад бэлнээр 800,000 юань авч ирээд Монгол мөнгөөр солиулаад Ч.Б-ын хэлсэн Хаан банкны .... дугаарын данс руу шилжүүлсэн. ...Тухайн үед Ч.Б- “чиний над руу шилжүүлсэн 385,000,000 төгрөгөөс 200,000,000 төгрөгийг вагон ашиглуулсны төлбөрт цаашаагаа УИХ-ын гишүүн н.Д-ы өмнөх эхнэрт шилжүүлэх...” талаараа надад хэлсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Урт цагааны автомашины зогсоол дээр Ч.Б-тай уулзахад “...200,000,000 төгрөгийг Д-ы өмнөх эхнэрт өгсөн, би чамд үлдсэн 185,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 12-ны дотор буцаан шилжүүлье” гээд нэг бичиг гараараа хийж өгсөн ч ямар нэг мөнгөө өгөөгүй, мөн 2 удаагийн төлөлтөөр шилжүүлсэн тээвэрлэлт хийгдээгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 13-ны үед би Ч.Б-ын Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрлах гэрт нь очоод 11 дүгээр сарын 20-ноос өмнө тээвэрлэлт хийх, үгүй бол бүх төлбөрөө буцаан авахаар тохиролцсон. Дараа нь Ч.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 13-нд анх тээвэрлэлт хийлгэхээр шилжүүлсэн мөнгөнөөс 85,000,000 төгрөгийг надад буцаан өгөхдөө манай эхнэрийн данс руу шилжүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг / 1-р xx-97-98, 111, 113/,
Өвөр Монголын “.......” ХХК-наас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Х--ний данс руу 440,000 юанийн шилжүүлэг хийгдсэн төлбөрийн баримтын хуулбар /1-р хх 246-250/,
Ч.Б-ын Хаан банкны .... тоот дансны хуулга, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уг дансанд 185,000,000 төгрөг, 200,000,000 төгрөг тус тус шилжиж орсон гүйлгээний баримт /2-р хх 88-250, 3-р хх 250, 4-р хх 96/,
Гэрч Д.Ц-гийн “...Би Б- гэх хүнтэй 2 удаа уулзаж байсан. ...Би н.Д-тэй Монгол Улсаас нүүрс экспортлох ажил дээр хамтарч ажилладаг ба вагон олж өгдөг байсан чинь тухайн үед вагон олоход хэцүү болсон юм. Ер нь хүмүүс Д-аас л вагон авдаг байсан юм.Тухайн үед н.Б-, н.Д- болон түүний нөхөр бид 4 уулзахад, Б- нь “...вагон олж өгөх боломж байна, нөхцөл нь болохоор 200,000,000 төгрөг өгчих, 2-3 хоногийн дараагаас вагон тавиад өгье, Д-тай хамааралтай эмэгтэй хүн Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээнд явахад зардал хэрэгтэй байгаа тул найдвартай” гэж хэлж байсан. Тухайн үед би н.Д- вагон олж өгснийх нь дараа мөнгийг нь өгчих гэж хэлж байсан, ...Тэгээд би Б-аас нөгөө вагон яасан бэ гэхэд Б- нь мөнгөө өгнө гээд гар бичмэл бичиж өгч байсан юм” гэх мэдүүлэг /1-р xx 128-129/,
Гэрч Д- /Д-/-н өгсөн “...Ч.Б-ын данс руу 385,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Өвөр Монголын ....... ХХК-н данснаас манай нөхөр Н--ний данс руу мөнгийг эхлээд шилжүүлж өгсөн. Тэгээд бэлэн монгол төгрөг байхгүй байсан учраас Монголд байсан найз Ц-ээс түр 385,000,000 төгрөгийг аваад Ч.Б-ын өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Тэгээд манай нөхөр болохоор Ц-ээд мөнгийг бэлэн юаниар өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-126/
Гэрч Ю.Г-ийн “...би вагон олж өгөх ажилд тусалсан гээд мөнгө авч байсан. Тухайн үедээ Б- над руу мөнгө шилжүүлж өгсөн. Яг хэдэн төгрөг шилжүүлж байсныг дансны хуулгаа харж байгаад хэлье. Над руу шилжүүлсэн мөнгөнөөс би Х-д шилжүүлж өгсөн... Вагоныг Х-гийн эгч С- гэх эмэгтэй олж өгнө гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх 137/
Гэрч Э.Х-гийн “...Би Х- болон Дээд билэг гэх хүмүүсийг танихгүй, уулзаж байгаагүй, Ч.Б- гэх хүнийг сайн танихгүй, зүс таних хүн юм. 2021 оны 10 сараас хойш нэлээд хугацаа өнгөрсөн тул хэний данснаас мөнгө орж ирснийг хэлж мэдэхгүй байна, Дансны хуулгаа харж байгаад тодорхой хэлж ярина. Би нүүрс тээвэрлэх эрх бүхий хүн биш, уг ажилд өөрийн С- гэж хуурай эгчид дамжуулан зуучилж өгсөн. “...Надад нүүрс тээвэрлэх вагон олоод өгөөч...” гэхээр нь С- гээд хуурай эгч хуучин ажлын шугамаар танилцсан хүнээсээ асуусан чинь “...би хүнээс тодруулаад хэлье” гэсэн. Би “..........” ХХК-иас гэрээ хийж болох юм байна гэж С- хэлсэн. Ингээд надад Б- ах байх аа, яг сайн санахгүй байна, над руу нүүрс тээвэрлэх вагон олж өгөхөд тусалсан гээд мөнгө өгч байсан... Би зөвхөн дунд нь хүмүүсийг зуучилж өгсөн гээд ажлын хөлс болгон мөнгө авч байсан. Ч.Б- хэний ямар учиртай нүүрс тээвэрлүүлэх гэж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Зөвхөн вагон байгаа эсэх талаар С- эгчээс асуусан юм” гэх мэдүүлэг /1-р хх 141/,
Гэрч Б.С-ы “...Э.Х- надад ямар нэгэн тодорхой зүйл хэлж байгаагүй, надаас 1 цуваа нүүрс тээвэрлэх вагон олоод өгөөч гэж гуйсан, тэгэхээр нь би таньдаг хүнд хэлж байсан. Надад 2022 онд шиг санаж байна, яг хэдэн байсныг сайн мэдэхгүй байна, 25,000,000 төгрөгийг миний ....., ..... дугаартай ХААН банкны аль нэг данс руу шилжүүлж өгч байсан. Дансны хуулгаа харвал хэдэн төгрөг, аль данс руу орсон талаар мэдэж болно. Би нэг удаа нүүрс тээвэрлэх вагон олж өгөхөөр Д- гээд багын найздаа “...нэг удаа нүүрс тээвэрлэх вагоны гэрээ олж өгөөч...” гэж нэг удаа гуйж байсан. Д- нь тухайн үед нүүрс тээвэрлэх вагонтой гэж ярьдаг байсан. Би яг хэдэн төгрөгт нүүрс тээвэрлэх вагоны ажил бүтээж өгснийг мэдэхгүй. ...Х- над руу “...нэг хүнтэй нүүрсний гэрээ хийсэн. Тээвэрлэх вагон хэрэгтэй байна, та вагон олоод өгөөч...” гэж гуйсан. Ингээд би багийн найз Д-аас “...нүүрсний гэрээ байна, вагон тавьж өгөх боломжтой юу...” гэж асууж өгч байсан. Тэрнээс яг вагон бол тавьж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Х- нь өөрийнхөө данснаас миний Хаан банкны ..... тоот данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн, би уг мөнгийг бүгдийг буцаагаад хохирогч гэх хятад иргэний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 143/,
Гэрч Б.Б-ын “...Би 2010 оноос “.......... гол” ХХК-д тээвэр хариуцсан захирлын ажлыг өнөөдрийг хүртэл хийж байна. Ч.Б- гэх хүний зүс танина, Дорноговь аймгийн хүн гэдгээр мэднэ, Э.Х- гэх хүнийг зүс мэднэ, нэг удаа уулзаж байсан. Б.С- гэх хүнийг сайн мэдэхгүй байна. Ю.Г- гэж хүнийг огт таньж мэдэхгүй байна. 2021 оны 10 дугаар сард шиг санаж байна, Д- гэх хүн 1 бил үү 2 удаа нүүрс тээвэрлэх вагон авч байсан. Уг вагоныг тавьж өгөхөд Ч.Б-, Э.Х-, Б.С-, Ю.Г- гэх эдгээр хүмүүс ямар нэгэн хамаарал байхгүй, хэлж ярьж өгч байсан зүйлгүй. Манай компани хувь хүнтэй ямар нэгэн байдлаар вагон тавьж олгох гэрээ хийдэггүй, Зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй компанитай хүсэлт гаргасны дагуу гэрээ хийж баталгаажуулан нүүрс тээвэрлэх вагоныг тавьж олгодог. Д- нь манай компанид 2016 оноос хувьцаа эзэмшигч байсан, 2016 онд УИХ-н гишүүн болсон цагаас эхлэн компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн хамааралгүй болсон. Д- нь дээрх нэр бүхий хүмүүст вагон тавьж олгох талаар хэлж ярьсан зүйл байхгүй. Манай компанийн үйл ажиллагаанд Д- гишүүн хамааралгүй. Үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Д-ийн эзэмшлийн “......” ХХК-ны нүүрс тээвэрлэх вагон тавьж олгох хүсэлтийг өгөхөд Ч.Б-, Э.Х-, Б.С-, Ю.Г- гэх хүмүүс хэлж тусалж дэмжсэн зүйл байхгүй, Дээд билэг нь өөрөө ирж уулзаад хүсэлтээ өгөөд вагон авч байсан. Өөрөө төлбөр мөнгөө төлөөд авч байсан. Манай 2 компанийн хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. “......” ХХК-тай хийсэн гэрээнд Ч.Б-, Э.Х-, Б.С-, Ю.Г- нар ямар ч хамааралгүй. Манай компани 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 21/435 дугаартай албан бичгийг Ч.Б-, Э.Х-, Б.С-, Ю.Г- гэх нэр бүхий хүмүүст өгч байгаагүй. Энэ бичиг нь БТГ тэмдэглэгээтэй 50ш ЕС-70 вагон нь нүүрс тээвэрлэхэд зориулагдсан вагон биш, харин төмрийн хүдэр тээвэрлэхэд зориулагдсан жижиг оврын вагон байдаг. Энэ вагоноор манай компани нүүрс тээвэрлэх боломжгүй. Манай нүүрс тээвэрлэдэг вагон нь О гэсэн тэмдэглэгээтэй тээврийн ажлыг гүйцэтгэдэг...” гэх мэдүүлэг /1-р хх154-156/,
Ч.Б-ын ХААН банкны .... тоот дансны хуулганд үзлэг хийж, “2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус дансанд 185,000,000, 200,000,000 төгрөгөөр тус тус 2 удаагийн гүйлгээгээр 385,000,000 төгрөг шилжин орж ирж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000,000 төгрөгийг ...... дугаарын Ю.Г-ийн данс руу шилжүүлсэн” талаарх мөрдөгчийн тэмдэглэл, ХААН банкны ...... тоот дансны хуулга /1-р xх-67-80/,
Гэрч Б.Б-ийн мэдүүлэг “...Манай байгууллага өөрсдийн талбай дээр нүүрсийг ачилт хийх хүртэл хадгалах боломжтой үнэ ханшийг тогтоосон тарифын дагуу авдаг...” /1-р хх150-152/,
ХААН банкны ...... тоот Э.Х-гийн данс руу тус банкны ...... /Ю. Г-/ тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр 65,000,000, 5,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /2xx-32/ ХААН банкны ..... тоот Б.......ийн дансанд 2021 оны 11 сарын 02-ны өдөр “Х-гээс гэсэн гүйлгээний утгатайгаар 25,000,000 төгрөг шилжиж орж ирсэн банкны хуулга /2-р хх-28/,
Иргэний хариуцагч Ю.Г-ийн “...Намайг 125,000,000 төгрөгийг Ч.Б-аас шилжүүлэн авсан гэх үндэслэлээр иргэний хариуцагчаар татаж байгаа, зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх 158-159/,
Иргэний хариуцагч Э.Х-гийн Би 45,000,000 төгрөгийг өөртөө авсан. Дээрх мөнгийг бэлнээр банкнаас гаргаж аваад өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. “.......... гол” ХХК-ны захирал Б-тай гэрээ хийсэн. Гэрээний 1 хувийг үлдээсэн, 1 хувийг нь Ю.Г- авч явсан. Гэрээг хийхдээ Б-д ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх161-162/,
Ч.Б-ын “...Би 2021 онд Д- гэх эмэгтэй нөхрийн хамт ирж уулзаад “...нүүрс тээвэрлэх вагон хэрэгтэй байна” гэсэн. Ингээд тухайн хүмүүстэй уулзаад зөвшөөрч, нүүрс тээвэрлэх вагон олж өгөхөөр болсон. Ингээд би вагон олж өгөх гэсэн чинь вагоны үнэ өсчихсөн. Тэгээд нүүрс тээвэрлэх вагоныг “......” компани “......” компанитай хийсэн гэрээг Ю.Г- надад авч ирж өгсөн. Энэ гэрээг би Д-т өгсөн. Тэгээд Г- надад С- гэдэг эмэгтэй Д- гишүүний багын танил нь байгаа юм, тэгээд гадагшаа, дотогшоо явах болоод нүүрс тээвэрлэх вагоны гэрээг хийж өглөө гэж хэлсэн. Тэгээд надад Д- 385,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэгээд 85,000,000 төгрөгийг нааш нь буцаагаад өгчих, үлдэгдэл 300,000,000 төгрөгийг би цааш нь гэрээ олж өгсөн хүмүүст өгнө гэж хэлсэн. Тэгээд 85,000,000 төгрөгийг “......” ХХК-ны данс руу шилжүүлсэн. 300,000,000 төгрөгийн 200,000,000 төгрөгийг Ю.Г-ийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 100,000,000 төгрөгийг би өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан болно” гэх мэдүүлэг /1-р хх 167-168/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан их хэмжээний хохирлыг учруулж үйлдсэн ... гэсэн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд нь үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил гэж үзэж байна. ... Иймд ...шүүгдэгч Ч.Б-аас гэмт хэргийн хохирлыг бүрэн гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Иргэний хариуцагчаар Г.Х-, Ю.Г- нарыг тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасны дагуу иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцах боломжтой.
Иргэний хариуцагчаар татагдсан хүмүүс рүү шүүгдэгч нь тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлсэн боловч үүнээс шалтгаалан эдгээр хүмүүсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран хариуцах этгээд гэж дүгнэх боломжгүй бөгөөд эхний ээлжид гэмт хэрэг үйлдсэн этгээд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй алдааг гаргажээ.
Өөрөөр хэлбэл, Г.Х-, Ю.Г- нар нь шүүгдэгч Ч.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “...шүүгдэгчээс хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн, шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “...хохирол төлүүлэх, ялын биелэлтийг хангуулах зорилгоор...” гэснээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэсэн зохицуулалтад нийцүүлэн “...ялын биелэлтийг хангуулах...” гэснийг хасах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Ч.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш нийт 34,000,000 төгрөг төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1357 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 74,000,000 төгрөг, иргэний хариуцагч Ю.Г-тээс 130,000,000 төгрөг, иргэний хариуцагч Э.Х-гээс 45,000,000 төгрөг, нийт 249,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х--нд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Б-ын ХААН банкны .... тоот данс дахь 26,200,000 төгрөг, улсын бүртгэлийн Ү-....... дугаар Дорноговь аймгийн ....... 4-р багийн 30-р байрны Б1 давхрын 01 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-....... дугаар Дорноговь аймгийн ....... 4-р багийн 30-р байрны 02 тоотод хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-....... дугаартай Дорноговь аймгийн ....... 4-р багийн “.......” гудамжны 309 тоот байрлалтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг хохирол төлүүлэх, ялын биелэлтийг хангуулахаар Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас нийт 249,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х--нд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Б-ын ХААН банкны .... тоот данс дахь 26,200,000 төгрөг, улсын бүртгэлийн Ү-....... дугаар Дорноговь аймгийн ....... 4-р багийн 30-р байрны Б1 давхрын 01 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-....... дугаар Дорноговь аймгийн ....... 4-р багийн 30-р байрны 02 тоотод хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-....... дугаартай Дорноговь аймгийн ....... 4-р багийн “.......” гудамжны 309 тоот байрлалтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг хохирол төлүүлэхээр Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Н.Түмэнбаярын давж заалдах гомдлыг хангасугай.
3.Шүүгдэгч Ч.Б- нь нийт 34,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА